Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/1076/З |
Дугаар | 792 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 792
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД , НГЗБАнд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “М ” ХХК,
Хариуцагч: НЗД , НГЗБА,
Гуравдагч этгээд: “Б ” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: ““М ” ХХК-ийн эзэмшил газраас “нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа” гэх үндэслэлээр хууль бусаар хассан НЗД-ын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар дээрх “Б ” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх, “М ” ХХК-ийн “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газрыг эзэмших” тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2019 оны 06 сарын 28-ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах”
Шүүх хуралдаанд: “М ” ХХК-ийн захирал Д.Г , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , өмгөөлөгч Т.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж , өмгөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б эс нэхэмжлэлийн тодруулж, багасгасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж байгаа “М ” ХХК-ийн нэхэмжпэлтэй, НЗД , Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжпэгч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн а/47 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “...1. “М ” ХХК-ийн нийтийн эдэлбэр бус газраас хассан Нийслэлийн Засга даргын 2006 оны 87 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Хууль бусаар “Б ” ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газар /НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар “Б ” ХХК-д олгосон газар/-ыг хүчингүй болгосны үндсэн дээр “М ” ХХК-д газар эзэмших эрх олгохыг даалгуулах,
3. Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 5/36 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр тодруулсан шаардлагуудаа хуулийн хүрээнд дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагуудаа тодруулж, багасгаж байна. Үүнд:
1. “М ” ХХК-ийн эзэмшил газраас “нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа” гэх үндэслэлээр хууль бусаар хассан НЗД-ын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар дээрх “Б ” ХХК- ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх,
3. “М ” ХХК-ийн “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газрыг эзэмших” тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2019 оны 06 сарын 28- ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа НЗД болон НГЗБАнд холбогдуулан гаргаж байгаа болно.
... НЗД-ын 2018 оны А/984 тоот захирамжаар Б ХХК-д маргаан бүхий газар эзэмшүүлсэн. Энэ захирамжаар бусдын орц гарц нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлсэн. Газар эзэмших хүсэлт гаргахдаа шаардлага хангаагүй, дуудлага худалдаа явуулаагүй байдлуудыг харгалзан үзээгүй. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг холбогдох хяналтын байгууллага батална гэж заасан. Уг заалтын дагуу батлагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/79 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хүнсний үйлдвэрт эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тээврийн хэрэгслийн явах зам, орох гарах хаалгууд нь түүхий эд ба бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх болон ажиллагсдын явах замтай давхцахгүй, технологийн урсгалын дагуу байна гэж заасны дагуу Мах экспорт ХХК-ийн эцсийн бүтээгдэхүүний зөөвөрлөдөг хэсэг нь манай компаний хойд талд байрлах маргаан бүхий газар бөгөөд тус газраар дамжуулан бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөг байсантай хэргийн оролцогчид маргадаггүй.
.... Мөн манай компани төмөр замаар бараа бүтээгдэхүүнээ зөөвөрлөж махаа экспортод гаргадаг байсан нь хэрэгт авагдсан манай компаний гаалийн бүрдүүлэлтийн лавлагаа Улаанбаатар төмөр замын статистик, бүртгэл мэдээллийн технологийн албаны 2010-2012 он хүртэлх Мах экспорт ХХК-ийн ачааны хэмжээнээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл манай компани өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд маргаан бүхий газар болон түүн дээр байрлах төмөр замыг зайлшгүй ашиглах шаардлагатай. Мах экспортоор гаргахын тулд төмөр зам зайлшгүй ашиглах ёстой.
НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/954 дугаар захирамжаар Б ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь манай компаний орц гарцын хэсгийг хааж манай компаний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 87 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх, 2.1.3 дахь хэсэгт хээрийн судалгаа хийх гэсэн заалтыг хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй байна. Тус журмын 5 дахь хэсэгт суурин судалгаа хийх зохицуулалтыг тусгасан ба 5.2 дахь хэсэгт шинээр газар эзэмшүүлж ашиглуулж байгаа тохиолдолд, 5.2.2 дахь хэсэгт тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах, 5.2.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах гэж заасан байна. Мөн журмын 6 дахь хэсэгт хээрийн судалгаа хийх зохицуулалтыг тусгасан ба 6.2 дахь хэсэгт хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ гээд, 6.2.2 дахь хэсэгт бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах, 6.2.4 дэх хэсэгт шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж тухайн нэгж талбар дээр хөрш залгаа хөршүүдийг байршуулах бөгөөд тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна, 6.3 дахь хэсэгт энэ журмын 6.2.4-д заасан “шаардлагатай” гэсэнд дараах тохиолдол хамаарна гээд 6.3.1 дэх хэсэгт хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэж заасан байна. Дээрх журамд заасан ажиллагааг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан огт хийж гүйцэтгээгүй бөгөөд манай орц гарц байгаа хэсэгтэй давхцуулж газар эзэмших эрхийг олгосон нь газрын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасныг зөрчсөн буюу орц гарцыг хаасан. Бодит байдал дээр манайх өөрийн урд хэсгээр түүхий эдээ оруулдаг. Баруун талаар манай ажилчид ордог. Хойд хэсгээр эцсийн бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг. Зүүн талд “Б ” ХХК байдаг. Тиймээс маргаан бүхий газар буюу хойд хэсгийг манайх орц гарцаар ашиглахгүй бол хүнсний аюулгүй байдлын дүрмийг зөрчинө. Тээврийн хэрэгслийн зам орох гарах гарц, ажилтнуудын явах зам давхцах нөхцөл байдал тогтоогдоно гэж үзэж байгаа. Энэ байдлыг хариуцагч байгууллага шалгаж тогтоох ёстой байтал орц гарцыг тогтоогоогүй нь хууль, журамд нийцээгүй байна.
Хоёрдугаарт нийтийн эзэмшлийн газар гэж үзэж байгаа. НЗД-ын 2018 оны А/955 тоот захирамжаар “Б ” ХХК-д нийтийн эзэмшлийн зориулалттай газрыг эзэмшүүлсэн нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.3 дахь хэсэгт зам, шугам сүлжээний газар, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна гэж заасан. Маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газар мөн болох нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн түүхчилсэн лавлагаа, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 5/36 тоот албан бичиг, НЗД-ын 2006 оны захирамжаас тодорхой харагдана. Дээр дурдсан зохицуулалтыг зөрчиж хууль бусаар Б ХХК-д газар эзэмших эрх олгосон нь нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглах манай эрхийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарладаг. Мөн маргаан бүхий А/954 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байна. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 тоот тогтоолын 1.3 дахь хэсэгт инженер шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зам шугам сүлжээний газар хамаарахгүй гэж зааснаас үзэхэд нийтийн эзэмшлийн зам талбайд газар эзэмших эрх олгох хуулийн заалт байхгүй байна.
Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн зорилт нь иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдгаараа онцлогтой бөгөөд энэ хуульд заасан бусад үндэслэлээр иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрх олгох үндэслэл байхгүй байна. Б ХХК нь газар эзэмших хүсэлт гаргахдаа холбогдох хууль журмыг ноцтой зөрчсөн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2,3 дугаар зүйлд заасны дагуу Б ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд газар эзэмших өргөдөл, хүсэлт гаргах ёстой ба шаардлага хангаагүй тохиолдолд өргөдөл хүсэлтийг буцаагаагүй.
Б ХХК-ийн 2018 оны газар эзэмших талбайн хэмжээ өөрчлөх тухай 1/32 тоот албан бичгээс үзэхэд ерөнхий захирал Б.Зул гэх хүн тухайн хуулийн этгээдийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компаний гүйцэтгэх захирал байна. 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Үүнээс үзэхэд тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд газар эзэмших өргөдөл гаргасан байна.
Гуравдагч этгээд нь газрын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжид заасан газар эзэмших тухай хүсэлт гаргах хуулийн шаардлага хангах шаардлагагүй гэж тайлбарладаг. ... газрын хэмжээ нэмэгдүүлэх асуудлыг тусад нь зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй байна. 2008 оны А/954 дугаар захирамж нь сул талбайд газар эзэмших эрхийг шинээр олгож байгаа. Тухайн газар дээр газар эзэмших харилцаа шинээр үүсэж байгаа тул холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцэх ёстой. Гуравдагч этгээд хууль тайлбарлаж, хуулийн заалтыг явцуу утгаар бусдад ойлгуулж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэн сахин биелүүлэх үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна.
... Шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь тухайн газарт дуудлага худалдаа явагдаагүй, төсөл сонгон шалгаруулаагүй гэж тайлбарласан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах замаар тухайн газрыг эзэмших эрхийг олгох ёстой байсан.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт иргэнд эзэмшүүлэх газрын хэмжээг заасан байхад НЗД-ын 2018 оны А/954 дүгээр захирамжаар агуулах үйлдвэрлэлийн зориулалтаар Б ХХК-д 15753 м.кв талбайг нэмэгдүүлэн өгч байгаа нь тус хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар төсөл сонгон шалгаруулна дуудлага худалдаа явуулна гэж заасан. Хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх үндэслэл Б ХХК-д байхгүй. Учир нь тухайн газрыг агуулах үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байгаа тул дуудлага худалдаа явуулсны үндсэн дээр хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна.
... 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй. Уг хүсэлтүүдийн агуулга нь манай компани газрын хэмжээгээ нэмэгдүүлэх тухай хүсэлт байсан. Уг хүсэлтийг бүртгэсэн бүртгэл хяналтын карт хэрэгт авагдсан. Гэтэл манай хүсэлтийг шийдвэрлээгүй байж 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК-ийн хууль бус захирал нь газрын хэмжээгээ нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргахад уг хүсэлтийг шийдвэрлэж газрын хэмжээг нэмэгдүүлсэн. Мөн бидний өгсөн хүсэлтийг хууль журамд нийцүүлэн газрын хэмжээг ихэсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл уг хоёр компани нэг газарт давхцуулан хүсэлт гаргаж байгаа тохиолдолд тухайн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчим хэрэгжих ёстой байсан. Тиймээс манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хуульд журамд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах шаардлага гаргасан.
Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасаны хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани анх Юү дэ нэртэй байсан бөгөөд 2000 онд Чулуун хуяг ХХК-тай худалдааны гэрээ байгуулан Засаг даргын байсан 2002 оны 400 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болж гэрчилгээ авсан. Гэтэл 2006 оны захирамжаар Зам шугам сүлжээний газар нийтийн эзэмшил байна гэсэн хуулийн заалтыг Газрын албаны Долгормаа гэх хүн надад тайлбарлан уг газраас хасалт хийж төр өөрийн мэдэлд авч байна. Цаашид нийтийн эзэмшлийн газар байна гэсэн тул би бусдад эзэмшүүлэхгүй гэвэл уг газрыг өгье гээд газрын хэмжээгээ хасуулсан. Улмаар 2013 онд энэ манай газар гэх мэтээр газар авах гэсэн санаархал гарч байсан тул өмнө ярьснаасаа буцаж өөр байгууллагад олгож болж байгаа юм бол манай компани олгоно уу гэсэн хүсэлтийг Газрын албанд удаа дараа гаргаж байсан. Гэтэл Газрын алба нийтийн эзэмшлийн газар тул олгохгүй гэсэн бичиг өгч байсан. 2017, 2018 онд Б ХХК-ийн ааш авираас болж манай үйлдвэрийн ажил тасалдах эрсдэлтэй байх тул газрын хэмжээгээ нэмэгдүүлье гэсэн хүсэлт удаа дараа гаргасан боловч манай хүсэлтийг шийдвэрлээгүй. Ингээд 2018 оны 4-5 дугаар сард манай компаний хашааг нурааж орж ирсэн.
...Манай газар руу дайрч орж ирснээс болж энэ маргаан гарсан. Бид энэ газрыг эзэмшье, барилга баръя, өөрийн болгоё гэсэн хүсэл зориг байхгүй. Зөвхөн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад болж байгаа тул хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд орсон. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр уг нийтийн эзэмшлийн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлж байгаа акт гарч байгааг мэдсэн. Манай компани нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолдог. Бид ямар нэг зүйл түрээсэлдэггүй, түрэмгийлдэггүй. Үйл ажиллагаагаа жигд явуулж олон улсын ХААСК системийг мөрдөж ажиллаж байгаа. Үүнд орц гарц, урсгал зэрэг бүх зүйлийг нарийн зааж өгсөн байдаг. Манай улсын мэргэжлийн хяналтын газрын дүрэм гарсан байдаг. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт мөн заасан байдаг. Үүний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар манайхыг үйл ажиллагаа явуулахгүй байна гэж удаа дараа тайлбарладаг. Тэгэхээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нотлох баримт болох худалдааны гэрээ, одоо үйл ажиллагаа явуулж байгаа талаар зураг зэрэг бүх баримтыг гаргаж өгсөн. Хэдэн вагон мах ачигдаж байсан, экспорт ямар гэрээгээр яаж явагдаж байсан талаар баримт Гааль болон Төмөр замын байгууллагад хадгалагдаж байсан.
... Актын биелэлтийг түдгэлзүүлсэн боловч хариуцагч, гуравдагч этгээд нар одоог болтол шүүгчийн захирамжийг огт биелүүлэхгүй манай арын талбайд бүх зүйлээ овоолж байгаа. Бид газар эзэмших эрхтэй болсон цагаасаа эхлэн маргаан бүхий орц гарцыг ашиглаж эцсийн бүтээгдэхүүнээ зөөвөрлөж ирсэн. Гуравдагч этгээд дайрч орж ирэн орц гарцыг төмрөөр торлож хаагаад Хүнсний хуулийн дагуу явагдах үйл ажиллагааг тасалдуулж хохирол учруулсан. Манай компани өөрийн эрх ашгаа хамгаалахаар шүүхэд хандсан болохоос бусдын бизнесийг гацаах зорилгоор хандаагүй. Актын биелэлтийг түдгэлзүүлсэн ч гаалийн баталгаат агуулах зөвшөөрөл олгосон асуудал байгаа. Өмнө нь 17 чингэлэг гэх мэт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан талбайд дахин гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл өгч болохгүй. Энэ хүмүүст хууль үйлчилж хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч, гуравдагч этгээд нар маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусын захиргааны актын шинж байхгүй байна гэж тайлбарлаж байна. Манай нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад танилцаад бичгээр тайлбар авах ёстой байсан юм биш үү. Бичгээр тайлбар гаргах шаардлагагүй гэдгийг шүүхээс тодруулж хуралдааны тэмдэглэлд тусгахыг хүсэж байна. Үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар эзэмшүүлсэн асуудалтай холбоотой үр дагаврыг бүрэн хариуцах ёстой. Олон улсын гэрээний асуудал ярьж байна. Яг ямар гэрээ вэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрээ байхгүй гэж үзэж байна. Хоёр хүний хооронд байгуулагдсан гэрээг олон улсын гэрээ гэж тайлбарлаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлага нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байгаа гэж үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглалтын газраас хассан үйлдэл үйл ажиллагаа нь илт хууль бус болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Анх ашиглалт байхад нь эзэмшил болгохдоо олон улсын гэрээг үндэслэж газрын хэмжээг хассан гэж тайлбарлаж байна. Гэтэл олон улсын гэрээ байхгүй, ашиглалт байж байгаад эзэмшил болоход газрын хэмжээг өөрчлөх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн захирамж хуульд нийцсэн эсэхийг тодорхой дурдсан. Олгосон процессыг харвал дуудлага худалдааны зарчим хангагдаагүй. Мөн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хууль зүйн хувьд уг газар нь Газрын тухай хуульд зааснаар нийтийн эзэмшлийн газар байна. Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар төрийн өмч байна гэж зохицуулсан байхад яагаад Б ХХК-д эзэмшүүлсэн. Уг газар нь хэн нэгний эзэмшилд байх газар биш. Мах экспорт ХХК-ийн гаргасан өргөдлүүдийг бүгдийг шийдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Хэрэг авагдсан баримтаар нотлогдох ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар уг асуудлыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т өөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мах экспорт ХХК нь НЗД-ын 2002 оны 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг 12 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 21400 м.кв газрыг ашиглах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон. Нэхэмжлэгч компани уг газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарлаад байна. Энэ нь зөвхөн ашиглах эрхтэй олгосон. НЗД-ын 2006 оны 87 дугаар захирамжаар тус компаний хүсэлтийг шийдвэрлэхдээ төмөр замын хамгаалалтын хэсгийг хасч эзэмшил газрын талбайн хэмжээг 17970 м.кв болгон өөрчилж эзэмшүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж гэрчилгээгээ гардан авсан байна. Ашиглах эрх нь барьцаанд тавих, бусдад шилжүүлэх эрхгүй. Эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх эрх үүсдэг. Газар ашиглах эрхийг өмчлөх болгон өөрчлөхөд анзаарагдсан зүйл бол газар дээр объектууд байсан. Тухайн объектуудын өмчлөх эрх бүхий этгээд нь Мах экспорт ХХК гэдэг нь нотлогдохгүй байсан. Тиймээс нөхцөл байдлыг харгалзаж үзээд багасгасан. Үүнийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрсөн. Улмаар нэхэмжлэгч компаний гаргасан хүсэлтийн дагуу хууль ёсны ашиг сонирхолд нь нийцүүлэн НЗД-ын 2011 оны 950 дугаар, 2018 оны 952 дугаар захирамжаар 17970 м.кв газрын эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэж байсан. Б ХХК-д анх НЗД-ын 1997 оны А/03 дугаар захирамжаар 7,4 га газрыг ашиглуулах эрх олгож, 2012 оны А/244 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээг 28359 м.кв хэмжээтэй болгон өөрчилж 2017 оны А/923 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б ХХК-ийн газар эзэмших талбайн хэмжээг өөрчлөх тухай өөрсдийнх нь гаргасан 1832 дугаар албан бичиг, нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийнх нь дагуу газарт байрлах эд хөрөнгийг өмчлөгч этгээд мөн болохыг өөрсдөө нотлох баримтуудыг ирүүлсэн.
Нэхэмжлэгч тал болохоор шинээр газар олгож байгаа мэтээр тайлбарлаж байна. 2002 оны хуулиас өмнөх Зөвлөлт Холбоот улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой хууль ёсоор тухайн объектыг худалдаж авсан гэдгийг гэрчлэх, хууль ёсны өмчлөгч мөн болохыг гэрчлэх бичиг баримтууд байгаа. Гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж шийдэх нь уг компаний хууль ёсны ашиг сонирхолд нийцэж байсан тул баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт хүсэлтийг хүлээн авсан баримт авагдсан. Манай хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байна гэсэн ойлголтоор тайлбарлаад байна. Бичиг баримтын бүрдэл дутуу гэх хариуг албан бичгээр өгч байсан нөхцөл байдал байна.
... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан үл хөдлөх эд хөрөнгийн тухайд маргаан үүсээгүй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой газрын асуудлыг шийдвэрлэх нь хууль ёс, шударга ёсонд нийцэж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяандагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Б ХХК-ийн хувьд 1997 оноос хойш Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах хуучин Зөвлөлт Холбоот Улс, Монгол Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу уг объектыг хууль журамд нийцүүлэн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Уг объектын газрыг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох байгууллагад нь хуульд заасан үндэслэлийн дагуу хүсэлтүүд гаргасан. Төрийн байгууллага хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Мах экспорт ХХК-ийн хувьд хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Орц гарц хаасан гэж тайлбарладаг. 2018 онд захирамж гарснаас хойш орц гарцын асуудал яригдах зүйл биш. 1997 оноос хойш явж байгаа асуудал. Өмнө нь Б ХХК, Мах экспорт ХХК нар түрээсийн гэрээ байгуулж төмөр замыг дундаа ашиглаж байсан. Төмөр замын асуудлыг үндэслэж газрын асуудал хуульд нийцээгүй, төмөр замын тушаалын дагуу Газрын тухай хуулийг үндэслэн энэ асуудлыг ярьж эхэлсэн. Нэхэмжлэгч компани болохоор манайд мэдэгдэлгүйгээр уг газрыг Б ХХК-д өгсөн гэж тайлбарлаж байна. Б ХХК болон НЗД-ын Тамгын газар, бусад төрийн өмчийн байгууллагад үйл ажиллагаагаа явуулахын тулд Мах экспорт ХХК-иас зөвшөөрөл авах ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Б ХХК-ийн захирал хэн гэх хүн байх нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн хүртэл тодорхойлж чадахгүй, нотолж чадахгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/984 дугаар захирамж гарснаар Мах экспорт ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдөж байгаа талаар нотолж чадахгүй байна. Зөвхөн орц гарцын асуудал ярьдаг. Мах экспорт ХХК-ийн эзэмшиж байсан газрыг Б ХХК ямар нэг байдлаар өөрчлөлт оруулж авсан зүйл байхгүй. Мах экспорт ХХК-ийн авах гэж байсан газрыг Б ХХК урьдчилж авч хууль журмын дагуу захирамж гаргуулснаараа буруутай мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр захирамжуудыг Газрын алба болон НЗД-ын Тамгын газар, холбогдох байгууллагууд нь хууль дүрэмд нийцүүлж гаргасны үндсэн дээр авсан. Тухайн газрыг шинээр дуудлага худалдаанд оруулаад худалдан борлуулсан процессын асуудал огт яригдаагүй. Хэрэв тийм бол Мах экспорт ХХК-ийн газрыг ч гэсэн дуудлага худалдаагаар оруулж өмчлүүлэх ёстой юм байна. Ийм ажиллагаа явагдаагүй өмнө нь актаар хүлээж авсан байсан газрыг хууль журамд нийцүүлсний үндсэн дээр баталгаажуулж өгсөн. Б ХХК үйл ажиллагаа явуулснаар Мах экспорт ХХК-ийн үйл ажиллагаанд илт хохирол учруулсан гэдгийг өнөөдрийг хүртэл нотолж чадаагүй. Нэхэмжлэгч тал хүсэлт гаргасны үндсэн дээр холбогдох баримт нь хэрэгт авагдсан. Б ХХК нь уг газрын хууль ёсны эзэмшигч ашиглагч мөн гэдгийг тогтоосон өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн актууд нь байгаа. Тиймээс энэ захирамж гарснаар Мах экспорт ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдөж байгааг тодорхойлж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэдэгт орц, гарцын асуудал ярьж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагтайгаа уялдахгүй байна. Нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа гэж байна. Нийтийн эзэмшил газарт хамаарах эсэхийг тухай орон нутгийн эрх бүхий байгууллага захирамжаар тогтоодог. Гэтэл нийтийн эзэмшил газраар тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нар нийтийн эзэмшил газар гэж тайлбарлаад байгаа боловч албан ёсны баримт бичигт нь нийтийн эзэмшил газар гэж байхгүй. Болорчулуун даргын албан бичигт төмөр замын хамгаалалтын бүсийн газрыг хасч талбайн хэмжээг 17970 м.кв болгосон гэж бичсэн байна. Хассан төмөр замын хамгаалалтын зурвас газар нь 3000 м.кь газар. Хасахаас өөр аргагүй. Төмөр замын урт нь 390 метр. Энэ хэмжээний газрыг л хассан. Яагаад гэхээр төмөр зам дээгүүр банз тавьж машин гаргаж ачаагаа зөөдөг байсан гэдэг. Тэгэхээр энэ аж ахуй нэгжид 15000 м.кв газрыг нэмж олгож байгаа нь хуучин байсан газрыг л албажуулсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг хөндөж байгаа эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч энэ асуудлаар шаардах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Анх Зөвлөлт Холбоот Улсын тодорхой тооны цэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахад Зөвлөлтийн цэргийн хүнсний агуулах байсан төмөр зам дагалдах тоног төхөөрөмжийг Б ХХК авсан. 2002 онд Газрын тухай хууль, 2006 онд Төмөр замын тухай хууль батлагдаж энэ хуулийг гарах үед Б компаний өмчлөлийн замын асуудал шийдэгдээгүй байсан. 2009 онд Болд төмөр ерөө гол ХХК 90 км төмөр зам барьж Монгол Улсад анхны хувийн төмөр зам бий болсон. Тиймээс төмөр замын тухай асуудал, төмөр замын газрын асуудлыг нэг мөр шийдэх ёстой гэдэг асуудал яригдаж төмөр замын даргын тушаалаар төмөр замыг Б ХХК-ийн өмчлөл гэдгийг баталгаажуулсан. Өмнө нь Хөрөнгийн үнэлгээний төвийн хийсэн үнэлгээний дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэж Зөвлөлт Холбоот Улс болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээний дагуу Б ХХК-д олгогдсон байсан тул гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө байгаа бол түүнд холбогдох газар нь хамт явж байсан. Монгол Улс анхны хувийн төмөр замтай болсонтой холбоотойгоор Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газраас эрх мэдэл олгодог болж Зам тээврийн хөгжлийн яам өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, үүний үндсэн дээр Б ХХК энэ зам төмрийг эзэмших эрхтэй гэдэг албан ёсны баталгаажуулалт нь сая гарч ирсэн. 7 га газар байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Үүнээс тодорхой хэмжээг нь зарж газрын хэмжээг тодорхой хэмжээгээр багасгасан. Анх Мах экспорт ХХК-д өгсөн. Гэтэл газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төмөр замын аюулгүй байдлыг хангах үүднээс Мах экспортын газраас хасах ёстой гэж үзэж 2006 онд хассан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш. Үүнээс хойш 2017 он хүртэл 11 жилийн хугацаанд энэ газрыг хассан талаар гомдол байхгүй гэж үзэж гомдол гаргаагүй. Одоо болохоор үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул хассан газрыг буцааж өг гэж байна. Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаад явуулах боломжгүй гэдэг талаар нотлох баримт байхгүй. Орц, гарцын асуудал болон Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл зөрчигдөж байна гэж тайлбарлаж байна. Түүнээс ийм технологийн дагуу ийм ажиллагаа явуулдаг гэх зэргээр баримттай зүйл ярихгүй байна. Тайлбарлаж байгаа зүйл нь нотлох баримтгүй зөвхөн амаар тайлбарлаж байна. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актаар Б ХХК-д 15000 га газрыг нэмж өгсөн гэж байна. Энэ нь нэмж өгч байгаа асуудал биш. Хуучин байсан газрыг нь албан ёсоор баталгаажуулж байгаа асуудал. Энэ тохиолдолд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын тухай асуудал яригдахгүй. Дэд бүтэцтэй холбоотой улсын дээд шүүхийн тогтоолыг тайлбарлаж байна. Энэ тогтоол огт хамааралгүй. 1993 онд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу тохиролцож баригдсан салаа төмөр зам. Үүний өмчлөлийн асуудал яригдаж байгаа. Энэ өмчлөлийг дагаж газрын асуудал яригдаж байгаа. Газар нь баталгаажиж, төмөр зам нь баталгаажсан. Дандаа араас нь акт гаргаж бяр чадлаа гайхуулж байна гэж байна. Тийм зүйл байхгүй. Болд төмөр ерөө гол ХХК анх хувийн төмөр зам барьж үүнийгээ Монголын төмөр замын нэгдсэн сүлжээнд нэгтгэхийн тулд ийм зүйл хийсэн. 2006 оны Төмөр замын тухай хуулийг зүгээр ч нэг батлаагүй. Монгол төрийн өмчөөс гадна хувийн өмчийн төмөр зам бий болж болзошгүй гэдэг байдлаар хууль тогтоомжид оруулж өгсөн. Төмөр замын т ээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.12 дахь хэсгийг огт ярихгүй байна. Төмөр зам газар дээр байдаг тул хүссэн хүсээгүй энэ газар төрийн мэдлийн газар байна. Аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй хэрэгцээтэй тул төмөр замаар тээвэр явуулахын тулд аюулгүйн зурвасыг нэхэмжлэгчийн эзэмшил газраас хасахаас өөр аргагүй байсан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар төрийн өмч байна гэж тайлбарлаж байна. 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, дахь хэсэгт тодорхой заасан байгаа. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцээс бусад төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно гэж заасан. Хувийн төмөр зам бий болбол үүний дагуу харьяалж явна. Монгол улсын нутаг дэвсгэр нэгдмэл байх асуудал байна. Гэхдээ энэ нь суурь бүтэц нь хувийн өмчлөлийн эд зүйл байвал энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүний дагуу Төмөр замын тээврийн тухай хууль, тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ газрыг хассан. Б ХХК-ийн хувьд хуучин байсан газраа албан ёсоор баталгаажуулж авсан. Түүнээс шинээр газар аваагүй. Энэ талаар хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна. 2006 оны Засаг даргын эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох тухай асуудал ярьж байна. Энэ нь 2017 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буцаж үйлчлэх тухай асуудал ярьж байна. Материаллаг хууль бус буцаж үйлчлэх тухай яригддаг. Процессын хууль хэзээ ч хэрэглэгдэж болно гэж тайлбарлаж байна. Тийм зүйл байхгүй. Хууль буцаан хэрэглэх асуудал хуулиараа зохицуулагддаг. Иргэний хуулийг буцаан хэрэглэж байгаа нөхцөлд талуудын хэн алинд нь ашигтай нөхцөл байдал үүсч нөгөө тал нь хүлээн зөвшөөрвөл буцаан хэрэглэж болдог. Процессын хуулийг буцааж хэрэглэх тухай асуудал байхгүй. 2006 оноос хойш 11 жилийн хугацаанд энэ асуудлаар ямар нэг гомдол гаргаагүй. Б ХХК-ийн хашааг буулгаж, манаачийн байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагын тухайд энэ нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш. Чөлөөлүүлэх гэж байгаа бол иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 шинжийг агуулаагүй. Нөгөө талаараа уг хууль буцаж үйлчлэхгүй. Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд энэ газрыг олгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндсөн зүйл байхгүй. Хүсэлт шийдвэрлээгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухай ямар үндэслэлээр хууль бус болохыг тогтоох нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг шийдсэн эсэх талаар хариуцагч тайлбарласан. Нэгэнт 2018 оны захирамж хэвээр байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Өнөөдрийн хүртэл нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж, холбогдох нотлох баримтаар бүрэн дүүрэн нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчээс тодруулж, багассан ““М ”ХХК-ийн эзэмшил газраас “нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа” гэх үндэслэлээр хууль бусаар хассан НЗД-ын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар дээрх “Б ” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх, “М ” ХХК-ийн “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газрыг эзэмших” тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2019 оны 06 сарын 28-ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах”[1] шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
1. Нэхэмжлэлийн ““М ” ХХК-ийн эзэмшил газраас “нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа” гэх үндэслэлээр хууль бусаар хассан НЗД-ын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч НЗД 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаараа нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын хэмжээг багасгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан захиргааны акт илт хууль бус шийдвэрийн шинжийг агуулж байгаа гэж тайлбарласан.
НЗД-ын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байршилтай 21400 м.кв газрыг “М ” ХХК-д ашиглуулахаар[2] шийдвэрлэжээ.
Улмаар НЗД-ын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамж[3]-аар “М ” ХХК-д нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 17970мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон[4] байхад нэхэмжлэгч нь уг актын мэдсэн атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн цаг хугацаанд гомдол нэхэмжлэл гаргаж маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн Өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/-ын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/36 дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын талбайг нэмэгдүүлэх тухай танай хүсэлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй, эс зөвшөөрөв дүгнэлт гарсан”[5] гэж мэдэгдсэн атлаа НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар “Б ” ХХК-ийн эзэмшилд олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс экспортын үйл ажиллагаагаа эрхлэхэд саад учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн тайлбарлаж байх тул шүүх “Мах- Экспорт” ХХК нь эрх зөрчигдсөн үеэс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах, маргах эрхтэй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх”-ийг газар ашиглах гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар “...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” нь НЗД-ын эрх хэмжээнд хамаарахаар заажээ.
“М ” ХХК болон “Б ” ХХК-иудын газар баталгаажилтын хувийн хэргүүдэд тус тус авагдсан “М ” ХХК болон нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газар/хуучин нэршилээр/-ын хооронд 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар байгуулагдсан “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”[6]-ний 5.2-т “Газар ашиглагчийн өмчлөлд байгаа газраас салгаж болохгүй барилга байгууламж, эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар ашиглах эрхийг дуусгавар болгож, шинэчлэн тогтоож шийдвэрлэнэ” гэж заасны дээр энэхүү гэрээний дагуу баталгаат хэмжээ тогтоосон актад хэргийн оролцогчдын маргаж буй төмөр зам бүхий газрыг “дундын ашиглалт” гэж тэмдэглэсэн байна[7].
Мөн “М ” ХХК болон нийслэлийн Газрын албаны хооронд НЗД-ын 2006 оны 87 тоот шийвэрийг үндэслэн 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г үндэслэн баталгаат хэмжээ тогтоосон актад маргаан бүхий газарт “төмөр замын хамгаалалтын зурвасыг гаргах[8]” гэсэн тэмдэглэл хийжээ.
Дээрхээс үзвэл, хариуцагч НЗД нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээний хугацаа дуусгавар болсоны дараа түүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, “М ” ХХК нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх тул НЗД ас 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газрын хэмжээг 17970 м.кв байхаар тогтоосныг хууль бус гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрт газар эзэмших эрх үүсэхээс өмнөх цаг хугацаанд тухайн газар дээр бий болсон өөр этгээдийн барьж байгуулсан төмөр замын өмчлөх эрхийн тухайд маргаагүй, уг төмөр замыг өмчлэх эрхтэй болохыг нотолсон аливаа шийдвэрийг шүүхэд гаргаж ирүүлээгүй, төмөр зам байршиж буй газрыг дундын ашиглалтын газар болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан ашиглаж байсан, түүнчлэн газар ашиглах гэрээний хугацаа дуусгавар болж дундын ашиглалтад олгогдсон газрыг хэмжээгээр багасгасан талбайгаар газар эзэмших эрх олж авсан, газрын хэмжээг багасгасан хэмжээгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн гомдол нэхэмжлэл гаргашийдвэрлүүлэх боломжтой байсан байхад энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй атлаа уг газрыг өөр этгээдийн эзэмшилд олгосоны дараа уг үйл ажиллагааг илт хууль бус хэмээн маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль нэг заалтад үндэслэж гаргаагүй тул 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн материаллаг хэм хэмжээг буцаан хэрэглэх боломжгүй, захиргааны байгууллага уг шийдвэрийг гаргах эрх хэмжээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
2. “НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн тухайд: “Б ” ХХК-д анх НЗД-ын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот шийдвэрээр маргаан бүхий газарт 7,4 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгож байжээ.
Үүний дараа НЗД-ын 2017 оны А/923 дугаар захирамжаар “Б ” ХХК-д Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт 28359 м.кв газрыг эзэмшүүлэхээр[9], улмаар “Б ” ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хандаж “... манай компанийн өмч болох ... хөрөнгө байрлах газрын газар эзэмших гэрчилгээ олгоно уу” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн НЗД-ын 2018 оны А/954 дүгээр захирамжаар газрын хэмжээг 15753 м.кв-аар нэмэгдүүлж, нийт 44112 м.кв хэмжээтэйгээр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс “Б ” ХХК-д анх 28359 мкв газар эзэмших эрх олгогдсон тухайд болон НЗД-ын 2018 оны А/954 дүгээр захирамжаар нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 15753[10] мкв газар дээр гуравдагч этгээдийн өмчлөлийн төмөр зам болон автопүү зэрэг эд хөрөнгө байрлаж байгаа тухайд маргаагүй, харин нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь маргаан бүхий газрыг “нийтийн эзэмшил” газар гэсэн үндэслэлээр манай байгууллагад эзэмшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээдийн эзэмшилд газрын тухай хууль тогтоомж болоод төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс экспортын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжгүй болгосон, газрын харилцаан дахь тэгш байдлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон” гэж маргасан бол хариуцагчаас “маргаан бүхий газарт гуравдагч этгээдийн өмчлөлийн төмөр зам байршиж байгааг үндэслэж тухайн газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” тус тус зааснаас үзвэл аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших тохиолдолд хариуцагч нь дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гуравдагч этгээд “Б ” ХХК нь дээрх маргааны бүхий газарт байрлах төмөр замын салаа зам, бараа ачиж буулгах бетонон тавцан, төмөр бетонон гадна хашаа, автопүү, ... зэрэг эд хөрөнгийн өмчлөгч болох нь цэргийн ангиудын эд хөрөнгийг борлуулах асуудлыг зохицуулах Оросын талын эрх бүхий байгууллага болох “Спецвнештехника” компанийн 8434-36С дугаартай Хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ[11], “Чулуун оег” ХХК-ийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тодорхойлолт[12], Үл хөдлөх эд хөрөнгийн 15392 тоот гэрчилгээ гэсэн баримтуудаар[13] тус тус тогтоогдож байх ба Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл хэлбэрийнх байж болохоор заажээ.
Дээрхээс үзвэл, хариуцагчаас газрын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд хуулийн этгээдийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийн доор газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Газрын тухай хуульд заасан журмын дагуу шинээр газар эзэмших эрх олгосон гэж үзэхээргүй байх тул дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах шаардлагагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдээр оролцож буй хуулийн этгээдүүдийн аль аль нь маргаан бүхий газрын орчмын үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, улмаар дээрх 2 хуулийн этгээдэд уг эд хөрөнгө байрлаж буй газруудыг эзэмших эрх үүссэн байх тул газрын харилцаан дахь тэгш байдлын зарчим алдагдсан гэж үзэхгүй, цаг хугацааны хувьд хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг хугацаанд бодитоор үүссэн газар эзэмших эрхийг хариуцагчаас баталгаажуулсан нь шинээр газар эзэмших эрх олгох журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газрын хэмжээ нэмэгдүүлэх асуудлыг тусад нь зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй байна. 2018 оны А/954 дугаар захирамж нь сул талбайд газар эзэмших эрхийг шинээр олгож байгаа. Тухайн газар дээр газар эзэмших харилцаа шинээр үүсэж байгаа тул холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцэх ёстой...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч “М ” ХХК болон гуравдагч этгээд “Б ” ХХК-иудын эзэмшил газар нь давхцалгүй байхын зэрэгцээ маргаан бүхий актаар нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 15753 м.кв газрын нэг хэсэг хэсэг/8066 м.кв/-т “М ХХК-ийн эзэмшил газрын баруун талд байрлах хэсэгт “Б ” ХХК-ийн өмчлөлийн дагнасан хэрэглээний төмөр замын шугам байрлаж байх ба гуравдагч этгээдээс уг төмөр замын шугамын зүүн талаар төмөр торон хашаа татаж “Мах Экспорт” ХХК-ийн агуулахын ачиж буулгах талбайн төмөр зам руу гарах хэсгийг хаасан[14] болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тус тус тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Төмөр замын тээврийн тухай болон Эрүүл ахуйн тухай хуулиуд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хүнсний үйлдвэрт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн шаардлагыг үндэслэн “манай байгууллагын хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх технологийн горим алдагдаж байгаа” хэмээн тайлбарлаж байгаа тохиолдолд маргаан бүхий актаар “Б ” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргааны бүхий газар дээр байрлаж буй салбар төмөр замаар бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх шаардлагатай тохиолдолд төмөр замын өмчлөгчтэй тохиролцох замаар шийдвэрлэх нь иргэний хууль тогтоомжид нийцэх тул хариуцагч НЗД нь 2018 оны А/954 дүгээр захирамжаар дагнасан хэрэглээний төмөр зам байршиж байгаа газрыг уг төмөр замыг өмчлөгч “Б ” ХХК-д шийдвэрлэсэний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн бүтээгдэхүүн зөвөрлөх технологийн горим хангах талаарх Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар батлагдсан журмыг билүүлэх боломжгүй болсон, бүтээгдэхүүн экспотлох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, орц гарцыг хаасан гэж үзэхгүй, “Мах- Экспорт” ХХК нь тухайн тамар замаар тээвэрлэлт хийх шаардлагатай тохиолдолд “Б ” ХХК-аас дээрх төмөр торон хашааг буулгах, төмөр замын суурь бүтцийг ашиглуулахыг шаардах боломжтой.
Харин маргаан бүхий актаар “Б ” ХХК-д нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 15753 м.кв газрын үлдэх хэсэг/7687 мкв/ нь “Мах Экспорт” ХХК-ийн эзэмшил газрын зүүн урд хэсэгт байрлаж байх нэхэмжлэгч нь “манай газар зүүн талдаа хаалгатай” хэмээн тайлбарлаж уг газраар заавал дайран өнгөрөх орц, гарц байх шаардлагатай тухайд маргаагүй[15].
Нийслэлийн Өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/-ын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/36 дугаар албан бичгээр[16] “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын талбайг нэмэгдүүлэх тухай танай хүсэлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй, эс зөвшөөрөв дүгнэлт гарсан байна. Иймд ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж “Мах экспорт” ХХК-д мэдэгджээ.
Нэхэмжлэгчээс дээрх албан бичигт дурьдсан “газрын талбайг нэмэгдүүлэх” хүсэлтийг шүүхэд гаргаж ирүүлээгүй, мөн шүүхээс Нийслэлийн Өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/-ын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/36 дугаар албан бичигт дурьдсан “М ” ХХК-ийн хүсэлтийг ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагчаас ирүүлээгүй тул уг хүсэлт нь хэзээ гаргасан, ямар агуулга бүхий байсан нь тодорхойгүй, маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт байсан эсэхийг шүүхээс шалган тогтоох боломжгүй байна.
Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэлд “нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй, эс зөвшөөрөв”[17] гэж тэмдэглэгдсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай компанид нийтийн эзэмшлийн газар хэмээн эзэмшүүлэхээс татгалзсан атлаа гуравдагч этгээдийн эзэмшилд олгосон нь газрын харилцаан дахь тэгш байдлыг алдагдуулсан” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зам, шугам сүлжээний газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан байх боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “”төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газар”-ыг, 3.1.21-д ““дагнасан хэрэглээний талбай эзэмшигч” гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний талбай бүхий хуулийн этгээд”-ийг ойлгохоор зааснаас үзвэл дагнасан хэрэглээний төмөр зам бүхий этгээдэд уг замын шугам байрлаж буй газрыг эзэмшүүлсэн нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэж үзэхээр байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн өмчлөлийн дагнасан хэрэглээний төмөр зам байршиж байгаа нь тухайн газар эзэмших эрхийг үүсгэх шууд үндэслэл болохгүй боловч тухайн дагнасан хэрэглээний төмөр замын ашиглалт, тээврийн аюулгүй байдалтай холбоотойгоор уг газрыг эзэмших эрхийг төмөр замын өмчлөгчид олгосоныг буруутгах бас боломжгүй юм.
Иймд “НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай “Мах Экспорт” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
3. “М ” ХХК-ийн “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газрыг эзэмших” тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2018 оны 06 сарын 28-ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч “М ” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Газрын албанд хандаж “...Эзэмшиж буй үл хөдлөх эд хөрөнгөөс шалтгаалан талбайн хэмжээг 26,040/17790+8250/ м.кв болгон өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа тул газар эзэмших, ашиглах талбайн хэмжээг өөрчилж өгнө үү[18]”, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “... бид дахин материалаа бүрдүүлж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Газрын албанд хүргүүлж, хуучин эзэмшиж байсан газраа буцаан авах хүсэлтээ дахин тавьж байгаа тул шийдвэж өгнө үү[19]” гэсэн хүсэлтүүдэд хариу өгөөгүй тухайд хариуцагчаас маргаагүй.
Дээрх хүсэлтэд эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх үндэслэлээ “үл хөдлөх хөрөнгөөс шалтгаалан” гэсэн байх боловч энэ нь ямар үл хөдлөх хөрөнгө болох маргаан бүхий газар дээр байрлаж байгаа эсэх нь тодорхойгүйн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “манайд обьект байхгүй” гэж тайлбарлаж байгаа нь дээрх хүсэлтийн агуулгатай зөрүүтэй байна.
Мөн дээрх хүсэлтэд нэмэгдүүлэхээр дурьдсан 8250 м.кв (26040-17790) хэмжээтэй газар нь “Нийслэлийн Өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/-ын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/36 дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын талбайг нэмэгдүүлэх тухай танай хүсэлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй, эс зөвшөөрөв дүгнэлт гарсан”[20] гэж шийдвэрлэгдсэн дагнасан хэрэглээний төмөр замын шугам байршиж буй газар байх тул захиргааны байгууллагаас өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргуулахаар шаардах үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “НЗД-ын 2018 оны А/954 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байх тул энэхүү шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.
4. Нэхэмжлэлийн “маргаан бүхий газар дээрх “Б ” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх” шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.
Гэтэл нэхэмжлэлийн “маргаан бүхий газар дээрх “Б ” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх” шаардлага нь хариуцагчаар тодорхойлсон НЗД болон НГЗБАны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны гэрээ байгуулахад бусад захиргааны байгууллагын зөвшөөрөл, баталгааг авах, эсхүл тухайн захиргааны байгууллагыг оролцуулах талаар хуульд заасан бол энэ шаардлагыг биелүүлсний үндсэн дээр захиргааны гэрээг байгуулна” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2, 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 5 дугаар зүйлийн 5.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.21, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-иас НЗД , НГЗБАнд холбогдуулж гаргасан ““М ” ХХК-ийн эзэмшил газраас “нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа” гэх үндэслэлээр хууль бусаар хассан НЗД-ын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “М ” ХХК-ийн “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газрыг эзэмших” тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2019 оны 06 сарын 28- ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан “газар дээрх “Б ” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] 3 дугаар хавтаст хэргийн 230-231 дэх талд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 82-84
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь талд
[4] 1 дгээр хавтаст хэргийн 157-160 дахь талд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь талд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 151-153, 208-209 дэх талуудад
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 154, 211 дэх талуудад
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 160, 216, 3 дугаар хавтаст хэргийн 240 дэх талуудад
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 223-226 дахь талд
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх талд
[11] 2 дугаар хавтаст хэргийн 121 дэх талд
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх талд
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх талд
[14] 2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь талд
[15] 2 дугаар хавтаст хэргийн 222-223 дахь талд
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь талд
[17] 3 дугаар хавтаст хэргийн 68 дахь талд
[18] 3 дугаар хавтаст хэргийн 232 дахь талд
[19] 3 дугаар хавтаст хэргийн 236 дахь талд
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь талд