Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2017/00430

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, 24 дүгээр байр, 1-1 тоот, Хос бүргэдийн түшээ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг, 67 дугаар байр, 8 тоотод оршин суух, ЙЮ79051501 регистрийн дугаартай, Жандан овогт Очирбатын Алтанчимэгт холбогдох Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 1.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнбат, хариуцагч О.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 03 сарын 09-ний өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаанд сарын 162.500 төгрөгөөр сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийж төхөөрөмжийг хүлээн авсан болно. Худалдах худалдан авах гэрээний дагуу зарим сарын төлбөр хийгдээгүйн улмаас одоо болтол төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөр болох 1.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Манай байгууллага нь 2016 оны 03 дугаар сараас эхлэн Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулсан. Ийнхүү айлуудын хаалгыг тогшиж, үйлчлүүлэгч нарт бүтээгдэхүүнээ танилцуулж, улмаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Манай үйлчлүүлэгч нар яагаад төлбөрөө төлөхгүй байна гэхээр өрсөлдөгч Ospring Mongolia компанийн худал мэдээллийг телевизээр гаргасны дагуу төлөхгүй байна. Учир нь 2250000 төгрөгийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг авчихаад төлөхгүй гэж байгаа бол тухайн хэрэглэж байгаа уснаас дээж аваад шинжлүүлэх хугацаа хариуцагч талд хангалттай байсан. Дээрх мэдээллийн дагуу манай байгууллагаас TY25, ETV телевизүүдээр залруулга хийсэн. Тухайн үед би Баянхонгор аймгийн хэрэглэгч рүү утсаар ярьсан, утас нь холбогдохгүй байгаа хэрэглэгч рүү мессеж бичсэн. Үйлчлүүлэгч нарын зүгээс манай байгууллагад итгэхгүй, танайх дүгнэлтээ өөрт ашигтай байдлаар гаргах боломжтой, тэгэхээр итгэхгүй байна. Бүтээгдэхүүнээ буцааж ав гэсэн тайлбарыг өгдөг. Гэтэл манай байгууллага бүтээгдэхүүнээ буцаан авах боломжгүй. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг /шүүлтүүрийг/ үйлчлүүлэгч 1 жил гаран хэрэглэсэн, тодорхой хэмжээнд эдэлгээнд орчихсон, шүүлтүүрүүд бохирдсон. Түүнлэн Баянхонгор аймгийн хэрэглэгчдээс Үндэсний олон нийтийн телевизээр гарсан мэдээллийн дагуу бүтээгдэхүүний чанар, ус цэвэрүүлж байгаа байдлыг шалгуулахаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандсаны дагуу Баянхонгор аймгийн МХГ-аас дүгнэлт гарсан. Уг дүгнэлт болон Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр усны хатуулгийг бууруулж эрдэс бодис шаардлагатай хэмжээнд байгаа болохыг тогтоосон байгаа.О. Алтанчимэг хэрэглэгч нь манай бүтээгдэхүүнд итгэхгүй байгаа бол Ус сувгын удирдах газар, Мэргэжлийн хяналтын газарт хандаад шинжилгээ хийлгүүлэх хангалттай хугацаа байсан. Гэтэл өдийг хүртэл шинжилгээ хийлгүүлээгүй байж манай бүтээгдэхүүнийг буцааж, гэрээгээ цуцлана гээд байгааг ойлгохгүй байна. Манайд ашиглаж байгаа усанд шинжилгээ хийдэг багаж бол одоогоор улсын хэмжээнд ашиглагдаж байгаа багаж юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагч О.Алтанчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Алтанчимэг нь Баянхонгор аймгийн 5 дугаар баг 14-23 тоотод оршин суудаг. 2016 оны 03 сарын 09-нд AQUA PURE PRO ус цэвэршүүлэх төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр 300.000 төгөргийг төлж, 2017 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл 162.500 төгрөг төлж барагдуулахаар харилцан гэрээ хийсэн. Гэвч 2016 оны 10 сард Монголын Үндэсний телевиз бусад телевизүүдээр уг төхөөрөмжийг хуурамч, усыг ямар ч эрдэс баялаггүй болгож, хүний биед хортой гэсэн мэдээлэл цацсаны улмаас бидэнд хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн гэр бүлийн хүн маань өвчнөө мөнгөөр худалдан авч байна дахин хэзээ ч хэрэглэхгүй гэж уг төхөөрөмжийг салгаж дахин хэрэглээгүй. Энэ хугацаанд бид тус компанийг төхөөрөмжөө буцаан ав бид хэрэглэхгүй бас төлбөрөө дахин төлөхгүй харин төлсөн мөнгөө буцааж авъя гэж удаа дараа утсаар ярих тоолонд нь хэлж байсан. Уг төхөөрөмж нь усыг ямар ч эрдэс баялаггүй хүний биед ашигтай тэжээл өгдөггүй нойл ус болгодог. Мөн усыг шинжилж байгаа багж нь зөвхөн усны эрдэсийг шалгадаг, та бүхэн ийм хортой ус хэрэглэж байна гэж ойлгуулсан. Мөн телевизээр цацсан мэдээллээс хойш хэрэгсэхээс сэжиг төрдөг. Мөн тухайн багажийг хэрэглэснээс хойш 6 сарын дотор эхний шүүлтүүрийг солих заалттай байсан. Гэвч бидэнд тухайн хугацаанд мэдээлэл өгөх ёстой байсан. Энэ нь биднээс зөвхөн мөнгөө л салгаж авах зорилготой байгаа нь харагдаж байна. Энэ мэт асуудлаас болж тус компанийн төхөөрөмжийг дахин хэрэглэхгүй мөн төлбөрийг дуусгах болмжгүй харин ч хохирлоо барагдуулж өгөхийг шаардаж байна ..гэжээ.

Хариуцагч О.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Дэлгэрэх зах дээр хувиараа дэлгүүр ажиллуулдаг. Тухайн үед шүүлтүүрийг надад танилцуулсан. Мөн надад танай аймгийн бүх байрны усыг болон Оготонтой булгийн усыг хүртэл шинжилж үзлээ, ямарч шаардлага хангахгүй байна гэж хэлсэн. Манайх 0-13 насны 4 хүүхэдтэй, хүүхдүүд маань дандаа түүхий ус хэрэглэдэг учир эрүүл мэндийг нь бодож уг шүүлтүүрийг тавиулсан. Мөн би 10-12 айлд уг төхөөрөмжийг танилцуулж зуучилж өгсөн . Гэтэл тухайн хүмүүс надад зурагтаар ийм мэдээлэл гарсан, дэмий зүйл боллоо гэсэн. Энэхүү байдлаас болж би өөрөө эвгүй байдалд орсон. Зурагтаар гарсан мэдээллээс хойш манайх уг төхөрөмжийг нэг ч ашиглаагүй. Мөн би Оготонтой булгийн усыг шинжлүүлсэн эсэхийг мэдмээр байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сараас эхлэн уг төхөөрөмжийг хэрэглээгүй. Иймд төхөөрөмжийг буцаан өгөөд, төлсөн мөнгөө буцааж авмаар байна. Яг одоогоор энэ ус цэвэршүүлэгчээс болоод миний эрүүл мэнд биеийн байдалд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй боловч хэдэн жилийн дараа ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Түүнчлэн энэ бүтээгдэхүүний чанар байдалтай холбоотой шинжилгээ дүгнэлт өгч чадаагүй, одоогоор хэрэглэх боломжгүй, чанаргүй талаар нотолсон зүйл алга. Гэхдээ монголын телевизийн бүх сувгаар ус цэвэршүүлэгч компаниудтай холбоотой сөрөг мэдээлэл явсан шүү дээ. Үүнээс болж манай нөхөр уурлаад эрүүл мэндээ муутгах зүйл худалдан авлаа гээд үл ойлголцох байдал гарсан. Ямар ч байсан би уг бүтээгдэхүүнийг дахин хэрэглэхгүй. Өгсөн мөнгөө буцааж аваад, бүтээгдэхүүнийг буцааж өгөх саналтай байна.. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК нь хариуцагч О.Алтанчимэгт холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.250.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Хариуцагч О.Алтанчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК нь 2016 оны 03 сарын 09-ний өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаанд сарын 162.500 төгрөгөөр сар бүрийн 10-ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэйгээр иргэн О.Алтанчимэгтэй тохиролцон зээлээр худалдах худалдан авах гэрээ хийжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Хос бүргэдийн түшээ ХХК, О.Алтанчимэг нарын хооронд 2016 оны 03 сарын 09-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдэж AQUA PURE PRO ус цэвэршүүлэх төхөөрөмжийг О.Алтанчимэг зээлээр худалдан авч урьдчилгаа 300.000 төгрөгийг төлж, үлдэх 1950.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 162.500 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрээний хугацаа 2017 оны 02 сарын 30-ны өдөр дууссан боловч хариуцагч О.Алтанчимэг нь 700.000 төгрөгийг төлж нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 1250.000 төгрөгийг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ..гэснээс үзвэл О.Алтанчимэг нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч төлбөрийг хэсэгчлэн төлж байсан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.., 222 дугаар зүйлийн 222.3-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ..гэжээ.

Харин О.Алтанчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 10 сард Монголын Үндэсний телевиз бусад телевизүүдээр ус цэвэршүүлэх төхөөрөмж нь хуурамч, хүний биед хортой буюу усыг ямар ч эрдэс баялаггүй болгодог гэсэн мэдээлэл явсан тул уг төхөөрөмжийг дахин хэрэглээгүй, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн байна.

Гэвч хариуцагч нь дээрх байдлаа шүүх хуралдааны явцад нотлоогүй, татгалзалтай холбоотой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн 2017 оны 01 сарын 15-ны өдрийн 25/13 дугаар албан бичгээр Ус цэвэршүүлэгч зардаг компаниудтай холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөөгүй гэсэн агуулга бүхий албан бичиг ирүүлсэн.

Түүнчлэн Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 06/047/48 дугаар дүгнэлтээр “Химийн шинжилгээний дүнгээр Pure-Pro-Ro-Ec105P усны шүүлтүүрийн шүүсэн усанд хатуулаг, төмрийн агууламж илрээгүй, хлорид 2.1 дахин, нитрат 3.7 дахин, сульфат 6.4 дахин буурсан гэсэн ..дүгнэлт, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 05-05-009/12 дугаар дүгнэлтээр Тухайн шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн түвшинд ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр шүүгдэж байгаа ус нь Хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийг хамгаалах, Аюулгүй байдал, Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2005 стандартын Хими нян судлалын үзүүлэлтүүдийн шаардлагыг хангаж байна..гэсэн дүгнэлт зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК-ийн AQUA PURE PRO ус цэвэршүүлэх төхөөрөмж нь эрхийн доголдолтой бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч О.Алтанчимэгээс Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.250.000 төгрөг гаргуулж Хос бүргэдийн түшээ ХХК нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ