Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч М.Алтантуяа,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-д холбогдох 2134000000152 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ж. М, Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймаг, Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Төв аймаг Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ж.М нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Алтантуяаг байнга буюу 2020 оны 11 дүгээр сарын дундуур толгойн тус газарт нь цохисон, 2021 оны 01 дүгээр сарын дундуур толгойн тус газарт нь цохисон, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Жаргалант сумын төв орох гээд явж байх замдаа машин дотор маргалдаж чих нь тус газар нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Алтантуяаг 2020 оны 10 сарын 27-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь “зүүн 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэнгэргэн хальс цооролт бүхий” хөнгөн хохирол, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.М-д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

           

Хохирогч М.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй“ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, хохирогч М.Алтантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-04-07 тал/, шүүгдэгч Ж.Моос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08-09 тал/, гэрч А.Мөнхсаналаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10-11 тал/, гэрч Ж.Мөнхзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, гэрч В.Мөнхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-17 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2737 дугаартай дүгнэлт/хх-19-20 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт/хх-23-25 тал/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-35-36 тал/, Ж.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-37 тал/, Ж.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-38-42 тал/, аюулын үнэлгээний зэргийн тэмдэглэл/хх-45-47 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.М нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Алтантуяаг 2020 оны 10 сарын 27-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь “зүүн 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэнгэргэн хальс цооролт бүхий” хөнгөн хохирол, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Алтантуяагийн: "...Би 2020 оны 08 дугаар сарын 30-наас эхлэн Ж.М гэх хүнтэй Жаргалант сум Загдал 4 дүгээр багт хамтран амьдарч байгаа тэгээд намайг 2020 оны 10 сарын 27-нд анх удаа зодсон бөгөөд тухайн үед хамтран амьдрагч М нь намайг зодож миний баруун чихний хэнгэрэгийг хагалсан энэ үед би Улаанбаатар хот орж ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж бүх зураг хөргийг авахуулсан, мөн миний зүүн талын 7 дугаар хавиргыг хугалсан, мөн хагалгаанд орох болохоор 1800,000 төгрөгөөр орно гэсэн тэгтэл надаа мөнгө байхгүй байсан учир Мод хэлэхэд өчнөөн өр зээлтэй байгаа учраас дараа нь орж болох уу гээд ЭМЖЖ эмнэлэгтээ баруун чихний хэнгэрэг нөхөх нөхөөс тавиулсан үүнээс хойш надаа гар хүрч зодсон. 2020 оны 11 сарын дундуур мөн гарч хүрч зодсон. М нь зүгээр хэл амаар дайрч байгаад л гараараа шууд толгой руу цохиод авсан, дараа нь 2021 оны 01 сарын дундуур мөн гар хүрч зодсон энэ зодох үедээ гар хүрээд л толгой руу л цохиод авсан ингээд Улаанбаатар хот руу гэр лүүгээ очоод байж байгаад 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр М нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал багт Мын гэрт ирсэн тэгээд 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр сумын төв орох гээд Мын хамт машинтай явж байхад хэрүүл хийгээд л миний чих руу цохиод байсан үүнээс болоод чихэн дотор эвгүй байнга цул цул гээд л юм цохиод байгаа юм шиг яваад байснаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөн л намайг элдэв хэл амаар доромжлоод л намайг толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан ийм учир л үнэхээр тэвчихгүй болоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би өөрөө 5 хүүхдийн ээж байгаа юм хань ижил маань нас бараад олон жил болж байна таарч тохироод амьдарчих байх гэж бодсон юм намайг М нь зодож цохисноос болоод би мартамхай аймхай болсон. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би бас амьдарч байгаа хүн чинь хоол хүн хэрэглээгээ бэлдэхийн тулд ажил хийх ёстой тэгээд төмсний зооринд орж төмс ялгаж ажилладаг байсан ингээд явахаар хүнтэй хардан элдэв хэл амаар дайрч зоддог байсан. М архи уухгүй эрүүл үедээ л ингээд хэл амаар дайрч зоддог байсан. М нь мөн надаа гар хүрч зодчихоод миний буруу уучлаарай уурсандаа тэгсэн байна гэж хэлнэ тэгээд л хэлж байгаагүй...Намайг М нь анх 2020 оны 10 дугаар сарын 27-нд зодоод миний нүүрийг хөхрүүлсэн, хавирга хугалсан, чих гэмтсэн байхад би машинд мөргүүлсэн, зооринд төмс гаргаж байгаад гэмтсэн гэх мэтээр хэлээд нуудаг байсан мөн олон жил ганцаараа явсан болохоор нэг хүнтэй хамтарч амьдрах гэж байж үр хүүхдүүддээ муулаад яах вэ гэж бодож явдаг байсан. Мыг аль эртний таньдаг байхад надаа ийм муухай зантай гэж мэдэгдээгүй...Би Мод анх зодуулснаас хойш шөнө унтаж чадахгүй жоохон дуу чимээ гарахад л сэрдэг байсан тэгээд эмнэлгээс эм хүртэл авч ууж унтдаг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/,

Хохирогчийн дахин өгсөн "... надад өмнө нь ганц хоёр удаа гар хүрч хэл амаар доромжилдог байсан тэгээд нэг их гэмтээгүй учраас эмнэлэгт үзүүлж, цагдаагийн байгууллагаар явдаггүй байсан. Хэчнээн удаа зодож байсан талаар өмнө мэдүүлэг дээрээ өгсөн. Ер нь хоёулаа хамт байхдаа л надтай маргалдаж, хэл амаар доромжилдог байсан. Манай хүүхдүүд намайг Ж.Мод зодуулдаг байсан талаар мэдэхгүй би хэлдэггүй байсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

яллагдагч Ж.Мын: "... Надад сонсгож буй хэргийн зүйл анги прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан би хүлээн зөвшөөрч байна...Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Алтантуяа нь намайг хардаж, сэрдээд хэрүүл өдөөд байсан тэгээд бид хоёр хэрэлдэж муудалцаад байж байтал манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Өмнө нь 2021 оны намар 10 дугаар сард байх М.Алтантуяа нь намайг хардаад надтай маргалдаж өөдөөс хөлөөрөө жийгээд тийрсэн мөн хоолой боогоод байхаар нь гэрийн гадаа очоод машинаас буулгаад нүүр рүү нь цохиж унагаасан тэгсэн чинь хавирга нь хугарсан байсан. М.Алтантуяа нь над руу дайраад алалцана гээд байдаг юм.Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байх он сараа сайн санахгүй байна бид хоёр муудалцдаг өдөр М.Алтантуяа нь жоохон халамцуу байсан ба намайг хардаад над руу дайраад байхаар нь би гараараа нүүр руу нь нэг удаа цохиж, нэг удаа гуталтай хөлөөрөө хавирга руу нь өшиглөсөн тэгэхэд хавирга нь хугарч, хэнгэрэг нь цоорсон байсан. Тэгээд би тухайн үед нь гэмтлийн эмнэлэгт авч очиж эмчилгээг нь хийлгэж байсан...Би М.Алтантуяатай 2020 оны 08 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа юм.  Дундаасаа хүүхэдгүй, гэр бүлийн баталгаагүй. Намайг янз бүрийн хүмүүстэй хардаад санаанаасаа зохиож хардаад надаас хэрүүл өдөөд байдаг юм. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Ер нь бол эндээс явсан өдрөөсөө хойш байнга л согтуу надтай утсаар ярьж байна. ..Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Шинжээч С.Чулуунсухийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 2737 дугаартай: "...М.Алтантуяагийн биед зүүн 7-р хавирганы далд хугарал, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний хэнгэрэгэн хальс цооролт гэмтлүүд тогтоогдлоо.. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Дээрх зүүн 7-р хавирганы далд хугарал, баруун нудний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэнгэргэн хальс цооролт гэмтлууд нь 2020.10.27-ны өдөр, тархи доргилт гэмтэл нь 2021.03.25-ны өдөр үүссэн байх боломжтой байна..." гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

Шинжээч И.Ганболорын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 42 дугаартай: "...М.Алтантуяагийн 2020-10-27-ны өдөр үүссэн гэмтэлд зүүн 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун чихний хэнгэрэгэн хальс цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..М.Алтантуяагийн 2021-03-25-ны өдөр үүссэн гэмтэлд тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 23-25 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ж.М нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Алтантуяаг 2020 оны 10 сарын 27-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь “зүүн 7 дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэнгэргэн хальс цооролт бүхий” хөнгөн хохирол, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэрч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ж.М нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ж.М нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Алтантуяаг байнга буюу 2020 оны 11 дүгээр сарын дундуур толгойн тус газарт нь цохисон, 2021 оны 01 дүгээр сарын дундуур толгойн тус газарт нь цохисон, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Жаргалант сумын төв орох гээд явж байх замдаа машин дотор маргалдаж чих нь тус газар нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас хохирогч М.Алтантуяа нь чихний хэнгэрэг нөхөх хагалгааны зардал болох 1800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй хагалгаанд ороогүй, шүүгдэгч нь хагалгааны зардлыг төлөхөө илэрхийлж, хохирогч шүүгдэгч нар тохиролцсон байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Б овогт Ж. М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 600/зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-од оногдуулсан 600/зургаан зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Алтантуяа нь чихний хэнгэрэг нөхөөх хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.М-од урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ