| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0396/И |
| Дугаар | 131/ШШ2017/00429 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2017/00429
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг, 11 дүгээр байр, 8 тоотод оршин суух, ВЮ60042902 регистрийн дугаартай, Боржигон овогт Рэнжингийн Цэнд-Аюушийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Р.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд 1942 оны 04 сарын 20-ны өдөр төрсөн, 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1969 оны 04 сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар Р.Цэнд-Аюушийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 550 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 07 сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1982 оны 02 сарын 09-ний өдрийн 15 дугаар, 1983 оны 02 сарын 05-ны өдрийн 05 дугаар, 1984 оны 04 сарын 29-ний өдрийн 43 дугаар, 1991 оны 09 сарын 26-ны өдрийн 42 дугаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалууд, 1984 оны баярын бичиг, гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Цэнд-Аюуш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Р.Цэнд-Аюуш нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2-р сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 550 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 07 сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1982 оны 02 сарын 09-ний өдрийн 15 дугаар, 1983 оны 02 сарын 05-ны өдрийн 05 дугаар, 1984 оны 04 сарын 29-ний өдрийн 43 дугаар, 1991 оны 09 сарын 26-ны өдрийн 42 дугаар, 1992 оны 04 сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалууд, 1984 оны баярын бичиг, гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Боржигон овогт Рэнжингийн Цэнд-Аюушийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Рэнжингийн Цэнд-Аюушийн 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2-р сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Р.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ