Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 784

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржигон овгийн Б.О ,

                      Боржигон овгийн Д.Б ,

                      Цэдэв овгийн У.Б ,

Хариуцагч: НГЗБА ,

Гуравдагч этгээд: Тайжууд овгийн Б.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар өмчилж авсан иргэн Б.Н ын газар өмчлөх эрхийг хүчингүй болгохгүйгээр иргэн Б.О , Д.Б , У.Б нарын өмчлөлийн газар луу орох гарах орц гарцтай давхцаж байгааг шийдвэрлэж, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т , гуравдагч этгээд Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа,нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар өмчилж авсан иргэн Б.Н ын газар өмчлөх эрхийг хүчингүй болгохгүйгээр иргэн Б.О , Д.Б , У.Б нарын өмчлөлийн газар уруу орох, гарах орц гарцтай давхцаж байгааг шийдвэрлэж кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 8 дугаар гудамж, 237 тоотод оршин суух Б.Б , 238 тоотод оршин суух Б.О , 239 тоотод оршин суух Г.Б бид 2003 оноос одоог хүртэл тус газар дээр амьдран суугаа билээ. Анх 2004 онд айлуудын хашааны газрын кадастрын зургийг нэгдсэн журмаар Азийн хөгжлийн сангийн төслөөр хийсэн. Ингэхдээ хөрш айлуудын газруудыг давхцуулан гүйлгэсэн байдалтай буруу зураг хийж нэгдсэн мэдээллийн санд тэр хэвээр нь бүртгэсэн. Үүнээс болж өнөөдөр манай 3 айлын орц гарц 330 тоотод оршин суух Б.Н ын газартай давхцан газрын маргаантай байдал бий болоод байна.

... Энэ нь 2002 оны агаарын зураг, одоогийн кадастрын зураг зэргээс тодорхой харагдана. Орц гарц нь анхнаасаа ертөнцийн зүгээр баруун талдаа буюу Б.Н ын газар дээгүүр ордог байсан. Тухайн үед Газрын алба иргэдэд газар олгохдоо Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж орц гарцын асуудлыг шийдэлгүйгээр газар олгосон. Б.Н ын өмчилж байгаа газар буюу 8 дугаар хороо 330 тоот газар нь 2004 оны 6 дугаар сард анх Ш.Билэгсайхан гэх хүнд өмчлөгдсөн байдаг. Дараа нь 2004 оны 11 дүгээр сард одоо  Б.О ын өмчлөлд байгаа 338 тоот газар өмчлөгдсөн. 2005 онд У.Болормаагийн газар буюу 239 тоот газар өмчлөгдсөн.  Мөн одоо Д.Б  өмчилж байгаа. Өмнө нь н.Баярсайхан гэх хүний өмчлөлд байсан 237 тоот газар өмчлөгдсөн. Үүнээс үзэхэд Нийслэлийн газрын алба Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан эрх үүргийг биелүүлээгүй болох нь тодорхой байна. Учир нь орц гарцыг шийдэхгүйгээр айлуудын газрыг кадастрын зураг давхцуулж олгож бүртгэсэн байна. Одоо энэ асуудлыг шийдэж өгнө үү гэхэд шийдвэрлэж өгөхгүй шүүхээр шийдвэрлүүл гэдэг. Тиймээс энэ асуудлыг шийдэж өгөхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй болохыг тогтоолгож, орц гарцын асуудлыг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.О , Д.Б , У.Б нарын өмчлөлийн газартай Нийслэлийн засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар иргэн Б.Н од олгосон өмчлөлийн газартай давхцаж байгаа нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хотхоны 8 дугаар гудамжны 330 тоот хаяг, 18645312741233 нэгж талбарт НЗД-н 2004 оны 277 тоот захирамжаар иргэн Ш.Билэгсайханд хамтран өмчлөгчөөр Д.Дэлгэрцэцэг, Б.Ариунзул, Б.Ариунгуа нарт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэрийг гаргасан байна.

Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөөгүй гэж үзэж байгаа ба дээрх нэгж талбар бүхий газар иргэний өмчлөл тул нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа тус кадастрын зургийг өөрчлөн бүртгэх боломжгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Н  шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Н  миний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Цагдаагийн 8 дугаар гудамжны 330 тоот хашааны ойролцоох Б.О  нь бусадтай нийлэн өөрийн авсан хашаануудыг бусдын нэр оруулан өөрийнхөө хашааны гарцыг таглан зориуд байшингийн суурь тавьчихаад Нийслэлийн Газрын албыг захиргааны хэргийн шүүхэд манай газраас авч гарц гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Б.О  нь өөрийн гарцаа хааж байшин барьсан,

2. Ойролцоо хашаануудыг бүгдийг нь газрын алба болон шүүхээр дамжуулж хэл ам хийсээр хямдруулан худалдан авдаг.

3. Манай хашааны газраар зөвшөөрөл авалгүйгээр дулааны шугам тавьсан2012 онд. Тэр цагаас хойш Баянзүрх дүүргийн газрын албаны таньдаг хүмүүсээрээ дамжуулан янз бүрийн утсаар дарамтлуулан яриулдаг.

4. Баянзүрх дүүргийн Газрын албаар янз бүрийн кадастрын зургууд гаргаад өөрийн зөв болгон зүтгэдэг.

5. Манайх авсан газраа ашиглах зорилгоор Нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр орон сууц барих Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан барилга барих компани сонгоод барилга бариулахаар явуулахад Б.О  нь энд газрын маргаантай гэж хэлээд удаа дараа манай ажилд саад болж байгаа.

Мөн бусад хүмүүс болон намайг очихоор шуналтай хүн яаж амьдарч байна, надад гарц гаргаж өг гэх мэтээр хэл амаар доромжилж, янз бүрийн хүнээр газрын асуудал шийдэж ажил хийлгэхгүй дарамталж байна.

Иймд надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, өөрийн өмчилж авсан газрын ёс журмын дагуу эзэмшилдээ байлгаж цаашид ашиглах сонирхолтой байна.

... 2014 онд урд талаараа орж гардаг байсан. Тухайн үед хашаагүй онгорхой байсан. 2014 онд маргаж байх үед нэхэмжлэгч нарын зүүн талаар нийтийн эзэмшлийн талбай байгаагүй. Одоо нийтийн эзэмшлийн талбай байгаа тул боломжтой болсон. Би хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй. Нэхэмжлэгч нар анх Б.Н ын газрыг хөндөхгүйгээр орц гарц гаргаж өг гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Б.Н  газраа сунгасан тул орц гарц гаргаж өг гэсэн байсан. Тэгэхээр нь шинжээчийн дүгнэлт гаргуулахад манайх газраасаа 699,98 м.кв газраас бага буюу 612 м.кв болсон байсан. Тиймээс ямар нэг байдлаар манай газар орохгүй. Зүүн талаасаа орж гарах боломжтой” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч Б.О , Д.Б , У.Б нараас удаа дараа тодруулж, улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дэмжиж байгаагаа илэрхийлсэн “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар өмчилж авсан иргэн Б.Н ын газар өмчлөх эрхийг хүчингүй болгохгүйгээр иргэн Б.О , Д.Б , У.Б нарын өмчлөлийн газар луу орох гарах орц гарцтай давхцаж байгааг шийдвэрлэж, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэхийг НГЗБА нд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 330 тоот хаягт гуравдагч этгээд Б.Н ын өмчлөлийн 698,8 мкв газар, уг газрын зүүн урд хэсэгт 238 тоот хаягтай Б.О ын өмчлөлийн 290,8 мкв, баруун урд хэсэгт 237 тоот хаягтай Д.Б гийн өмчлөлийн 464,6 мкв газрууд зэрэгцэн, харин 237 тоотын урд буюу 238 тоотын зүүн талд 239 тоот хаягтай У.Болормаагийн өмчлөлийн 363,9 мкв газар байршиж байна[1].

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нэр бүхий иргэд болон гуравдагч этгээдүүд нь анхнаасаа уг газарт хөрш зэргэлдээ амьдарч байгаа ба орц гарц нь мөн одоогийн байгаагаараа байсан, өөрчлөлт ороогүй байхад газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч нараас өмчлөлийн газарлуугаа орж гарах гарцгүйгээр бүртгэсэн нь хууль бус” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн газар өмчлөх эрх эхэлж үүссэн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүссэн цаг хугацааны хувьд:

1. Гуравдагч этгээд Г.Н ын өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 330 тоот хаягт байрлах 698,85 мкв газар нь анх нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 467 дугаар захирамжаар иргэн Ш.Билэгсайханд ашиглуулахаар 400мкв талбайтайгаар[2], нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр мөн иргэн Ш.Билэгсайханд өмчлөлд 698,85 мкв талбайтайгаар олгогдсон байх ба үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2204000250 дугаарт Ш.Билэгсайхан нарын иргэдийн өмчлөлд 2004 оны 08 дугаар сарын 09-ны өдөр бүртгэгдэж, улмаар 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Н ын өмчлөлд анх шилжсэн[3],

2. Нэхэмжлэгч Б.О ын өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 238 тоот хаягт байрлах  290,8 мкв газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дүгээр шийдвэрээр иргэн Б.О ын өмчлөлд 235,9мкв талбайтайгаар олгогдсон,

Иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар түүний газрын хэмжээг 291мкв болгон нэмэгдүүлсэн байх ба Б.О ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын Г-2204023739 дугаарт 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгосон[4],

3. Нэхэмжлэгч Д.Б гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 237 тоот хаягт байрлах  464,6мкв газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр иргэн Б.Баяртсайханы өмчлөлд 588,79 мкв талбайтайгаар олгогдсон байх ба үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2204002550 дугаарт Б.Баяртсайханы өмчлөлд 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдэж[5], 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах тухай гэрээ”-ээр Д.Б гийн өмчлөлд мөн хэмжээгээр шилжсэн[6],

“Иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар түүний газрын хэмжээг 465/464,6/мкв болгон багасгасан байх ба Д.Б гийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин олгосон[7],

4. Нэхэмжлэгч У.Болормаагийн өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 239 тоот хаягт байрлах  363,9 м.кв газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр иргэн Г.Ундрахбаярын өмчлөлд 384 м.кв талбайтайгаар олгогдсон байх ба үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2204005125 дугаарт Г.Ундрахбаяр, У.Болормаа, У.Бат-Ундрах нарын өмчлөлд 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр[8], хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр У.Болормаа, У.Бат-Ундрах нарын өмчлөлд мөн 384мкв талбайтайгаар шилжиж бүртгэгдсэн[9],

Үүний дараа “Иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар түүний газрын хэмжээг 364мкв болгон багасгасан байх ба У.Бат-Ундрах болон У.Б нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын гэрчилгээг 2015 оны 06 дугаар сарын 23-ний өдөр дахин олгосон[10],

5. НГЗБА наас ирүүлсэн тайлбар зургаар Кадастрын зураглал ба газрын кадастр” төслийн хүрээнд гуравдагч этгээд Б.Н ын өмчилж буй нэгж талбарын 18645312745232 нэгж талбарын дугаартай газарт 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, нэхэмжлэгч Б.О ын өмчилж буй 18645312758217 нэгж талбарын дугаартай газарт 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, Д.Б гийн өмчилж буй 18645312738209 болон У.Болормаа, У.Ундрахбаяр нарын өмчилж буй 18645312756201 нэгж талбарын дугаартай газруудад 2005 оны 05 дүгээр сарын 06-ний өдөр тус тус хэмжилт хийгдсэн, дээрх бүх кадастрын зургууд нь 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөрвүүлэлт хийгдэж газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн[11] болох нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна

Мөн нэхэмжлэгч Б.О  нь 2013 оны 07 дугаар 23-ны өдөр нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж “... хөрш Б.Баярсайхан/237 тоот/, болон Н.Ундрахбаяр/239 тоот/ нарын өмчилд авсан газар дахь хашааны байдал 2004 онд байсан тэр хэвээрээ байхад ...кадастрын зургийн давхцалыг арилгахгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.О , Б.Баяртсайхан, У.Б нар нь талуудын дунд ашиглагдах орц гарц гаргахаар тохиролцсоны дагуу “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна.[12]

Улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх/хуучин нэрээр/-ийн 2014 оны 331 дүгээр шийдвэрээр Б.О ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжийн Б.О т, 2005 оны 139 дүгээр захирамжийн Г.Ундрахбаяр, Б.Баяртсайхан нарт газар өмчлүүлсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, Б.О , Г.Ундрахбаяр, Б.Баяртсайхан нарын ... эвлэрлийн гэрээнд заасан хэмжээгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулж зохих шийдвэр гаргах, газрын кадастрын мэдээллийн санд зургийг зөвтгөж бүртгэхийг хариуцагчид даалгаж”[13] шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Б.О  нь өөрийн өмчлөлийн газарт нэвтрэх орц гарцын хэсгийг газрынхаа урд хэсэгт буюу Б.Баяртсайхан /Д.Б д шилжсэн/, Г.Ундрахбаяр /У.Болормаад шилжсэн/ нарын газрын хэсэгт байрлах ёстой хэмээн маргаж байсан атлаа одоо уг газраа бус Б.Н ын газрын урд талаар давхцаж гарц байрлах ёстой хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.О ын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн шүүх хуралдаанд уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Б.Баяртсайханаас “...миний хувьд нилээн том газар эзэмшдэг байсан. Н.Бэлгүүн, Г.Ундрахбаяр нарт газраа хувааж өгсөн, Б.О  байгаагүй, Б.О  нь н.Бэлгүүнээс хэзээ ямар газар авсныг би мэдэхгүй. Б.О  нь биднийг эзгүй хойгуур дур мэдэн орц гарц хааж байшин барьсан. Энд гудамж гарах ёстой байсан..., Б.О  нь хашаагаа дур мэдэн тэлж манай байшинтай тулган барьснаас машин багтахаа больсон...” гэж, мөн уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон У.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Г.Ундрахбаяр өмчилж байгаад У.Болормаад шилжсэн. Б.О  биднийг ажилтай байх хойгуур байршил өөрчилсөн байна. Манай газар хэмжээндээ хүрэхгүй байгаа. Б.О  нь эзгүй хойгуур хашаагаа тэлж, блокоор хашаа барьсан байна...”[14] гэж тус тус тайлбарлаж байсан нь тэмдэглэгдсэн, мөн шүүхээс маргаан бүхий газарт 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгээр 238 тоот хаягт байрлах Б.О , Б.Баяртсайхан нарын газар луу орох орц, гарц нь 237 болон 239 тоот хашаануудын дундуур урд зүгт дундаа байсан[15] болох нь тогтоогдсон байх тул гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нарын орц гарч урд хэсэгтээ байсан, Б.О  нь орц гарц гаргаж болох хэсэгтээ байшингийн суурь цутгаж гарцгүй болгочихоод одоо миний өмчлөлийн газраар орц, гаргах ёстой хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Түүнчлэн дээрх Б.О ын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох 020/2013/0493/З индекстэй захиргааны хэрэгт авагдсан Б.Баяртсайхан, Г.Ундрахбаяр нарын “Иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг”[16]-үүд дэх кадастрын зургуудад гуравдагч этгээдийн өмчлөлийн 8-330 тоот хаягт байрлах газар нь одоо байгаа хэмжээгээр, зургийн хувьд өөрчлөлтгүй, мөн маргаж буй орц гарцын хэсэг зурагт тусгагдаагүй байсныг мэдсэн/Б.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Б.Б нь 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр тус тус хэргийн материалтай танилцсан, Б.О  болон Д.Б  нар нь нэг гэр бүлийн хүмүүс тухайд хэргийн оролцогчид маргаагүй/ атлаа тухайн үед Б.Н ын газар өмчлөх эрх, орц, гарц хаасан асуудлаар маргаагүй байна.

Харин 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжийн Б.О , Б.Баяртсайхан, Н.Ундрахбаяр нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлж, ...орц, гарц гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгах”[17] гэж өөрчилсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхнаасаа уг газарт хөрш зэргэлдээ амьдарч байгаа ба орц гарц нь мөн одоогийн байгаагаараа байсан, өөрчлөлт ороогүй байхад газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч нараас өмчлөлийн газарлуугаа орж гарах гарцгүйгээр бүртгэсэн нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, энэ үндэслэлээр шүүхэд маргах эрх/шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн/-ээ алдсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нараас НГЗБА нд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар өмчилж авсан иргэн Б.Н ын газар өмчлөх эрхийг хүчингүй болгохгүйгээр иргэн Б.О , Д.Б , У.Б нарын өмчлөлийн газар луу орох гарах орц гарцтай давхцаж байгааг шийдвэрлэж, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.  

Гэвч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дараах нөхцөл байдлуудаас үзвэл, НГЗБА  нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3-т “газрын кадастр эрхлэх,...”, 23.3.5-д “.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал,  дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч нэр бүхий иргэд болон гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхдээ орц гарцгүйгээр бүртгэсэн, мөн шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал,

- Шүүхээс хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Б  болон У.Б нарын газрын хувьд маргаж буй газраас өөр газраа орц гарц гаргах боломжгүй болох нь тогтоогдов[18].

- Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч Б.О  болон Д.Б  нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд орц, гарц гаргах боломжтой хэсэгтээ 2014 оны байшингийн суурь барьж гарцгүй болгосон атлаа өнөөдөр миний газар дээгүүр гарц байх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлах боловч тус бүрдээ нэгж талбарын дугаар бүхий газруудын хувьд тус бүрдээ гарцтай байхаар маргаж байгааг буруутгах боломжгүй.

- “Кадастрын зураглал ба газрын кадастр” төслийн хүрээнд хийгдсэн зургийн хүрээнд анх хийгдсэн кадастрын зургаар нэхэмжлэгч нарын газарт орц гарцгүйгээр 2003-2005 оны хоорондох хугацаанд газрын кадастрын мэдээллийн санд анх бүртгэгдсэн байна[19].

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн маргаан бүхий газрын агаарын зургуудад нэхэмжлэгч нарын маргаж буй гарц, орцын хэсэг 2002 оноос хойш байсан хэвээрээ, өөрчлөгдөөгүй болох нь илэрхий харагдаж байна[20]. Мөн тухайн гарц орц байрлаж буй газар ойр орчмын айлууд нэгдэж татуулсан төвийн цэвэр, бохир ус болон дулааны сүлжээний шугам байршиж байгаа тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна[21].

Хэдийгээр бодит газар дээрх нэхэмжлэгч нарын маргаж буй газрын орц, гарц өөрчлөгдөөгүй байхад газрын кадастрын мэдээллийн санд Б.Н ын газрын хэмжээг зөрүүтэйгээр зураглаж оруулсан нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч нар нь Б.Н од газар өмчлүүлсэн шийдвэртэй маргах эрхээ алдсан, тэдний орц гарц Б.Н ын газарт байрлаж байгаа давхцлыг арилгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа, түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй зэргээс нэгтгэн авч үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар өмчилж авсан иргэн Б.Н ын газар өмчлөх эрхийг хүчингүй болгохгүйгээр орц гарц давхцаж буй 78,8 мкв талбайтай хэсэг бүхий зургийн дагуу давхцлыг шийдвэрлэх” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Харин хариуцагч нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх/хуучин нэрээр/-ийн 2014 оны 331 дүгээр шийдвэрийн биелүүлж нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газрын хэмжээнд өөрчлөлт оруулж орц, гарц гаргасан гэх боловч энэ нь орц гарц гэх утгыг илэрхийлэхээргүй/битүү/[22] байгаа нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг”-ээ болон газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн дээр дурьдсан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул “...иргэн Б.О , Д.Б , У.Б нарын өмчлөлийн газрын орц гарцыг шийдвэрлэж, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны байгууллага нь тус шүүхийн 2014 оны 331 дүгээр шийдвэр болон шүүхийн энэхүү шийдвэрийг зохих ёсоор биелүүлж дахин шийдвэр гаргахдаа хөрш зэргэлдээ газар өмчилж буй иргэн Б.О , Д.Б , У.Б болон Б.Н  нарын харилцан зөвшилцлийг үндэслэн гуравдагч этгээд Б.Н ын газрын хэмжээ кадастрын мэдээллийн санд бодит байдлаасаа зөрүүтэйгээр зурагдаж орсон, Б.О ын өмчлөлийн газрын хэмжээ нэмэгдсэн, харин У.Болормаагийн газрын хэмжээ анх өмчилж авснаасаа багассан зэргийг тус тус харгалзан орц гарцын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг тэмдэглэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О , Д.Б , У.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  НГЗБА нд холбогдуулан гаргасан иргэн Б.О , Д.Б , У.Б нарын өмчлөлийн газрын орц гарцыг шийдвэрлэж, зургийг зөвтгөн кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэхийг хариуцагч НГЗБА нд даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 638,137.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зохих дансанд төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь талд

[2] 2 дугаар хавтаст хэргийн 62-74 дэх талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 75, 91 дэх талуудад

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 126-136 дах талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 146 дах талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 137-142 дах талд

[11] 2 дугаар хавтаст хэргийн 111 дэх талд

[12] 020/2013/0493/З индекстэй захиргааны хэргийн 198 дахь талд

[13] 020/2013/0493/З индекстэй захиргааны хэргийн 197 дахь талд

[14] 020/2013/0493/З индекстэй захиргааны хэргийн 165 дахь талд

[15] 020/2013/0493/З индекстэй захиргааны хэргийн 125-129 дэх талд

[16] 020/2013/0493/З индекстэй захиргааны хэргийн 14-35 дахь талд

[17] 020/2013/0493/З индекстэй захиргааны хэргийн 58-59 дэх талд

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 148, 227 дахь талд

[19] 2 дугаар хавтаст хэргийн 111 дэх талд

[20] 2 дугаар хавтаст хэргийн 46-58 дахь талуудад

[21] 2 дугаар хавтаст хэргийн 44 дэх талд

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь талд