Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0666

 

 

  

 

 

 

 

 

 

“А”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

                           захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.И, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 123/2023/0011/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-аас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаартай “Газар эзэмших эрх цуцалж, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. … Шийдвэрт “...нэхэмжлэгчээс дээр дурдсанаар “Залуус” хотхоны орон сууцны барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж, холбогдох магадлал дүгнэлтийг гаргуулах явцад буюу 2016-2022 онуудад Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Төв аймгийн Төв чандмань-Дулаан эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Төв аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагад тухай бүр хүсэлтээ гаргаж, холбогдох техникийн нөхцөлүүдийг гаргуулан авч байсан” гэжээ.

Гэвч дурьдаж буй дүгнэлт болон техникийн нөхцлийн хугацаа нь Засаг даргаас захирамж гаргах үед хугацаа нь дууссан байсан. Тухайлбал, “Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 22/2020 дугаартай техникийн нөхцөлд: 5 давхар 9 ш орон сууцны барилга, 2 айлын 2 давхар Таун-хаус-5 ширхэг, 2 давхар 100 хүүхдийн цэцэрлэг 1 ширхэг, 5 давхар ахуйн үйлчилгээний төв 1 ширхэг, дулаан дамжуулах төв 1 ширхэг барилга байгууламжид холбооны техникийн нөхцөл 2022.08.11-нд хугацаа нь дууссан. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын БХБХ-ийн 2017.05.17-ны өдөр баталсан 05/17 тоот архитектор төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцлийн дагуу холболтыг 1 жилийн хугацаанд хийх” хэмээн заасан байх бөгөөд дурдсан хугацаанд барилгын ажил хийгдээгүй байна.

3.2. Шийдвэрт “Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар хашаа барьж, цахилгаан эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам татсанаас өөрөөр үл хөдлөх барилга байгууламж бариагүй нь … тогтоогдож байх боловч, … орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, өөрчлөлт оруулах, зургийг батлуулах, холбогдох техникийн нөхцлийг гаргуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.” гэжээ.

Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоогүй, харин газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлийг эш татсан байгаа. Тэгэхээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

3.3. Шийдвэрт “Нэхэмжлэгчээс Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2022.05.26-ны өдөр хандан “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх” албан бичгийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн байхад хариуцагчаас, эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй байна. Иймд, нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аль эрт аваад, ажлаа эхлүүлэх ёстой байсан ч барилгын ажлаа эхлүүлэхгүй буюу гэрээнд заасны дагуу газраа ашиглахгүй байсан тул эрхийг нь хүчингүй болгосон.

3.4. Шийдвэрт “... нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ” гэжээ.

Уг дүгнэлттэй нэхэмжлэгч тал маргаагүй тул шүүхийн дүгнэлт зөв хэмээн үзэж байгааг тэмдэглэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-аас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаартай “Газар эзэмших эрх цуцалж, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “А” ХХК-д Төв аймгийн Зуунмод 1-р баг Цэлмэг хотхоны зүүн талд байрлах орон сууцны зориулалтаар олгосон 1.588 га талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд уг заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

2.3. Тодруулбал, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар хууль тогтоогчоос урьдчилсан нөхцөл заасан, энэхүү маргааны үйл баримтын тухайд эдгээр шаардлагыг хангаагүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйгээс захиргааны акт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төв аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/57 дугаар захирамжаар Зуунмод суманд “Залуус хотхон байгуулах төслийн сонгон шалгаруулалт зарласан байх бөгөөд тус шалгаруулалтад нэхэмжлэгч “А” ХХК-ийн төсөл шалгарсан тул тус аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/438 дугаар захирамжаар Зуунмод 1-р баг Солонго хотхон рашааны 203 хаягт байршилтай 1.588 га газрыг залуус орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус байгуулсан байна.

2.5. Нэхэмжлэгчээс гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглахын тулд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2016/36 дугаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт”, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/17 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0363/2018 дугаар техникийн нөхцөл, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн АТД-24/20 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22/2020 дугаар “техникийн нөхцөл”, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15/02719/20 дугаар “Техникийн нөхцөл”, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19-03-010/18 дугаар “Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийсэн тухай” дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/03392/21 дүгээр “Техникийн нөхцөл”, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 291/2022 дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 22/3-02 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг дээр дурдсан ажлуудыг хийж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/752 дугаар “Барилганы ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх тухай” албан бичиг Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын  тайлбараар тус тус тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.

2.6. Энэ талаарх анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны А/438 дугаар “Газар эзэмшүүлэх тухай захирамжийн 2.5-т “орон сууцны хорооллын барилга байгууламжийг инженерийн дэд бүтцийг холбогдох байгууллагаас техникийн нөхцлийг авч, барилга байгууламжийг зөвшөөрөл авч эхлүүлэх” гэж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.15 дахь хэсэгт “барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах” гэж заасны дагуу “Залуус хотхон орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, өөрчлөлт оруулах, зургийг батлуулах, холбогдох техникийн нөхцлийг гаргуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, ... “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх” албан бичгийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн байхад хариуцагчаас эдгээр нөхцөл байдлыг шалган тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д  заасан тусгай зарчимд нийцээгүй...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

2.7. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т  “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

2.8. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж, Газрын тухай хуульд заасан дээрх үндэслэл, нөхцөл бий болсон эсэхийг тодруулаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан “... дурьдаж буй дүгнэлт болон техникийн нөхцөлийн хугацаа нь Засаг даргаас захирамж гарах үед дууссан байсан. ...барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө аль эрт аваад, ажлаа эхлүүлэх ёстой байсан ч барилгын ажлаа эхлүүлээгүй буюу гэрээнд заасны дагуу газраа ашиглахгүй байсан тул эрхийг нь хүчингүй болгосон“ гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.

2.9. Тодруулбал, нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар дээр дурдсанчлан үргэлжилсэн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй байна.

3. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх нь болон Тогтоох нь хэсэгт маргаан бүхий Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож  шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг удирдлага болгох ёстой байжээ. Мөн тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон гэж буруу хуулийн заалтыг удирдлага болгосон байгааг анхан шатны шүүх цаашид анхаарах нь зүйтэй.

3.1. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд 106.3-т нэрлэн заасан шийдвэрийг гаргах бөгөөд шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, эсхүл зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой тусгах шаардлагатай тул шийдвэрийн Тогтоох нь хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болон хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын ...4.2.5 гэсний дараа 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 гэж, ...баримтлан гэсний дараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

    ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

    ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН