| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0339/И |
| Дугаар | 130/ШШ2017/00349 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2017/00349
Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Ө аймгийн Ө сумын 4 дүгээр баг, И 24 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух, *********регистрийн дугаартай, Н жарболд овогт С Х хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Х , орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүү Х.М сураггүй алга болсонд тооцуулахыг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний хүү болох Х М нь 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т А тус шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэдний дундаас төрсөн М.Е , М.А , М.А нарыг эцэг Х.М асрамжид үлдээж, эх Т.А тэтгэмж төлүүлэхээс тогтоосон билээ. Гэтэл Т.А нь хүүхдийн тэтгэлэг огт төлөөгүй бөгөөд 5 жилийн өмнө Казахстан улс руу яваад бидэнтэй огт холбоо бариагүй, чимээ сураггүй байгаа юм. Харин миний хүү Х.М нь Улаанбаатар хот руу ажиллахаар болж яваад 3 жил болж байгаа ба үүнээс хойш хүүхдүүд нь миний асрамжид байна. Х.М нь явснаасаа хойш бидэнтэй огт холбоо бариагүй, эргэж ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, мөн сураг чимээгүй байгаа билээ. Түүнийг таньж мэддэг хүмүүсээс лавлаж асуухад минь хаана байгааг нь мэдэх хүн гараагүй, хэл сураггүй байсаар өдийг хүрч байна. Энэ талаар хөрш зэргэлдээ айлынхан, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, мөн багийн Засаг дарга хүртэл мэдэж байгаа. Мөн тэд сураглаж, хайлцаж байсан ч сураг гаргаж чадаагүй. Миний хувьд санхүүгийн боломжгүй, чадваргүй тул тэр чигт нь орхисон. Т.А нь аль хэдийн хил даваад явчихсан, Х.М нь хүүхдүүдээ өөрийн асрамждаа авсан хэдий ч асран хамгаалж, эцгийн үүргээ биелүүлэхээс татгалзаж орхиод яваад өгсөн болохоор гарцаагүй байдлаар миний бие тэдний хүүхдүүдийг өөрийн асрамждаа авах болсон юм. Ингээд Ө сумын Засаг дарга Ө.Х 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дугаар захирамжаар хүүхдүүдийн өвөг эцэг болох С.Х намайг тэдний асран хамгаалагчаар тогтоосон билээ. Нэгэнт хүү Х.М маань хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй, нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, сураглаж эрж хайсан боловч олдоогүй юм. Үүнээс үзвэл М өөрөө ч эргэж ирэх сонирхолгүй болоод явсан нь тодорхой байна. Миний хувьд түүнийг эрж хайсаар эцэж ядарч, найдвар тасарч, хайх ч боломж бололцоогүй.сонирхолгүй байгаа билээ. Иймд түүнийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүүхэд маань сураггүй алга болоод 3 жил болж байна. Эцэг, эхээсээ 3 өнчин хүүхэд үлдсэн. Ээж нь гадаадад гараад явсан. Би өөрөө 73 настай. Настай хүн учраас хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралд санаа зовоод аймгийн Засаг дарга болон Халамжийн үйлчилгээний хэлтэст өргөдөл өгсөн. Хүүхдээ 3 жил хүлээсэн боловч ирээгүй. Халамжийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвлөсөн учраас шүүхэд хандсан. Би 3 жилийн турш хүүхдүүдийг асран хамгаалж ирсэн. Хүү М нь 3 жилийн өмнө гэрээсээ явсан. Гэрээсээ явахдаа би хол газар явж магадгүй, надад битгий санаа зовоорой гэж хэлээд явсан байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Х нь хүү Х.М сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Ө аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 41 дугаартай шийдвэрээр Х М , Т А нарын гэрлэлтийг цуцалж, 1999 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн охин М.Елик, 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин М.А , 2004 оны 10 дугаар сарын 05-нд төрсөн охин М.А нарыг эцэг нь болох Х.М асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна.
Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баян-Ө аймгийн Ө сумын Засаг даргын 229 дугаартай захирамжаар М.Е, М.М , М.А нарын асран хамгаалагчаар өвөг эцэг нь болох Сагымжаны Хумарханыг тогтоосон байна. Харин М.Е , М.А , М.А нар нь Ө сумын 01 дүгээр бүрэн дунд сургуульд сурч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Ө сумын 01 дүгээр бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч М.Е , М.А , М.А нарын эцэг нь болох Х.М нь гэрээсээ яваад сураггүй алга болоод 3 жил болж байгаа тул сураггүй алга болсонд тооцуулахыг шүүхээс хүсжээ.
Гэтэл Х М Баян-Ө аймгийн Цагдаагийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бусадтай хэрүүл маргаан гаргасан гэсэн үндэслэлээр 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэврээр торгуулах арга хэмжээ авагдсан, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинээр В ангиллын ******* дугаартай жолооны үнэмлэх авсан, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4392УНД дугаартай машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр ********** дугаартай торгуулийн хуудсаар 48000 төгрөгөөр торгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан жолооны үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар сураггүй алга болсон гэдэг нь тухайн иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа ойлголт хамаарах тул сураггүй алга болохыг тооцуулах тухай иргэн Х.М нь хамгийн сүүлд буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасныг зөрчиж торгуулийн арга хэмжээ авагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 139 дүгээр зүйлийн 139.1, 139.2, Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан Н овогт Х М сураггүй алга болсонд тооцуулахыг хүссэн тухай хүсэлт гаргагч С.Х хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ