Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 754

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б, Х.Б, З.Б,

О.Б, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Энхбат,

          шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

          шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал,   

          нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1227 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Б нарт холбогдох 2017 2601 1131 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хан Хөгшин овгийн Төгсгэрэлийн Б, 1999 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо,  

 

2. Боржигон овгийн Хашбаатарын Б, 1995 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хоол үйлдвэр, үйлчилгээний технологич мэргэжилтэй, “Street-88” гэх зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо,

 

3. Дөрвөн хөх чоно овгийн Зөмбүүгийн Б, 1994 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо,

 

4. Боржигон овгийн Оюунчимэгийн Б, 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо,

 

5. Биндэрхайрхан овгийн Хишигтийн Б, 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, МУИС-ын дээд хэсэг,

 

1. О.Б, Т.Б, З.Б, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72-15 тоотод байрлах Б.Угийн эзэмшлийн “Зил-130” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиаторыг хулгайлж, иргэн Б.Уд 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. О.Б, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Best Beton зуурмаг” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хулгайлж, хохирогч Ц.Жт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. О.Б, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран бетон зуурмаг” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хулгайлж, хохирогч Ш.Мядарт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Б, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мерикс” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 4 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 8 ширхэг аккумуляторыг хулгайлж, хохирогч Ц.Б 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. О.Б, Х.Б, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 22-14 тоот хашаанаас иргэн Г.Цгийн эзэмшлийн 78-01 УНР улсын дугаартай “Норд бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хулгайлж, хохирогч Г.Цд 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. О.Б, Х.Б, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг хан” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн 02-15 УНК улсын дугаартай цагаан өнгийн “Хово”, 89-74 УНУ улсын дугаартай шар өнгийн “Норд Бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр

2 ширхэг, нийт 4 ширхэг аккумуляторыг хулгайлж, хохирогч Ч.Цэд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. О.Б, Х.Б нар нь Х.Ганбат гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголон” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Гийн эзэмшлийн 10-75 УНЛ улсын дугаартай “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хулгайлж, хохирогч Д.Гт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. О.Б, Х.Б нар нь Х.Ганбат гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголон” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас иргэн Д.Оын эзэмшлийн 82-38 УНЛ улсын дугаартай “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хулгайлж, хохирогч Д.От 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Б, Х.Б, З.Б, Т.Б, Х.Б нарт холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулахад оршино” гэж, мөн хуулийн 1.6 дахь хэсгийн 1 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг байгууллага, албан тушаалтан биелүүлнэ” гэж хуульчилжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл:

1. О.Б, Х.Б, Т.Б, З.Б, Х.Б нарт холбогдох хэргийг шүүх 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 836 дугаар захирамжаар яллагдагч нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид “...яллагдагч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй...” гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаажээ.

Ийнхүү хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шийдвэрт прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд эсэргүүцэл гаргаагүй бөгөөд тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 836 дугаартай шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл прокурор энэ хэрэгт хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулалгүй, уг захирамжийн заалтыг бүрэн биелүүлэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрийн хуулийн хүчин чадлыг алдагдуулж, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал, прокурор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол үйлдэхдээ үндэслэх хэсэгт нь “...яллагдагч нар нь бүлэглэн өөр хоорондоо, хэсэг бүлгээрээ нэгдэж, тусгайлан хамгаалсан харуул хамгаалалттай, камер, гадны хүн нэвтрэхээс хамгаалсан хашаанд байсан бусдын хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон...” гэж дүгнэсэн боловч “...яллагдагч нарын бусадтай бүлэглэн үйлдсэн дээрх хулгайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан шинжээр хүндрүүлэх үндэслэл байхгүй байна...” гэсэн нь ойлгомжгүй.

Түүнчлэн тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хуулийн хүндрүүлэх шинжийг тусган Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоол болон Монгол хэлний тайлбар толь бичигт тайлбарласныг баримтлан дээрх хүндрүүлэх шинжүүд болох “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэснийг дээвэр хана, туурга, цонх, хаалттай битүү сав гэж ойлгохоор ба хашаа давж хулгайлсан үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж уг хүндрүүлэх шинжид хамааруулж үзэхгүй гэж, яллагдагч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг явцуу байдлаар тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримт болох хэргийн газрын үзлэгийн гэрэл зургаас үзвэл бетон зуурмагийн үйлдвэр нь агуулах сав буюу улсын яллагчийн тогтоолд дурдсан үндэслэл болох битүү орчинд байх боломжгүй, нөгөө талаар үйлдвэрийн хашаанд хэн нэг этгээд дур зоргоороо зорчих боломжгүй бөгөөд тухайн үйлдвэрийн хашаанд түүхий эд, эд анги, машин механизмыг хадгалах зориулалттай байгаа нь “тусгайлан хамгаалсан байр”-д хамааруулан ойлгоно.

2. Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б, Х.Б, Т.Б, З.Б нар нь сэжигтэн, гэрч, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...хулгайлсан эд зүйлээ хоёрдогч түүхий эд авах цэгт өгч мөнгөтэй болдог. Уг мөнгөөрөө хоол унд, байр, зочид буудал, тоглоомын газарт зарцуулдаг байсан талаараа тус тус мэдүүлсэн байна. Нөгөө талаар Т.Б, З.Б нар нь 3 удаагийн, О.Б, Х.Б нар нь 7 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан байна.

Дээрх нөхцөл байдлаас тодруулбал нэр бүхий яллагдагч нар нь гэмт хэрэг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга гэх шинж нь хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гансүх мэдүүлэхдээ “...2017 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө миний ажиллаж байгаа хоёрдогч түүхий эд авдаг газарт эхнэр, нөхөр гээд хоёр хүн ирж аккумулятор өгсөн. Яг хэдэн ширхэг аккумулятор өгснийг мэдэхгүй байна. Над дээр ирэх болгондоо такси барьж ирдэг байсан. Тэд надад 2-3 удаа ирж аккумулятор өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-198/, Ч.Тэлмэн мэдүүлэхдээ “...Оргил нэртэй хоёрдогч түүхий эд авах цэг дээр Гансүх бид хоёр хамт байхад шөнийн 03-04 цагийн хооронд урьд өмнө манай цэг дээр аккумулятор өгч байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд ирж, 8 ширхэг аккумуляторыг өгсөн. Өөрсдийгөө бидэнд танилцуулахдаа эхнэр, нөхөр гэж хэлж байсан. Урьд өмнө манайд ажилладаг Гансүхэд аккумулятор өгч байсан гэсэн. Гэхдээ би яг хэдэн аккумулятор өгч байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-199-200/,

- “...Дээрх хоёр хүүхдээс гадна өөр хүн шөнөөр аккумулятор авчирч өгч байгаагүй. Гансүх ахад дээрх хоёр хүүхэд аккумулятор өгч байсан гэсэн. Намайг бас нэг хоноход дээрх хоёр хүүхэд 2017 оны 8 дугаар сард 2 ширхэг аккумулятор өгч байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-201/,

- “...2017 оны намар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байцаагч 13 ширхэг том автомашины аккумуляторыг тэмдэглэл бичиж түр хураан авсан. Дээрх аккумуляторуудыг манайд эрэгтэй, эмэгтэй залуу болон тэр хоёртой хамт явсан 2-3 залуучууд манайд 2017 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд байх, дандаа шөнөөр авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-209/,

Ж.Пүрэвсүх мэдүүлэхдээ “...Би одоо он, сар, өдрийг нь санахгүй байна, 2017 оны зун дулаан байхад намайг хоёрдогч түүхий эд авдаг цэгт хонож байхад шөнө 2 залуу, 1 охины хамт ирж 4 ширхэг том автомашины аккумулятор өгсөн. Мөн удаагүй дахиж дээрх 3 залуу ирж 4 ширхэг аккумулятор өгсөн. Мөн нэг хүүхэн, нэг залуу нь хамт ирж мөн 4 ширхэг аккумулятор өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-204/ зэргээс үзвэл нэр бүхий гэрч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй байхад энэ талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нар нь хоёрдогч түүхий эд авах цэгт байнга, шөнийн цагаар том автомашины аккумулятор тушаасан байхад гэрч нар нь энэ талаар мэдээгүй байх үндэслэлгүй юм.

Тиймээс дээр дурдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул яллагдагч нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр З.Б, Т.Б, О.Б, Х.Б, Х.Б нарт холбогдох эрүүгийн 2017 2601 1131 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол О.Б, З.Б, Т.Б, нарт авсан цагдан хорих, Х.Б, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд:

1. Тус дүүргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шүүгчийн 836 дугаартай захирамжид:

- 2017 2601 1131 дугаартай Б.У гэх хохирогчтой хэрэг нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээс өмнө үйлдэгдэж тус хэрэгт 2017 2601 1131 дугаараар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу дугаар авсан атлаа тэднийг яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ 1708 0000 0000111 дугаар авсан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, прокуророос 2017 2601 1131 дугаар болон 1708 0000 000011 дугаарын аль нэгийг хүчингүй болгоогүй, хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй атлаа бусад хэргүүдийг 2017 2601 1131 дугаартай хэрэгт нэгтгэсэн, түүнчлэн хохирогч Г.Мядарт холбогдох хэрэгт 1708 0074 40486 дугаар авч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байх боловч уг тогтоолын тогтоох хэсэгт 1708 0074 50481 дугаарын хэргийг 1708 0074 50481 дугаар хэрэгт нэгтгэсэн гэсэн хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй болсон.

- О.Б, Х.Б, Т.Б, З.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж яллах боловч яллагдагч нар нь өөр хоорондоо, хэсэг бүлгээрээ нэгдэж тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн талаараа мэдүүлсээр байхад Эрүүгийн хуулийн зохих, зүйл, заалтыг журамлаагүй,

- Зарим хохирогч нар эд зүйлээ тусгайлан хамгаалсан харуул, хамгаалалттай, камер, гадны хүн нэвтрэхээс хамгаалсан хашаанд хадгалуулж байсан байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нөгөө талаас яллагдагч нарын үйлдэлд хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх шинж байгаа эсэхэд мөн хууль зүйн дүгнэлт өгөлгүй эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэхийг даалгаж, хэргийг прокурорт буцаасныг хүлээн авч шүүгчийн захирамжид дурдсан процессийн зөрчлүүдийг зөвтгөн засаж, мөн яллагдагч нарт холбогдуулж “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн оролцоо болон бүлэглэн үйлдсэнийг холбогдох хуулийн зүйл, заалтыг журамлан мөн үйлдсэн хулгайн гэмт хэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж ял өөрчлөн сонсгон, яллагдагч нарын гэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн зэрэг нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн 1227 дугаартай захирамжид дурдагдсан шиг “...хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулалгүй, уг захирамжийн заалтыг бүрэн биелүүлэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн...” нь шүүхийн шийдвэрийн хүчин чадлыг алдагдуулж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

О.Б, Х.Б, Т.Б, З.Б, Х.Б нар нь бүлэглэж тусгайлан хамгаалсан харуул хамгаалалтай, камер, гадны хүн нэвтрэхээс хамгаалсан хашаанд байсан бусдын хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч яллагдагч нарын үйлдсэн дээрх хулгайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шинжээр хүндрүүлэх үндэслэл байхгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн”, “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжүүдийг тусгайлан заажээ.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд “агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, гарааш, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг ойлгоно.

“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

Монгол хэлний тайлбар толь бичигт “Агуулах” гэдэг үгийг “Бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмж, эд хөрөнгө хадгалахад зориулсан тусгай байр”, “байр” гэдэг үгийг “амьдран суухад зориулсан сууц, битүү дээвэр, туургатай зүйл” гэж тус тус тайлбарлажээ.

Дээрх Улсын Дээд шүүхийн тайлбар болон Монгол хэл бичгийн тайлбар толь бичигт тайлбарласнаас үзэхэд тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэснийг дээвэр, хана, туурга, цонх, хаалгатай битүү савыг гэж ойлгохоор ба хашаа давж хулгайлсан үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж уг хүндрүүлэх шинжид хамааруулж ойлгохгүй гэж прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, прокурорын “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 144, 145, 146, 147, 148 дугаартай тогтоолоор ял өөрчлөн сонсгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг явцуу байдлаар тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Дээрх хуулийн зүйл, хэсэгт заасныг харвал О.Б, Х.Б, З.Б, Т.Б нарын бүлэглэн үйлдсэн хулгайн гэмт хэргүүдийг нэг гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Яллагдагч нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн хамгийн эхний үйлдэл нь 2017 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, дараагийнх 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн ба 2002 оны Эрүүгийн хуульд “...гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон...” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн заагаагүй байхад 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх шинжээр яллагдагч нарт ял сонсгож, ял халдаах нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөрчихөөр байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд:

- гэрч Ж.Пүрэвсүхийн: “...дөрвөн хүүхэд манай түүхий эдийн төвд автомашины 2 ширхэг радиатор авч ирэхэд нь 1 ширхгийг нь 50.000 төгрөгөөр тооцож, 2 ширхэг радиаторыг 100.000 төгрөгөөр авсан. Хаанаас авсан ямар радиатор гэдгийг нь мэдэхгүй, “Зил 130” загварын автомашины 2 ширхэг радиатор байсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдэхгүй, харахад хуучирсан тос, тоос болсон радиатор л байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-130-131/,

- гэрч Н.Гансүх нь “...мэдээгүй, тэр залуу надад хэлэхдээ би уурхайд ажилладаг, манай уурхайн бүх автомашинуудын аккумуляторуудыг солиод хуучин аккумуляторуудаа хаяад байгаа юмаа гэж ярьж байсан. Өмнө нь бас дараа нь 4-5 удаа ирэхэд нь би бас асуухад дандаа дээрх үгийг хэлдэг байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзвэл нэр бүхий гэрч нар нь хулгайн эд зүйлс гэдгийг мэдэхгүй болох нь тогтоогдсон, мөн мөрдөн байцаалтаар дээрх нэр бүхий гэрч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хангалттай нотлох баримт байхгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн бол гэж дээрх нэр бүхий гэрч нар нь худалдаж авсан аккумуляторыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдсэн байхыг шаардсан байна.

Иймд О.Б, Т.Б, З.Б, Х.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авна уу...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Б нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг тогтоож чадаагүй бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжаас шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх буюу “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн шинж байгаа эсэх, мөн “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг тус тус явуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь “...гадны хүн нэвтрэхээс хамгаалсан хашаанд байсан бусдын хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан...” нөхцөл байдал байх бөгөөд төрөл бүрийн зориулалтаар ашиглагдаж байгаа “хашаа” агуулах гэж үзэхгүй, харин тодорхой эд хөрөнгө хадгалж, харуул хамгаалалтаар бүрэн хамгаалуулсан, уг хашааг агуулахын зориулалтаар ашиглаж байсан байдалд хууль зүйн дүгнэлт хийж, уг “хашаа”-г агуулах гэж үзэх эсэхэд анхаарах нь зүйтэй.

 

Харин, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээс “яллагдагч нар гэмт хэрэг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон” гэх үндэслэлийг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгчийн захирамжид дурдсан зарим үндэслэлүүдээр Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж шүүхэд ирүүлэх шаардлагатай байх тул прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийн 2 дахь заалтыг хүлээн авч, бусад заалтыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд 2017 2601 113 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1227 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

  М.АЛДАР