Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 72

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Э.Ууганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Пүүлэд овгийн Энхтүвшингийн Ууганбаатарт холбогдох 201616000151 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

2016 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Титэм баарны гадаа Э.Ууганбаатар нь Х.Тэгшсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд халдаж Х.Тэгшсайханы биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгт: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Х.Тэгшсайханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: “2016 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт байрлах Титэм баарны үүдэнд найз Мөнхтулгын хамт тухайн бааранд дижи хийдэг Билгээг хүлээгээд сууж байтал зүс таних Мэнд-Амар согтуу ирээд үедээ байгаарай ахын дүү шазуур зуугаад байна уу энэ их хэгжүүн бацаан гээд үгээр өдөөд байсан. Тэгтэл Ууганбаатар нь хажуугаар орж ирээд яасан наадах чинь томроод байгаа юм уу гээд намайг сууж байхад заамдаж босгож ирээд хамран тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийн биеийг хамгаалж Ууганбаатарын заамдсан гарыг тавиулж цааш нь түлхээд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Ууганбаатар, Мэнд-Амар нар зугтаад явсан. Би эмнэлэг рүү явж эмчид үзүүлсэн. Миний хамар хугарсан байсан” гэжээ. /хх-ийн 5-р хуудас/,

Гэрч Г.Мэнд-Амарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагийн орчимд Ц.Ууганбаатар, Э.Ууганбаатар гэх 2 найзын хамт rоуаl караокегоос гараад титэм бааранд хүнээр хүргүүлэх гэж очтол хүргэж өгөх ах байгаагүй. Тэгээд би ганцаараа дотогшоо ороод гараад иртэл зүс таних залуу тааралдсан. Тэгээд түүнтэй юм ярьж байгаад хамт явж байгаа залуу руу нь мэнд мэдсэн чинь дуугарахгүй, муухай хараад суугаад байсан. Тэгэхээр нь чи их хэгжүүн залуу юмаа гэж хэлээд хацрыг нь илсэн юм. Тэгээд зүс таних залуутайгаа юм яриад зогсож байтал манай найз Э.Ууганбаатар ирээд Тэгшээ байна ш дээ. Чи сая коллеж төгссөн биздээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Тэгшээ гэх залуу нь босч ирээд Ууганаа гуай зүгээр байгаарай гээд цохих шиг болсон. Тэгтэл Ууганаа зөрүүлээд цохисон. Тэгээд тэр 2 хэн нь хэнийгээ цохиод байгаа юм бүү мэд. Ууганаа 1 цохилоо, 2 цохилоо гээд тоолоод байсан. Тэгж байгаад хартал Ууганааг Тэгшсайхан доороо оруулчихсан цохиж байсан. Ууганбаатар бас л цохисоныг нь тоолоод л байсан. Тэгэхээр нь салгах гээд очтол нэг танихгүй залуу миний өмнө ороод тэр хоёрыг салгуулахгүй хориод, намайг хойш нь түлхээд байсан. Тэгэхээр нь чи яах гээд байгаа юм зүгээр бай чи яасан зүгээр үү гэтэл зүгээрээ гэж хэлсэн. Тэгвэл наад хоёроо салгаад найзыгаа аваад яваач гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр ч зууралдахаа больсон. Тэр үед Тэгшээ нь хамраас цус гараад байна гээд 2 тийшээ болоод салаад явцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал 09 цагийн орчимд утсаар Тэгшээ залгаад хамар хугалсан байна. Эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлээд эмчтэй нь уулзаад төдий хэмжээний төлбөр гарна. Та нар тэгээд эмчлүүлэх юм уу гэхээр нь эмчлүүлье гээд Э.Ууганбаатар бид 2 эмчид нь эмчилгээний төлбөр гэж 370.00 төгрөг өгөөд, 20.000 орчим төгрөгөөр эм тариа аваад өөрт нь хоолонд ороорой гээд 20.000 төгрөг өгөөд 1 дэх өдөр томографикийн зураг авахуулахаар уулзъя гээд салцгаасан. Маргалдсан зүйл байхгүй. Э.Ууганбаатар Тэгшсайхан 2 уулзаад нэг нэгнийгээ үл ойлголцоод л цохилцоод эхэлсэн. Э.Ууганбаатар болохоор намайг хүнтэй маргалдаад байна гэж бодож очсон, Тэгшсайхан нь болохоор Ууганбаатарыг намайг өмөөрч ирлээ гэж ойлголцсон юм шиг байсан” гэжээ. /хх-ын 7-р хуудас/,

Гэрч Ц.Ууганбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: “2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн орой 23 цагийн орчимд Мэнд-Амар, Ууганбаатар бид 3 Рояал караокед орж 1 цаг дуулж 1 шил 0.75 л-ийн архи хувааж уугаад гарах гээд Ууганбаатарын ах Титэм баарны гадаа байна гэхээр нь хүрээд очтол ах нь байхгүй байсан.Тэгээд Ууганбаатарын дотор муухайраад гээд хашааны хажууд байж байтал Мэнд-Амар нэг залуутай баарны үүдэнд маргалдаж байгаа юм шиг байсан. Тэр маргалдаж байгаа залуу Ууганбаатар 2 нэг нэгнийгээ таньдаг юм шиг байсан. Тэгээд Ууганбаатар очоод мэндлээд мөрөн дээр нь гараа тавьтал Тэгшсайхан Ууганбаатарыг түлхээд босоод ирсэн. Тэгээд Тэгшсайхан яагаад байгаа юм бэ? Ууганаа хөгшөөн тэгэхгүй шүү гээд зуураад бариад авсан. Тэгээд Ууганбаатарыг цохиод автал Ууганбаатар тэр залууг зөрүүлээд нэг цохиод авсан. Тэгтэл Тэгшсайхан гэх залуутай хамт явсан залуу нь бас зодолдох гээд байхаар нь түүнийг нь би салгаад аваад явсан. Тэгээд намайг эргээд хартал Ууганаа толгойгоо дараад хэвтчихсэн байсан. Тэгшсайхан толгой хавьд нь өшиглөж байгаа харагдсан. Ууганаа доошоо хараад хэвтчихсэн 1, 2 гээд өшиглөж байгааг нь тоолоод хэвтээд байсан. Тэгэхээр нь би хүрч очоод Ууганбаатарыг салгаж аваад явсан. Өөр зүйл болоогүй” гэжээ. /хх-ын 12-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Х.Тэгшсайханы биед хамар ясны хугарал, тархины доргилт бүхийн гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ын 15-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ууганбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагийн орчимд royal караокегоос гараад Титэм баgранд манай ах байна гэхээр нь хoргүүлэх санаатай очтол манай ах байгаагүй. Тэгээд би 2-р цэцэрлэгийн зүүн талд хашлага дэзр сууж байтал yадтай хамт явсан Мэнд-Амар гэх залуу баgрны үүдэнд хашгираад, хүмүүстtй муудалцаад байгаа юм шиг болохоор нь хүрээд очтол миний таньдаг Тэгшсайхан гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь очоод өө энэ миний таньдаг хүн байна, яасан юм бэ юу болсон юм гэж хэлээд мөрөн дээр нь гараа тавьж босгоод ярилцах гэтэл Дамбо хөгшөөн тэгэхгүй шүү гээд шууд өөдөөс цохиод авсан. Намайг манай үеийнхэн Дамбо гэж дууддаг юм. Тэгэхээр нь эргүүлээд баруун гараараа хацар хавьд нь цохилоо гэж бодсон чинь хамар дээр нь цохичихсон байна лээ. Тэгээд манай найз Мэнд-Амар ирээд биднийг салгасан. Мэнд-Амарыг салгахаас өмнө Тэгшсайхан миний нүүр рүү гараараа 6 удаа цохиж, 2 удаа өшиглөсөн. Намайг тэгж цохиж байх үед нь би чангаар 1 цохилоо, 2 цохилоо, 3 цохилоо гэж тоолж байсан болохоор тэнд байсан хүмүүс мэдэж байгаа байх. Хажууд хараад зогсож байсан хүмүүс гэрчлэх байх. Тэгээд Мэнд-Амар, Ууганбаатар, бид хэд яваад өгсөн. Тэгшсайхан найзуудтайгаа биднийг шоолоод, инээлдээд үлдсэн. Яг юу хэлж байгааг нь бол сонсоогүй ээ. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өглөө ажил дээрээ байж байтал 09 цагийн орчимд Тэгшсайхан Ганбаяр гэх найзтайгаа ирээд шууд явъя. Цагдаа оръё. Миний хамар хугарсан байна эмчлүүлнэ гэхээр нь тэгвэл хоёулаа шууд эмнэлэг оръё гэж хэлээд эмнэлэг ороод эмчтэй уулзтал эмч 250.000 төгрөгөөр эмчилнэ гэхээр нь 250.000 төгрөгийг нь өгөөд хамрыг нь янзлуулсан. Томогарфикт харуулна гэж хэлэхээр нь түүний төлбөр болох 120.000 төгрөг, бичиж өгсөн эмний мөнгө гэж 17.000 төгрөг өгөөд бидний буруугаас болоод өдөржин хоосон байлаа замдаа хоолонд ороорой гэж 20.000 төгрөг өөрт нь өгсөн. Тэгээд нийт 407.000 төгрөг өгсөн. Тэгээд 1 дэх өдөр уулзацгаая гээд салцгаасан” гэжээ /хх-ын 20, 22-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Х.Тэгшсайханы Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-3/, Хохирогчоор тогтоох тогтоол /хх-8/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-14/, Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-17/, Сэжигтнээр тооцох тогтоол /хх-19/, Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-21/, Шүүгдэгч Э.Ууганбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ын 23/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-24/, Э.Ууганбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-25/, Эвлэрлийн гэрээнд: “...Х.Тэгшсайханы биед эрүүл мэндэд учирсан хохирол нийт 800.000 төгрөг төлсөн одоо нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн тул гомдолгүй.

Талууд дээрх тохиролцоонд хүрснээр маргааныг эцэслэн шийдвэрлэж энэ асуудлаар дахин маргаан үүсгэхгүй гэдгээ нотлож эвлэрлийн гэрээ байгуулав...” зэрэг болно. Э.Ууганбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Титэм баарны гадаа Х.Тэгшсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд халдаж Х.Тэгшсайханы биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Э.Ууганбаатарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Тэгшсайханы мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 341 дугаартай “1.Х.Тэгшсайханы биед хамар ясны хугарал, тархины доргилт бүхийн гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, 4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Прокуророос шүүгдэгч Э.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар .... ял оногдуулахаар ялын санал гаргасан, шүүгдэгч нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх боловч шүүгдэгч Э.Ууганбаатар, хохирогч Х.Тэгшсайхан нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрч гомдол саналгүй болсон болох нь тэдний эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, хохирогчид учирсан сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулан гомдол саналгүй болгосон байна. Шүүгдэгч Э.Ууганбаатарын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан болох нь хохирогч Х.Тэгшсайханы мэдүүлэг, тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна. Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Э.Ууганбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Э.Ууганбаатарын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. Шүүгдэгч Э.Ууганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй болно. Шүүгдэгч Г.Эрдэнэхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Пүүлэд овгийн Энхтүвшингийн Ууганбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ууганбаатарын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Э.Ууганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Э.Ууганбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаатарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Тэгшсайхан нь эмчилгээний зардал болон хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эрдэнэхуягт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг түүнд мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ