| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0437/И |
| Дугаар | 131/ШШ2017/00428 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2017/00428
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Гурванбулаг сум 3-р багт оршин суух, ВЛ68021107 регистрийн дугаартай, Сартуул овогт Арилжмаагийн Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч А.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1968 онд Гурванбулаг суманд төрсөн. Одоо 50 настай, өндөр настны тэтгэвэрт орох болсон. Миний бие 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3-р бригадад малчнаар ажилласан. 1986 оны хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Загдраднаа гэж эцгийн нэрээр бичсэн байсан. Миний бичиг баримт ээжээр буюу Арилжмаагаар овоглодог юм. Архивын лавлагаа бол Арилжмаагаар гарсан байсан. Нийгмийн даатгалаас миний хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлыг дутуу бичсэн үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн шаардлага тавьсан.
Иймд дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар А.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 315 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн даргын 1991 оны 05 сарын 28-ны өдрийн 25 дугаар тушаал, А.Цэцэгмаагийн 1986, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Ч.Энхтуяагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
А.Цэцэгмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Цэцэгмаа нь 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 315 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн даргын 1991 оны 05 сарын 28-ны өдрийн 25 дугаар тушаал, А.Цэцэгмаагийн 1986, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Ч.Энхтуяагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Сартуул овогт Арилжмаагийн Цэцэгмаагийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Арилжмаагийн Цэцэгмаагийн 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан А.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ