Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0649

 

 

 

 

 

 

 

 

“З”-ын

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрийнтуяа

Гомдол гаргагч: З

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч: Ч. Э

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 601 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч П.Э, хариуцагч Ч.Э, гуравдагч этгээд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0351/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч  З нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч. Э-т холбогдуулан “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч. Э-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0079803 дугаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаварыг арилгах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 601 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 17 дугаар зүйлийн 17.4, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан З-аас Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч: Ч. Э-т холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч. Э-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0079803 дугаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаварыг арилгах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Оюуны өмчийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 58 хоногийн хугацаанд явуулсан гэх боловч уг хугацаанд нотлох баримтад нэг удаа үзлэг, холбогдогч, гомдол  гаргагчаас  тус тус нэг удаа мэдүүлэг авсан ба уг гомдлыг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоохоор нэг ч нотлох баримт цуглуулж, хэрэгт бэхжүүлээгүй. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий уг жүжгийн зохиогчийн эрхийг эзэмших эрхтэй этгээд нь З мөн эсэх, хууль ёсны төлөөлөгч гэх Ц.Ү-г томилсон Г.С нь итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг шалгаагүй, зөрчил үйлдэгдсэн гэх хугацааг тогтоогоогүй өөрөөр хэлбэл хэргийн нотлогдвол зохих байдлыг тогтоох ажиллагааг хангалттай явуулаагүй. Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг нотлох, нотлох баримт гаргаж өгөх эрх нь хэргийн оролцогчид нээлттэй боловч эрх бүхий албан тушаалтны хувьд хуульд заасан үүрэг атал биелүүлээгүй байна.

3.2. Хариуцагч нь флаш дискт үзлэг хийх үедээ холбогдогчийн төлөөлөгчид тов мэдэгдээгүй атлаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Ц.Ү-д флаш дискт үзлэг хийх тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх тайлбарыг өгсөн. Мөн 2023 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн “Үзлэг хийсэн тухай” тэмдэглэлд “холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү-г оролцуулсан, үзлэг хийсэн талаар тэмдэглэл үйлдэв” гэж бичсэн нь өөрийн хууль зөрчиж гүйцэтгэсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвтгөхөөр зохиомол байдлыг бий болгон эрх мэдэл, албан тушаалын байдлаа давуулан ашиглаж, хэрэгт чухал ач холбогдол бүхий баримтыг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хэргийн материалд нотлох баримтад үзлэг хийх хугацааг талуудад хэрхэн мэдэгдсэн талаар баримтыг огт хавсаргаагүй байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч нь Зөрчлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь илт байна.

3.3. Өндөр гэгээн Занабазар жүжиг нь 2017 онд нээлтээ хийсэн ба VOO-д 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Контент нийлүүлэх гэрээ” байгуулан байршуулсан. Харин гомдол гаргагч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу бол зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо зөрчил үйлдэгдсэн үеэс эхлэн тоолно гэж хуульчлагдсан атал шүүх болон хариуцагч нь уг байдлыг огт харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу давж заалдах шатны гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар З нь Занабазар хөгжимт жүжигт дуучин Н.Т-ын дуулсан Дуртмал сайхан уртын дууны бичлэгийг зөвшөөрөлгүй ашигласан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж,  Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.

3. Хариуцагч улсын байцаагч нь иргэн Б.О-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн атлаа хуулийн этгээд З-т холбогдуулан шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй, холбогдогчийг тогтоох ажиллагааг хэрхэн хийсэн болох нь тодорхойгүй байна.

4. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ...З нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ...дуучин Б.О-ээр дуулуулж ашигласан гэх зөрчил гаргасан болох нь ...мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул дээрх шийтгэлийн хуудсыг оногдуулсан гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З-ыг холбогдогчоор татсан үйл баримт тогтоогдохгүй байна.

5. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулснаас үзэхэд иргэн Б.О-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, уг зөрчлийг үйлдсэн гэж үзсэн тохиолдолд 500.000 төгрөгөөр, харин З-ыг зөрчил үйлдсэн гэж үзсэн тохиолдолд торгох шийтгэлийн үнийн дүн ялгамжтай буюу  5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байх тул хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч нь З болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд холбогдох ажиллагааг хийж, энэ талаарх баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргах байжээ.

6. Мөн гомдол гаргагчаас “...гуравдагч этгээд Н.Т өөрийн сайн дураар хуульд заасны дагуу  ...бичлэг хийх эрхийг зөвшөөрсөн, ...харилцан тохиролцож бичлэг хийсэн” гэж,  гуравдагч этгээдээс “...анх дуу бичүүлэх үед болон бичүүлснээс хойш ...ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байхад дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дүгнэлт өгөх шаардлагатай.

7. Түүнчлэн шүүх хуралдааны явцад гомдол гаргагчаас тус бичлэгийг анх “Юнивишн” ХХК-д өгч байсан, мөн VOO апликейшнд байршуулсан гэж, хариуцагчаас тус бичлэг VOO апликейшнд одоо хүртэл байршсан хэвээр байгаа гэж тус тус тайлбарлаж байх тул зөрчил үйлдэгдсэн хугацааг хэзээнээс хэрхэн тооцсон, бодит байдалд уг зөрчил арилсан эсэх, эсхүл үргэлжилж буй эсэх, өөрөөр хэлбэл тус бичлэг нь одоог хүртэл Мобиком корпорацын VOO  апликейшнд  байршсан хэвээр байгаа эсэх, мөн Юнивишн болон өөр бусад сувгуудад байршсан эсэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, тухайн зөрчлийн хэргийн холбогдогчийг зөв тодорхойлж шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр уг зөрчил нь холбогдох хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль эрх зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 601 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0079803 дугаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаварыг арилгах тухай даалгавар”-ыг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

       ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

         ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

          ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН