Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Н.Отгон,

прокурор Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2034000000590 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Н овогт Б. Б, 1979 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт  Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг Дундсайхан 7-9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн “Гутай” гэх газар 40-44 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөх явцдаа гэрийн гадаа байсан 2 настай Х.Гэгээнсайханыг мөргөж болгоомжгүйгээр амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-05 тал/, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-06 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-07 тал/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсээн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухй тэмдэглэл/хх-08 тал/, хэргийн газрын үзлэгийн зургийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт/хх-09-10 тал/, тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12 тал/, Согтуурал хэмжигч багажаар шалгахад 0.00 хувьтай гарсныг баримтжуулсан гэрэл зураг/хх-13 тал/, 4044ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-14 тал/, 203234 дугаар жолоочийн үнэмлэхийн хуулбар/хх-14 тал/, хохирогч П.Хэрлэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-17 тал/, гэрч Б.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-19 тал/, гэрч Б.Наранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20 тал/, шүүгдэгч Б.Бээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-22 тал/, гэрч Б.Цэцэгсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23-24 тал/, гэрч З.Нармандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5478 дугаартай дүгнэлт/хх-28-30 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 022 дугаар дүгнэлт/хх-33-35 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-37-40 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5479 дугаар дүгнэлт/хх-41-43 тал/, яллагдагч Б.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-52-53, 82-83 тал/, Б.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-55-68 тал/, Б.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-69 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн “Гутай” гэх газар 40-44 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөх явцдаа гэрийн гадаа байсан 2 настай Х.Гэгээнсайханыг мөргөж болгоомжгүйгээр амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хэрлэн: “... Миний төрсөн охин Х.Гэгээнсайхан нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэлд дайрагдан нас барсан хэрэгт мэдүүлэг өгөхөөр ирээд байгаа юм. Миний хувьд осол болох үед хажууд нь байгаагүй болохоор болсон хэрэг явдлын талаар сайн мэдэхгүй байна. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Нэгэнт өөд болсон охинийхоо хойноос буян л үйлдэхээс өөр арга байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн: “... 2020 оны 09 дүгээр сарын 30-ны явдлыг бид нар сүү цагаан идээгээ авч дуусгаад Өмнөговь аймаг руу гэр лүүгээ явах гэж байсан юм. Тэгээд манай дүү Б машиндаа ачаагаа ачиж байсан юм. Бид нар гэртээ байж байхад Мандхай гаднаас орж ирээд цагаан идээний тооцоо хийх гээд орж ирсэн. Тэгээд удаагүй байж байхад хүүхдээ хараач хүүхэд дайрчихлаа гэж орилолдсон гэрээс гарсан Б тэвэрцэн зогсож байсан тэгээд бид нар Багануурын эмнэлэг рүү явсан. Б.Б миний төрсөн дүү. Гэрт хойд айлын Наранцэцэг дүү Цэцэгсүрэн бид нар байсан. Гадаа жоохон цас орсон салхи шуурга байгаагүй үзэгдэх орчин зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Гэрч Б.Наранцэцэгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн цагийг нь сайн мэдэхгүй байна үнээгээ сааж дуусгаад цагаан идээний тооцоо хийх гээд машинд дайруулдаг охины ээж Мандухай бид гурав цагаан идээ авдаг айлд ирсэн. Багануураас охиныхоо гэрийг харахаар ирсэн болохоор энэ хавийн хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд гэрт ороод 20 гаран минут л болсон байх гаднаас хүүхэд дайрчихлаа гээд орилоод бид нар гэрээс гарахад сүү авдаг эрэгтэй хүү гар нь дээрээ барьсан одоо яаанаа гээд орилоод эмнэлэг явъя гэсэн. Тэгээд машиндаа суугаад явсан өөр мэдэх зүйл байхгүй байна... харагдах орчин зүгээр хүүхэд харах боломжтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Гэрч Б.Цэцэгсүрэнгийн: “... 2020 оны 09 дүгээр сарын 30-ны 11 цагийн үед манайд эгч Эрдэнэчимэг Б ах бид хэд гэр дотор нөхөр гадаа байсан. Мандухай охинтойгоо орж ирсэн бид нар цагаан идээний тооцоо хийж байсан. 20 гаран минут болсон байх манай нөхөр Б хүүхдээ авахгүй хүүхэд алаад хаячихлаа би гээд орилсон. Бид нар гарсан чинь манай нөхөр хүүхдийг тэвэрсэн байсан. Ачсан бүх ачаагаа буулгаад Багануурын эмнэлэгт үзүүлэхээр явсан. Бороо орж байсан харагдах орчин хэвийн, юм харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Шүүгдэгч Б.Бийн гэрчээр мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сард манай эхнэр Цэцэгсүрэн төрсөн эгч Эрдэнэчимэг 2 Даланзадгад сумаас Төв аймгийн Мөнгөнморьт суманд цагаан идээ авч борлуулах зорилгоор түрүүлж ирсэн. Тэгээд хохирогч охины аав Хэрлэн эхнэр Мандухайд 2-той танилцаад саахалт айл болсон. Өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед бид нар цагаан идээгээ борлуулах Зорилгоор Өмнөговь аймаг руу буцах гээд байж байсан. Гэр дотор эгч Эрдэнэчимэг эхнэр Цэцэгсүрэн охины ээж Мандухай нар цагаан идээний тооцоогоо хийгээд байж байсан би гадаа машиндаа ачаагаа ачиж байсан хойд багаажаа онгойлгоод тэгсэн охин миний хажууд зогсож байсан. Ачаа ачна гэж портер машин бид нарын урдуур гол гатлаад явчихаар тэрний араас явах гээд ачаагаа дутуу ачаад машинаа асаагаад хөдөлсөн чинь нэг юман дээр машины дугуй авчис гээд даваад гарах шиг болсон. Хаалга онгойлгоод харсан чинь хүүхэд машины хажууханд дээшээ хараад хэвтэж байсан би буугаад хүүхэд дайрчихлаа гээд орилсон тэгээд хүүхдийг аваад Багануур дүүргийн эмнэлэгт ирсэн бас Төв аймгийн цагдаа руу дуудлага өгсөн. 11 цагийн үед болсон байх цаг сайн хараагүй. Цас хайлаад бороо болж байсан харагдах орчин зүгээр хүүхэд харагдах боломжтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч З.Нармандахын: “...Манайх Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2-р багын нутаг Их Гутай гэх газар зусаж байсан юм. Манайхаас Б гэх хүн 2020 06 дугаар сараас сүү цагаан идээ авч борлуулдаг байсан юм. Хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би талийгаачтай хамт сүүгээ өгөөд тооцоогоо хийх гээд гэрт орсон байсан талийгаач гадаа байж байтал Б гэх хүн талийгаачйг дайрчихсан тэврээд сууж байсан. Би хүүхдээ дайраад алчихлаа яаанаа гээд орилж байсан. Хүүхэд ямар ч ухаан байхгүй байж байсан. Тэгээд бид нар Б гэх хүний машинтай Багануур дүүргийн эмнэлэг рүү тусламж дуудаад явж байтал урдаас Багануурын гүүрэн дээр эмнэлгийн машин ирээд хүүхдийг минь аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ухаангүй очоод дахиж ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Талийгаачийг Б гэх хүн эрхлүүлээд тэврээд машиндаа суулгаад аваад явдаг байсан болохоор ийм зүйл болно гэж бодсонгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Яллагдагч Б.Бын: “... 2020 оны 06 дугаар сараас хойш Төв аймаг Мөнгөнморьт сум Гутайн ам гэх газар нутгийн айлуудын цагаан идээг хийдэг байсан тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цагаан идээгээ хийж дуусаад Өмнөговь аймаг явах гээд Хэрлэн гэх айлаас 200 метр орчим зайд ачаагаа өөрийн 4044 ӨМЭ улсын дугаартай эстима маркийн тээврийн хэрэгсэлд ачаагаа ачсан тэгээд би багаажаа хаачхаад жолооч талаар нь тойроод машинаа асаагаад хөдлөх гэтэл нэг юман дээгүүр гарах шиг болсон тэгээд би юу болов гээд машинаас буугаад хартал Гэгээнсайхан хүүхэд дээшээ харчихсан хэвтэж байсан тэгээд би хүүхэд дайрчихлаа ш дээ хүүхэд авахад яадаг юм гээд хашхирсан тэгтэл гэрээс манай эгч Эрдэнэчимэг, Цэцэгсүрэн, талийгаачийн ээж Мандухай гээд хүмүүс гарч ирсэн тэгээд л ачиж байсан ачаагаа бүгдийг нь буулгаад л Багануур дүүрэг лүү явсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Үгүй бүтэн тойрч шалгаагүй гэрийн үүдний хэсэгт машины хойд хэсгийг тулгачихсан байсан юм. Би машиныг хөдөлгөхдөө хүүхдийг гэр лүү орчихсон гэж бодож байсан. Тухайн хүүхэд надад дасчихсан би эрхлүүлээд л байнга л надтай цуг явж байдаг байсан юм. Намайг цагаан идээ очиж хийснээс хойш л цуг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-05 тал/, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-06 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-07 тал/, хэргийн газрын үзлэгийн зургийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт/хх-09-10 тал/, тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12 тал/, Согтуурал хэмжигч багажаар шалгахад 0.00 хувьтай гарсныг баримтжуулсан гэрэл зураг/хх-13 тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 022 дугаар “1. Амь хохирогч Х.Гэгээнсайханы биед зулайгаас баруун чамархай хэсэг хүртлэх зөрсөн хугарал, тархины эдийн няцрал, тархины 2 тал бөмбөлгийн зулай хэсгийн тархмал зөлөн бүрхүүлийн цус харвалт, хуйханд цус хуралт, хавирганы хугарал, хүзүү цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр Тухайлбал: цохих, цохигдох, дарагдах гэх мэт, 3. Амь хохирогч Х.Гэгээнсайханд шинжилгээгээр шууд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь шинжилгээгээр 3-р бүлгийн цустай байна. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас Гэмтлийн шокод орж нас баржээ. 6.Талийгаачид учирсан тархины гэмтэл нь эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна” гэх дүгнэлт/хх-33-35 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-37-40 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн “Гутай” гэх газар 40-44 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөх явцдаа гэрийн гадаа байсан 2 настай Х.Гэгээнсайханыг мөргөж болгоомжгүйгээр амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Б нь хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Б. Б-ийг болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт Б.Б-д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэг эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ