Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00826

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2017/00826

Хөвсгөл аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 28-03 тоотод оршин суух, РЭ86070304 дугаар регистртэй, Их мэргэд овогт Ганболдын Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 09-05 тоотод оршин суух, РЮ86121114 дугаар регистртэй, Бэсүүд овогт Цэрэнчанаагийн Чойжилсүрэнд холбогдох, 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2016/00614/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг, хариуцагч Ц.Чойжилсүрэн нар оролцлоо.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Чойжилсүрэнтэй 2009 онд танилцаж, 2010 оны 3 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин Ч.Мягмарсүрэн 6 настай, бага охин Ч.Баасансүрэн 5 настай эрүүл саруулж бойжиж байна. Ц.Чойжилсүрэн нь байнга хардаж, хэрүүл маргаан үүсгэж, байнгын уур, ааш, омог ихтэй. Ялих ялихгүй зүйлээр шалтаглаж бидэн рүү уурлаж, хараалын үгээр харааж зүхэн доромжлох байдал нь сүүлдээ хэвийн мэт болсон. Мөн Ц.Чойжилсүрэн нь архи ууна, эрүүл согтуу ямар ч үед намайг гартаа таарсан бүхнээр болон галын хайчаар цохиж, хутга барин над руу далайж заналхийлж, айлган сүрдүүлдэг бөгөөд “намайг алсан” гэж гэрээс бичиг бичиж үлдээгээд өөрийгөө ална, “боож үхнэ амиа хорлоно” гэж олон янзаар оролдож, намайг болон бага насны хүүхдүүдээ байнга айлган сүрдүүлдэг. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдтэй, найзуудтайгаа гаднах тохижилтын ажлыг хийж дуусгаад харихын өмнө нэг нэг пиво уусан. Энэ байдлыг Ц.Чойжилсүрэн мэдээд намайг зодсноос болж миний биеийн эрүүл мэнд муудаж, би Цагдаагийн байгууллагад хандсан. Түүний байнгын энэ мэт дарамт миний хувьд маш хүнд байна. Мөн бага насны 2 хүүхдийн минь сэтгэл зүйн хувьд ч гэсэн хүндээр нөлөөлж байнгын айдас түгшүүртэй, тайван бус байдалд байна. Энэ байдлаас хойш Ц.Чойжилсүрэн нь удаа дараа амиа хорлоно гэж орилж хашгирч, түүнд зодуулсны улмаас миний биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байгаа. Иймд би цаашид Ц.Чойжилсүрэнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 6 настай охин Ч.Мягмарсүрэн, 5 настай охин Ч.Баасансүрэн нарыг өөрийн асрамждаа авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Нийт 6.920.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулж авна гэжээ.

Хариуцагч Ц.Чойжилсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Шүрэнцэцэг бид хоёр 2010 оны 3 дугаар сард танилцаж 2011 оны 3 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2 охинтой болсон. Бидний охид эрүүл саруул өсч байна. Надад 2 охин болон гэр бүлээ байнга дарамталсан удаа байхгүй. Манайд тэр Г.Шүрэнцэцэгийг зодсон гээд байгаа галын хайч байхгүй. Иймэрхүү худлаа зүйлээс болж би гэр бүлээсээ салж чадахгүй. Би өөрөө өнчин өссөн хүн. Хоёр охиноо өнчрүүлж чадахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Чойжилсүрэн надаас уучлалт гуйж, алдаа дутагдлаа засч сайхан амьдарна гэсэн. Бид хоёр ярилцаад хэсэг хугацаанд хамт амьдарахаар тохиролцож эвлэрсэн гэв.

Хариуцагч Ц.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өмнө нь сайхан амьдарч байсан шигээ амьдарна. Г.Шүрэнцэцэг бид хоёр ярилцаад 03 сарын хугацаанд хамт амьдарч үзэхээр шийдсэн. Үнэхээр дээрх хугацаанд хамт амьдарч чадахгүй бол тухайн үед нь гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг нь хариуцагч Ц.Чойжилсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд гэрлэгчид хамт амьдрахаар эвлэрсэн тухай тайлбарыг гаргаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 118.462 төгрөгийн тал хувь болох 59.231 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Чойжилсүрэнд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 59.231 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА