Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/449

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.овогт Э.А холбогдох эрүүгийн 2034006480099 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Э.А гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар болох Естийн рашаан гэх газраас Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтны жагсаалтад орсон 2 эм, 2 эр нийт 4 тооны молцог хандгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, экологи эдийн засагт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.А: “Би самарт явсан. Тэгээд самраа буулгах гээд явж байхад амьтан бариулсан хандгай байсан. Махыг шилбэний арьсыг нь авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-7-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-13 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-17-18 тал/, гэрч Н.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19 тал/, гэрч Г.Цогтгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20-22 тал/, шүүгдэгч Э.Аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23-27 тал/, гэрч Л.Баасандоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23 тал/, гэрч Б.Бавуудоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-30-32 тал/, гэрч Ч.Пүрэвдагваас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-35 тал/, Цагдаагийн ерөнхий газар экологийн цагдаагийн албаны 2021.03.02-ны өдрийн 16-4/540 дугаартай албан бичиг /хх-36 тал/, Байгаль орчин, аялал жуучлалын яам Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021.03.10-ны өдрийн 54, А/11 дугаартай албан бичиг /хх-37-38 тал/, хохирогч Н.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41-42 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-44-45 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-51 тал/, шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 56-57 тал/, шинжээчийн дүгнэлт, фото зураг /хх-59-60 тал/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-64 тал/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн акт /хх-65-66 тал/, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-67-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-88 тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /91-93 тал/, 93393306, 93223399, 98155777 дугааруудын эзэмшигчийн мэдээлэл /хх-112-150 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-166-168, 174-176/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /170-172/, яллагдагч Э.А мэдүүлэг /178-180 тал/, гэрч М.Батхишигээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-188-189 тал/, гэрч Э.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 190 тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-191-192 тал/, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-195-202, 204-205 тал/, Хас банк ХХК-ийн дансны хуулга /хх-229 тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-231-247 тал/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар болох Естийн рашаан гэх газраас Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтны жагсаалтад орсон 2 эм, 2 эр нийт 4 тооны молцог хандгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, экологи эдийн засагт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах: 

Хохирогч Н.Э: “Би Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн 16/4- 540 дугаартай бичгийн дагуу Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын энэ оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/11 дугаартай тушаалын дагуу тухайн хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа нь өөрөө төрийн байгууллага юм. Иймд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр би хохирогчоор оролцож байна. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгааллын Мойлтын эрээн, Юүдэгийн постноос хойш Монгол улсын хил хүртэл, хөндлөнгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Билэгтийн пост хүртэлх нутгийг хамаардаг Улсын тусгай хамгаалалттай бүс нутгийг Онгон бүс, Хамгаалалтын бүс, Хязгаарлалтын бүс гэж 3 бүсэд хуваагддаг. Бүс болгонд хуулиараа өөр дэглэм үйлчилдэг. Хэрэг үйлдсэн газар гэх Халзангийн даваа нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын “хамгаалалтын бүс”-д ордог газар байгаа юм. Молцог хандгайн эр хүйстийг манж, эмийг нь сүндэс, нас гүйцээгүй тугалын эр эмийг ялгаагүй ходол гэж нэрлэдэг. 1953 оноос хойш агнахыг бүр мөсөн хориглосон, тайван үедээ тогтвортой амьтан, цочоод, үргэсэн үедээ алс хол гүйдэг амьтан байгаа юм. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Молцог хандгайн экологи, эдийн засгийн үнэлгээг эр бодгаль 10.000.000 төгрөг, эм бодгаль 12.000.000 төгрөг, тугал буюу ходолыг 7.000.000- 8.400.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Тухайн үнэлгээгээр амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг. Би амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн /1009000013020/ дугаарын дансанд тушаалгах хүсэлтэй байна. Амьтны аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлнө. Гэвч хууль бусаар ан агнасан энэ хүн Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нэн ховор амьтныг агнаж болох санаа, сэдлийн талаар олон нийтэд хүргэсэн үйлдэл байгаа тул биет бусаар хохирол учирсан гэж үзэн үүнийг 5.000.000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байна. өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн зөв” гэх мэдүүлэг /хх-н 41-42 тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Э: “Би Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн 16/4-540 дугаартай албан бичгийн дагуу Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын Мойлтын эрээн, Юүдэгийн постгоос хойш Монгол улсын хил хүртэл, хөндлөнгөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Билээгтийн пост хүртэлх нутгийг хамардаг хамгаалалттай газрын “хамгаалалтын бүс”-д ордог газар байгаа юм. Молцог хандгай нь Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтны жагсаалтад орсон Монгол орны тайгын бүсэд ховор тохиолдох хөхтөн амьтан юм. Тухайн амьтныг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар төрийн захиргааны төв байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу агнаж барьж болдог. Молцог хандгайн эр хүйстийг Манж, эмийг нь Сүндэс, нас гүйцээгүй тугалыг эр эмийг хамаагүй ходол гэж нэрлэдэг. 1953 оноос хойш агнахыг бүр мөсөн хориглосон, тайван үедээ тогтвортой амьтан, цочио үргэсэн үедээ алс хол гүйдэг амьтан байгаа юм. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг ба мөн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 25.3 дахь хэсэгт заасан тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхийн эдийг цуглуулсан худалдсан худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж 2 дахин өсгөж нөхөн төлбөр ноогдуулна. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Молцог хандгайн экологи эдийн засгийн үнэлгээг эр бодгаль 10.000.000 төгрөг, эм бодгаль 12.000.000 төгрөг тугал буюу ходолыг 7.000.000-8.400.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Тухайн үнэлгээгээр амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн /1009000013020/ дугаарын дансанд тушаалгах хүсэлтэй байна. амьтны аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлнө. Гэвч хууль бусаар ан агнасан энэ хүн Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нэн ховор амьтныг агнаж болох санаа, сэдлийн талаар олон нийтэд хүргэсэн үйлдэл байгаа тул энэхүү биет бус хохирлыг нэмж 5.000.000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилж байна. өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 44-45 тал/,

Гэрч Г.Цогтгэрэлийн: “Би 2019 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Дунд баян гэдэг газрын “өвөлжөө” нэртэй газарт Батхуяг гэх айлтай хамт өвөлжсөн бөгөөд тэднийхээр очиж байсан Алтантулга гэх хүнтэй танилцсан. 2020 оны 11 дүгээр сарын самар их ургасан байсан учраас манайд өөрийн машинтайгаа, 3 морьтой 4 залуутай хамт ирээд намайг самар их ургасан ууланд хүргэж өгөөч гэж гуйхаар нь дургүйцээж байгаад Халзангийн давааны арын хуш мод ихтэй газар хүргэн өгөөд морьдыг нь аваад мөн хоёр залуу нь надтай хамт буцаж ирээд Улаанбаатар хот руу явсан. Удалгүй Улаанбаатар хотоос манай 4 нь дүү ирж би Алтантулга-ын самар түүж байсан газрын ойролцоо хүргэж өгөөд Алтантулгатай уулзтал надтай хамт манай гэрийн гадна байсан машин дээрээ очно гээд хамт явсан. Манайд ирээд Улаанбаатар хот руу явах гэтэл коронавирус гарсан учраас явж чадалгүй надтай самарт буцаад явахаар болсон. Тэгэхэд Алтантулга бид хоёр түүний 3 мориор явсан бөгөөд Алтантулга сайга маркийн буу үүрчихсэн явсан. Бид самар түүж байсан 2 отгийн хүмүүс дээр 2 хоног явж хүрээд байж байтал Алтантулга нэг өдөр самарт яваад ирэхдээ ангийн арьс, мах аваад ирсэн харагдаж байсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа би гэр рүүгээ хадгалчих гэж гуйгаад би 1 моринд ганзагалан гэртээ авч ирэн илүү гэртээ хийсэн, дотор нь юу байгааг хараагүй. Алтантулга өөрөө Түнхэл рүү бууж өөрийн түүсэн самраа тушаахаар явсан. Түүнээс 4-5 хоногийн дараа Алтантулга Улаанбаатар хотоос ирэхдээ өөр машинтай ирж өөрийн Lexus-470 маркийн автомашинаа буцаагаад, хотоос очсон машинтайгаа цааш уул руу самар Хагийн нуур болон Буурал гэх газрын орчим самар түүхээр явсан. Тэгтэл 2020 оны 12-р сарын 02-ны өдөр 01 цаг өнгөрч байхад Горхи тэрэлжийн сав газрын захиргаанаас нэг машинтай 4 хүн ирээд танай гэрт үзлэг хийх шаардлагатай байна гээд илүү гэрийг онгойлгон орж Алтантулгын өгч явуулсан ууттай эд зүйлсийг гаргаж ирээд бугын мах, арьс байна гэж хэлсэн. Тэгээд би Алтантулгыг буга агнасан талаар мэдсэн. Би Алтантулгыг амьтан агнахыг хараагүй. Алтантулга өдөр самарт яваад орой ирэхдээ ангийн арьс, мах авч ирсэн байсан. Би агнасан эсэхийг нь мэдэхгүй. Алтантулга гэдэг хүнийг нэрнээс цааш мэдэхгүй утасны дугаар нь 93223399. Одоогоор Хагийн нуур болон Буурал гэх газрын орчим самар түүж байгаа байх. Би Алтантулгын өгч явуулсан шуудайтай зүйлийг онгойлгож хараагүй. Би галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй вепрь маркийн галт зэвсэгтэй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 20-22 тал/, 

Гэрч Л.Баасандоржийн: “Би Э.Атай 10 орчим жилийн өмнөөс манай хамар хашаанд хүргэн болж ирсэн цагаас эхлэн найзалж нөхөрлөж байна. Э. Алтантулга нь манай хажуугийн хашаанд хадмуудын хамт амьдардаг бөгөөд харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан гэртээ хааяа ирээд, заримдаа найзынхаараа амьдардаг болсон. Тухайн хашаандаа байшинд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Онцгой байдлын албанд гал сөнөөгчөөр ажиллаж байгаад гарсан. Сүүлийн хэдэн жил хувиараа ажил хийж байгаа. Э.А нь хүнтэй эелдэг боловсон харьцаж, тусархуу зантай хүн байгаа. Хүмүүстэй маргалдаж муудсан талаар би сонсож байгаагүй. Бидний хоорондын харьцаанд маргаан үүсч байгаа. Би ан хийж байсан талаар огт мэдэхгүй. Э. Алтантулга өөрөө надад ан хийж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаараа хэллээ. Э. Алтантулгын санхүүгийн талаа би мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 29 тал/, 

Гэрч Б.Бавуудоржийн: “2015 оны үед Э.Ад машин худалдан авах гэж байгаад танилцсан. 2020 оны 11-р сарын эхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзангийн даваа гэх газар руу Э.А, Пүрэвдагва /Ука/ нарын хамт самарт явж 26, 27 хоног болсон. Э.А ан хийснийг мэдэхгүй. Э. Алтантулга богинохон буу үүрчихсэн явсан. Өөр зүйл мэдэхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 30 тал/,

Гэрч Ч.Пүрэвдагвын: “Би Э.А урьд өмнө нь нэг удаа таарч байсан бөгөөд 2020 оны 11-р сарын эхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзангийн давааны ар руу самарт хамт явахдаа танилцсан. Ан хийсэн талаар мэдэхгүй. Самарт явж байхдаа богинохон буу үүрч явсан. Гэхдээ Э.А бид хоёрыг орхиод өвсний газар руу морьдоо хооллохоор явсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 34-35 тал/,

Гэрч С.Баасанхорлоогийн: “Би Г.Цогтгэрэлийг таньж мэдэхгүй мөн ямар нэг найз нөхөд хамаатан садны холбоо байхгүй ээ. Гэхдээ 2020 оны 11-р сарын сүүлээр Г.Цогтгэрэл гэх хүнийг гахай алсан гэж бусдаас сонсоод Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Билэгсайхан, хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Эрдэнэбилэг, байгаль орчны хяналтын улсын байцаагч Алтантүлхүүр, постны зохицуулагч Баттулга нарт ийм мэдээлэл байна гэж  хэлэхэд тэд нар явж шалгахад гахай биш буга болж таарсан гэж байсан. самарт явж байгаа явуулын хүнээс би сонссон. Би тэр хүнийг танихгүй ээ. Тэр үед Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран хяналт шалгалт хийх үед самарт явж байсан иргэн машин нь эвдэрчихсэн гэх шалтгаанаар Мойлтын эрээний постод орж түр байрласан. Тэгэхэд л тэр хүн тийм зүйл ярьж байсан. Үүний дараа манайхаас холбогдох шалгалтыг хийхэд гахай болон түүний эд эрхтэй байгаагүй харин дараа нь сонсоход бугын мах гэж сонссон бүр сүүлдээ Хандгай гэж дам сонссон. Хэчнээн хандгайг хаана агнасан талаар мэдэх зүйл байхгүй. 20-30 орчим км зайтай байгаа бай гэж бодож байна. Энэ хоёр газар нь нэг бүсэд байдаг тул Хан Хэнтийн дархан цаазат газарт хамаарагддаг юм. Э.А би таньж мэдэхгүй ээ. Надад өөр нэмж хэлэх юм байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 186-187 тал/,

Гэрч М.Батхишигийн: “Э.А бид хоёр 6-7 орчим жилийн өмнөөс эхлэн бие биенийгээ таньж мэддэг болоод одоо сайхан найзалж нөхөрлөж байна. бид хоёрын хувьд ямар нэг хамаатан садны холбоо бол байхгүй ээ. Манай найз Э. Алтантулга нь 2019 онд үеэр усны аюулаас манай ээжийг аварч байсан учраас би хүндэлж явдаг. Тэр үед манай ээж жимсэнд Төв аймгийн нутагт байх Нэрстэй тохой гэх газарт явж байгаад үеэр усанд боогдоод, хоол ундгүй болоод, явж байсан машинаа усанд живүүлчихсэн байхад нь манай найз аварч байсан юм. зан байдлын хувьд хамт олонч, нийтэч, хөгжилтэй, баг хамт олныг уриалж манлайлах чадвартай, бусдад их тусалдаг тусч хүн. Муу зуршил гэвэл тамхи татдаг архи уудаггүй, жоохон зандруу хүн. Миний мэдэж байгаагаар гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянхошуунд оршин суудаг. Би сайн мэдэхгүй байна өөрөөс нь бага зэрэг сонсоход балраад явж байгаа гэж л хэлсэн яг нарийн болсон асуудлыг надад хэлж яриагүй ээ. Надад өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 188-189 тал/,

Гэрч Э.Пүрэвдоржийн “Г.Цогтгэрэл нь манай хадам эцгийн эгчийнх нь хүү байгаа юм. Хараал ерөөл хэлээд байдаггүй. Тамхи татдаг, архи дарс уудаггүй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан. Тэрэлжийн хойд талд байдаг Дунд баян гэх газарт дүүтэйгээ амьдардаг ба хэдэн үхэр малтай. Ямар учраас цагдаагийн байгууллагад байгааг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 190 тал/,

Шүүгдэгч Э.А гэрчээр мэдүүлсэн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзангийн даваа гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын эхээр нутгийн айлын хүн Н. Цогтгэрэл, Тэрэлжид амьдардаг Бавуу, Ука, Улаанбаатар хотын харьяат Бажга, Билгээ нарын хамт очиж самар түүхээр очсон. Тэнд очихдоо замдаа 2 хонож очсон бөгөөд Халзангийн даваанд очингуутаа Цогтгэрэл, Бажгаа, Билгээ нар буцаад явсан. Түүнээс хойш би Бавуу, Ука нартай 3-4 хонож байтал Цогтгэрэл өөрийн 4 дүүгийн хамт мөн Халзангийн даваанд ирж самар түүхээр болсон. Би Цогтгэрэл ахыг буцахаар нь хамт явж Цогтгэрэлийнд ирсэн. Би Цогтгэрэлийнд ирээд Улаанбаатар хот руу явах гэтэл короно вирус гарчихсан хөл хорио тогтоосон байсан болохоор түүний гэрт 3-4 хоночхоод нэг өдөр Тэрэлж рүү явсан. Тэрэлжид очоод танил Алтанхуяг гэх хүний сайга маркийн бууг гэрийн үүдний амбаараас хэлэлгүй авч явсан. Тэгээд Цоггэрэлийнд очиж Халзангийн даваа руу самар түүхээр буцахдаа түүнтэй хамт явсан. Халзангийн Давааны ард ард очиход Түнхэл тосгоны гэх ЗИЛ-131 маркийн з автомашинтай 11-12 иргэн байсан бөгөөд өмнө  өөрийн түүсэн самрыг ачиж Түнхэлд очиж тушаахаар тохирсон боловч хөлс нь үнэтэй хэлж байсан. Тэр үед Естийн рашаан руу морьтой явахаар болсон. Би ганцаараа Естийн рашаан руу дөхөж явтал машины мөрөн дээгүүр амьтан бололтой цустай мөр гараад явчихсан байхаар нь хэсэг мөрийг нь дагатал буга хэвтчихсэн харагдсан. Тэгэхээр нь би өөрийн үүрч явсан сайга маркийн буугаар нэг буудаж агнасан. Тэгээд цааш явж Естийн рашаан дээр очтол ЗИЛ- 131 маркийн автомашинтай хүмүүс байхгүй байсан болохоор нь буцаж явахдаа агнасан бугын мах самарт явж байгаа хүн хэрэгтэй гэж бодоод хоёр гуяны мах, арьсыг нь аваад шуудайнд хийж ганзагалан явсан. Би самар түүж байсан отог дээр ирсэн бөгөөд тэдгээр хүмүүсийг уулнаас бууна гэж байсан болохоор буга агнасан талаараа хэлээгүй. Тэгээд би түүж бэлтгэсэн 1 тонн орчим самраа ЗИЛ-131 маркийн автомашинд ачиж Түнхэл рүү явахаар болсон бөгөөд агнасан буганы ууттай махыг давхар уутанд хийгээд Цогтгэрэлд өгч миний юм байгаа юм гэртээ аваачиж хадгалж байгаарай гэж явуулсан. Би Түнхэл рүү явж тэнд очоод 2 хоноод Улаанбаатар хотоор дайран танил Төөгий гэх хүнээр хүргүүлэн Цогтгэрэлийнд очиж би цааш самар түүхээр уул руу явж байгаад өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Цогтгэрэлийнд иртэл миний өгсөн зүйлийг бугын мах гэдгийг цагдаа мэдсэн гэсэн учраас шууд Улаанбаатар хотод ирж одоо мэдүүлэг өгч байна. намайг амьтан агнахыг хүн хараагүй. Би ганцаараа явж байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Естийн рашааны орчим буга агнасан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. би өөрийн  хуурай ахын эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн морьтой явж байсан. танил Алтанхуяг гэх хүний эзэмшлийн сайга маркийн галт зэвсэг байгаа. Би хээр нуучихсан байгаа. Би буга агнасан газраа олчих байх, буу үлдээсэн газраа мөн олж чадна. Надад галт зэвсэг байхгүй. Би Гүржавын Цогтгэрэлд агнасан буганы махны талаар юу ч хэлээгүй. Намайг буга агнах үед морио хооллох гээд өөр газар явсан. Би миний зүйл байгаа юм хадгалж байгаарай л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/,

Шүүгдэгч Э.А гэрчээр дахин мэдүүлсэн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзангийн даваа гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын эхээр нутгийн айлын хүн Н. Цогтгэрэл, Тэрэлжид амьдардаг Бавуу, Ука, Улаанбаатар хотын харьяат Бажга, Билгээ нарын хат очиж самар түүхээр очсон. Тэнд очихдоо замдаа 2 хонож  очсон бөгөөд Халзангийн даваанд очингуутаа Цогтгэрэл, Бажгаа, Билгээ нар буцаад явсан. Түүнээс хойш би Бавуу, Ука нартай 3-4 хонож байтал Цогтгэрэл өөрийн 4 дүүгийн хамт мөн Халзангийн даваанд ирж самар түүхээр болсон. Би Цогтгэрэл ахыг буцахаар нь хамт явж Цогтгэрэлийнд ирсэн. Би Цогтгэрэлийнд ирээд Улаанбаатар хот руу явах гэтэл короно вирус гарчихсан хөл хорио тогтоосон байсан болохоор түүний гэрт 3-4 хоночхоод буцаад Г. Цоггэрэлийн хамт Халзангийн даваа руу самар түүхээр явсан. Тэр үед би өөрийн эзэмшлийн “Винтов” маркийн бууг үүрч авч явсан. Халзангийн давааны ард очиход Түнхэл тосгоны гэх ЗИЛ-131 маркийн 3 автомашинтай 11-12 иргэн байсан бөгөөд өмнө өөрийн түүсэн самрыг ачиж Түнхэлд очиж тушаахаар тохирсон боловч хөлс нь үнэтэй хэлж байсан. Тэр үед Естийн рашааны орчим ЗИЛ-121 маркийн автомашинтай хүмүүс байсан гэж сонсоод Естийн рашаан руу морьтой явахаар болсон. Би ганцаараа Естийн рашаан руу явахаар болж Халзангийн даваа руу уруудан явж байтал өглөө үүрээр ой модны захад хавцалд олон тооны чононд шахуулсан 3 тооны амьтан байсныг хараад хий буудтал чононууд үргэж зугтаасан. Би тэдгээр 3 амьтан руу ойртож очтол чононд хөөгдөж эцсэн,  тооны Хандгай байсан бөгөөд нэг нь чононд бариулж үхлүүт болсон нөгөө хоёр амьтан нь эцэж хөдөлж чадахгүйгээр хэвтээд өгөхөөр нь үүрч явсан буугаараа 3 удаа буудаж амийг нь тасалсан. Тэгээд би арьсыг нь авах гэтэл чононд бариулж олон тооны шарх авсан байсан болохоор нь 4 хөлийг нийт 12 шилбэний арьсыг нь авч, цул махнаас нь 2 шуудайнд хувааж хийж унаж явсан мориндоо ганзагалан цааш Естийн рашаан руу явсан. Тэр газраас 7-8 километр явж байтал цасан дээгүүр явсан амьтны цустай мөр байсан бөгөөд мөрийг нь дагаад явтал 3 тооны амьтантай адил Хандгай чононд бариулан үхсэн байсан бөгөөд ойр орчмын мөрийг нь хартал олон тооны чононы мөр байсан. Би мөн адил 4 шилбэний 4 шилбэний арьсыг өвчин авч ганзгалсан. Тухайн үед чононы ороо орж нийлчихсэн сүрэглэн амьдрах үе байсан юм. Тэгээд цааш явж Естийн рашаан дээр очтол ЗИЛ-131 маркийн автомашинтай хүмүүс байхгүй байсан болохоор нь буцаж самар түүж байсан отог дээр ирсэн бөгөөд тэдгээр хүмүүсийг уулнаас бууна гэсэн болохоор нь буцаж самар түүж байсан отог дээр ирсэн бөгөөд тэдгээр хүмүүсийг уулнаас бууна гэж байсан болохоор Хандгай агнасан талаараа хэлээгүй. Би түүж бэлтгэсэн 1 тонн орчим самраа ЗИЛ-131 маркийн автомашинд ачиж Түнхэл рүү явахаар болсон бөгөөд агнасан Хандгайн ууттай махыг давхар уутанд хийгээд Г. Цогтгэрэлд өгч миний юм байгаа юм гэртээ аваачиж хадгалж байгаарай гэж явуулсан. Би Түнхэл рүү явж тэнд очоод 2 хоноод Улаанбаатар хотоор дайран танил Төөгий гэх хүнээр хүргүүлэн Цогтгэрэлийнд очиж цааш самар түүхээр уул руу явж байгаад өмнө буюу 2020 оны 1- дугаар сарын 07-ны өдөр Цогтгэрэлийнд иртэл миний өгсөн зүйлийг Хандгайн мах гэдгийг цагдаа мэдсэн байсан . Би шууд Улаанбаатар хотод ирж мэдүүлэг өгөхдөө айсан учраас 1 тооны буга агнасан гэж худал мэдүүлэг өгсөн юм. Одоо болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлж байна. намайг амьтан агнахыг харсан хүн байхгүй, би ганцаараа явж байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Естийн рашааны урд уул, Халзангийн давааны арын ууланд 3 тооны Хандгайг агнасан, нэг нь чононд бариулж үхсэн байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдөр байх. Ямар нэг шалтгаангүй агнасан. Арьснууд нь шархтай байсан учраас шилбэний арьснуудыг нь өвчиж авсан. Би өөрийн эзэмшлийн хээр зүсмийн нас гүйцсэн морьтой явж байсан. 2020 оны намар, өвөл самарт байнга унаж явсан болохоор тарга авч чадалгүй цагаан сарын өмнө турж, эцээд цасанд үхсэн байсан. миний эзэмшлийн “винтов” маркийн галт зэвсгээр хандгайг агнасан. Энэ бууг ууланд нууж байгаад саяхан гэртээ авч ирсэн байгаа. Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр авч ирэн хураалгана. Би 2016-2017 оны өвөл Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ууланд явж байгаад танихгүй хүнээс 2 шуудай самраар сольж авч байсан. Би Хандгайг агнасан газраа олчих байх. Цас ихтэй учраас машин явахгүй байгаа. Хандгайн сэгийг чоно, гахай идчихсэн байх. Надад өөр галт зэвсэг байхгүй. Би Гүржавын Цогтгэрэлд агнасан хандгайн махны талаар юу ч хэлээгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсний дараа хэлсэн. Би Г. Цогтгэрэлд миний зүйл байгаа юм хадгалж байгаарай л гэж хэлсэн. Миний буудаж агнасан 3 тооны Хандгай нас гүйцсэн 3 эр Хандгай байсан бөгөөд чононд бариулж үхсэн Хандгай нас гүйцсэн, эм Хандгай байсан. Би Хандгайг Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад орсон гэдгийг мэдэхгүй. Би амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлнө.” гэх мэдүүлэг /хх-н 26-27 тал/,

 

Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн "2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын дагуу уг шинжилгээг хийж үзэхэд шинжилгээнд ирүүлсэн дээжний морфологи шинжээчээр Молцог хандгайн /Alces alces/ шилбэ, шийрний арьс мах бүхий нийт 4 бодголь амьтны дээж мөн болохыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн дээжинд морфлогийн болон генетикийн шинжилгээ хийж үзэхэд бүгд бие гүйцсэн 2 эм, 2 эр амьтан болох нь тогтоогдлоо. Молцог хандгай нь Монгол улсын хөхтөн амьтны улаан дансанд зааснаар бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй гэж үнэлэгдсэн Монгол улсын амьтны тухай хуулийн дагуу нэн ховор амьтан болно. Засгын газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд зааснаар Молцог хандгайн эр бодьгаль 10.000.000 төгрөг, эм бодьгаль 12.000.000 төгрөг байна.  

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг үндэслэн хоёр дахин нэмэгдүүлэн тооцвол 10.000.000+12.000.000=22.000.000 х 2 = 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөг ..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-58 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар болох Естийн рашаан гэх газраас Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтны жагсаалтад орсон 2 эм, 2 эр нийт 4 тооны молцог хандгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, экологи эдийн засагт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Шүүгдэгч Э.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Иймд шүүгдэгч Э.А улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, экологи эдийн засагт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

            Гэмт хэргийн хор уршиг болох 44.000.000 төгрөгийг 2 дахин нугалахад 88.000.000 /наян найман сая/ төгрөг болж байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь экологи эдийн засагт учирсан хохирлыг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хэргийн хамт ирсэн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “винтов маркийн Вок-980 загварын буу 1 ширхэг /ангийн зориулалттай/, ангийн түүхий эд болох 23.10 грамм жинтэй, 46 см урттай гадна хэсгээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон бүхэл мах, 15.00 грамм жинтэй гадна хэсгээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон /ан амьтны гаралтай түүхий эд болох хааны яс мэт/ 4 хэсэг ястай махтай, 12.90 грамм жинтэй, ан амьтны гаралтай 16 хэсэг арьс, гадна хэсгээрээ хар саарал өнгийн үстэй эд эрхтэн” зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Т овогт Э.А-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, экологи эдийн засагт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Э.А-г 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах ялаар сольсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг сануулсугай.   

 

5.Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аас 88.000.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулсугай.

 

6.Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүйг, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “винтов маркийн Вок-980 загварын буу 1 ширхэг /ангийн зориулалттай/, ангийн түүхий эд болох 23.10 грамм жинтэй, 46 см урттай гадна хэсгээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон бүхэл мах, 15.00 грамм жинтэй гадна хэсгээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон /ан амьтны гаралтай түүхий эд болох хааны яс мэт/ 4 хэсэг ястай махтай, 12.90 грамм жинтэй, ан амьтны гаралтай 16 хэсэг арьс, гадна хэсгээрээ хар саарал өнгийн үстэй эд эрхтэн” зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОТГОНЖАРГАЛ