Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0662

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0662

Улаанбаатар хот

 

 

 

 

                            О.Б***гийн нэхэмжлэлтэй захиргааны

                                               хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч О.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х**,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч О.Б***,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

                  Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Б.О***, Т.Б*** нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Б***т холбогдох хэсгийг бүхий хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.О***т холбогдох 15*** /***31/ тоот нэгж талбар бүхий газраас ***772 /***507/ нэгж талбар бүхий газартай давхцаж буй 110 м.кв газрыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч О.Б***гийн 2017 оноос хойш эзэмшиж буй Э.Г***аас худалдаж авсан ***772 /***507/ нэгж талбар бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй ***772 /***507/ нэгж талбар бүхий 700 м.кв газрыг Газрын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0651 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х**, гуравдагч этгээд ,Б.О***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***,

Хэргийн индекс: 128/2022/0293/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б*** нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Б***т холбогдох хэсгийг бүхий хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.О***т холбогдох 15*** /***31/ тоот нэгж талбар бүхий газраас ***772 /***507/ нэгж талбар бүхий газартай давхцаж буй 110 м.кв газрыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч О.Б***гийн 2017 оноос хойш эзэмшиж буй Э.Г***аас худалдаж авсан ***772 /***507/ нэгж талбар бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй ***772 /***507/ нэгж талбар бүхий 700 м.кв газрыг Газрын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0651 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б***гээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Б***т холбогдох хэсгийг бүхий хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.О***т холбогдох 15*** /***31/ тоот нэгж талбар бүхий газраас ***772 /***507/ нэгж талбар бүхий газартай давхцаж буй 110 м.кв газрыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч О.Б***гийн 2017 оноос хойш эзэмшиж буй Э.Г***аас худалдаж авсан ***772 /***507/ нэгж талбар бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй ***772 /***507/ нэгж талбар бүхий 700 м.кв газрыг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. ...Шүүхийн шийдвэрт маргаан бүхий акт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаар захирамжийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлтэй талаар зөв дүгнэлт хийсэн,

3.2  ...***507 /***772/ нэгж талбарын дугаар бүхий газартай холбоотой шүүхийн шийдвэр, захиргааны актууд бүгд надад хамааралтай, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол бүх тохиолдолд хөндөгдөнө,

3.3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаар захирамж гарснаар өмчлөгч миний эрх, ашиг зөрчигдсөн, миний байшингийн доорх газар эзэмших эрх хулгайлагдсан, үүний улмаас хохирсон бөгөөд олон жилийн турш зөвхөн энэ актын улмаас хохирч, төрийн байгууллагуудаар зөрчигдсөн асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаж, цаг хугацаа, хөрөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирч байна,

3.4 Шүүхийн шийдвэрт ***507 /***772/ нэгж талбартай газар дээр Э.Г***аас худалдан авсан байшин байрлаж байгааг дурдсан атлаа ***507 /***772/  газрын эзэмших эрхийг шууд хөндсөн А/591 дүгээр захирамжийг миний эрх, ашгийг хөндөөгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй,

3.5  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаар захирамж нь нэхэмжлэгч миний Э.Г***тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний журмаар шилжүүлсэн газар, тухайн гэрээг доголдолтой, эрх зүйн чадамжгүй хэлцэл болгон хувиргаж байхад уг захирамжийг миний эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна,

3.6 Шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар зохицуулсан бөгөөд энэ нь талуудын хүсэлтийн үндсэн дээр хэрэгждэг бөгөөд уг газрын эзэмших эрх байгуулаагүй тохиолдолд Э.Г*** болон О.Б*** нарын хооронд нэгж талбарын ***507 /***772/ газрын эзэмших эрхийг шилжүүлэх харилцаа хийгдсэн гэж үзэхгүй гэсэн нь уг асуудлын суурь нөхцөлийг авч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна,

3.7 Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын мэдээллийн санд буруу орсон алдааг зөвтгүүлэхээр удаа дараа хандаж, олон жилийн турш хууль, хяналтын байгууллагуудад хандсан байхад шүүх олон хүчин зүйлийг авч үзэлгүйгээр цор ганц хуулийн заалтыг баримтлан “гэрээ байгуулаагүй тул хэлцэл хийсэн гэж үзэхгүй” гэж шийдвэрлэсэн нь хэтэрхий явцуу, шударга бус шийдвэр гэж үзэж байна,

3.8 Шүүхийн шийдвэр зөрчилдөөнтэй, нэг талыг барьсан, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг хангаагүй тул гомдолтой байна... Т.Б*** нь Э.Г***аас түүний эзэмшдэггүй газрыг худалдан авч, байшингаа барьсан нь тусдаа тэдний хоорондын иргэний болон эрүүгийн асуудал бөгөөд үүнд миний буруутай үйлдэл байхгүй. Гэтэл шүүх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 дүгээр захирамжийг хууль бус байсан байх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн атлаа уг актыг үндэслэн газрыг хууль бусаар эзэмшсэн Т.Б***ын эрх ашгийг минийхээс дээгүүрт тавьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Э.Г***аас О.Б***д газрын эрхийг шилжүүлэхгүй байгааг хууль бус болох талаар нэхэмжлэл гаргасан мэтээр шийдвэрийн 5, 5.1, 5.2, 5.3-т дурдсан,

4.2 Газрын тухай хууль зөрчиж, Э.Г***аас Т.Б***т эрх шилжсэн нь Газрын тухай хуулийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш зарчимд нийцээгүй, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчим Э.Г***аас Т.Б***т эрх шилжүүлэх харилцаанд хэрэглэгдэхгүй байхад үүнийг шүүх анхаараагүй,

4.3 Хариуцагч хариу тайлбартаа кадастрын зураг алдаатай гарсан болохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг алдааг залруулах үйлдэл хийхдээ газрын кадастрын мэдээллийн сангаас нэхэмжлэгчийн нэгж талбар бүхий газрыг мэдээллийг бүр устгачихсан бөгөөд дахин Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн, мөн уг захирамжийн дагуу байшингийнх нь доорх газрыг мэдээллийн санд оруулахгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласаар байхад шүүх үүнийг харгалзаж үзээгүй, нэхэмжлэгчийн эрх сэргэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх зэргээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасанчлан захиргааны хэргийн шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагч, гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

4.1. иргэн Э.Г*** нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/441 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах нэгж талбарын ***483 /шинэ ***258/ болон ***31 /шинэ 15***/ дугаар бүхий тус бүр 700 м.кв талбайтай, хоорондоо ямар нэг байдлаар давхцалгүй, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг иргэн Н.Ч***, Б.Т**** нараас шилжүүлэн авсан.

4.2. Нэхэмжлэгч О.Б*** нь иргэн Э.Г***тай: 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгийн эрхийн Ү-***924 дугаарт бүртгэгдсэн 179.4 м.кв талбай бүхий хувийн сууцыг худалдан авахаар харилцан тохиролцон, 162 дугаар  “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-г,

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах нэгж талбарын ***483 /шинэ ***258/ дугаар бүхий 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг худалдан авахаар харилцан тохиролцон “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж улмаар дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/185 дугаар захирамжаар нэгж талбарын ***483 /шинэ ***258/ дугаар бүхий 699 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч О.Б***гийн нэр дээр шилжүүлж шийдвэрлэсэн.

4.3. Гуравдагч этгээд Т.Б*** нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Э.Г***тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах нэгж талбарын 15*** /хуучин ***31/ дугаартай, 699 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсоныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дүгээр захирамжаар нэгж талбарыг 15*** дугаар бүхий газрын эзэмших эрхийг иргэн Э.Г***аас Т.Б***т шилжүүлж шийдвэрлэсэн.

Улмаар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/111 дүгээр захирамжаар тухайн 15*** нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.О***т шилжүүлсэн.

4.4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/120 дугаар шинжээчийн дүгнэлт, 2022 оны 1/1158, 1/1315, 1/2233 дугаар албан бичиг болон Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэл, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 18/258, 18/647 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар:

Нэхэмжлэгч О.Б*** нь бодит байдал дээр 2071 м.кв талбай бүхий газрыг хашаалан, гуравдагч этгээд нь 1222 м.кв талбай бүхий газрыг хашаалан тус тус амьдарч байгаа бөгөөд тухайн 2 газар нь хөрш залгаа газар байгаа болох нь,

нэхэмжлэгч О.Б***гийн иргэн Э.Г***аас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр худалдан авсан гэх эд хөрөнгийн эрхийн Ү-***924 дугаарт бүртгэгдсэн 179.4 м.кв талбай бүхий хувийн сууц нь бодит байдал дээр нэхэмжлэгчийн Э.Г***аас худалдан авсан  нэгж талбарын ***483 дугаар бүхий 700 м.кв газар болон гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий нэгж талбарын 15*** дугаар бүхий 699 м.кв газрын дунд байрлах нэгж талбарын ***507 дугаар бүхий “Зөрчилтэй нэгж талбар”-т байрлаж байгаа болох нь,

нэхэмжлэгч О.Б***д нэгж талбарын ***483 дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/185 дугаар захирамжийн хувийн хэрэгт авагдсан кадастрын зураглал, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх газрын мэдээллийн санд нэгж талбарын ***483 дугаар бүхий газрын кадастрын зурагт нэгж талбарын ***507 /зөрчилтэй/ дугаар бүхий газарт байрлах иргэн Э.Г***аас нэхэмжлэгчийн худалдан авсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-***924 дугаарт бүртгэгдсэн 179.4 м.кв талбай бүхий хувийн сууцыг “багтаан буруу оруулсан” бөгөөд тухайн зөрчилтэй ***507 дугаар нэгж талбар бүхий газар нь гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий 699 м.кв талбай бүхий газартай 110 м.кв талбайгаар давхцалтай болох нь,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Б***д дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд 590 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно” хэмээн тус тус заасан бөгөөд энэ үйл ажиллагаа нь хууль зүйн хувьд хэн нэгэнд хууль ёсны эрх байгаа тохиолдолд хэрэгжих учиртай.

6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгч О.Б*** нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Э.Г***тай нэгж талбарын ***483 /шинэ ***258/ дугаар бүхий 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай  газрыг худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ хариуцагчид гаргасан хүсэлтдээ бодит байдалд өөр нэгж талбарт байрлах “хувийн сууц”-ийг тухайн ***483 дугаар  нэгж талбарт “буруу оруулсан” кадастрын зураглалыг хавсаргасан гэх үйл баримт нь нэхэмжлэгчид газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээнд огт дурдагдаагүй өөр нэгж талбарыг /***507/ эзэмших эрхийг болон эзэмшүүлэхийг хариуцагчаас шаардах эрхийг үүсгэхгүй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн “...маргаан бүхий газар нь тухайн үед мэдээллийн сангийн зургийн хувьд ч бодит байдал дээр ч бусдын эзэмшил газартай давхцалгүй ... нэгж талбарын ***507 дугаар бүхий газрын гэрчилгээг шилжүүлэх тухай ... Э.Г***аас хүсэлтдээ дурдаагүй, уг газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй байх тул уг газрыг Э.Г***аас О.Б***д шилжүүлсэн гэж үзэхгүй ... О.Б***гийн Э.Г***аас худалдан авсан хувийн сууц ... давхцал бүхий 110 м.кв хэсэгт байршаагүй, нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдийн шийдвэргүй боловч Э.Г***аас худалдан авсан гэх хашааны бодит хэмжээнд өөрчлөлт ороогүй, авсан хашаа байшингаа бодитоор эзэмшиж байхын зэрэгцээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжийг үндэслэн О.Б*** нь өөрийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газарт кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлэх замаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой... Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актууд болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591, 2022 оны А/111 дугаар захирамжууд нь нэгж талбарын 15*** /хуучин ***31/ дугаар бүхий газрын Э.Г***аас Т.Б***т, Б.Батдолгороос Б.О***т шилжүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчээс хууль бус байсан болохыг тогтоолгох болон хүчингүй болгуулахаар маргаж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 дугаартай захирамжийн Т.Б***т холбогдох хэсэг, 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.О***т холбогдох /давхцалтай гэх 110 м.кв газрыг/ хэсэг нь нэхэмжлэгчийн 2017 онд иргэн Э.Г***аас худалдаж авсан ***483 нэгж талбар бүхий газартай давхцалгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0651 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

                                         ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА