Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2017/00450

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Заг сум 2 дугаар баг Баян-Улаанд оршин суух, ВО63101201 регистрийн дугаартай, Завал овогт Жавганы Уранбилэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ж.Уранбилэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 54 настай. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Би Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд 1980 оноос тушаал гараад 1982 оны 04 сараас эхлэн 1986 оны 08 сар хүртэл саальчнаар ажиллаж байсан. Мөн Лүнгийн бригадын 1 дүгээр хэсэгт хоньчноор, 1987 оны 09 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сар хүртэл хоньчноор, тус аймгийн Эрдэнэцогт суманд 1989 оны 05 сарын 12-ны өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.Дээрх хугацааны баримт хангалтгүй, хөдөлмөрийн дэввтрээ үрэгдүүлсэн тул гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй..гэв.

Шүүх хуралдаанаар Ж.Уранбилэгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1987 оны 12 сарын 12-ны өдрийн 13 дугаар Баянхонгор аймгийн Заг сумын давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын проткол, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 417 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Уранбилэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.Уранбилэг нь 1981 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд саальчин, хоньчиноор ажиллаж байсан болох нь Ж.Уранбилэгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1987 оны 12 сарын 12-ны өдрийн 13 дугаар Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын проткол, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 417 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ж.Уранбилэгийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Завал овогт Жавганы Уранбилэгийн 1981 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд саальчин, хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Уранбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ