Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0831

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Л.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан “Иб м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АмгтгКхдд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Иб м” ХХК,

Хариуцагч: АмгтгКхд

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Иб м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Иб м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай “Иб м” ХХК нь тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ.  “Иб м” ХХК-ийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх гэсэн боловч манай нэг хувьцаа эзэмшигч гадаадад сурдаг тул тус төлбөрийг 18 хоногийн дараа ирүүлж, хуульд заасан хугацаанаас хоцорсон нь үнэн. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг, алдангийн хамт төлөх гэж Ашигт малтмал, газрын тосны газарт очсон боловч манай тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан. Энэ хугацаанд манайд ямар нэгэн тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой албан бичиг ирээгүй тул бид төлөх боломжтой юм байна гэж ойлгосон. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэрт цуцлах үндэслэл бүрдсэн гэх мэдэгдэл нь 2 удаа буцаагдсан тэмдэглэл байгаа төдийгүй үүнээс үзвэл тус төрийн захиргааны байгууллага нь манай компанид мэдэгдэл очоогүй байсан гэдгийг мэдэж байгаа талаар нотолж байгаа. Мөн ямар нэгэн сонсох ажиллагааг хийгээгүй. Одоо болтол тус мэдэгдэл ирүүлээгүй байгаа төдийгүй бид шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон тухай мэдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 408 дугаар шийдвэр нь  эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт бөгөөд захиргааны акт гаргах үйл ажиллагаа нь дагаж мөрдөх журмаа зөрчсөн. Мөн “Иб м” ХХК-ийн хаяг ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй. Учир нь төлбөр төлөөгүй асуудал бол захиргааны акт гарах үндэслэл болж байгаа хэдий тус захиргааны акт нь хуульд заасны дагуу биш, хуулийг биелүүлээгүй зөрчсөн байх нь харагдаж байгаа юм. Мөн Ашигт малтмал газрын тосны газарт болон шүүхэд  гаргасан нэхэмжлэлд бичигдсэн хаяг нь ижил байгаа нь тус компанийн хаягт ямар нэгэн өөрчлөлт ороогүйг нотолж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаартай шийдвэрийн “Иб м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцаас харахад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар эрх зүйн зөрчилтэй, хууль бус эрх зүйн акт байна. Тухайн актыг гаргах үйл ажиллагаа нь дагаж мөрдөх журмаа зөрчсөн. Төлбөр төлөөгүй гэдэг нь асуудал нь захиргааны акт гаргах үндэслэл болж байгаа бөгөөд уг акт нь хууль журмын дагуу гарсан уу гэдгийг судлаад үзэхээр биелүүлээгүй болох нь харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байна. Хуулийг дээдэлнэ гэдэг нь хуулийн заалтыг нэг бүрчлэн дагаж мөрдөх ёстой гэсэн агуулга юм.

Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт  заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй. Хуульд тодорхой заасан байхад хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд бусдын эрх ашгийг хөндсөн болох нь харагдаж байна. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хийхгүй ба энэ нь нэхэмжлэгчид хамаарахгүй. Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн агуулга өөр гэдгийг хэлмээр байна. Мөн “Иб м” ХХК-ийн хаяг өөрчлөгдөөгүй гэдэг нь нотлогдсон. Энэ тухай баримтууд хэрэгт авагдсан. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт очиж уулзахад танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэж хариу өгсөн талаар нэхэмжлэлд дурдсан. Тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсан он, сар, өдрөөс харахад зөрчил байгаа болох нь харагдаж байна. Олон жил төлбөрөө төлсөөр ирсэн аж ахуй нэгжийг харгалзан үзэх нь зүйтэй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буюу нэг өдрийн өмнө нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөхөөр очсон. Тухайн захиргааны акт гарах үйл ажиллагаа хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч АмгтгКхд Д.Дээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Иб м” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг “Шар толгой” нэртэй 10073.48 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* тоот тусгай зөвшөөрлийг “Иб м” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Иб м” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* тоот тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/4900 тоотоор хүргүүлсэн байна. Хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

“Иб м” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Иб м” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн албан тоот болон тус газрын 2019 оны “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбараар баталгаажиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

Хоёр. “Иб м” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтэд “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7/5969 тоот албан бичгээр өгсөн байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Иб м” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага. Төрийн захиргааны байгууллага нь “Иб м” ХХК-ийн албан ёсны бүртгэлтэй, өөрсдийнх нь хүлээн зөвшөөрсөн хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн байгаа бөгөөд тус мэдэгдлийг хүргүүлсэн гэх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Хаягийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.2-т “…тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “…56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны үзэл баримтлалтай адилхан. Нэхэмжлэгчийн хувьд мэдэгдэлд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэсэн байхад нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй нь сонсох ажиллагааг хийгдээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Нэг өдөр хоцорсон ч бай  нэг сар хоцорсон ч бай тусгай зөшвөөрлийн  хугацаанд нь төлөх төлбөрийг төлөөгүй л бол төлөөгүй. Хүндэтгэн үзэх шаардлага гараагүй л бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрийг хугацаанд төлөх л үүрэгтэй. Иймд шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах байх” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Иб м” ХХК-иас АмгтгКхдд холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Иб м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр “Иб м” ХХК-ийн XV-0******* дугаар бүхий ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ[1].

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг төлөхөөр тохирсон хувьцаа эзэмшигч гадаад улсад суралцаж байсны улмаас төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болох хүндэтгэн үзэх шалтгааны харгалзан үзэлгүйгээр хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдэлгүй тусгай зөвшөөрлийг цуцлаж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргах ба хариуцагчаас “хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээд нь хуульд заасан хугацааны дотор хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул уг тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх ...” гэж тус тус заасан.

Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх шаардлагыг хангаж ажиллах учиртай.

Гэтэл нэхэмжлэгч “Иб м” ХХК нь Говь-алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дахь Шар толгой нэртэй 10073,48 гектар талбай бүхий XV-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн хугацаа дуусах 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс[2] өмнө, эсхүл алдангийн хамт 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө 5 дахь жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй атал нэхэмжлэгч нь хуулийн этгээд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан мөнгөн гүйлгээний журналд 5 дахь жилийн төлбөр төлсөн талаарх бичилт байхгүй[3] болон нэхэмжлэлд “...7 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан, бид үүнээс хойш 18 хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлан мэдэгдэхээр очсон...” гэж бичигдсэнээр тус тус тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 408 дугаар шийдвэрийн “Иб м” ХХК-д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хуулиар тогтоосон хугацааны дотор хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч “2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөхөөр очиход танай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна гэж мэдэгдсэн атлаа маргаан бүхий акт нь нэг хоногийн дараа буюу 8 дугаар сарын 13-ны өдрөөр огноологдож гарсан нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс XV-0******* тоот  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн нь “хувьцаа эзэмшигч гадаадад сургалтад явсан. Монгол Улсад байгаагүй” гэж тайлбарлах боловч нэг хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийг төлөөлөхгүйн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хувьцаа эзэмшигч бус хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд төлөхөөр хуульд заасан байх тул “хуулийн этгээд”-ийн хувьд энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.

            Түүнчлэн захиргааны байгууллагаас “Иб м” ХХК-ийн төрийн захиргааны байгууллагад албан ёсны бүртгэлтэй “Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Мөнгөт шарга тауэр, 901 тоот”[4] хаягаар  “хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэх”-ийг мэдэгдсэн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/4900[5] тоот албан бичгийг илгээсэн байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргэгдээгүй болох нь   хэргийн оролцогчдын тайлбар болон “Монгол шуудан” ХК-ийн тодорхойлолтоор[6] тус тус тогтоогдов.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг ирүүлээгүй тул сонсох ажиллагаа хийгдээгүй нь хууль бус” гэж тайлбарлах боловч хуульд заасан хугацаа дуусч байгааг сануулсан мэдэгдэл хүргэгдээгүй нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

            Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн хугацаа нь хүний хүсэл зоригоос үл хамааран хуанлийн цаг хугацаагаар тоологдох бөгөөд уг хугацаа дуусгавар болохоос өмнө, эсхүл алдангийн хамт хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар ногдуулсан байх тул энэ үндэслэлээр мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй гэж үзэхээр байхын зэрэгцээ хугацаа дуусаж байгааг сануулсан мэдэгдэл хүргэгдээгүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

            Иймд ““Иб м” ХХК-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 408 дугаар шийдвэрийн “Иб м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Иб м” ХХК-иас АмгтгКхдд холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Иб м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 41 дэх талд

[2] Хавтаст хэргийн 54-55 дахь талд

[3] Хавтаст хэргийн 78 дахь талд

[4] Хавтаст хэргийн 80 дахь талд

[5] Хавтаст хэргийн 48 дахь талд

[6] Хавтаст хэргийн 43 дахь талд