| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0180/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.П-д холбогдох эрүүгийн 2134000000117 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт С.П, Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг Өндөрширээт сумын 2 дугаар баг, Ар ширээт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн Урд буга гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө 1 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Эрдэнэтуяаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.П нь шүүхийн хэлэлцүүлгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Төв аймгийн Цагдаагийн газарт Ж.Эрдэнэтуяагийн гаргасан өргөдөл/хх-02 тал/, хохирогч Ж.Эрдэнэтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06-10 тал/, гэрч С.Нацагсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12 тал/, гэрч Б.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-14 тал/, шүүгдэгч С.Поос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-17 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №136 дугаар шинжээчийн дүгнэлт/хх-19 тал/, С.Поос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-32 тал/, шүүгдэгч С.П-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/х-39-45 тал/, С.П-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-46 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн Урд буга гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө 1 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Эрдэнэтуяаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ж.Эрдэнэтуяагийн: “...Би Заамар сумын Тосон 1 дүгээр багийн урд буга гэх газарт нөхөр С.П 5 настай хүү Эрдэнэбуяндорж, туслах малчин Бямбаа нарын хамт мал маллаж байгаа. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр миний найзууд болох Лхагвасүрэн эхнэр Батцэцэгийн хамт мөн Ичинхорлоо эхнэр Лхагвадуламын хамт манай гэрт цагаан сараар ирээгүй гээд ирсэн. Тэгээд манай нөхөр С.П би Лхагвасүрэн эхнэр Батцэцэгийн хамт мөн Ичинхорлоо эхнэр Лхагвадулам нарын хамт манай гэрт 4-н шил Хараа нэртэй архи хувааж уугаад дуусахаар нь Хар нуур гэх газарт байх М.Энхтайван ахынд бид бүгд очсон очоод би архи ууснаас болж толгой өвдөөд байхаар нь машиндаа жаахан унтсан манай нөхөр найзуудтай ороод ямар ч байсан архи уугаад гарч ирсэн тэгээд Ичинхорлоо эхнэр Лхагвадулам нар нь Заамар сумын төв рүү гэр рүүгээ явсан түүнээс хойш Энхзоригт гэх айлд Лхагвасүрэн эхнэр Батцэцэгийн хамт би нөхөр С.Пийн хамт орж 2 шил архи уусан. Тухайн архинаас би толгой өвдөөд байсан болохоор уугаагүй тэр архинаас Лхагвасүрэн, эхнэр Батцэцэгийн хамт би нөхөр С.П, Энхзоригт нар уусан тэгээд Энхзоригтынхоос гараад нөхөр С.П бид хоёр шөнийн 01 цагийн үед Лхагвасүрэн эхнэр Батцэцэг хоёроор хүргүүлээд гэртээ унтах гээд байж байхад манай нөхөр С.П нь туслах малчин Бямбааг хэл амаар доромжлоод гэрээсээ хөөгөөд зодох гээд байхаар нь чи одоо болиочээ гэхэд хэрүүл маргаан хийхээ больсон тэгээд удалгүй намайг янхан гичий минь чамайг ална гээд гэнэт босон ирээд миний үснээс татаж унагаагаад газраар намайг чирээд миний өмсөж байсан футболкны захаар миний хоолойг бооход миний дотор муухайрсан мөн гараараа миний хөл, гар, бөөр, нуруу, нүүр хэсэгт цохиод байсан тэр үед С.Пийн төрсөн дүү болох Нацагсугар орж ирж ахыгаа салгаж авсан. Би гадаа хонины хашаандаа сууж байгаад С.Пийн аав Сандагдоржийн гэрт 03 цагт орж унтаад маргааш нь сумын төвд орж эмнэлэгт үзүүлсэн. Миний үснээс атга үс унасан мөн толгой, хөл, гар, бөөр зэрэг өвдөөд байгаа тул би шүүх эмнэлэгт үзүүлнэ...Тухайн өдөр нөхөр С.П бид хоёр огт хэрэлдэж маргалдаагүй. Намайг зодсон шалтгаан нь манай туслах малчин болох Бямбаа гэх залуутай намайг хардаад зодсон гэж бодож байна. ..Урд өмнө нөхөр С.П нь архи дарс уухаараа намайг янз бүрийн хамаагүй хүмүүстэй хардаж агсам согтуу тавьж ганц нэг удаа зодож байсан...хамтран амьдарч байгаа...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,
Хохирогч Ж.Эрдэнэтуяагийн дахин: “...Надад гомдол санал байхгүй. Бид хоёрын харьцаа одоо хэвийн байдалтай байгаа. П өөрийн хийсэн алдаагаа маш сайн ойлгож байна”гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Гэрч С.Нацагсүрэнгийн: “...2021 оны 03 дугаар сарын 02-ны орой 01 цагийн үед байх манай ах С.Пийн гэрт хэрүүл маргаан болоод байхаар нь санаа зовоод гэрт нь орох гээд явж байтал гэрийн хаалгаар ах С.П, бэр эгч Ж.Эрдэнэтуяа нар нь ноцолдоод гараад ирсэн тэгээд би яваад очтол ах С.П нь бэр эгч Ж.Эрдэнэтуяагийн үснээс гараараа зулгаасан байдалтай нөгөө гараараа толгой хэсэг нь цохиод байхаар нь би дундуур нь орж салгаад ах С.Пийг өөрийн гэртээ оруулж унтуулсан бэр эгч Ж.Эрдэнэтуяа нь манай аав Ж.Сандагдоржийн гэрт орж унтсан. Хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Б.Бямбасүрэнгийн: “...Би Төв аймгийн Өндөрширээт сумаас Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн урд буга гэх газарт отроор өвөлжиж хаваржиж байгаа С.П гэх айлд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн туслах малчнаар ажиллаж байгаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Пийн гэрт найзууд нь гэх хүмүүс ирж архи ууцгааж байгаад гараад явцгаасан. Шөнө С.П нь эхнэр Ж.Эрдэнэтуяагийн хамт согтуу ирцгээсэн би унтаж байсан юм гэтэл тухайн хүмүүс унтах гээд ороо засаж байснаа нөхөр С.П нь гэнэт өөрийн өмсөж байсан цамцаа урж хаяснаа намайг хаанаас хоол гуйж ирсэн гуйлгачин бэ манай гэрээс зайл гэх зэргээр доромжилж ганц нэг удаа хөлөөрөө хэвтэж байхад өшиглөсөн. Гэтэл эхнэр Ж.Эрдэнэтуяа нь нөхрөө чи болиоч яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ гэхэд эхнэрээ чамд ямар хамаатай юм бэ пизда гээд зодох гээд дайрахад нь эхнэр нь гэрээс гараад зугтаасан гэтэл араас нь гүйж очоод үснээс нь гараараа ороож зулгаан газар унагааж чирээд хөл гараараа энэ тэнд нь цохиод байхаар нь би дундуур нь ороод салгах гээд дийлээгүй тухайн үед хажуу гэрт байдаг Пийн төрсөн дүү Нацагсүрэнг дуудаж салгуулахад П нь дүүгийнхээ гэр рүү орсон эхнэр нь зугтаагаад явсан.. Зодсон шалтгааныг нь би мэдэхгүй байна. Миний биед гэмтэл үүсээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
С.Пийн гэрчээр мэдүүлсэн: “... Тэгээд би гэртээ ороод унтаж байгаад гэнэт босоод туслах малчин Бямбааг гэрээсээ яв гэж хөөхөд намайг эхнэр болооч гэхээр нь хоёуланг нь гэрээс яв гэж хөөсөн манай эхнэр манай төрсөн дүү болох Нацагсүрэнгийн гэрт орсон байхаар нь араас нь ороод дагуулж гараад үснээс нь зулгаагаад хэд хэдэн удаа гараараа цохисон гэж эхнэр надад хэлсэн. Тухайн үед миний төрсөн дүү болох С.Нацагсүрэн хүрч ирээд намайг салгаад өөрийн гэртээ оруулж унтуулсан. Тэгээд өглөө сэрэхэд дүү С.Нацагсүрэн болон эхнэр Ж.Эрдэнэтуяа нараас сонсож эхнэр Ж.Эрдэнэтуяаг согтуудаа зодсон талаараа мэдсэн. Надад эхнэр Ж.Эрдэнэтуяаг зодох ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн шөнө унтаж байгаад сэрэхэд манай эхнэр миний хажууд унтаагүй байсан нөгөө талын орон дээр унтаж байхаар нь би газарт унтаж байсан туслах малчин Бямбаатай хардаж хэрүүл маргаан үүсгэж зодсон байх гэж би бодож байна. Би архи уухаараа ер нь бол агсам тавьдаг агсам зантай хүн юм. Эхнэр Ж.Эрдэнэтуяад агсам тавьж ганц нэг удаа гараараа алгадаж байсан удаа байгаа гэхдээ гэмтэл учруулаагүй... Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа. Эхнэр Ж.Эрдэнтуяа нь архи бол уусан хэр хэмжээний согтуу байсан талаар би мэдэхгүй байна. Би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Яллагдагч С.Пийн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан одоо нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна хуулийн дагуу хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү цаашид ийм үйлдэл давтахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 136 дугаартай: "...Ж.Эрдэнэтуяагийн биед баруун бугалганд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шуу, баруун ташаа, зүүн гуянд цус хуралт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.5.6. ... Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн Урд буга гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө 1 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Эрдэнэтуяаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч С.П нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Пийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Пид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.П-оос хохирогч Ж.Эрдэнэтуяа нь хохирол нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Энэ хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт С.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-ийг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.П нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ