Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.Д-д холбогдох эрүүгийн 2134000000222 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц. Д, Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймаг Говь-Угтаал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3-47 тоотод оршин суух бүртгэлтэй урьд Говьсүмбэр аймгийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутагт 2021 оны 05 дугаар сарын 16-ны орой А.Амарсүрэнтэй маргалдаж улмаар түүний баруун суган тус газарт нь 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутагт 2021 оны 05 дугаар сарын 16-ны орой А.Амарсүрэнтэй маргалдаж улмаар түүний баруун суган тус газарт нь 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч А.Амарсүрэнгийн: “... Би 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Дунд байдлаг гэх газарт нутагладаг өөрийн хуурай дүү Сонинбатын гэрт очиж хурга ишиг хөнгөлсөн. Тухайн үед би өөрийн эхнэр Оюунцэцэгийн хамт очсон бөгөөд хурга ишгээ хөнгөлж дуусчхаад 16 цагийн үед Сонинбаттай хамт түүний мотоциклтой нь сундалдаад тэднийхээс холгүй байх Отгоноогийн гэр рүү очсон. Тэднийд очиход Отгоноо эхнэртэйгээ хамт мөн танихгүй 2-3 хүн байцгааж байсан бөгөөд тэд нар намайг оронгуут 1 шил архи задалсан. Тэр архийг бид нар хувааж ууцгаачхаад наад талын гэрт нь орж дахиж нэг шил архи хувааж уусан. Тэгээд ер нь архиндаа согтсон байсан бөгөөд нэг мэдэхэд л Дтой гадаа гарчихсан муудалцаж байсан. Тухайн үед бол Дтой яг юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л бид хоёр муудалцаад байж байсан бөгөөд энэ үед Д халааснаасаа хутга гаргаж баруун талын суга хэсэг рүү 3 удаа хутгасан. ... Тэгээд би эмнэлэгт үзүүлэхэд өнгөц шархтай дотогшоо нэвтрээгүй байна гэсэн бөгөөд 5 хоног эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргасан. Жижигхэн эвхдэг хутга байх шиг байсан. Д уг хутгыг өөрийнхөө халааснаасаа гаргаж ирсэн. Хоёулаа согтуу байсан болохоор хоёр биеийнхээ үгийг даахгүй л муудалцсан болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө яах вэ эмчилгээнд зардал гарвал тэрийгээ гаргуулчихвал гомдол санал байхгүй...", "...Бид хоёр хоёулаа согтуу архи уучихсан байсан яг тодорхой муудах шалтгаан бид хоёрын дунд байгаагүй ээ бид хоёр архи ууснаас болж л үл ялих зүйл дээр маргалдаж гэрээс гарсан юм тэгтэл Д халааснаасаа хутга гаргаж ирээд миний баруун суга орчим руу хатгачихсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ би хохирол Доос 2,5 сая төгрөг бэлэн авсан бид хоёр сайн дураараа эвлэрч нэгнийгээ уучилсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

Гэрч Ч.Гэрэлтуяагийн: "...Манайх Д гэх айлтай айл саахалт хамт амьдраад 1 жил орчим болж байна. 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манайхан хурга ишгээ хөнгөлөөд Багануураас хүмүүс ирсэн. Тэгээд архи согтууруулах ундаа хэрэглээд Д ах манай хадам талын хамаатны ах Амарсүрэн ах нар хамтдаа манай гэрээс гараад явсан тэгээд удалгүй Амарсүрэн Д 2 муудалцаад хэрэлдээд байсан тэгж байтал Д ахыг Амарсүрэн ах хүзүү лүү нь цохиод байхаар би больцгоо гэж хэлж байтал Амарсүрэн ах надад Д намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь Амарсүрэнгийн цамцны сөхөөд хартал цус гарчихсан байсан. Тэгээд би нөхөр Отгонбаярыг дуудаад салгуулсан. Төв аймгийн Баяндэлгэр сумын Нарийн хөндий гэх газар байдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

Гэрч А.Сувданчимэгийн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед нөхөр Д дээр буюу Төв аймгийн Баяндэлгэр сумын Тариан булаг нэртэй газарт очсон тэгээд байж байгаад 16 цагийн үед Багануурт ирээд байж байтал манай бэр хүүхэд Түмэнцэцэг лүү хэн хэлсэн гэдгийг мэдэхгүй байна Д хүн хутгалчихлаа гэсэн зүйл хэллээ гэж манай бэр Түмэнцэцэг надад хэлэхээр нь би Багануураас гараад Төв аймгийн Баяндэлгэр сумын Тариан булаг нэртэй нөхөр Дийн байгаа газарт очиход манай нөхөр Д гэртээ согтуу байсан Тэгээд нөхөр Доос юу болсон талаар асуухад Д намайг доромжлоод байхаар нь би хутгалчихсан юмаа гэж хэлсэн тэгээд тэр хутгалуулсан хүн чинь хаана байна гэж асуухад Соко/хочтой/ айлын гэрт байсан хутгалуулсан гээд байгаа хүн согтуу Соко/хочтой/ гэх айлын хүн бүгд согтуу байсан тэгээд би нөхөр Дийн хутгалсан гээд байгаа хүнийг Багануур дүүрэг явж эмнэлэгт үзүүлье гэж хэлэхээр цагдаа дуудна гээд үгэнд орохгүй болохоор нь би нөхөр Доо дагуулж Багануур дүүрэг лүү ирсэн би тухайн үед хамт байгаагүй болохоор яаг юу болсон талаар нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч Д.Отгонбаярын: "...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг орших хөндий гэх нэртэй газарт Амарсүрэн, Д бид 3 хургаа хөнгөлж байсан ба 2 шил архи 1 ширхэг 2,5 литрийн пиво уусан. Амарсүрэн Д нар нэг нутгийн хүмүүс юм шиг байсан ба цуг ажил хийж байсан талаараа ярилцаж байсан. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан ба яг юунаас болж муудалцсан гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд Амарсүрэнгийн суга хэсгээс цус гарч байсан ба Амарсүрэн нь өөрийн мотоциклийг унаад цагдаа дуудна гээд яваад өгчихсөн. Маргааш өглөө нь цагдаа нар ирээд Д ахыг аваад явчихсан... Би болон манай эхнэр бид 4 байсан ба Амарсүрэн Д нар муудалцаад гэрээс гарсан. Тэгээд дуу нь өндөрсөөд ирэхээр нь гараад хартал Д нь Амарсүрэнг хутгалчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

Ц.Дийн гэрчээр мэдүүлсэн: “Би Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дунд байдлаг гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд манай эхнэр хүүхдүүд Багануурын төв дээр байдаг юм. Тэгтэл өчигдөр буюу 2021.05.16-ны өдөр манай эхнэр Сувданчимэг 2 хүүхдээ дагуулаад над руу очсон. Тэгээд өдөржингөө надтай хамт байж байгаад орой 17 цагийн үед буцаад Багануур дүүрэг рүү явцгаасан. Тэгээд би эхнэр хүүхдүүдээ явуулчих хажуу талын саахалт айл болох Отгонбаярын гэрт ороход тэдний гэрт миний танил Амарсүрэн гэх залуу бас танихгүй 2 хүний хамтаар гурвуулаа ирчихсэн пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд би тэд нартай хамт пиво уусан бөгөөд пивоо дуусгаад дахиж нэг шил 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд л би архиндаа согтчихсон бөгөөд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирснийхээ дараа эхнэрээсээ юу болсныг асуусан чинь чи Амарсүрэнг хутгалчихсан шүү дээ гэж надад хэлсэн. Миний хувьд Амарсүрэнтэй маргалдаж муудалцсанаа болон хутгалснаа огт санахгүй байна. ... Отгонбаяр түүний эхнэр Гэрэлтуяа нар 2 хүүхэдтэйгээ хамт, мөн Амарсүрэн, хамт явж байгаа гэх эрэгтэй эмэгтэй 2 хүнтэйгээ хамт байцгааж байсан. ... Амарсүрэн гэх хүн Дундговийн хүн байгаа юм. Тиймээс бид хоёр нэг нутгийн хүмүүс болохоор таньдаг юм. Бид хоёрын дунд урьдын ер авлага ес хонзонгийн зүйл байхгүй. Би юунаас болж яагаад муудалцсанаа огт санахгүй байна. ... Баруун гарын сарвууны дотор хэсэгт болон долоовор хурууны хэсэгт хутгаар зүссэн байна. Мөн миний зүүн талын шанаа бага зэрэг хавдсан байна. Өөр ямар нэгэн бэртэл байхгүй...” /хх-ийн 20 тал/

Яллагдагч Ц.Дийн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гэртээ хажуу айлын залуу Отгоноо буюу Отгонбаяр, түүний эхнэр Гэрэлтуяа нарын хамтаар хургаа хөнгөлөөд байж байтал хажуу саахалт айлын Сонинбат гэх залуу зүс таних Амарсүрэнтэй хамт мотоциклтой хүрч ирээд 2 шил архи Отгонбаяр, Сонинбат Амарсүрэн дөрвүүлээ хувааж уугаад би согтчихсон тэгээд юу болсныг санахгүй байж байгаад орой нэг мэдэхэд Багануур дүүрэг дээр цагдаа дээр ирчихсэн хойноо ухаан орж хаана байгаагаа мэдсэн тэгтэл манай эхнэр Сувданчимэг надад хандаж чи Амарсүрэнг хутгалсан байна шүү дээ гэж хэлээд би Амарсүрэнг хутгалснаа мэдсэн... Бид хоёр хоёулаа согтуу байсан учир юунаас болж маргалдаж муудалцсанаа мэдэхгүй байна. ...Би тэрийг мэдэхгүй байна миний биед учирсан гэмтэл байхгүй ...Би тус шархыг өөрөө хутгаа нээх гэж байгаад зусчихсэн юм аа. Би хохирол Амарсүрэнд 2.500.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа архи ууснаас болж л ийм үйлдэл болчихлоо бид хоёр хоёулаа л тухайн үед болсон үйл явдлаа санахгүй байгаа хамт байсан хүмүүс маань бид хоёрын үйлдлийг харсан учир би Амарсүрэнг хутгалснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/.

Шинжээч Ө.Шаарийбуугийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 09шэ/155 дугаартай: "...А.Амарсүрэнгийн биед цээжний баруун талд хатгагдаж зүсэгдсэн нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй 3 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 33-34 хуудас/,/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 6 сарын 25-ны өдөр  дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-70 тал/ 2021 оны 6 сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Дид холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна. 

           Шүүгдэгч Ц.Дид холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Ц Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийг 550/таван зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000/таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь 550/таван зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000/таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Д нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОТГОНЖАРГАЛ