| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0303/И |
| Дугаар | 131/ШШ2017/00432 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2017/00432
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170Б байр 52 тоотод байрлах Хонгор Бар Групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууц 78 дугаар байр, 1-р орц 1 тоотод оршин суух, ВЭ66010109 регистрийн дугаартай, Боржигон овогт Сэрээнэнгийн Жаргалд холбогдох Орон сууц захиалан бариулах гэрээ цуцлуулж, гэрээний үнийн дүнгийн 20 хувийн торгууль олгож, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хонгор Бар Групп ХХК нь Номгон 1-р багт Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууц 78 дугаар байрыг захиалан бариулж 2015 оны 12 сарын 25-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. С.Жаргал нь 2014 оны 07 сарын 10-ны өдөр уг байрны 1 тоот 42.45 мквт бүхий 2 өрөө орон сууцыг 46.695.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болгож, нийт 32.393.000 төгрөгийг төлж байрандаа орсон. Хөрөнгө оруулагч тал гэрээний 6 дугаар зүйлд заасан хугацааны дотор төлөх байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй байгаа тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.2-д зааснаар гэрээг төсөл хэрэгжүүлэгч тал дангааараа цуцалж, гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийг хөрөнгө оруулагчаас гаргуулах орон сууцаа эргүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд С.Жаргалтай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээний үнийн дүнгийн 20 хувийн торгууль олгож, орон сууцыг С.Жаргалаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа:
Хонгор бар грүпп ХХК-ийн итгэмжлэлтэй С.Жаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч байгууллага болох Хонгор бар грүпп нь нэхэмжлэлээ татан авч байна..гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хонгор бар групп ХХК нь С.Жаргалд холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлуулж, гэрээний үнийн дүнгийн 20 хувийн торгууль олгож, орон сууц чөлөөлүүлэхийг хүсэн шаарджээ.
Хариуцагч С.Жаргал нь Хонгор бар групп ХХК-тай 2014 оны 07 сарын 10-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан орон сууц худалдан авч, гэрээний үүргээ биелүүлээгүй төлбөрийг бүрэн төлөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Жаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тайлбарыг бичгээр гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Нэхэмжлэгч Хонгор бар групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянгын нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Хонгор бар групп ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ