| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0434/И |
| Дугаар | 131/ШШ2017/00452 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2017/00452
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 3 дугаар багт оршин суух, ВП55091711 регистрийн дугаартай, Тавнан овогт Хандын Дамбадоржийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Х.Дамбадорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1955 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан чулуут гэх газар төрсөн. 2017 оны Нийгмийн даатгалын Ерөнхий газрын шалгалтаар 1971 оны 01 сараас 1981 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоолгох шийдвэр гарсны дагуу Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан 10 жилийн лавлагааг авахуулсан. Иймд 1971 оноос 1981 он хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд нэгдлийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? ..гэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Х.Дамбадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Х.Дамбадорж нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тасралтгүйгээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тэрээр 1973 оноос 1976 оны хооронд цэргийн алба хаасан юм. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн балны өнгө зөрсөн, зарим сард бичилт хийгдээгүй гэх шалтгаанаар ажилласан жилээ тогтоолгох шаардлага тавьсан ..гэв.
Шүүх хуралдаанаар Х.Дамбадоржийн иргэний үнэмлэхний хуулбар, Х.Дамбадоржийн 1971 он, 1981 оны 12 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 584 дүгээр албан бичиг, цэргийн алба хаасан тухай лавлагаа, гэрч С.Чулуунбатын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Дамбадорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Дамбадорж нь 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл, 1976 оны 09 сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Х.Дамбадоржийн 1971 он, 1981 оны 12 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Батлан хамгаалах яамны төв архивын 000005525 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 584 дүгээр албан бичиг, гэрч С.Чулуунбатын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Х.Дамбадоржийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тавнан овогт Хандын Дамбадоржийн 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл, 1976 оны 09 сарын 15-ны өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.Дамбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ