| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/186 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болдбаяр,
улсын яллагч Г.Энхбат,
хохирогч И.Болормаа,
шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Х-д холбогдох 213400000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Л.Х, Монгол улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймаг Борнуур сум Нарт 4 дүгээр баг 124 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Л.Х нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газар 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр И.Болормааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би тухайн үед дүүгийн ажил явдлаас болоод бухимдсан байсан. Санамсаргүй ийм зүйл болсон” гэв.
Хохирогч И.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эмчилгээ хийлгэсэн 750.000 төгрөг болон нэг сар ажилгүй байсан цалин 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа“ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Төв аймгийн Цагдаагийн газарт И.Болормаагийн гаргасан өргөдөл/хх-01 тал/, хохирогч И.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08 тал/, шүүгдэгч Л.Хоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-09-11 тал/, хохирогч И.Болормаа гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-12-13 тал/, гэрч О.Гансүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-14 тал/, гэрч С.Мөнхтогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-16 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1095 дугаар дүгнэлт/хх-20-21 тал/, Л.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-31 тал/, Л.Хийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-32-35 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Х нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газар 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр И.Болормааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч И.Болормаагийн: “ ... 1-3-ны өдөр дүү өнгөрөөд хайрцаг энэ тэр юмнуудаа авч очтол дүүгийн эхнэртэй муудаад байж байтал манай төрсөн ах Х гарч ирсэн. Тэгээд намайг талийгаач дүү Отгондоржтой яагаад муудсан талаар асуусан. Тэгээд талийгаачийн зодог шуудгийг авах талаар муудаж байтал Хишгээ ах дундуур орж ирээд намайг хэл амаар доромжилж, хашаа руу унагааж алгадсан. Тэгээд дагзаараа савж унасан. Толгой өвдөнө. Хавиргаар хүндүүрлэнэ. Мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн. Дүүгийнхээ зодог шуудгийг авах талаар ярилцаж байхад дундуур орж ирж хэл амаар доромжилж 2 удаа алгадсан. Хашаа руу түлхэж унагаагаад дагзаараа савж унасан. Шүүхээр оруулж шийдвэрлэмээр байна. Мөн эмчилгээний зардалд гаргасан төлбөрийг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-08 тал/,
Гэрч О.Гансүхийн: “...2021 оны 01 дугаар сарын 01 өдөр 13 цагийн орчимд манай найз Болормаа хамт буцаж ирээд талийгаач дүүгийнхээ эдлэж хэрэглэж байсан бүс эд зүйлсийг авч явна гээд талийгаач дүүгийнхээ эхнэр Оюунсүрэнтэй хамт гарсан. Тэгээд удалгүй ардаас нь төрсөн ах Х гарсан ингээд байж байтал нэг хүүхэн гүйж орж ирээд Болороог Хишгээ алах гэж байна. Найздаа туслаарай гэж хэлсэн. Тэгээд би гарахад Хишгээ гэх ах нь Болороог хүзүүнээс нь боогоод цохиж байсан. тэгээд өргөж гэрийн хашааны модонд түлхэж унагаасан Тэгээд би тэр хоёрыг салгаад байж байтал дахин, дахин хоорондоо зууралдаж байсан. Тэгээд дахин Х Болороог хавсарч, алгадаж унагаасан. Тэгээд Болороо ухаан балартсан. Х зөвхөн гараараа цохиж байсан. Болороог нүүр лүү нь гараар нэг цохисон. Өргөөд үзүүртэй хашаан дээр давуулж шидэх гэж байгаад хашааны модон дээр алдсан. Дараа бас нэг удаа алгадаж хавсарч унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Гэрч С.Мөнхтогтохын: “...Би тухайн өдөр найз Хийн бага дүү Отгондоржийн ажил явдалд оролцох гээд Хийнд очсон. Тэгээд тэр үед Хийн төрсөн дүү болох Болормаа гэх эмэгтэй байж байгаад Болормаа талийгаач Отгондоржийн зодог шуудгийг өөрөө авахаар Отгондоржийн эхнэртэй эхлээд маргалдсан. Тэгээд буцаж ахтайгаа маргалдаж байгаап Х гэрт оруулах гээд түлхэхэд хашаа налаад унасан. Тэгээд толгойгоороо газар хүчтэй савж унасан. Өөр зодсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Л.Хийн гэрчээр мэдүүлсэн: “...Манай төрсөн дүү талийгаач Отгондоржийн ажил явдалд манай төрсөн ахын дүү И.Болормаа Борнуур сумын Нарт 4-р багийн нутагт байх манай гэрт ирсэн. Ингээд Ховд аймгаас ирсэн И.Отгондорж талийгаач эхнэр У.Оюунсүрэн 2021 оны 01 сарын 04-ний өдөр хонохооргүй шууд буцахаар болсон тэгээд талийгаачийн бурхан, бүс, даллага авсан арвай зэргийг эхнэр Оюун ирж авч явна гэтэл манай дүү Болормаа хэрүүл хийж байгаад аваад үлдсэн тэгээд мөн Зодог шуудаг нь эхнэр нь авах гэтэл дахин булаацалдсан тэгээд эхнэр нь авч явсан тэгээд Болороо зодог шуудаг хүнд өгөөд явчихлаа гээд бөөн хэрүүл маргаан хийж байсан тэгээд манай гэрт орж ирэхээр дайрахад нь би дүүгээ гэртээ оруулахгүй гэж түлхээд унагаасан тэгээд өөр зодсон цохисон асуудал байхгүй. Дүүгийнхээ ажил явдалд ирээд хэрүүл хэл ам хийгээд яваад байхаар нь би жоохон уурласан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Яллагдагч Л.Хийн: “... 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр байх одоо он, сараа сайн санахгүй байна. Миний төрсөн дүү И.Отгондоржийн буяны ажилд манай төрсөн дүү И.Болормаа Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багт байх манай гэрт ирсэн. Ховд аймгаас талийгаачийн эхнэр У.Оюунсүрэн ирээд манай гэрт хонохооргүй шууд явахаар болсон тэгээд талийгаачийн бурхан, бүс, даллага авсан аврай зэргийг эхнэр Оюунсүрэн авч явах гэтэл манай дуу И.Болормаа хэрүүл хийж хийж эхлэхээр нь би дундуур нь орж загнаж дүү И.Болормааг түлхэж унагаасан. Буяны ажилд ирчхээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би уурлаад загнаж түлхэж унагаасан юм. Би бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. Төлж барагдуулна. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 1095 дугаартай “1.И.Болормаагийн биед баруун 4,5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Л.Х нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газар 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр И.Болормааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Л.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Л.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч Л.Хид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Х нь хохирогч И.Болормаад 750000 төгрөг төлсөн, хохирогч И.Болормаагийн 1000000 төгрөгийн ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Х-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Л.Х-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-ийг 550/таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000/таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь хохирогч И.Болормаад 750000 төгрөг төлсөн, хохирогч И.Болормаа нь 1000000 төгрөгийн ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Х урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ