Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-д холбогдох эрүүгийн 2134000000074 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сум Агьт 1 дүгээр баг 8-93 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овгийн Ж.М/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Агтын 7-1 тоотод иргэн К.Камбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-07 тал/, хохирогч З.Камбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-13 тал/, гэрч К.Камбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-14 тал/, гэрч Ч.Мөнхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16 тал/, гэрч М.Нямбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-17 тал/, шүүгдэгч Ж.Маас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 7 дугаартай дүгнэлт/хх-20 тал/, яаралтай тусламжийн хуудас/хх-22 тал/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-35 тал/ Ж.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-39 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Агтын 7-1 тоотод иргэн К.Камбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

21340000000074 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч К.Камбатын: "... 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нямбаяр, М, Жаливхан нарын хамт Омбоохой ахынд архи уусан. Тэгээд орой болж архиндаа нэлээн согтоод Мтай маргалдаж улмаар би түүнийг алгадаж авсан. Энэ үед Нямбаяр согтоод унтаад өгсөн байсан. М надтай маргалдаж зууралдаад Жаливхан ах салгасан. Тэгээд Жаливхан ах гэрээс гараад явсан. Тэгсэн хөл рүү нойтон оргиод үзсэн чинь баруун хөлийн өвдөгний нүд рүү хутгалсан байсан. Тэгээд Нямбаярыг сэрээж намайг М хутгалчихсан байна гээд ширээн дээр байсан цустай хутгыг Нямбаярт өгөөд би эмнэлэг үзүүлэх гээд явсан. Би тухайн үед согтуу байсан М ч согтуу байсан. Мтай маргалдаад зууралдаж байгаад салаад Мыг гараад явсны дараа миний хөл рүү нойтон оргиод тэгээд үзсэн чинь цус болчихсон байсан. Тэр үед гэрт М бид хоёрт согтуу маргалдаж байсан. Энэ үед Нямбаяр согтоод орон дээр унтчихсан Жаливхаан ах эхлээд бид хоёрыг салгаж байгаад дараа нь гэр лүүгээ харих гээд яваад өгсөн байсан. Миний баруун хөлөөс өвдөгний нүд шилбэний зузаан мах руу нэг удаа гүн хатгасан шарх байсан. Одоо өвдөхгүй байна тэр орой эмнэлэгт очиж нэг оёдол тавиулсан... Архи уугаад эхэлж байхад хутга ширээн дээр ил байгаагүй хэнийх гэдгийг нь мэдэхгүй хөл нойтон оргиод үзсэн чинь цус гарчихсан, М гараад явчихсан байх үед ширээн дээр цустай хутга байхаар нь намайг Мыг хутгалсан юм байна гэж бодоод авч Нямбаярт өгсөн. Энэ үед Нямбаяр орон дээр унтаж байсан. Гэрт өөр хүн байгаагүй...архи согтууруулах ундаа хоёулаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан миний хувьд зарим үед нь санахгүй байгаа маргалдаж цохисноо санаад хутгалуулснаа бол санахгүй байгаа...Би нэг удаа оёж боолгосон тэрнээс хойш боолт хоёр удаа солиулсан өөрөөр эмчилгээ хийлгээгүй Мөнгө төгрөг зарцуулаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Гэрч Ч.Мөнхбатын: "... 2021 оны 02-р сарын 05-ны орой 19 цагийн үед эрүүл мэндийн төвд үүрэг гүйцэтгэж байхад гаднаас хутгалуулсан хүн цус нь тогтохгүй байна гэхээр үзлэг хийсэн. К.Камбат гэх залуу согтуу баруун өвдөгний нүдний дотор талд мэсний шархтай цус гарсан байдалтай анх ирсэн. Үзлэг хийж хэмжихэд гадна талын шархны тойрог нь 1см 5 мм, гүнийх нь хэмжээ 3-4 см байсныг цагдаагийн алба хаагчтай баримтжуулан даралттай боолт хийж дээд шатлал руу шилжүүлсэн. Тухайн үед жижүүр эмч Мөнгөнзул эмч гэмтэл рүү авч явах гэсэн чинь хохирогч болох залуу явахгүй гээд үлдсэн, тухайн үед асууж байхад Мэндээ гэх хамт архи ууж байсан залуу намайг хутгалсан байна гэж ярьж байсан, ... үзүүлэгч залуу нэлээн согтолттой байсан. Нуд нь сүүмийсэн л лав харагдаж байсан. Үйл явдлаа ярих чадвартай байсан  ...”гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч М.Нямбаярын: "...2021 оны 02 дугаар сарын 05-нд би Камбат найзтайгаа манай гадаа уулзаж самарт явахаар болж хамт гудамж уруудаад үзүүрийн Омбоохой ахынд орсон Жаливхан ах ганцаараа нэг савтай пиво ууж байхаар нь хамт уугаад байж байтал араас М орж ирсэн. Тэгээд пиво ууж дуусаад Жаливхан Мэндээ хоёр дэлгүүр орж дахин пиво архи авчирсан. Тэгээд түүнийгээ уугаад сууж байтал би тасраад унтаад өгсөн байсан намайг унтахын өмнө М Камбат хоёр хоорондоо муудаж байсан, унтаж байхад Камбат намайг сэрээгээд “ Андаа энэ хутгыг түрийндээ хийчих наадах чинь баримт болно" гээд өгсөн би тэр хутгыг аваад зүүн хөлийн түрийндээ хийгээд буцаад унтаад өгсөн хэр их унтсанаа мэдэхгүй байна хоёр цагдаа ирээд намайг сэрээж миний биед үзлэг хийгээд хутга хурааж авсан, ...юунаас болсныг би сайн мэдэхгүй байна ууланд байж байгаад ирсэн болохоор ядраад уусан пивонд согтоод сайн санахгүй бас мэдэхгүй байна. Камбат намайг сэрээгээд хутга өгөхдөө М намайг хутгалчихлаа гээд хутга өгсөн би тэгж мэдсэн  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Ж.М гэрчээ өгсөн: "...Би тухайн өдөр Омбочоогийн гэрт орсон Нямбаяр, Камбат, Жалухан нар Нийслэл пиво ууж байсан Камбат, Жалухан нар гараад явсан гаднаас 1 шил 0,75 граммын Хараа архи авч ирсэн Камбат орж ирээд "Чи муу хадам ээж гэр бүлийнхэндээ агсам тавьдаг хэн бэ?" гээд нүүр лүү 2 удаа цохиод 1 удаа хөл рүү өшиглөөд "Гараад ир хоёулаа цус үзье" гэхээр нь би "Үгүй би гарахгүй миний найз одоо больчих хэрүүл уруулаар яахын бэ?" гэж хэлээд би гараад явсан. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан гэртээ очоод унтаж байхад цагдаа нар ирээд авсан.Нямбаяр орон дээр унтаж байсан Жалухан хажууд сууж байсан гэрт өөр хүн байгаагүй.Тийм зүйл байхгүй харин намайг цохиж өшиглөж үг хэлээр доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Хохирогч К.Камбатын биед гэмтлийн зэрэг тогтоох шүүх эмнэлгийн шинжээчийн №07 тоот “К.Камбатын биед баруун өвдгөнд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч К.Камбат, гэрч Ч.Мөнхбат, М.Нямбаяр нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр мэдүүлдэг мэдүүлэг нь К.Камбатын биед баруун өвдөгөнд нэвтэрсэн шарх бүхий гэмтлүүд учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 7 тоот дүгнэлттэй зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Мы гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч Ж.Мы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Мы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирогч К.Камбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Ж.М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.     

    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Мы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2134000000074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10, 37, 38 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Ж.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 550/таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000/таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.М-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ