| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0340/И |
| Дугаар | 130/ШШ2017/00348 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2017/00348
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, *********** регистрийн дугаартай, М хошах овогт С Е хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Е , орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт 1979 оны 12 дугаар сарын 14-нээс 1997 оны 7 дугаар сарын 09-ний хүртэл түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.Е шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д сумын сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор 1979 оны 12 дугаар сарын 14-ээс 1997 оны 7 дугаар сарын 09-ний хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1979 оны 12 дугаар сарын 14-ээс 1997 оны 7 дугаар сарын 09-ний хүртэл 17 жил 7 сар Д сумын сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1973 оноос хойш үйлдвэр, барилга дээр ажилласан. Дараа нь Октябрь-39 нэгдэлд жолоочоор ажилласан. 1979 оноос хойш түргэн тусламжийн жолоочоор ажилласан. 1997 онд хагалгаанд орж эрүүл мэндийн байдлаасаа болж өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэрнээс хойш группд байгаа. Миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт буруу бичигдсэн байна. 1973 он гэж бичих ёстой 1983 он гэж бичсэн байна. Иймд Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт 1979 оны 12 дугаар сарын 14-ээс 1997 оны 7 дугаар сарын 09-ний хүртэл түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Еркин нь Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт 1979 оны 12 дугаар сарын 14-ээс 1997 оны 7 дугаар сарын 09-ний хүртэл түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч С.Еркиний Д сумын сум дундын эмнэлэгт 1979 оны 12 дугаар сарын 14-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:
-1974 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн Октябрь-39 нэгдлийн даргаас олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 8 ба 9 дүгээр хуудсанд Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1979 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдөр Д сумын сум дундын эмнэлгийн түргэн тусламжийн машины жолоочоор авч ажиллуулсан талаарх бичилт хийгдэж, хөдөлмөрийн дэвтэр нь холбогдох тамга тэмдгээр баталгаажсан байдал,
-1982 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн 514494 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхийн эхний хуудсанд Солтанханы Еркен, 1957 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гишүүнд элссэн, 1974 оны 3 сарын 13-ны өдөр улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн, Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн Зөвлөлийн дарга К.Х гэж бичиж тамга дарагдсан ба 1980 оноос 1991 оны 3 дугаар сар хүртэл татвар төлж байсан байдал,
-1979 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын больницын Ерөнхий эмчийн шинээр жолооч авч ажиллуулах тухай 70 дугаартай тушаалд: Түргэн тусламжийн жолооч байсан Харагиз өөрийн хүсэлтээр сумын үржил туршлагын салбарт жолоочоор ажилласан тул оронд Солтахан овогтой Еркингийг 1979 оны 12 дугаар сарын 14-нээс эхлэн түргэн тусламжийн ГАЗ-69 машины жолоочоор авч ажиллуулсан байдал,
-2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч А.Х , архивын бичиг хэргийн ажилтан Х.М нарын 13 дугаар албан бичигт: Д сумын түргэн тусламжийн машины жолоочоор ажиллаж байсан Солтахан овогтой Е нь 1979 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Д сум дундын эмнэлгийн түргэн тусламжийн жолоочоор бүр томилогдож 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.
-2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Д сумын Сум дундын эмнэлгийн ня-бо Х.Ержаны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Д сумын Сум дундын эмнэлгийн түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан С.Е нь 1979 оны 12 дугаар сарын 14-нээс эхлэн 1997 оны 7 дугаар сарын 09-ний дуустал бүгд 18 жил тасралтгүй ажиллаж байсан ба тухайн ажиллаж байх үеийн сарын үндсэн цалин 420 төгрөг, түргэний нэмэгдэл 93 төгрөг, бүгд 513 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон байдал,
-хүсэлт гаргагчийн ажиллаж байх хугацаандаа 1982 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус сумын Больницын захиргаанаас олгосон Баярын бичиг, 1986 оны 2 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Эмийн сангуудын удирдах контороос олгосон Сайшаалын үнэмлэх, 1986 оны 02 дугаар сарын 19, 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газраас олгосон Баярын бичиг, Диплом, 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын захиргаа, Намын үүрээс олгосон Диплом, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс тус тус Тэргүүний ажилтан цол олгож, аваргын энгэрийн тэмдгээр, дипломоор дурсгаж 500 төгрөгөөр шагнасан байдал, 1990 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон сайшаалын үнэмлэх, 1991 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сум дундын нэгдсэн эмнэлгийн захиргаанаас, ҮЭ-ийн хорооноос тус тус олгосон Диплом, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас олгосон Баярын бичиг, 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж байсан байдал, мөн хамт олонтой авахуулсан зураг, хамт ажилласан гэх У.Х , С.А , Х.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон холбогдох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан 1997 ооны 7 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн С.Е түргэн тусламжийн жолоочийн үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн тухай 16 дугаартай тушаал, 1974 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн О-39 нэгдлийн даргаас олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 8 ба 9 дүгээр хуудсанд 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож ********* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэж нийгмийн даатгалын байцаагч тэмдэг дарсан ба 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хүсэлт гаргагчийн 267871 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 8 дугаар сар дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх бичилт хийгдэж тамга тэмдэг нь дарагдаж баталгаажуулсан байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд 1995 оноос хойш хугацааны ажилласан жилийг шимтгэл төлснөөр тооцохоор хуульчилсан байх ба хүсэлт гаргагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 7 дугаар сарын 09-ний хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж тамга тэмдэг нь дарагдсан байх тул шүүхээс уг хугацааг тогтоох шаардлагагүй гэж үзэж хүсэлтийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагч С.Еркиний Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт 1979 оны 12 дугаар сарын 14-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримт болох хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн аймгийн архивын тасгийн архивын лавлагаа, Д сумын Октябрь-39 ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүвэр, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн БНМАУ Баян-Өлгий аймгийн Д сумын Октябрь-39 нэгдлийн даргын ажилд томилох тухай 51 дугаар тушаал, мөн даргын 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 81 дугаартай тушаал, 2015 онд олгосон Монгол Улсын Онц тээвэрчний тэмдгийн үнэмлэх зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ********** регистрийн дугаартай, М хошах овогт С Е Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт 1979 оны 12 дугаар сарын 14-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Е улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ