Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2017/00445

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянлиг сум 3 дугаар багт оршин суух, ВУ56121519 регистрийн дугаартай, Сумъяа овогт Гончигдоржийн Чулуунхүүгийн Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Г.Чулуунхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1942 онд төрсөн. Миний бие 1972 онд Монголын хүүхэд Залуучуудын эвлэлийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрт хувиарлагдан Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан оч нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээчнээр хувиарлагдан очиж байсан. Улмаар нэгдэлдээ 1976 оны 06 сарын 07 ныг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж нэгдлийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдөж байсан. Цэргийн албыг 3 жилийн хугацаагаар хаагаад 1979 оны 07 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар Баянлиг сумын бригадад сувилагчаар томилон ажиллуулсан.

Тус сумандаа сувилагчаар 1986 оны 08 сар хүртэл ажилласан бөгөөд Анагаах ухааны дунд сургуульд явахаар болж сувилагчын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 1988 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж 8 сарын 10-ны өдрөөс эхлэн тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар орж, 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан. Миний 1972 оноос 1994 он хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Улаан-Оч нэгдэлд тэмээчнээр, тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? ...гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа:

Г.Чулуунхүү нь 1988 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж 8 сарын 10-ны өдрөөс эхлэн тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар орж, 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан. Тэрээр 1972 оноос 1994 он хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд тэмээчнээр, хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг, шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар Г.Чулуунхүүгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 196 дугаар архивын лавлагаа, 1972, 1985 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1972 оны 07 сарын 15-ны өдрийн 06, 1976 оны 06 сарын 07-ны өдрийн 11 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1979 оны 07 сарын 09-ний өдрийн 96 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Чулуунхүү нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Чулуунхүү нь 1972 оны 07 сарын 15-ны өдрөөс 1976 оны 06 сарын 07-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд тэмээчин, 1979 оны 07 сарын 09-ний өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 196 дугаар архивын лавлагаа, 1972, 1985 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1972 оны 07 сарын 15-ны өдрийн 06, 1976 оны 06 сарын 07-ны өдрийн 11 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1979 оны 07 сарын 09-ний өдрийн 96 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд Г.Чулуунхүүгийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сумъяа овогт Гончигдоржийн Чулуунхүүгийн 1972 оны 07 сарын 15-ны өдрөөс 1976 оны 06 сарын 07-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд тэмээчин, 1979 оны 07 сарын 09-ний өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.Чулуунхүү нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ