| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00627/и |
| Дугаар | 00847 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 00847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, Хоймор овогт Алимаагийн Баярмаа /РО89110161/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Лхамсүрэн Мягмаржав /РФ95013117/-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 155/2017/00627/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч А.Баярмаа, хариуцагч Л.Мягмаржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Л.Мягмаржавтай 2015 онд танилцаад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бидний дундаас охин Б.Анир төрсөн юм. Л.Мягмаржавтай албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болоогүй. Охин маань төрснөөс хойш энэ хүн ганц ч удаа бидэнд тус дэм болоогүй юм. Хааяа ирэхдээ дандаа л шөнийн цагаар согтуурсан байдалтай ирдэг байсан. Иймд Л.Мягмаржавыг Б.Анирын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Баярмаа бид хоёр 2015 оны 03 дугаар сард танилцаад тус оныхоо 09 дүгээр сард салсан юм. Бид 3 сарын хугацаанд л хамт амьдарсан. Би Б.Анирын төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн тухайд би өөрийгөө арай гэж болгодог хүн шүү дээ. Тэтгэлгийг ямар нэг байдлаар төлнө, гэхдээ нэхэмжлэгчтэй энэ талаар тохиролцмоор байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баярмаа нь хариуцагч Л.Мягмаржавт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Баярмаа, хариуцагч Л.Мягмаржав нарын дундаас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Анир төрсөн болох нь 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 6767000007 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Эрдэнэбулган сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анирын төрсөн эцгээр Л.Мягмаржавыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Л.Мягмаржав нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б.Анир нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Л.Мягмаржаваас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Анирыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.Баярмаагаас 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Б.Мягмаржаваас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анир нь 1 нас 7 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Л.Мягмаржав төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Анир сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Баярмаад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анирын төрсөн эцэг Боржигон овогт Лхамсүрэнгийн Мягмаржав мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Анирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Мягмаржаваас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Баярмаагаас 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Л.Мягмаржаваас 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН