Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00712

 

Х.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02961 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Х.Т-

          Хариуцагч: Ж.Э-д холбогдох

          26,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г, хариуцагч Ж.Э-, түүний өмгөөлөгч Ц.Э-, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2015-12-15-ны өдөр Ж.Э-од хүүгүйгээр 16 сая төгрөгийг аман хэлцлээр тохиролцон өгсөн. Ж.Э- нь төлбөрөө төлөхгүй байсан учир 2017-5-23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлэн, 2017-5-23-с 06-23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай хүүгүйгээр 16 сая төгрөгийг зээлүүлж хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5%-н алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5%-н алданги тооцно гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 480 хоног бөгөөд нэг хоногт төлөх алданги нь 80,000 төгрөг нийт 38 сая төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн 50% болох 8 сая төгрөг, үндсэн төлбөр 16 сая төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол болох 600,000 төгрөг, нийт 24,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 24,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.Зээлийн гэрээ байгуулаагүй. Бичгээр хийсэн гэрээ бол сүүл нөхөж хийсэн гэрээ. Ж.Э- 2015-12-13-ны өдөр нэхэмжлэгчийн автомашиныг Б.М- гэдэг хүнээс худалдан авсан,тэгээд ББСБ барьцаанд тавьж зээл авсан.Зээл төлөгдсөний дараа машин нэхэмжлэгчийн нэр дээр шилжих байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 184/ШШ2018/02961 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Т-ээс Ж.Э-од холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Э-оос 24 сая төгрөгийг гаргуулан Х.Т-т олгож, үлдэх 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд ИХ-ийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч тал алдангийн тохиролцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь ИХ-ийн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээг байгуулах, гарын үсэг зурах хүсэл зориг хариуцагчид байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй болно. Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ болохыг ИХ-ийн 281.1-д заасан байна. Гэтэл хариуцагчид зээл авах хүсэл сонирхол байгаагүй бөгөөд талуудын хооронд 2015 онд автомашин худалдах-худалдах авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Х.Т-ийн өмчлөлийн 64-... УБН авто машиныг шилжүүлэн авч, үнийг дараа төлөхөөр тохирсон. Гэвч машины төлбөрийг тухайн үед төлж чадахгүй байсан тул Х.Т- нь төлбөрөө баталгаажуулж зээлийн гэрээ байгуулахыг шаардсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч нь автомашиныг буцаан авахыг шаардсан тул буцаан Х.Т-ид шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Зээлийн гэрээ нь ИХ-ийн 282.4-т зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч нь 16 сая төгрөгийг шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй байхад хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Х.Т- 2018-10-19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Э-оос нийт 24,600,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...2015-12-15-ны өдөр 16,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлүүлсэн ч мөнгийг буцааж аваагүй тул үндсэн зээлийг 2 сарын хүү 600,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөгийн хамт авна...” гэж тайлбарласан байна.

    Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “..зээл аваагүй...гэрээг сүүлд нөхөж хийсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн автомашиныг Б.М- гэдэг хүнээс худалдан авсантай холбоотой хийгдсэн гэрээ юм..” гэжээ.

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, хариуцагчаас 24,000,000 төгрөг гаргуулж Х.Т-т олгох нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байна.

    Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

1. Хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд зааснаар Х.Т- нь 16,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүйгээр Ж.Э-од  зээлдүүлэх, хариуцагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх талаар заажээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх  зохицуулалтыг баримтлан эсрэг шийдэл гаргасан нь маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй байдалтай холбоотой гэж үзэхээр байна.

Зохигч үүссэн эрх зүйн харилцааны талаар эрс зөрүүтэй тайлбар гаргаж байгаа нөхцөлд нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ нь бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд маргаантай харилцааны талаар эцэслэн дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл бүрдэх юм. 

2. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.

 Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ Б.М- болон машин авсан үйл баримттай холбогдуулан тайлбарлаж, энэ тухай баримтын хуулбарыг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архиваар баталгаажуулан шүүхэд гаргаж өгсөн /хх22/ байхад энэ үйл баримтыг “..нотлогдоогүй...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т нийцээгүй байна.       

3. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох эрхтэй ба зохигч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр төлөөлөгч оролцуулсныг буруутгах үндэслэлгүй ч төлөөлөгч нар нь маргааны үйл баримтын талаар тодорхой мэдээлэлгүй байгааг анхаарч, талуудын мэтгэлцэх эрх хангалттай хэрэгжиж буй эсэхийг зохицуулах шаардлагатай гэж үзнэ. 

Эрх зүйн маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй  байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 280,950 төгрөгийг Ж.Э-од захирамжаар буцааж олгосугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ