Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 756

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, О.Б, Э.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Э.Одончимэг,

          шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

          шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

          хохирогч Б.Угийн өмгөөлөгч А.Ариунаа,

          нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Одончимэгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Б, О.Б, Э.М нарт холбогдох 2017 2602 0513 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тумад овгийн Бүүвэйбаатарын Б, 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 208-Ө дугаар шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын 17 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан,

 

2. Бөхт овгийн Отгонбаярын Б, 1992 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Манал Өргөө” ХХК-д сантехникийн слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо,

 

3. Боржигон овгийн Энхтөрийн М, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “Алтайн хүдэр” ХХК-д захиргааны хэлтэст туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,

 

Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын урд талд, Б.Угийн толгойн тус газарт гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархай хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Б, О.Б, Э.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын урд талд байх нийтийн эзэмшлийн талбай дээр, нийтийн хэв журмыг зөрчиж, Б.Уг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, О.Б, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Б.Б, О.Б, Э.М нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бид оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б, Э.М нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар О.Б, Э.М нар нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэдэнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Б, Э.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож,

энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 205 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар Б.Баас 2.700.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уд олгож, хохирогч Б.У нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, О.Б, Э.М, Б.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, О.Б, Э.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид Б.Б 1.000.000 төгрөг, О.Б 1.000.000 төгрөг, Э.М 980.000 төгрөг төлсөн, О.Б, Э.М нар нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 205 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээр Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед миний үйлчлүүлэгч Б.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын өөрт ногдох хэсгийг бүрэн төлсөн болно. Шүүх хуралдааны үед өмгөөлөгч болон Б.Б нарын хувьд түүний ийнхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял оногдуулж өгөхийг хүссэн ч шүүх үүнийг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “шүүхийн дүгнэлтийн талаарх” хэсэгт "...Б.У нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс “Замбуулин гоёл” ХХК-д дарханаар ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. Тэр хүнд гэмтлийн улмаас ажилгүй байсан тул сард 400.000 төгрөгийн цалинтай байсан гэж нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сараас 8 дугаар саруудад нийт 7 сарын шимтгэлийг өөрөө төлсөн нь нотлогдож байх тул 400.000 төгрөг * 7 сар = 2.800.000 төгрөгийг түүнд хохирол учруулсан Б.Баас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, ойлгомжгүй байх бөгөөд тогтоолын энэхүү дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна хэмээн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолынхоо “тогтоох нь” хэсгийн 9 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 2.700.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уд олгосугай” гэж заасан нь дүгнэлт хэсгээсээ зөрүүтэй болсон, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Б.Бийн хувьд мөрдөн байцаалт болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед ч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөн билээ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “шүүхийн дүгнэлтийн талаар” хэсэгт “...түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан гэмт хэргийн хор “уршгийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж дүгнэсэн алтлаа Б.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал боллоо гэж дүгнэхэд хүргэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 9 дэх заалтуудад тус тус өөрчлөлт оруулан, хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр миний үйлчлүүлэгч Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү…” гэв.

 

          Шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй зөв гарсан. Иймд шүүгдэгч О.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

          Хохирогч Б.Угийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Хохирлоо бүрэн төлөөд гомдол гаргах ёстой байсан...” гэв.

 

Прокурор Э.Одончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шийтгэх тогтоолын “шүүхийн дүгнэлтийн талаар” хэсэгт “Б.У нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс “Замбуулин гоёл” ХХК-д дарханаар ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. Тэр хүнд гэмтлийн улмаас ажилгүй байсан тул сард 400.000 төгрөгийн цалинтай байсан гэж нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сараас 8 дугаар саруудад нийт 7 сарын шимтгэлийг өөрөө төлсөн нь нотлогдож байх тул 400.000 төгрөг * 7 сар=2.800.000 төгрөгийг түүнд хүнд хохирол учруулсан шүүгдэгч Б.Баас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ”, “тогтоох нь” хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 2.700.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уд олгосугай.” гэж заасан нь зөрүүтэй, ойлгомжгүй байх ба тогтоолын дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын урд талд, Б.Угийн толгойн тус газарт гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархай хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Б, О.Б, Э.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын урд талд байх нийтийн эзэмшлийн талбай дээр, нийтийн хэв журмыг зөрчиж, Б.Уг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.У /1-р хх-27-30, 32-33, 2-р хх-135-136/, гэрч С.Энхтулга /1-р хх-35-36/, Н.Ундармаа /1-р хх-37-38, 2-р хх-137-138/, Э.Баасанхүү /1-р хх-39-40/, С.Уянга /1-р хх-41-43/, шинжээч эмч Н.Энхцолмон /2-р хх-173-174/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Угийн биед тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун чамархай, дагз, зүүн дагз, чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, духны зулгаралт, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна” гэсэн 2501 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-44-45/,

эд мөрийн баримт /1-р хх-15, 26/, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-18-19, 20-22/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-23, 24-25/, хохирогч Б.Угийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-48-56/ хохирлын баримтууд /1-р хх-100-123, 2-р хх-7-11/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б, О.Б, Э.М нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б, Э.М, Б.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч О.Б, Э.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Б.Бид хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нөгөөтэйгүүр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хоёр тусдаа гэмт хэрэг болгон зүйлчилж, гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхээр хуульчилсаныг шүүх баримталсан нь зөв байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байхад шүүх тухайн зүйл, хэсгийг баримтлалгүйгээр Б.Бийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Шүүх, “хохирогч Б.У нь хүнд гэмтлийн улмаас ажилгүй байсан тул Нийгмийн даалтгалын шимтгэлийг 2017 оны 2 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд шимтгэлийг өөрөө төлсөн нь нотлогдож байх тул 2.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн” гэж зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2.700.000 төгрөг” гэж буруу бичсэн байх тул зөвтгөж өөрчлөлт оруулан, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, О.Б, Э.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнийг нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил /гурав/ хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил /нэг/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журалман шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

 

9 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Баас 2.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Уд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Баас 2.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Уд олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

   М.АЛДАР