Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 752

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х б” ХХК ,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н

Гомдлын шаардлага: “... улсын ахлах байцаагч Б.Нийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Ж, өмгөөлөгч З.С, хариуцагч Б.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1802000064 дүгээр тогтоолоор Зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 дүгээр Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 493.387.520 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Манай банкнаас шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үүний дагуу манай банкнаас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/7525 дугаарт албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/1244 дүгээр албан бичгээр “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Нийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 дүгээр Шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг өгсөн.

Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 -д заасны дагуу тус шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргаж байна.

Хоёр. Гомдлын хууль зүйн үндэслэл

2.1-д Тус банкнаас харилцагч нарт тавьсан шаардлагын үндэслэл:

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,4-д “Банк өөрийн харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг онцгой анхаарахад чиглэсэн арга хэмжээ авах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр баталж, мөрдүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Түүнчлэн Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны А162/195 тоот хамтарсан тушаалаар “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд үүгээр банкинд харилцагчийн эрсдэлийг тогтоох, үнэлэх, холбогдох арга хэмжээг авах үүргийг хүлээлгэсэн.

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ийн Ази номхон далайн бүсийн байгууллага (АРС)-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг 2016 онд хийсэн. Уг үнэлгээгээр Банк бус санхүүгийн байгууллага болон ломбард нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй, хяналт сул гэж дүгнэсэн. 2017 онд АРС-ээс Монгол Улсын хэмжээнд шалгалт явуулж, үр дүнг дүгнэн, улмаар Монгол Улсын Засгийн газарт хугацаатай үүрэг, зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу Монгол банкнаас арилжааны банкуудад харилцагчийн эрсдэлийг тогтоон, холбогдох арга хэмжээг авахтай холбоотой журам, заавар үүргийг өгсөн.

Олон улсын эрх бүхий байгууллага, Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийн дагуу Х бны зүгээс өндөр эрсдэлтэйд тооцсон харилцагч болох банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хяналт тогтоох, эрсдэлийг бууруулах зорилгоор харилцан хамтын ажиллагаа санал болгож ажиллаж байгаа.

Энэхүү ажлын хүрээнд өндөр эрсдэлтэйд тооцсон Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчдад зориулан эрсдэлийг бууруулах зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу өндөр эрсдэлтэй этгээдийн харилцагчаар бүртгүүлэх, шинээр данс нээх, хаах хүсэлт бүрийг бүртгэлийн ажилтан Х бны хэрэгжилтийг дэмжих нэгж /комплеансийн газар/-д хүргүүлж, тэндээс зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хүсэлтийг шийдвэрлэдэг байх, үүнтэй холбоотойгоор нэмэлтээр үүсэх ажлын ачаалал, үйл ажиллагааг нь харгалзан үзсэний үндсэн дээр тус сегментэд тохирох тусгай шимтгэл, хураамж бүхий бүтээгдэхүүнийг бий болгосон.

Энэ нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 "Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн уйлчшгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзуүлнэ’’, мөн хуулийн 11.3 "Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж заасантай нийцсэн үйл ажиллагаа юм.

Улсын ахлах байцаагч Б.Н дээр дурдсан зорилгыг огт хэрэгсээгүй бөгөөд шийдвэр гаргахдаа энэ талаарх мэргэжлийн бусад байгууллагын харилцан туслалцааг авч, асуудлыг иж бүрнээр шийдэх боломжтой байсан боловч хөнгөн хуумгай шийдсэн ба маргаж буй шийдвэрээс үүдэх үр дагаврыг шүүх анхааралдаа авна гэж бодож байна.

2.2.      Хууль, тогтоомж буруу хэрэглэсэн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь Шийтгэлийн хуудас ногдуулахдаа тус банкийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Нэгдүгээрт Х б нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, зүүн, төв, хангайн бүс1 буюу орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Х бийг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/428 дугаартай магадлалаар уг тогтоолыг илт хууль бус буюу анхнаасаа гарах ёсгүй байсан захиргааны акт болохыг тогтоосон болно.

Хоёрдугаарт Гомдол гаргасан “Х к” ХХК, “З г” ХХК, “С ф” ХХК-ууд нь Улаанбаатар хотод бүртгэлтэй хуулийн этгээдүүд болно.

Эдгээр компаниуд нь манай банктай анх харилцагчаар бүртгэгдэж, данс нээлгэхдээ Х бны Баянгол салбарын харьяа Андууд тооцооны төв дээр бүртгүүлж, данс нээлгэсэн. “Х к” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, “З г” ХХК нь 2017-01-13-ны өдөр банкны данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлт, баталгаат гарын үсэг, тамганы загварын маягтыг бөглөж дансаа нээлгэснээр тус банкны харилцагч болсон бөгөөд Улаанбаатар хот Баянгол дүүргийн, 3 дугаар хороо, Замчдын гудамж, 84-2 тоот гэсэн хаягтайгаар бүртгүүлж, дансаа нээлгэж, гүйлгээ хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Баянгол салбарын Андууд тооцооны төвийн харилцагчийн бүртгэлтэйгээр харилцаж байгаа болно.

Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ”, 28.2 “Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна”, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 “Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно” гэж тус тус зааснаар гомдол гаргагч хоёр компани нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, Улаанбаатар хотод байршилтай манай банкны салбартай хийсэн гэрээний дагуу банкны үйлчилгээ авдаг компани юм.

Гуравдугаарт Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 зааснаас үзэхэд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба үүнийг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг” гэж ойлгохоор заажээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байна.

Эдгээрээс үзвэл гомдол гаргагч Банк бус санхүүгийн байгууллагууд нь манай банкны өрсөлдөгч биш ба манай компани хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргаагүй, хэрэглэгчийг хясан боогдуулсан зүйлгүй, давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба дээрх хуулийн зохицуулалтууд манай банкинд огт хамааралгүй юм.

Ийнхүү, Улаанбаатар хотод давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш этгээдэд; торгох шийтгэл ногдуулах нөхцөл (үндэслэл) бүрдээгүй байхад холбогдох хууль тогтоомж, бусад шийдвэр, бодит нөхцөл байдлыг харгалзалгүйгээр гаргасан шийтгэлийн хуудсыг хууль бус акт гэж үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Нийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х к” ХХК, “З г” ХХК, “С ф” ХХК нар нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж “Х б” ХХК Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон барьцаалан зээлдүүлэх газрын харилцах дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг жилийн хүүг 0 хувь, данс хөтөлсний хураамжийг сарын 5000 төгрөг болгох нөхцөл тавьж энэ нөхлөөр гэрээгээ шинэчлэн байгуулах, шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлах, зарлагын гүйлгээ хийхгүй гэсэн шаардлага тавьсан нь хууль зөрчсөн гэсэн гомдлыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас улсын ахлах байцаагч Б.Н 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээж 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 0005721 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж гомдол гаргагчид 493, 387,520 төгрөгийн торгууль оногдуулсан. Гомдол гарагчийн зүгээс шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангуулах, гомдол гаргагчийн хүсэлтийг хангаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Гомдлын хууль зүйн үндэслэл нь тус банкнаас харилцагч нарт тавьсан шаардлагын үндэслэл нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх банк өөрийн харилцагч, үйлчилгээ, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэж өндөр эрэсдэлтэй харилцагч, үйлчилгээ бүтээгдэхүүнийг онцгой анхаархад чиглэсэн арга хэмжээг авах, мөнгө угаах болон  терроризмыг санхүүжүүлэхэд чиглэсэн дотоод хяналтыг баталж мөрдүүлэх үүрэгтэй гэж заасан. Үүнээс гадна Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А/162197 хамтарсан  тушаалаар баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны журмыг баталсан. Уг журамд банк харилцагчийнхаа эрсдлийг өөрсдөө үнэлж тогтоогоод эрсдлийг бууруулах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсэн. Мөн мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагын Ази номхон далайн бус буюу APCH гэх байгууллага байдаг. Энэ байгууллагаас Монгол улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдлийн үнэлгээг 2016 онд хийсэн байдаг. Энэ үнэлгээгээр банк бус санхүүгийн байгууллага болон ломбард нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй. Зохицуулагч байгууллагын хяналт сул, ломбардад бүр хяналт байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2017 онд Ази номхон далайн бүс нутагт мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээг Монгол улсын хэмжээнд шалгалт явуулж, үр дүнг нь дүгнээд Засгийн газарт хугацаатай үүрэг зөвлөмж өгсөн. Энэ нь Ширланк Улсын нийслэлд 2017 онд болсон. 2019 оны 10 дугаар сар хүртэл мөнгө угаахтай холбоотой эрсдэл байгаа банк санхүүгийн байгууллага, ломбард санхүүгийн бусад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа нотариат, аудитын компани зэрэг мэргэжлийн оролцогчдынхоо мөнгө угаахтай холбоотой хуулиар хүлээсэн чиг үүргийг нь хүлээлгэж хяналтын системийг сайжруулах үүрэг өгч хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол 2019 оны 10 дугаар сард саарал жагсаалтад оруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан сэргийлэх журам баталж банкиудад өндөр эрэсдэлтэй харилцагчаа тодорхойлж шаардлагатай арга хэмжээ ав. Хэрэв өндөр эрсдэлтэй харилцагч нар чинь шаардлага хангахгүй өндөр эрсдлээс давж байвал тэр харилцагч нараас харилцаагаа цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхийг банкны гүйцэтгэх удирдлагад өгсөн.

Үүнтэй холбоотойгоор банкны зүгээс өндөр эрсдэлтэй тооцсон харилцагч болох банк бус санхүүгийн байгууллага, ломбард зэрэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд нэмэгдүүлсэн хяналт тогтоох, өөр бусад харилцагч нар буюу эрсдэлгүй буюу энгийн гэж тооцож байгаа харилцагч нараас өндөр буюу нэмэгдүүлсэн хяналт тогтоох шаардлага үүссэн. Эрсдлийн бууруулах зорилгоор хамтын ажиллагаа санал болгож ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд өндөр эрсдэлтэй гэж тооцсон санхүүгийн байгууллагын тухайлсан харилцагчид зориулж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар эрсдлийг бууруулах зорилгоор өндөр эрсдэлтэй этгээдийн харилцагчаар банкинд бүртгүүлэх шинээр данс нээх, хаах, болон гүйлгээнд нэмэгдүүлсэн хяналт тавих чиг үүргийг өмнө нь банкны бүх тооцооны төв нэгжүүд хийдэг байсан бол үүнийг төв банкны нэгж дээр буюу мөнгө угаахтай холбоотой банкны чиг үүргийг хэрэгжүүлдэг газарт төвөлрүүлж тэндээс зөвшөөрөл хүсэж, зөвшөөрлийг олговол харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэдэг байхаар өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор техникийн болон программын шинэчлэлт хийх нэмэлт зардал гарсан. Мөн үйл ажиллагааны зардал ихэссэн. Ажлын ачаалал нэмэгдсэн. Үүнд тааруулсан тусгай шимтгэл хураамжийн бүтээгдэхүүнүүдийг энэ байгууллагуудад санал болгосон” гэв.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жийн өмгөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн хэргийг бүхэлд нь авч үзвэл эргэлзээтэй хэд хэдэн зүйл байна. Зөрчлийн хэргийн 23, 24 дүгээр талд авагдсан Х б ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийн гол утга нь гэрээгээ шинэчлэн шаардлагатай гэсэн утгатай. Мөн өөрийн байгууллагыг хариуцсан Андууд тооцооны төвийн дугаарт холбогдож холбогдох мэдээллийг авна уу гэсэн. Тэгэхээр уг албан тоотоор Улаанбаатар хотод байдаг компаниудад хандаж харилцдаг салбартайгаа харилцана уу гэсэн мэдэгдэл хүргэсэн. Тэгэхээр талуудын хооронд хэдийнэ үүссэн Иргэний хуулиар зохицуулагддаг үүргийн эрх зүйн харилцаа байсан. Үүргийн эрх зүйн харилцаагаа талууд байгууллагын харилцах данс, хугацаагүй хадгаламж, цахим үйлчилгээний гэрээгээр зохицуулдаг.  Гэрээний нэг тал нөгөө төлдөө үүргийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд шаардлага, санал хүсэлт гаргаж болно. Үүнийг нь хүлээж авахгүй бол үүргийн эрх зүйн маргаан үүснэ. Үүргийн эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэдэг. З г ХХК, Х к ХХК нарын нь нэг хувьцаа эзэмшигчтэй. Тэгэхээр энэ нь олон байгууллагын асуудал биш нэг л хүнд таалагдаагүй асуудал байна.  Саарал жагсаалтын эсрэг авч хэрэгжүүлж байгаа банкны бодлого нэг л хүнд таалагддаггүй. Түүний үр дүнд гомдол гаргахдаа албаар орон нутгийн баланк дээр хэн нь мэдэгдэхгүй хүн гарын үсэг зурж гаргасан. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийг төлөө газар энэ бол орон нутагт байдаг  байгууллага гэж тайлбарлаж байна.  Шийтгэлийн хуудсанд 2 хуулийн заалтыг баримталж хагас тэрбум төгрөгийн өрөнд Х б ХХК-ийг оруулсан. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримталсан гэж байна. Үүнд хоёр нөхцөл шаардаж байгаа. Давамгай байдалтай аж хауй эрхлэг, ноёлох үйл ажиллагаа явуулсан бол гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол гэж заасан. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг хэлнэ гэж заасан. Хаан боогдуулсан зүйл байхгүй. Зах зээлээс шахан гаргах зорилго байхгүй. Хэрэв уг хоёр компанийг шахан гаргах зорилгоор ийм үйл ажиллагаа явуулсан байна гэвэл тэр нь зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх ёстой. Зах зээлд боруулж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ зэргийг хязгаарласан зүйл байхгүй. Энэ хоёр компани Х б ХХК-ийн өрсөлдөгч биш. Танай байгууллага зээл олгодог юм байна танай хүү банкны хүүнээс доогуур хүүтэй байна. Тиймээс хүүгээ банкны хүүтэй ижил болго гэх мэтээр шаардлага тавьбал бүтээгдэхүүний тоо хэмжээнд орсон байна гэж үзнэ. Гэтэл тийм зүйл байхгүй. Улсын бүртгэлийн лавлагаагаар Улаанбаатар хотод байрладаг гэдгийг тогтоосон. Иргэний хуульд зааснаар хуулийн этгээдийн оршин байгаа газар нь улсын бүртгэлд бүртгэснээр үйл ажиллагаа нь тодорхойлогддог. Эрх эдэлж үүрэг хүлээдэг этгээд. Үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор салбар нээж болно. Салбарыг мөн Иргэний хуулиар зохицуулсан. Салбар нь хуулийн этгээдийн эрхгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд орон нутгийн банкны салбартай эдгээр компаниуд нь харилцдаггүй. Орон нутагт тусдаа данс байхгүй. Тиймээс хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан. Хувийн эрх зүйн харилцаанд зөрчил байна. Бидэнд хүлээн зөвшөөрөхөөргүй гэрээний нөхцөл тулгаж байна гэж үзвэл энэ нь үүргийн эрх зүйн маргаан юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийг төлөө газрын оролцох маргаан биш. 2018 оны 2 дугаар сард болсон үйл явдал. Өнөөдөр саарал жагсаалтын асуудал ил зарлагдлаа. Үүнээс өмнө саарал жагсаалтын асуудал яригдаж байсан. Эдийн засаг хүндэрнэ гэдэг зүйл явж байсан. Үүнийг илэрхий тодорхой зарлаагүй. Банк нь олон харилцагчтай эмзэг байгууллага түүнийг хэрвээ банк мэдээллэх юм бол харилцагчид хадгаламжаа цуцлах, төгрөгийг вальют болгож авах гэх мэт эдийн засгийн хувьд эрсдэлтэй байсан. Тиймээс шууд дурдах боломжгүй байсан. Х б ХХК-ийн илгээсэн бичиг яагаад орон нутгийн компанийн гомдлын үндэслэл болсон зэрэг олон асуудал байна. Гомдол гаргасан нэг компани нь гомдлоосоо татгалзсан. Тэгэхээр яах ёстой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Яагаад өрсөлдөөнтэй холбоотой вэ гэх мэт олон асуудал байна. Энэ бүрхэн эцэслэн мухарлагдаагүй байгаа. Зөрчил гэж юу вэ гэдгийг Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд тодорхой заасан. Хуулийг зөрчсөн үед хэм хэмжээний тухай ярихгүй тул хууль зөрчсөн байх ёстой. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн зөрчсөн гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэвч хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэв.

 

Хариуцагч Б.Нээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Х б” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү тайлбарыг хүргүүлж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Х к” ХХК-иас /Орхон Баян-Өндөр сум, Зэст баг, Мэдээлэл холбооны байр, 315 тоот/, “З г” ас/Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3-р баг, Баянмөнх төв 107 тоот”, “С ф”-иас /Сүхбаатар дүүрэг,1-р хороо, Гурван гол 503 тоот/ 2018 оны 2 дугаар сарын 22, 2 дугаар сарын 28-ны өдөр тус тус дараахь агуулга бүхий гомдлуудыг гаргасан.

Гомдлын агуулга: “Х б” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд болон барьцаалан зээлдүүлэх /ломбард/ газартай байгуулсан гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан, төгрөгийн харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авах нөхцөлтэйгөөр гэрээг шинэчлэн байгуулахыг тулган, шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй гэх мэдэгдэл данс эзэмшигчдэд хүргүүлсэн” гэх гомдлуудыг гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд Өрсөлдөөний тухай хууль зөрчих гэж заасан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.16 дугаар зүйлд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зөрчлийг харьяалуулсан байдаг. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж заасны дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналтанд Ш2000064 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан.

Хяналт шалгалтаар “Х б” ХХК нь бусад харилцагч аж ахуйн нэгжүүдийн харилцах дансны үлдэгдлийг 20,000 төгрөг, данс хөтөлсний хураамж авахгүй нөхцөлтэй гэрээ байгуулсан байдаг ба “Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани болон ломбардуудтай байгуулсан гэрээний нөхцөлийг өөрчлөн харилцах дансны үлдэгдлийг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж /сарын/ 5000 төгрөг гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахыг тулгасан нь “Х б” ХХК-иас данс эзэмшигч байгууллагуудад хүргүүлсэн албан бичгүүд болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Х б ХХК-иас өгсөн тайлбар, мэдүүлэг, “Х б” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 дугаар Захиралын тушаал болон бодит нөхцөл байдалд тушаалын дагуу байгуулсан гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тодорхойлсны дагуу “Х б” ХХК-ийн дээр дурдсан баримтаар тогтоогдсон. үйл ажиллагаа нь зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харшлах аливаа үйл ажиллагаанд хамаарсан эсэхийг дараахь байдлаар тогтоон шийдвэрлэсэн.

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасны дагуу Монголын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор  баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу Банкны зах зээлийн судалгааг хийж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны 19 дүгээр тогтоолоор “Х б” ХХК-ийг баруун, зүүн, гөв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд “Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд” давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.

Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэсний хүрээнд Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч буюу “Х б” ХХК-ийн гэрээ байгуулах санал гаргах гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах эрх, үүрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэсний хүрээнд зохицуулагддаг.

Харин Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг;” гэж, 7 аар зүйлийн 7.1.3-т “...зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах,..”, 7.1.5.”... үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 7.1.11-т “бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих”-ыг хориглоно гэж тус тус Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтыг нарийвчилсан байдлаар хориглосон үйл ажиллагааг журамлан заасан бөгөөд “Х б” ХХК нь дээр дурдсан ноёлох үйл ажиллагааг явуулсан болох нь  баримтаар нотлогдон тогтоогдсон юм.

Мөн түүнчлэн хяналт шалгалтын явцад “Х б” ХХК-ийн зүгээс дээр дурдсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/127 тоот захирлын тушаалаар цуцалж, хуучин мөрдөж байсан гэрээний нөхцөлөөр санхүүгийн байгууллагын харилцагч нартаа гэрээгээ шинэчлэн байгуулсан нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болж байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/1595 дугаар албан бичиг, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо төрийн бус байгууллагуудын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2018/016 дугаар албан бичгээр тус тус Х б ХХК-ийн дээр дурдсан хууль бус үйл ажиллагааг шалган шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн.

“Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтооход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ” гэж, 4.1.1-т “өрсөлдөгч, хэрэглэгч, худалдан авагчийн байршил, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэр” гэж заасан байна.

“Х б” ХХК нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус компанийг баруун, зүүн төв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд “Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд” давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон бөгөөд түүний эдгээр бүс нутгийн хэмжээнд явуулж буй үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлээр хориглолт хязгаарлалтад хамаарах зохицуулалттай.

Иймээс “Х б” ХХК-ийн дээр дурдсан зөрчил бүхий үйл ажиллагаа нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан, хясан богдуулсан гэх үндэслэлтэй юм.

Тодруулбал, хяналт шалгалтаар гомдол гаргагч компаниуд буюу “З г” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Хэнтий аймагт /Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3-р баг, Баянмөнх төв 107 тоот/ 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Х к” ХХК нь Орхон аймагт /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Мэдээлэл холбооны байр, 315 тоот/ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу тус тус орон нутагт үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон тул “Х б” ХХК-ийн зүгээс эдгээр аж ахуй эрхлэгчтэй  байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоосон, ялгавартай үнэ, нөхцөлийг тулгасан, гэрээ байгуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу тус компанийг 493,387,520 /Дөрвөн зуун ерэн гурван сая гурван зуун наян долоон мянга таван зуун хорь/ төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан нь хуульд нийцсэн буюу үндэслэл бүхий юм.

... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийг төлөө газар гомдол ирсний дагуу шалгасан үндэслэл нь Х б ХХК нь Засгийн газрын 298 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон тул Өрсөлдөөний тухай хуульд заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хууль бус үйл ажиллагаа явуулж болохгүй гэх зохицуулалтын дагуу шалгасан. Гомдолд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж шалгасан. Эдгээр компаниуд нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдсон. Эрх зүйн харилцаанд оролцож байгаа газар нь орон нутаг. Х б ХХК-ийн хууль зөрчсөн дээрх үйл ажиллагааг дүгнэвэл нийт 1392 дан эзэмшигчийн 1 тэрбум төгрөгийг хүүгүйгээр өөр дээрээ байршуулж ашиг олох үйл ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтын хугацаанд зарим гомдол гаргагч нартай уулзаж гомдлыг нь татуулсан мөн өөрсдийн энэ үйлдлийг зогсоох шийдвэр гаргасан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудалд хяналт тавьдаг Санхүүгийн зохицуулах хороо албан мэдэгдэл ирүүлсэн. Мэдээллэх үүрэг нь банкинд байдаг. Асуудалтай гүйлгээ гарсан тохиолдолд банк мэдээллэх үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо нь банк санхүүгийн байгууллагуудад хяналт тавьж ажилладаг гэсэн тайлбар ирүүлсэн. Тиймээс гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

          Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “Х б” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөл газрын улсын ахлах байцаагч Б.Нт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Нийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөл газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Нээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0064363 дугаартай шийтгэлийн хуудсаар “Х б” ХХК-д “Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 493,387,520/Дөрвөн зуун ерэн гурван сая гурван зуун наян долоон мянга таван зуун хорин/ төгрөгийн торгууль ногдуулжээ[1].

Гомдол гаргагчаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “манай байгууллага нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдоогүй байхад орон нутагт салбар, нэгжгүй хуулийн этгээдүүд болох “Х к” ХХК, “З г” ХХК-ийн гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай болон Өрсөлдөөний тухай хуулиудын холбогдох заалтуудад нийцээгүй, түүнчлэн банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийг хориглох тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх шаардлагаар “өндөр эрсдэл” бүхий харилцагчаа өөрөө тодорхойлж, түүнд тавих хяналтыг сайжруулах шаардлагаар гаргасан шийдвэрийн зорилгыг харгалзаагүй нь хууль бус” гэж, хариуцагчаас ““Х б” ХХК нь харилцагчийн дансандаа байнга байршуулбал зохих доод үлдэгдэл болон данс хөтөлсний шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд дансны зарлагын гүйлгээг хаахаар мэдэгдсэн нь давамгай байдлаа ашиглаж харилцагчдаа шийдвэрээ тулгах замаар ялгавартай нөхцлийг бий болгосон ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Х б” ХХК нь уг шийдвэрээ хүчингүй болгосон тул шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргасан.

 

“Х б” ХХК-иас 2018 оны 02 дугаар сард “З г” ХХК, “Х к” ХХК, “Саранфинанс ББСБ” ХХК-уудад “...санхүүгийн байгууллагад зориулсан шинэ харилцах дансны бүтээгдэхүүн нэвтрүүлж буйтай холбогдуулан гэрээгээ шинэчлэх шаардлагатай, ... гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд танай байгууллагын дансны гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхаарна уу” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг хүргүүлжээ[2].

Улмаар дээрх нэр бүхий хуулийн этгээдүүдээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан ““Х бнаас гаргасан харилцах дансны шинэ нөхцөл нь харилцагч хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх, ... хуулийн этгээд бүр 1 сая төгрөгийг ямар ч хүүгүйгээр байршуулаад, дээрээс нь 30 хоног тутамд 1 сая төгрөг байршуулсны төлбөрт 5,000.00 төгрөг төлөхөөр болоод байна...”[3] гэсэн агуулга бүхий гомдлын дагуу улсын ахлах байцаагч Б.Нээс 2017 оны 03 дугаар сарын 1-ний өдөр зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад,

- “Х б” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 тоот тушаал[4]-аар “...Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага, Үнэт цаасны компани болон ломбардад нээх төгрөгийн харилцах дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, данс хөтөлсний хураамжийг 5,000 төгрөг байхаар тогтоож, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэсэн боловч энэхүү шийдвэрээ “Х б” ХХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/127 дугаар тушаалаар хүчингүй болгосон[5],

- 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Х бинд тус банкны санхүүгийн сегментэд хамаарах 691 харилцагч нийт 1392 данс эзэмшиж байсан ба эдгээрээс “З г” ХХК болон “Х к” ХХК[6] зэрэг нийт 109 харилцагч 232 дансны гэрээгээ шинэчлэн байгуулсан байсан[7],

- Төгрөгийн харилцах дансны шимтгэлийн сарын хураамжийг 5,000  төгрөг болгох шийдвэр хэрэгжсэн хугацаанд нийт 464 удаагийн гүйлгээгээр 2,320,000 төгрөгийн хураамжийг харилцагч нараас Х бинд төлсөн[8],

-  Х бны санхүүгийн сегментийн харилцагчдад зориулсан дансны шинэ бүтээгдэхүүний нөхцөл тогтоосон шийдвэр хэрэгжсэн хугацаанд тус банк нь уг шинэчлэгдсэн нөхцлийг хэрэгжүүлснээр нийт 90,874,109 төгрөгийн орлого олсон/хүүнд төлөх зардал хэмнэсэн, шимтгэлийн хураамжийн хэмжээ нэмэгдсэн/[9] нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

            Дээрхээс үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Нээс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсаар “Х б” ХХК-д торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “... давамгай байдалтай аж ахуйн эхлэгч өөрийн ... давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасанд нийцсэн гэж үзэхээр байна.

            Учир нь:

            Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор “...банкны үйл ажиллагааны зах зээлийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, зүүн, төв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд “Х б” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр шинэчлэн тогтоож”[10] шийдвэрлэжээ.

            Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т  зааснаар “..., зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, ...”, 7.1.5-д зааснаар “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр ... шалгуур үзүүлэлт тогтоох”, 7.1.11-т зааснаар “..., бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” зэргээр ноёлох үйл ажиллагаа явуулахыг давамгай байдалтай аж ахуйн нэгжид хориглосон байна.

            Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулахад давамгай байдлаа хууль бусаар ашигласан, эсхүл аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлахад давамгай байдлаа хууль бусаар ашигласаныг тус тус ойлгохын зэрэгцээ давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг “ноёлох үйл ажиллагаа”-нд үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна.

   Гэтэл “Х б” ХХК-аас өөрийн харилцагчид дундаас зөвхөн санхүүгийн сегментийн харилцагчиддаа зориулж гаргасан гэх “харилцах дансандаа заавал байршуулбал зохих дансны доод үлдэгдлийн хэмжээг нэмэгдүүлж, уг үлдэгдэлд хүү тооцохгүй байх, түүнчлэн данс хөтөлсний шимтгэлийг хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх” шийдвэр нь зөвхөн нийслэлийн хэмжээнд хэрэгжих талаар тусгагдаагүй байна.

   Тухайн шийдвэрийн хэрэгжилтэд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд өртсөн, улмаар дансны зарлагын гүйлгээг хаахаар мэдэгдсэнээс харилцагч гэрээгээ шинэчлэхээс өөр аргагүйд хүргэсэн болох нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан түрээсийн болон бусад гэрээ[11], хохирогчийн “Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Х к” ХХК нь Улаанбаатар хот дахь Х бны салбарт 4 данс, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “З г” ХХК нь Улаанбаатар хотод байрлах Х бны салбарт 5 данс, Хэнтий аймагт байрлах Х бны салбарт 1 данс эзэмшдэг, ... Х бийг сонгосон шалтгаан нь орон нутагт байгаа манай харилцагч нар Х бны харилцагчид байдаг. Мөн Х б нь бүх аймаг, суманд үйл ажиллагаа явуулдаг”[12] гэсэн тайлбар, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос “Х б” ХХК, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан гомдол[13] зэргээр тогтоогдсон байх тул эрх бүхий албан тушаалтнаас “Х б” ХХК-ийг “давамгай байдлаа хууль бусаар ашиглаж ..., хэрэглэгчийг хясан боогдуулах замаар хуулиар хориглосон “ноёлох үйл ажиллагаа”” явуулсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

   Хэдийгээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр “Х б” ХХК нь банкны үйл ажиллагааны зах зээлд зөвхөн орон орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байх боловч банкны үйл ажиллагаа нь дан ганц тухайн банкинд данс эзэмшдэг хэрэглэгч-харилцагч/тухайлбал, “З г” ХХК, “Х к” ХХК зэрэг/-аас банктай харилцах үйл ажиллагаа бус хэрэглэгч-харилцагчаас өөрийн харилцагч/орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дурын харилцагч/-тайгаа банкаар дамжуулан харилцах үйл ажиллагаа юм.

   Иймд банкны үйл ажиллагааны зах зээлд орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай гэж тогтоогдсон банкны хувьд хэрэглэгч-харилцагчаас өөрийн харилцагчтайгаа заавал тухайн банкаар дамжуулан харилцах хэрэгцээ, шаардлагыг ашиглан дансны үлдэгдлийн болон данс хөтөлсний шимтгэлийн хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн, мөн дансны үлдэгдэлд хүү тооцохгүй зэргээр өөртөө ашигтай нөхцөлийг бий болгосон аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь орон нутаг дахь Х бны харилцагч бүхий өөрийн хэрэглэгч-харилцагчийг хясан боогдуулсан шийдвэр үйл ажиллагаанд тооцогдох тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн ““Х б” ХХК болон гомдол гаргасан “З г” ХХК, “Х к” ХХК зэрэг хуулийн этгээдүүд нь өрсөлдөгчид биш бөгөөд Х бнаас өөрийн хэрэглэгч-харилцагчид зориулан шинэ бүтээгдэхүүн гаргасан шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон “ноёлох үйл ажиллагаа”-нд хамаарахгүй тул Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 2.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 9-т заасан зөрчилд тооцогдохгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасан зөрчил тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

  Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бусад банкуудын хувьд төгрөгийн харилцах дансны доод үлдэгдэл 10,000-20,000 орчим төгрөг, данс хөтөлсний шимтгэл 1,000-3,000 орчим төгрөг, мөн харилцах дансны үлдэгдлийн хэмжээ болон дансандаа байршиж буй хугацаанаас хамааран хүү тооцох, эсхүл тооцохгүйгээр нийтэд санал болгодог нь нийтэд илэрхий үйл баримт.

   Гэтэл “Х б” ХХК-аас санхүүгийн сегментэд хамаарах харилцагчдын дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг байхаар өмнө байсан хэмжээнээс 50 дахин нэмэгдүүлсэн, дансны үлдэгдэлд хүү тооцохгүй байхаар шийдвэрлэсэн, данс хөтөлсний шимтгэлийг 5,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн талаарх эдийн засгийн үндэслэлийг нотлох баримт, холбогдох тооцоо судалгааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, мөн шүүхэд ирүүлээгүй атлаа “өндөр эрсдэл” бүхий харилцагчийн гүйлгээг хянах зардал өссөн” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

   Дээрхээс үзвэл, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өрсөлдөөний газрын улсын ахлах байцаагчаас “Х б” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон “..., зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, ...”, “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр ... шалгуур үзүүлэлт тогтоох”, “..., бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” замаар ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж буруутгасныг буруутгах боломжгүй байна.

  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх шаардлагаар “өндөр эрсдэл” бүхий харилцагчидаа өөрөө тодорхойлж, эдгээр харилцагчдын гүйлгээг хянах шаардлагаар гаргасан шийдвэрийн зорилгыг эрх бүхий албан тушаалтан харгалзан үзээгүй” гэж маргах боловч банкнаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр зорилгоор гаргасан шийдвэр нь мөн хууль тогтоомжид нийцэж байх шаардлагатайн дээр санхүүгийн сегментэд хамаарах харилцагчийн дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөгөөр, данс хөтөлсний шимтгэлийг 5,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, дансны үлдэгдэлд хүү тооцохгүй байхаар шийдвэрлэсэн нь банкны дээрх зорилгыг хангахад зайлшгүй шаардлагатайг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг тайлбарыг хүлээж авахуйц биш байна.

    Харин эрх бүхий албан тушаалтнаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 дугаартай шийтгэлийн хуудсаар “Х б” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу торгууль ногдуулахдаа торгуулийн хэмжээг тухайн хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын хувиар бус “Х б” ХХК-ийн 2017 оны шимтгэл, хураамжийн орлогын хувиар тооцсон нь буруу байх боловч шүүхээс гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй тул “Х б” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Нт холбогдуулан гаргасан “... улсын ахлах байцаагч Б.Нийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Х б” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Нт холбогдуулан гаргасан “... улсын ахлах байцаагч Б.Нийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.М


[1] Хавтаст хэргийн 35 дахь талд

[2] Хавтаст хэргийн 214-215 дахь талд

[3] Зөрчлийн хэргийн 8-19 дэх талд

[4] Хавтаст хэргийн 36-37 дахь талд

[5] Зөрчлийн хэргийн 77 дахь талд

[6] Хавтаст хэргийн 39-42 дахь талд

[7] Зөрчлийн хэргийн 74-75 дахь талд

[8] Зөрчлийн хэргийн 151 дэх талд

[9] Зөрчлийн хэргийн 155, 175 дахь талуудад

[10] Хавтаст хэргийн 22 дахь талд

[11] Зөрчлийн хэргийн 42-50 дахь талд

[12] Зөрчлийн хэргийн 171 дэх талд

[13] Зөрчлийн хэргийн 188-190 дэх талд