Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00849

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал баг Бадрахын 8-4 тоотод оршин суух Хар сүрэгтэн овогт Гунаасүрэнгийн Болорцэцэг /РЙ84020107/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал баг Бумбатын 10-4 тоотод оршин суух Онход овогт Батаагийн Болдсайхан /РЭ86032632-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2017/00669/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Болорцэцэг, хариуцагч Б.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Болорцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Болорцэцэг нь Б.Болдсайхантай 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Б.Энхбаяр 2009 оны 12 дугаар сарын 21-ний  өдөр, охин Б.Энхмөрөн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн.  Хамт амьдарсан эхний 5 жилийн турш миний бие хүүхдүүдийн хамт нөхрийнхөө дарамт, хүчирхийлэлд өртөж, эрсдэлтэй байдалд амьдарч байгаад тэсвэрлэхийн аргагүй байдалд хүрч өөрийн эцэг, эхийн гэрт ирж сүүлийн 3 жил амьдарч байна. Нөхөр маань 8 жилийн хугацаанд архи ууж агсам тавьж хэл амаар доромжлох, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийг байнга үйлдэж ирсэн. Нөхөр Б.Болдсайхан сүүлийн үед хэрцгий догшин авирлах нь нэмэгдсэн. Жишээ нь 2017 оны 5 дугаар сарын 27-нд архи ууж эцгийн маань гэрт ирж агсам тавьж үснээс зулгааж, хоолой боосон. Мөн хүү Энхбаярыг өөрийн гэрт аваачиж шөнөжин айлган сүрдүүлж, сандал өргүүлж, сураар ороолгож доромжилсон. Өмнө нь согтуу үедээ бар цэнгээний газраар дагуулан явах, мөн согтуу явж байж мотоциклоос унагаж байсан. Энэ байдал нь хүүхдийн болоод миний эрүүл, аюулгүй тайван амьдрах эрх зөрчигдөж байна. Энэ мэт зохисгүй үйлдэл нь хүүхдүүдийн төлөвшилт болон хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Сэтгэл санаа минь байнга хямарч бухимдсанаас даралт ихсэж, зүрх өвдөх болсон. Сүүлийн үед ажлаа ч сэтгэл тайван хийж чадахаа больсон. Иймд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. 2009 оны 76 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Энхбаяр, охин Б.Энхмөрөн нарыгаа өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

Хариуцагч Б.Болдсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцаж 2009 онд нэг гэр бүл болсон. Бидни дундаас 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Энхбаяр, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин Энхмөрөн нар төрсөн. Архи уудаг, агсам согтуу тавьдаг минь үнэн. Би 2013 онд аваарт орж гэмтэл авснаасаа хойш архи хэтрүүлэн хэрэглэдэг болсон. Эхнэр маань салах өргөдөл гаргасныг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ сайн авч яваарай гэж захимаар байна. Бид тусдаа амьдраад 3 жил болсон, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хоёр хүүхдээ өөрийнхөө боломжоор харж хандаж явна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Болорцэцэг нь хариуцагч Б.Болдсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. 

Гэрлэгчид нь 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №00/003617 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Энхбаяр, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Энхмөрөн нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа талаарх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Энхбаяр, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Энхмөрөн нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Г.Болорцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Энхбаяр, охин Б.Энхмөрөн нарыг эх Г.Болорцэцэгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Болорцэцэгийн эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болдсайханаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хар сүрэгтэн овогт Гунаасүрэнгийн Болорцэцэг, Онход овогт Батаагийн Болдсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Энхбаяр, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Энхмөрөн нарыг эх Г.Болорцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Болдсайханд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Болорцэцэгт тус тус даалгасугай.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болдсайханаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Болорцэцэгт олгосугай.  

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН