Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 755

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.ДарьС, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал, Р.Пүрэвлхам,

          хохирогч З.Сгийн өмгөөлөгч Д.Бурмаа,

          нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Бөд холбогдох 2017 2503 0949 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цорос овгийн Доржийн Б, 1976 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш, эрх зүйч мэргэжилтэй, “Монтрак” группт хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эх, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж хуурч:

- 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Эрдэнэбилэгээс 5.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг,

- 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Сгээс 10.000.000 төгрөгийг,

- 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим Ц.Гэрэлтуяагаас 290.000 төгрөг, нийт 18.290.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Д.Бийн цагдан хоригдсон нийт 97 хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Бөөс 18.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Эрдэнэбилэгт 8.000.000 төгрөг, хохирогч З.Сд 10.000.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо “... миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “прокурор хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, хуульд заасан бүх арга хэмжээг бүрэн авч, цагаатгах, хөнгөрүүлэх арга хэмжээг эргэлзээгүй талаас нь бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасныг ноцтой зөрчиж, хуулиар тогтоосон үүргээ бүрэн биелүүлж, цагаатгах талын нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй, надад холбогдох хэрэгт туйлын хөнгөн, хуймгай хандаж ирсэн болно.

Мөрдөн байцаалтын шатанд миний бие 6 заалт бүхий ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргасныг прокурор тогтоолоороо бүрэн хангасан. Гэтэл уг тогтоолын дагуу ажиллагааг огт хийгээгүй. Хохирогч З.С, Л.Эрдэнэбилэг нар нь анхнаасаа гүтгэж, худал мэдүүлсээр ирсэн. З.Сгийн хамаатан 3 хүн, Л.Эрдэнэбилэгийн нөхөр болох Мөнхбаяр нарын 4 хүн 2012 онд тэтгэврээ тогтоолгоод, энэ 4 хүний тэтгэврийг З.С, Л.Эрдэнэбилэг 2 урьдчилан тэтгэврийн зээл авахуулж, өөрсдөө хэрэглэчихсэн үед нь 2016-2017 онд улс даяар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр тогтоолгосныг шалгах аян явуулж, дээрх 4 иргэнд Л.Эрдэнэбилэг нь өөрөө хуурамч материал бүрдүүлж, хууль бусаар тэтгэвэр тогтоолгож, улсад онц их хэмжээний хохирол учруулсныг илрүүлэн тэдгээрийн тэтгэвэр олголтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн актаар зогсоож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод хяналт шалгалт явуулж, холбогдох материалыг бүрдүүлэн Л.Эрдэнэбилэг, З.С болон дээрх 4 иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шалгалтын тайлан, улсын байцаагчийн актын хамтаар хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх гэж байх үед Л.Эрдэнэбилэг нь шалгалтын дүнг өөрчлүүлэн уг 4 иргэний тэтгэвэр тогтоолт нь хуулийн дагуу тогтоогдсон, зөрчилгүй, тэтгэврийг буцаан олгуулах, өөр дээрээ нэмж эрүүгийн хэрэг үүсгүүлэхгүй байх зорилгоор З.Сг “чиний ах, дүү нарт тэтгэвэр тогтоосноос болж надад эрүүгийн хэрэг үүсэх гэж байна, мөнгө өг” хэмээн дарамтлан 15.000.000 төгрөгийг З.Сгээс авч, өөрөө 3.000.000 төгрөгийг нэмж, нийт 18.000.000 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод хяналт, шалгалтын газрын дарга Ганзоригт хахууль болгон дамжуулж өгөхөөр надад өгсөн нь үнэн болно.

Энэ үед Л.Эрдэнэбилэг нь өөрөө Дарханы Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 2012-2016 оны хооронд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 170.000.000 төгрөгийн хохирол учруулж, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд хэрэг нь шилжсэн байсан болно.

Дээрх 4 иргэний тэтгэвэр тогтоосныг шалгасан улсын байцаагчийн акт, тайлан зэргийг хавсаргаж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шилжүүлэхэд эрүүгийн хэрэг үүсгэж, З.С, Л.Эрдэнэбилэг, дээрх 4 иргэнийг сэжигтнээр тооцон, хавтаст хэрэг бүрдсэн байсан.

Дээрх эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, тэтгэвэр тогтоолгосныг шалгасан акт зэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэгт хавсаргахаар хүсэлт гаргасан. Мөн прокурорын шатанд дээрх баримтыг хэрэгт хавсаргуулахаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байхад хэрэгт хавсаргаагүй болно. Эдгээр нотлох баримт нь хэрэгт туйлын ач холбогдолтой.

З.С, Л.Эрдэнэбилэг нарын худлаа ярьж байгааг нотолж, 18.000.000 төгрөгийг ямар зорилготой өгснийг тогтоох чухал ач холбогдолтой нотлох баримт байсан. З.Сгийн хамаатан 3 хүн тэтгэвэрт гарах болж ажилласан жилийг шүүхээр тогтоолгох гээд, Л.Эрдэнэбилэг нь ял шийтгүүлсэн хэрэгтээ өмгөөлөгч авах зорилгоор надад 18.000.000 өгсөн гэж үгээ нийлүүлж гүтгэдэг. Иймд дээрх нотлох баримтыг хэрэгт хавсаргах нь туйлын ач холбогдолтой.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр миний бие нь Л.Эрдэнэбилэгийн өөрийнх нь хэлж бичүүлсэн, түүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болохыг нотолсоор байхад шүүх нотлох баримт гэж үнэлээгүй. Уг мөнгийг Л.Эрдэнэбилэгт өгөх үед хажууд хамт байсан Төрөө, Ганаа нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасныг прокурор тогтоолоор хангасан боловч мөн л ажиллагаа хийгээгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон атлаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй юм.

3. Миний буцаан өгсөн 18.000.000 төгрөгнөөс Л.Эрдэнэбилэг 5.000.000 төгрөгийг З.Сгийн данс руу буцааж хийснийг нь нотлох баримтаар хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг хангасан мөртлөө хавсаргаагүй. 18.000.000 төгрөг авчихаад аваагүй гээд гүтгээд байгаа. Л.Эрдэнэбилэгээс ямар мөнгийг яах гэж З.Сд өгөөд байгааг заавал тогтоох ёстой.

З.С анх Л.Эрдэнэбилэгт 15.000.000 төгрөг өгчихөөд 5.000.000 төгрөгийг буцааж авснаа өөрөө мэдүүлсэн байдаг. Тэгэхээр яллах дүгнэлтэд бичигдсэнээр миний бие 2017 оны 4 дүгээр сарын 11-нд З.Сгээс 10.000.000 төгрөг авсан. Мөн З.С нь Л.Эрдэнэбилэгт 15.000.000 төгрөг өгсөн болж байна. З.С нь надад 10.000.000 төгрөгийг олж өгөөгүй, З.С бид хоёрын хооронд ямар өглөг, авлага байхгүй. Би Бөд мөнгө өгөөгүй, би Л.Эрдэнэбилэгт 15.000.000 төгрөгөө өгсөн.

Л.Эрдэнэбилэг бид хоёрыг хоорондоо тооцоо байгаа гэж өмгөөлөгчид З.С утсаар ярьсан байсан. Энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд худал бичигдсэнээр З.Сгээс мөнгө аваагүй байж 10.00.000 төгрөг төлөх болсон нь үндэслэлгүй бөгөөд 5.000.000 төгрөгийг ямар зорилгоор З.Сд Л.Эрдэнэбилэг төлсөн, З.С надад 10.000.000 төгрөг өгөөгүй байхад хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй, худал мэдүүлгийг үнэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд З.Сд Л.Эрдэнэбилэгээс 5.000.000 төгрөг төлсөн нь Л.Эрдэнэбилэг надаас 18.000.000 төгрөг авсныг шууд нотолсоор байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан болно.

4. Прокурорын яллах дүгнэлтэд намайг 2017 оны 2 дугаар сарын 10-нд Ц.Гэрэлтуяагаас 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 11-нд З.Сгээс 10.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-нд Л.Эрдэнэбилэгээс 3.000.000 төгрөг авсан гэж худал бичжээ.

Гэтэл Ц.Гэрэлтуяа нь 2017 оны 3 дугаар сарын 14-нд 258.000 төгрөгийг “улсын тэмдэгтийн хураамж” гэж миний дансанд шилжүүлсэн хуулга нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

2017 оны 4 дүгээр сарын 11-нд миний бие З.Сгээс 10.000.000 төгрөгийг аваагүй, З.С надад бэлэн болон бэлэн бусаар ямар ч мөнгө өгөөгүй.

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би Л.Эрдэнэбилэгээс 5.000.000 төгрөгийг өгч, аваагүй байхад авсан гэж хохирогч З.С, Л.Эрдэнэбилэг нар нь эх сурвалжаа нотлоогүй худал мэдүүлгийг бичсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй.

Ц.Гэрэлтуяа 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 258.000 төгрөгийг шилжүүлсэн банкны хуулга нь хэрэгт авагдсан байхад прокурор түүнийг харалгүй, зөвхөн Ц.Гэрэлтуяагийн худал үгийг туйлын үнэн гэж хэргийг тал бүрээс нь шалгаж нягтлалгүй, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 290.000 төгрөгийг шилжүүлсэн гэж яллах дүгнэлтдээ худал бичсэн нь хэрэгт зөв хяналт тавихаас гадна, хүний захиалгаар хэрэгт хувийн сонирхолтой хандсан нь тодорхой харагддаг.

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчаар татаагүй, өөр хүний зургийг наачихсан байхад түүнийг харалгүй хэрэгт хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ умартан намайг шоронд явуулж байвал амьд явсны хэрэг нь бүтлээ гэсэн шиг хандаж байснаас харахад миний хэрэгт хуулийн дагуу хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй нь дээрх нөхцөл байдлаас нотлогддог.

5. Ц.Гэрэлтуяагаас 290.000 төгрөгийг залилаагүй. “Та тэмдэгтийн хураамж төлчих” гээд өөрөө над руу 258.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийгээ өөрөө ч хэлдэг. Гэтэл би ямар зохиомол байдал үүсгээд, бусдыг залилсныг тогтоогоогүй байхад прокурорын худлаа бичсэн яллах дүгнэлтийг үндэслэж дүгнэсэнд гомдолтой байна. Харин бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэсэн бол хуулийн үндэслэлтэй байх байсан.

6. Л.Эрдэнэбилэг нь дээрх 4 иргэний тэтгэврийг яаж тогтоосон, нөхөр нь хаана, ямар газар ажиллаад, хэрхэн тэтгэлгээ тогтоолгосон талаар дэлгэрэнгүй 2 хуудас тайлбар бичиж, гарын үсгээ зурж асуудлыг нь зохицуулж өгөх ёстой хурандаа Сэргэлэнд явуулсан байдаг.

Харин энэ тайлбар нь Л.Эрдэнэбилэгийн анх надтай уулзаж, ямар ажил зохицуулах гэж байсныг яг үнэн зөвөөр бичих нь чухал байсан бөгөөд энэхүү чухал нотлох баримтын талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн болно.

Энэ тайлбарт зурагдсан гарын үсэг нь Л.Эрдэнэбилэгийн гарын үсэг мөн эсэхийг шинжлүүлэхээр өмгөөлөгч Болормаа хүсэлт гаргахад мөрдөгч Мөнхцэнгэл нь тогтоолоороо хангасан мөртлөө гарын үсгийг шинжлүүлээгүй. Энэ нотлох баримтыг шинжлүүлэн нотлох баримтаар үнэлсэн бол намайг хэрэг хийгээгүйг нотлох баримт байсан. Шүүхийн тогтоолд энэ нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн болохыг анхаарч үзнэ үү.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь цагаатгах талын нотлох баримт болох шинжээчийн 2 дүгнэлт, Л.Эрдэнэбилэгийн өөрөө бичсэн 2 хуудас тайлбар зэргийг шинжлэн судлуулсан. Гэтэл шийтгэх тогтоолд дээрх 3 нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг шүүх зааж бичээгүй. Энэ талаар шүүхийн үгүйсгэсэн дүгнэлт байхгүй болно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн болно.

8. Мөнгө хүлээн авсан, тодорхойлолт гэсэн баримтад бичсэн агуулгыг Л.Эрдэнэбилэгийн өөрөө надад хэлж бичүүлээд гарын үсгээ зурсан юм. Түүнээс биш миний бие түүнийг шахаж дарамталж гарын үсэг зуруулаагүй. Хэрвээ хүчээр гарын үсэг зуруулсан бол Л.Эрдэнэбилэг тэр дор нь цагдаад гомдол гаргаж ярих байсан. Тийм учраас дээрх байдлаар гарын үсэг зуруулсан гэж гомдол гаргаж, мэдүүлэг өгөөгүйд шүүх дүгнэлт хийхийг хүсч байна.

Мөнгө хүлээн авсан гэсний дараа залгаад гарын үсгээ Л.Эрдэнэбилэг нь татаж, дараа нь гаргацтайгаар бүтэн зурж байгаа нь дээд боловсролтой, насаараа мөнгөтэй харьцаад сурчихсан, нягтлан, удирдах албан тушаал хашиж байсан, 2 жил прокурор цагдаагаар шалгуулаад сурчихсан хүн тохиолдлын юм уу анзаарахгүй зурна гэж байх уу. З.Сд дараа нь үзүүлэх юмтай байя, Л.Эрдэнэбилэгийн хэрэг өөрийнх нь ярьж байгаагаар буцаа ч уу, үгүй ч үү, юмыг яаж мэдэхэв гэж бодоод миний бие өөрийнх нь хэлснийг хэргээ буцаах зорилгоор мөнгө буцааж авлаа гэдгийг нь яг ингэж бичлээ шүү гэж Л.Эрдэнэбилэгийн зөвшөөрснөөр бичиж, гарын үсгийн зуруулж авсан. Л.Эрдэнэбилэг нь мөнгө надаас авчихаад аваагүй гэж гүтгэсэн болохоор дээрх баримтыг гарган өгч, өөрийгөө хамгаалах үнэн байдлыг хэлэхээс өөр арга байгаагүй. Ийм учраас Л.Эрдэнэбилэг нь юун дээр гарын үсэг зурснаа мэдэх эрх зүйн бүрэн чадамжтай хүн болно.

9. Шүүх завсарлага өгчихөөд захирамжаараа шууд хорьсон. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байх гэж бодож байна. Миний бие Ц.Гэрэлтуяагийн хохирлыг нь төлөх гэж завсарлага аваагүй. Нэгэнт шүүх гэм буруутайд тооцсон болохоор Л.Эрдэнэбилэгийн 18.000.000 төгрөгийг төлөөд торгуулийн ял авъя гэж бодсон. Учир нь мөнгийг нь буцаагаад өгчихөөд гүтгүүлж байгаа хэдий боловч ард үлдсэн 80 настай хөгшин эх, өнчин хоцорсон 5 сартай хүү хоёрыг минь хэн асрах вэ, хэн тэжээх вэ гэдгийг бодохоор миний бие хорих ял авах эрх байхгүй байсан. Иймд өмгөөлөгч надтай зөвшилцөөд хохирлыг төлчихөөд давж заалдах зорилгоор завсарлага авсан болно. Гэтэл шууд хорьсон тул Л.Эрдэнэбилэгийн 18.000.000 төгрөгийг төлөх боломжгүй болж, харин картанд байсан мөнгөнөөсөө Ц.Гэрэлтуяагийн хохирлыг барагдуулсан. Ер нь шүүх цагдан хорихоо урьтал болгох бус аль болох хохирол төлөхөд анхаарах нь шинэ Эрүүгийн хуулийн зорилтод нийцнэ. Мөнгө өгсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоод байхад хохирол төлөхөд гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч болох байсан тул урьд нь төлөөгүй болно.

10. Шүүх завсарлага өгчихөөд цагдан хорих захирамж гаргасан мөртлөө шүүхийн тогтоолын 8 дугаар заалтаар тогтоол унших үед цагдан хорьсон мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм.

11. Ц.Гэрэлтуяаг 32.000 төгрөгөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, мөн Ц.Гэрэлтуяад төлөх төлбөргүй гэж тогтоол уншсан мөртлөө тогтоох хэсэгтээ дурдалгүй орхигдуулсан нь ноцтой зөрчил мөн болно.

Иймд хэрэгт цугларсан цагаатгах талын нотлох баримтад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Бийн хүү болох 5 сартай Бийн Тэмүүлэлийн асрамжийн талаар шийдвэрлэлгүй орхисон нь хууль зөрчсөн, шударга ёсны зарчимд нийцээгүй, хүнлэг бус шийдвэр гаргасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг шүүх хэрэглээгүйд гомдолтой байна. Хавтаст хэргийн материалд шүүгдэгч Д.Б нь эх, хүү нарын хамт ам бүл гуравуулаа амьдардаг, ээж Дуламжав нь 80 настай, хүү Б.Тэмүүлэл нь 3 сартай, ганц бие өрх толгойлсон эцэг мөн болно гэсэн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар авагдсан байдаг.

Шүүх тодорхойлох хэсэгт “Энэ нь 5 сартай Бийн Тэмүүлэлийг түүний эцэг Д.Бийн асрамжид байдаг гэсэн хангалттай баримт болохгүй гэж шүүх үзэв. Учир нь, хүүхдийн асрамжлан хамгаалагчаар Д.Бийг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрхийн акт хавтас хэрэгт авагдаагүй, мөн хүүхдийн гэрчилгээнд бичигдсэн хүүхдийн эх Цагаан мээрэн овогт Ганхуягын Ганзамын нас барсан талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй тул хүүхдийн асрамжийн талаар шүүх шийдээгүй болно” гэж дурдсан. Энэ нь анхан шатны шүүх Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг”, 10.1.3 дахь хэсэгт “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчин, асран хамгаалагчийн асуудлыг шийдэлгүй хөдөлмөр хийх, хүүхэд асран хамгаалах чадваргүй 80 настай хөгшин хүнд 5 сартай хүүхдийг үлдээснээр илэрч байна.

Д.Бөд холбогдох эрүүгийн 2017 2503 0949 дугаартай хэрэг дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан боловч 5 сартай Б.Тэмүүлэлийг асран хамгаалалтын асуудлыг орхигдуулсан нь байж боломгүй том алдаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд талууд өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулах үүрэг хүлээдэг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтад “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тодорхой зааснаас гадна мөн зүйлийн 9 дэх заалтад “Хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан байна.

Хавтас хэргийн 124, 125 дугаар талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт “Нотлох баримтын” хүрээнд юуг зөрчсөн болоод шүүх хангалттай нотлох баримтад тооцохгүй байгаад гомдолтой байна. Эхнэрээ эсхүл хамтран амьдрагчаа нас барангуут хэн өөрийнхөө хүүхдийнхээ асран хамгаалагчаар тогтоолгохоор эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ханддаг юм бэ, Би хэрэгт орж магадгүй гэж бодоод ийм баримт цуглуулж явна гэж байхгүй шүү дээ. Амьдрал дээр эцэг, эх 2 нь гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд л асран хамгаалагч тогтоолгох гэж маргалддаг. Ээж нь нас барсан баримт байхгүй гэдгийг үндэслээд асран хамгаалагч томилохгүй байж болдог юм уу, мөрдөгч, прокурор нар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоодоггүй, хэрэгт өөр хүний фото зураг наасан байсан зэрэг байдлаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэхэд хүрч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх заалтад “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн заалтыг анхан шатны шүүх зөрчиж байна. Эрүүгийн хууль Үндсэн хуулиасаа дээгүүр байж болохгүй. Төрийн байгууллагын анхан шатны нэгж буюу хорооны засаг даргын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу гаргасан тодорхойлолт яагаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримт болдоггүй юм.

Хүүхдийн асран хамгаалалтын асуудлыг орхигдуулсан байдал нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 373 тоот шийтгэх тогтоол хүчингүй болох нэг үндэслэл болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Хавтас хэргийн 14, 15 дугаар тал дээр авагдсан “мөнгө хүлээн авсан тодорхойлолт” гэсэн гарчигтай баримт дээр зурагдсан хохирогч Л.Эрдэнэбилэгийн гарын үсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Л.Эрдэнэбилэгийн гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт уг баримтыг шинжлэн судлахад дээрх баримтын гарчиг, бичвэрийн агуулга хэсгүүдийг шүүгдэгч Д.Б өөрийн гараар бичсэн болох нь тогтоогдож байна. Мөн бичвэрийн агуулгыг шүүх үнэлж дүгнэсний үндсэн дээр уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болно” гэж дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” 16.5 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан.

Шинжээчийн дүгнэлтийг шүүх нэгдүгээрт гарчиг, бичвэрийг шүүгдэгч бичсэн, хоёр дугаарт агуулгыг шүүх дүгнэсний үндсэн дээр үнэлж дүгнээгүй гэжээ.

Амьдрал дээр хэн нэг нь бичээд талууд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Би хуульч, өмгөөлөгч хүний хувьд мөр мөрөөр нь ээлжлэн бичээд хоёр тал гарын үсэг зурсан эрх зүйн акт, бичиг баримт ер үзээгүй. Мөн бичвэрийн асуудлыг шүүх юу гэж дүгнэснээ, тодорхойлох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу тодорхой бичээгүй. Шүүх агуулгыг нь юу гэж дүгнээд байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс уншиж үзэхэд “18.000.000 төгрөгийг буцааж авсан, одоо тооцоо байхгүй, гуравдагч этгээдэд өгөх шаардлага гарсан” гэж ойлгогдохоор байна. Аль эсвэл бэлэн мөнгө өгсөн, авсан баримт дээр албан тушаалтны нэр бичсэн нь агуулгын хувьд алдаатай, хуульд заасан шаардлага хангахгүй гэж дүгнээд байгаа юм уу, эсхүл нөхөж бичсэн, гарын үсэгтэй цаас ашигласан гэж дүгнээд байгаа юм уу, гэдэг нь ойлгомжгүй байна.

Хохирогч гэх Л.Эрдэнэбилэг шинжээчийн дүгнэлттэй танилцсан болон хууль сануулж авахад өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Д.Бөд ямар нэгэн гарын үсэгтэй хоосон цаас өгч байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг байдаггүй. Харин одоо ямар нэгэн байдлаар хэрэг мөрдөн байцаалтад буцвал ингэж мэдүүлэг өгч магадгүй тул онцлон бичиж байна. Иргэний болон эрүүгийн хэрэг шийдвэрлэлтийн практикт мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт дээр талууд гарын үсэг зурсан, гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хөдөлбөргүй нотлох баримтаар тооцогдсоор олон жил болсон. Одоо, нэг тал нь би мэдэхгүй, зураагүй гэдэг үндэслэлээр шийдвэрлээд эхэлбэл ёстой гайхмаар, учир нь үл олдох практик тогтох байх. Улсын Дээд шүүх хуульд тайлбар гаргахаа больсноос хойш шүүхийн шийдвэрүүдээр хууль хэрэглээний практик тогтоно гэж хуульч, өмгөөлөгч хүний хувьд ойлгож байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөнгө өгсөн, авсан баримтыг заавал авсан эсхүл өгсөн тал нь бичиж үйлдэнэ. Мөн бичгийн машин болон компьютер дээр шивж гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн заалт байдаггүй. Шинжээчийн удаа дараа гаргасан дүгнэлтийг шүүх хүлээж авдаггүй болчихвол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг байгууллагыг татан буулгаад шүүгч бүр өөрсдийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдсэн нь улсын төсөвт ашигтай болно. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4030 тоот, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд хавтас хэрэгт өгсөн Л.Эрдэнэбилэгийн гар бичлэгийн загвараас гадна харьцуулах загварт 4 ширхэг өөр баримт шинжлэн судалсан байдагт эрхэм давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулна уу.

Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу завсарлага хүссэн байдаг. Хурлыг завсарлуулж шүүгдэгчид боломж олгохын оронд завсарлангуут цагдан хорьж байгаад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн ял шийтгэл оногдуулсан байдаг. Энэ нь шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлөх боломжийг хааж боогдуулсан асуудал юм. Цагдан хоригдож байгаа хүн утсаар ярих, бусадтай уулзах, банкинд хандан төлбөр тооцоо хийх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой юм.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ хэрэг ямар нэгэн байдлаар шүүхэд буцсан тохиолдолд түүнд урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүйгээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна ...” гэв.

 

Хохирогч З.Сгийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд Д.Бийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж хуурч:

- 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Эрдэнэбилэгээс 5.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг,

- 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Сгээс 10.000.000 төгрөгийг,

- 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим Ц.Гэрэлтуяагаас 290.000 төгрөг, нийт 18.290.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Эрдэнэбилэгийн “... 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр санагдаж байна. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Алтай” центрийн хажууд 5.000.000 төгрөг, дараа нь 2017 оны 4 дүгээр сарын 10, 11-ний аль нэг өдөр “Тэди” төвийн хажуугийн “Хас” банкны хажууд уулзаад 10.000.000 төгрөг, сүүлийн 3.000.000 төгрөгийг “Тэди”-ийн эсрэг талын “Бургер кинг” хоолно газарт бэлнээр өгсөн ...” /1-р хх-22-27, 28, 29-33, 34-35, 2-р хх-67/,

хохирогч З.Сгийн “... Л.Эрдэнэбилэг нь “шүүхэд өмгөөлөгчтэй оролцвол сайн байдаг, би өөрөө нэг өмгөөлөгч авчихсан байгаа, нөгөө өмгөөлөгчөөсөө энэ асуудлын талаар асуугаад хариу өгье” гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ “Д.Б гэдэг өмгөөлөгчид 15.000.000 төгрөг өгчих юм бол бичиг баримтуудыг гаргаж өгнө” гэж хэлсэн. Би 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөгийг бэлнээр Л.Эрдэнэбилэгт Дарханд байхдаа өгсөн. Дарханд Л.Эрдэнэбилэг, Д.Бтэй уулзсан. Би 15.000.000 төгрөг өгсөн ба 5.000.000 төгрөгөө буцаагаад авчихсан ...” /1-р хх-36-39, 40-41/,

хохирогч Ц.Гэрэлтуяагийн “... Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч хийдэг, ажлын байр нь “Нарны гүүр” даваад байдаг гэж хэлсэн. Би итгээд өмгөөлүүлэхээр өөрийн бичиг баримтууд болон 290.000 төгрөгийг өгсөн ...” /1-р хх-231-233, 234-236, 2-р хх-68-69/,

гэрч С.Мөнхбаярын “... З.С гэгч эхнэр Л.Эрдэнэбилэгээр дамжуулж 10.000.000 төгрөгийг Д.Бөд “өмгөөлөгчөөр авна” гэж өгсөн байсан ...” /1-р хх-42-44/ гэх мэдүүлгүүд,

 

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-12, 2-р хх-62, 66/, мөнгө хүлээн авсан баримт /1-р хх-14-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-63-64/, хохирол төлсөн баримт /2-р хх-160/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Бөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.

 

Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэхээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.

 

Хэргийн үйл баримтыг судлан үзэхэд, Д.Б нь “өөрийгөө өмгөөлөгч, хууль туслалцаа үзүүлнэ” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийг залилж хохирогч Л.Эрдэнэбилэгээс 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Алтай” центрийн хажууд 5.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 10-ны өдөр “Тэди” төвийн “Хас” банкны хажууд З.Сгээс авсан 10.000.000 төгрөг, “Тэди” төвийн эсрэг талын “Бургер Кинг” хоолны газар 3.000.000 төгрөгийг тус тус авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Бөд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Харин анхан шатны шүүх хохирогч Л.Эрдэнэбилэг, шүүгдэгч Д.Б нарын хооронд үйлдсэн “тодорхойлолт гаргах нь” гэсэн нотлох баримтыг дүгнэхдээ “...Шүүхийн хэлэлцүүлэгт уг баримтыг шинжлэн судлахад дээрх баримтын гарчиг, бичвэрийн агуулга хэсгүүдийг шүүгдэгч Д.Б өөрийн гараар бичсэн болох нь тогтоогдож байна. Мөн бичвэрийн агуулгыг шүүх үнэлж дүгнэсний үндсэн дээр уг баримтыг, нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болно...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

 

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн “мөнгө хүлээн авсан баримт”, “тодорхойлолт гаргах нь” гэсэн гарчигтай гар бичвэр бүхий баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Л.Эрдэнэбилэгийн гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна. Шинжилж буй гар бичвэрүүд нь Л.Эрдэнэбилэгийн гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна” гэсэн шинжээчийн 3728 дугаартай дүгнэлт /1-р хх-56-70/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн “мөнгө хүлээн авсан баримт”, “тодорхойлолт гаргах нь”  гэсэн гарчигтай баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “баталгааны хуудас”, 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Хаан” банкны “орлогын мэдүүлэг”, 2009 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “хэлтсийн менежер Д.Гансүхийн ажлыг төлөвлөгч эдийн засагч, хяналтын албаны дарга Л.Эрдэнэбилэгт хүлээлгэсэн акт”, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Болор зоос” ББСБ-ын 00-2017065 тоот “зээлийн гэрээ” зэрэг баримтуудад зурагдсан Л.Эрдэнэбилэгийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, Л.Эрдэнэбилэгийн гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч байна. Гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж, тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжээч Х.Баярмаагийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээчийн зүгээс дүгнэлт өгөх боломжгүй.” гэсэн 4030 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх-74-92/ зэргээс үзэхэд дээрх баримтуудад зурагдсан гарын үсэг нь хохирогч Л.Эрдэнэбилэгийн гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч, уг бичвэрт тэрээр гарын үзсэг зурсан нь нотлогдсон байна.

 

Энэ нь Д.Б, Л.Эрдэнэбилэг нарын хооронд мөнгө өгсөн, авсныг тодорхойлсоноос бус бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийг залилсан үйлдлийг үгүйсгэх нотлох баримт болж чадахгүйг тэмдэглэвэл зохино.

           

Нэгдүгээр хавтаст хэргийн 14 дүгээр талд, Д.Б нь Л.Эрдэнэбилэгт 18.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт авагдсан бөгөөд энэхүү баримтад зурагдсан хохирогч Л.Эрдэнэбилэгийн гарын үсэг мөн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3728 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.

Хохирогч Л.Эрдэнэбилэг хэдийгээр “миний гарын үсэг биш, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдүүлсэн хэдий ч дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн /1-р хх-14, 15/ Д.Б нь хохирогч Л.Эрдэнэбилэгээс авсан 8.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хохирогч З.Сд учруулсан 10.000.000 төгрөгийн хохирлыг Л.Эрдэнэбилэгээр дамжуулан өгсөн нөхцөл байдал нь З.Сгийн хохирлыг буцаан өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Д.Бөөс 10.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Сд олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байхад шүүх тухайн зүйл, хэсгийг баримтлалгүйгээр Д.Бийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдолдоо “5 сартай Б.Тэмүүлэлийн асран хамгаалагчийн асуудлыг орхигдуулсан” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж байгаа боловч хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхэд хянагдах хугацаанд баримтыг цуглуулах ажиллагааг ирүүлээгүй атлаа дээрх үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь учир дутагдалтай байх тул гомдолд дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь, Д.Бийг өрх толгойлсон ганц бие эцэг гэж үзэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, 5 сартай хүү Б.Тэмүүлэнгийн төрсөн эх ямар үндэслэлээр хүүхдээ асран хамгаалах боломжгүй болсон, яагаад хүүхэд эхээсээ тусдаа амьдарч асран хамгаалах хүнгүй болсныг нотолсон баримтыг ирүүлээгүй байх тул Д.Бийг өрх толгойлсон ганц бие эцэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтад “...өрх толгойлсон эх /эцэг/” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг …” ойлгохоор заасан бөгөөд Д.Бийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар бичсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Цорс овогт Доржийн Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Цорс овгийн Доржийн Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Бөөс нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Эрдэнэбилэгт /РД:МН66080664/-т 8.000.000 /найман сая/ төгрөг, З.С /РД:ТИ55070144/-д 10.000.000 /арван сая/ төгрөг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Бөөс 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж З.С /РД:ТИ55070144/-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬС

                                                                                               

                                                                                                            М.АЛДАР