| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/243 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/243
2021 07 07 2021/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч И.З, Б.Б, тэдний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарт холбогдох эрүүгийн 2034000000696 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Д И.З
Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Ш Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч И.З, Б.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Сани маркийн мотоциклийг ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг, "Зараа" гэх газарт байх иргэн Л.Энхцэцэгийн байнга амьдардаг гэрийн гаднах хаалга уясан уяаг тасалж, дотогш хууль бусаар нэвтрэн орж, гар утас, алт, мөнгө, монетан ээмэг, бөгж, гинж, 10 литр бензин, бэлэн мөнгө 100,000 төгрөг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 9 501 850 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ Уул 4 дүгээр багийн нутаг, “Хуучин нисэх” гэх газарт байх иргэн А.Батсайханы байнга амьдардаг гэрийн уясан уяаг тасалж, дотогш хууль бусаар нэвтрэн орж, 42 размерын, хар өнгийн хромон гутал 1 хос, шар өнгийн гэртэй, суран оосортой хоёр нүдний дуран 1 ширхэг, цагаан өнгийн хутга 1 ширхэг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 689 320 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ Уул 4 дүгээр багийн нутаг Оорцог гэх газарт байх иргэн Л. Баньдхүүгийн байнга амьдрах орон байр болох гэрт нэвтрэн, мөнгөн тоногтой 8 товруутай мөнгөн хазаар, цагаан даавуун тархитай суран жолоотой хазаар ногоон цэнхэр ангийн даалинтай шүрэн толгойтой цагаан хөөрөг, бэлэн мөнгө 60,000 төгрөг, хар гэртэй хоёр нүдний дуран, таримал дотортой цэнхэр өнгийн дээл зэрэг хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 4,890.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч И.З:
... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
Шүүгдэгч Б.Б:
... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2034000000696 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч И.З, Б.Б нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор “Сани” маркийн мотоциклийг ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг, "Зараа" гэх газарт байх иргэн Л.Энхцэцэгийн байнга амьдардаг гэрийн гаднах хаалга уясан уяаг тасалж, дотогш хууль бусаар нэвтрэн орж, гар утас, алт, мөнгө, монетан ээмэг, бөгж, гинж, 10 литр бензин, бэлэн мөнгө 100,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 9 501 850 /есөн сая татван зуун нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ Уул 4 дүгээр багийн нутаг, “Хуучин нисэх” гэх газарт байх иргэн А.Батсайханы байнга амьдардаг гэрийн уясан уяаг тасалж, дотогш хууль бусаар нэвтрэн орж, 42 размерын хар өнгийн хромон гутал 1 хос, шар өнгийн гэртэй, суран оосортой хоёр нүдний дуран 1 ширхэг, цагаан өнгийн хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 689 320 /зургаан зуун наян есөн мянга гурван зуун хорь/ төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ Уул 4 дүгээр багийн нутаг Оорцог гэх газарт байх иргэн Л. Баньдхүүгийн байнга амьдрах орон байр болох гэрт нэвтрэн, мөнгөн тоногтой 8 товруутай мөнгөн хазаар, цагаан даавуун тархитай суран жолоотой хазаар, ногоон цэнхэр ангийн даалинтай шүрэн толгойтой цагаан хөөрөг, бэлэн мөнгө 60,000 төгрөг, хар гэртэй хоёр нүдний дуран, таримал дотортой цэнхэр өнгийн дээл зэрэг эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 4,890.450 /дөрвөн сая найман зуун ерэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь
хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Авдар 5 дугаар баг, Зараа гэх газар байх ба ...хар өнгийн цүнх байх ба уг цүнхэнд хулгайд алдагдсан 4 мөнгөн бугуйвч, 3 мөнгөн хослол, 1 алтан гинж, 1 монетан гинж. 2 алтан бөгж, 6 монетан бөгж, 1 монетан цагирган ээмэг, 1 унждаг монетан ээмэг, 1 хар мөнгөн бөгж, I phone 6 маркийн гар утас, цэнхэр өнгийн миккимаузны дүрслэл бүхий гэртэй нокиа маркийн гар утас, хүрэн гэртэй S7 маркийн гар утас байсан гэж хохирогч заасан... тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 138-141 хуудас/
"Эй Жэй Жэй Эм" ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 07/467 дугаартай: ...Л.Энхцэцэгийн өмчлөлийн хулгайд алдагдсан 27 төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар 9 401 850 төгрөг болсон... талаарх дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 157-192 хуудас/
Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 226, 233 хуудас/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 227-229. 234 хуудас/,
хохирогч Л.Энхцэцэгийн ...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар Tan багийн нутаг Зараагийн энгэр гэх газар ээж Буянаа, нөхөр Буянтөр нарын хамт амьдардаг. 2020 оны 11 сарын 03-ны өглөө 11 цагийн үед намаржаан дээрээсээ ачиж ирэх гээд нөхөр Буянтөр, ээж Буянаа нарын хамт явсан. Өдөр 13 цагийн үед намаржаан дээрээсээ гэрээ ачаад буцах замаараа жижиг гэрээрээ орж цай уучхаад өвөлжөө рүүгээ ачаатай байсан портероо унаад явсан. Өвөлжөөн дээрээ гэрээ барьчхаад 17 цаг 30 минутын үед Зараа гэх гэх газар байгаа жижиг гэртээ ирээд удаагүй байтал араас ээж Буянаа, нөхөр Буянтөр хоёр хонио туугаад яваад ирсэн. Тэгээд жижиг гэртээ унтацгаасан. Тухайн үед намайг гэрт ирэхэд хаалганы уяа тайлагдсан байсан. Маргааш нь буюу 2020 оны 11 сарын 04-ний өдрийн өглөө ээж 08 цагийн үед хонио хураачхаад орж ирэхдээ 10 литрийн цагаан савтай бетон таг нь онгорхой байна, бензинээ яагаад онгорхой орхичихсон юм гэхээр нь манай нөхөр Буянаа би мотоцикльдоо бензин хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд бид хэд бензин хүн ирээд хийгээд аваад явчихсан байна гэж бодоод байж байтал жижиг гэр дотор байсан миний хар цүнхний ам нь онгорхой байж байсан. Би тэгэхээр нь цүнхээ онгойлгоод үзтэл iphone 6 маркийн гар утас, S7 маркийн гар утас, задгай байсан 5000 төгрөг, ээмэг, зүүлт бөгжнүүд алга болсон байсан. Тэгээд гэрт 11 сарын 03-ны өдөр хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Манай саахалт айлын Монхор ах өдөр манай энүүгээр улаан өнгийн мотоцикльтой, улаан өнгийн хүрэмтэй, цэрэг тэлээ бүсэлсэн, зүүн талын хацар нь шалбарсан, 18-20 орчим насны залуу, ардаа хүүхэд сундалчихсан 9 тооны шарга гүүтэй адуу сураад явж байсан. Намайг хэний хүүхдүүд үү? гэж асуухад Энхзоригийн хүүхдүүд гэж хэлсэн гэж хэлж байсан... Хохирлоо барагдуулмаар байна... /хх-ийн 144-145 дугаар хуудас/
гэрч Я.Буянаагийн ...Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдар 5 дугаар баг Зараа гэх газар нутагладаг. 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 01 цаг 30 минутын үеэр өвөлжөөн дээрээ гэрээ барих гээд охин Энхцэцэг, хүргэн Буянтөр нарын хамт очсон. Намаржаан дээр бариатай байгаа илүү гэрээ хаалгыг нь уяад үлдээсэн юм. Орой 18 цаг 30 минутын үед өвөлжөөн дээрээ том гэрээ барьчхаад хонио туугаад намаржаан дээр бариатай байгаа гэртээ ирээд амарцгаасан. Маргааш буюу 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 08 цагийн үед хонио дарчхаад ирсэн чинь гэрийн гадаа байсан 20 литрийн ирсэн савтай бензин тал нь байхгүй байсан. Тэгээд би гэрт ороод хүргэн Буянтөрөөс бензин хийсэн юм бол тагийг нь таглахгүй яасан юм гэтэл би бензин хийгээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь замын хүн ирээд бензин хулгайлаад авсан байна гээд хоорондоо ярилцаад байж байтал охин цүнхэн дотор байсан алт, мөнгө, монетан эдлэлээ үзтэл байхгүй болсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Манай охин Энхцэцэгийн алтан бөгж 2 ширхэг, монетан бөгж 5 ширхэг, алтан гинж 1 ширхэг, монетан гинж 1 ширхэг, монетан ээмэг 4, мөнгөн хослол 4 ширхэг, мөнгөн бугуйвч 3 ширхэг, хар мөнгөн бөгж 1 ширхэг, I phone 6 маркийн гар утас, S7 маркийн гар утас, бэлэн байсан 5600 төгрөг, 10 литрийн савтай байсан бензин хулгайд алдагдсан байсан... /хх-ийн 148-149 дүгээр хуудас/,
гэрч Л.Бын ...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найз Зын хамт 09 цагийн үед хээр азаргатай, цавьдар азаргатай адуу алдчихаад Зын эзэмшлийн Сани маркийн цэнхэр өнгийн мотоцикльтой Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний гол гэх газраас хөдөлсөн... Адуугаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дүгээр хороо Долоон уул, Полигон, Ээж хайрхан, Авдарын уулаар хайгаад явж байтал нүүж яваа гээд айл таарахаар нь тэр айлаас адуугаа суртал Авдарын уулын зүүн тал цагаан хаалганы тэнд сураг гарсан. Тэгэхээр нь Авдарын уулын зүүн тал руу адуугаа хайх гээд явж байтал замын хажуу талд гаднаа хар өнгөтэй мотоцикльтой, саарал өнгийн жижиг машинтай, цагаан бүрээстэй монгол гэртээ айл байхаар нь адуугаа сурах гээд очтол гэрийнх нь хаалга уяатай байсан. Тэгээд уяаг тайлаад найз Зтай гэрт ортол гэрт нь хүн байхгүй байхаар нь баруун талын орны хойд хөндийд байсан хар өнгийн жижиг цүнхийг онгойлгоод үзтэл дотроос нь iphone 6 маркийн гар утас 1 ширхэг, S7 маркийн гар утас 1 ширхэг, 100,000 төгрөг, саарал өнгийн жижиг хайрцагтай гинж, ээмэг, бөгжнүүд байхаар нь аваад өвөртөө хийгээд гэрээс гартал гэрийн зүүн урд талд цагаан өнгийн 10 литрийн савтай бензин байхаар нь мотоцикльдоо талыг нь хийгээд хөдөлсөн. Тэгээд цаашаа Ээж хад ордог замаар явж байтал хойд энгэр дээр айл байхаар нь очиж адуугаа суртал харагдаагүй гэж хэлсэн. ...Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед босоод найз Зын хамт Төв аймгийн төв рүү хулгайлсан 4, 5 ээмэг, 4 бөгж, 2 алтан гинж, 2 мөнгөн ээмэг бөгжийг ломбардах гээд мотоцикльтойгоо ирсэн. Аймагт ирээд захын 2 давхарт байдаг ломбарданд алт 2 гэсэн ээмэг бөгжнүүдийг нь 3.000.000 төгрөгөөр ломбардсан. Hөгөө ломбарднаасаа гараад замын хойд талд байсан ломбард ороод үлдсэн нэг алтан гинж, нэг алтан бөгж хоёрыг 500,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд ломбарднаасаа гараад найз Зтай 3.500,000 төгрөгийг хувааж аваад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод 16 цагийн үед найз Зын хамт Улаанбаатар хот орох гээд мотоцикльтой явсан... /хх-ийн 148-149 дүгээр хуудас/,
гэрч И.Зын ...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн сайн найз болох Бын хамт 18 тооны адуу сураглаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Ээж хад руу орох үүдэнд том цагаан хаалганы хажуу талд байрлах гадаанаа жижиг 2 машинтай түгжээгүй эзэнгүй ганц гэр байхаар нь Б бид 2 тэр гэр лүү ороод гэрийн зүүн талд хар өнгийн дундын хэмжээний цахилгаантай цүнх нь дотроос бор өнгийн жижиг хайрцагтаа дотроо хэдэн ширхгийн сайн мэдэхгүй байна алтан ээмэг, бөгж, гинж бас мөнгөн ээмэг зүүлт, мөнгөн хүзүүний зүүлт байхаар нь аваад бас тэр хар цүнхэн дотор I phone 6, Samsung S7 маркийн 2 ширхэг гар утас байхаар нь аваад бас тэр цүнхэн дотор 100,000 төгрөг байхаар нь тэр мөнгийг аваад гараад явж байхад гэрийн ар талд цагаан өнгийн 10 л түлш байхаар нь аваад өөрсдийн унаж явсан мотоцикльд хийсэн. Тэгээд Сэргэлэн сумаасаа шууд Төв аймгийн Зуунмод сум буюу төв орж цайны газарт хоол идээд шууд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн түргэний гол гэх газар Бын эмээ болох Дуламсүрэнгийн гэрт 21 цагийн үед очоод хоол цай ууж идээд унтаад өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Андууд гэх нэртэй захын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг нэрийн сайн мэдэхгүй байна нэг ломбард байсан тэр ломбарданд Б бид 2 айлаас хулгайлж авсан ээмэг бөгжөө бүгдийн 3,000,000 төгрөгөөр тавиад шууд мотоцикльтой Улаанбаатар хот Яармагийн эцэс дээр байх утас засварын газар орж Iphone6, Samsung S7 мapкийн гар утсаа нийлүүлээд 100,000 төгрөгөөр өгсөн. Тэгээд Б бид 2 Мобикомын төв салбар ороод би Самсунг А51 маркийн гар утас 949,000 төгрөгөөр худалдаж авсан... Мөнгө хэрэгтэй болоод айлд орж хулгай хийсэн... /хх-ийн 150-154 дүгээр хуудас/
яллагдагч Б.Бын ...би хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас бусдын гэрт орж Б.Бын хамтаар хохирогч Л.Энхцэцэгийн гэрээс эд зүйлийг хулгайлж хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 218 хуудас/,
яллагдагч И.Зын ...би хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас бусдын гэрт орж Б.Бын хамтаар хохирогч Л.Энхцэцэгийн гэрээс эд зүйлийг хулгайлж хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 211 дүгээр хуудас/,
мөн хэргийн газарт үзлэг хийсэн: ".. хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг "Хуучин нисэх" гэх газар байх ба уг газар нь Сэргэлэн сумын сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 7 км зайд байх ба уг газар ирж үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд гадаргуу төмөр Торон хашлагатай төмөр сараалжин гүйдэг хаалгатай хашаа нь урд талд 10 га ногоон тэжээлийн талбайтай, хашааны хойд хэсэгт малын саравч байх ба уг саравчны хажууд шар өнгийн модон хаалгатай гадуураа цагаан өнгийн бүрээстэй 4 ханатай монгол гэр байх ба уг гэрт орж үзлэгийг цагийн зүүний дагуу үргэлжлүүлэхэд эрээн өнгийн бүтээлэгтэй ор байх ба уг орны доод хэсэгт 42 размерын хар өнгийн уландаа тахтай хромон гутал байсан гэж хохирогч заав...уг авдарын дээд хэсэгт шар өнгийн гэртэй суран сүлжсэн бүстэй хоёр нүдний дуран өлгөөтэй байсан гэж хохирогч заав. Уг авдарын хажууд модон дөрвөлжин, урд талдаа нээгддэг тагтай авдар байх ба уг авдрыг хохирогчоор онгойлгуулахад төмөр, хоёр тийшээ дэлгэгддэг хутга байсан гэх газрыг заав. Уг гэрийн зүүн талд төмөр ор, уг орны хойд хэсэгт гал тогооны эд зүйл байв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/
Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-15 дугаар хуудас/
“Эй Жэй Жэй Эм" ХХК-ний шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын оны 24-ний өдөр гаpracaн 07/482 дугаартай...А.Батсайханы өмчлөлийн 3 төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 17-ны байдлаар 689 320 төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 31-40 хуудас/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 77-79 хуудас/
Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр худалдан авсан гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 80 дугаар хуудас/,
Хохирогч А.Батсайханы: "...Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хуучин нисэх гэх газар Ганбаатар гэх айлын морийг тэжээдэг юм. 2020 оны 11 сарын 17-ны өглөө морьдоо тэжээчхээд 12 цагийн үед саахалт айлын залуу Гансүхийнд очиж утсаа цэнэглэх гээд алхаад очсон. Өдөр утсаа цэнэглэчхээд 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэрийн хаалга уясан байсан. Уяа нь таслагдсан байхаар нь гэртээ ороод хартал баруун талын орны хөлд байсан, 42 размерын хар өнгийн хромон гутал, унинд өлгөөтэй байсан шар өнгийн гэртэй, суран оосортой хоёр нүдний дуран, авдар дотор байсан цагаан өнгийн хутга алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 42 размерын түрий доошоо, эргэгдсэн уландаа төмөр тахтай, хар өнгийн дөрвөлжин хайрцаган гэртэй, сүлжсэн суран оосортой, 2 нүдний дуран байсан. Мөн 2 тийшээ дэлгэгдсэн төмөр хутга байсан...Хромон гутлаа 800,000 төгрөгөөр, дурангаа 500,000 төгрөгөөр, хутгаа 20.000 төгрөгөөр үнэлж байна...", "...Гэрт хулгай орж эд зүйл алдагдах үед манайх гэрийн хаалгаа уясан байсан, цоожоор цоожлоогүй байсан хулгай орж эд зүйл алдагдах үеэр ямар нэг зүйл эвдэрсэн зүйл байхгүй...Надад гомдол санал гэх зүйл байхгүй байна алдсан зүйлээ бүрэн гүйцэд хүлээн авсан байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Дашсүрэнгийн: "...Би Төв аймгийн Зуунмод сумын төвд Цээл нэртэй ломбард ажиллуулдаг юм би одоо өдрийг нь сайн мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын эхээр дээлтэй танихгүй хоёр залуу орж ирээд гинж, бөгж 500,000 төгрөгөөр тавих гэсэн юм гээд орж ирсэн тэгээд би залуугаас хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуусан тэгэхэд хулгайн эд зүйл биш ээ биш ээ гэж хэлсэн юм тэгээд өөрийнх нь гэх иргэний үнэмлэх гаргаж ирээд түүгээрээ гинж, бөгж хоёрыг тавиад мөнгийг нь аваад явсан... Тухайн хүмүүс дараа удалгүй хэд хоногийн дараа цагдаагийн хамтаар ирээд цагдаа хулгайн эд зүйл авсан байна гэсэн тэгээд би хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн тухайн хоёр залуу тавьсан гинж, бөгж хоёрыг 500,000 төгрөгөө төлөөд авсан надад хохирол бүрэн барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.Ундрахцэцэгийн "...Би Төв аймгийн Зуунмод сумын төвд Андууд захын хоёр давхарт ажлаа хийгээд Хайрхан нэртэй ломбардад байж байхад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн орчимд дээлтэй танихгүй хоёр залуу орж ирээд юм тавих гэсэн юм гэсэн тэгэхээр нь би тэг тэг гэсэн чинь алтан гинж нэг ширхэг, алтан бөгж 2 ширхэг монетан бөгж 4 ширхэг, монетан ээмэг хоёр хос ээмэг, мөн өрөөсөн нэг ээмэг гаргаж ирээд тавих гэсэн юм гэсэн тэгэхээр нь би хулгайн эд зүйл биш биз гэсэн чинь тухайн хоёр залуу бид нар оторт явж байгаа юм мөнгө хэрэгтэй байна гэсэн тэгээд тухайн эд зүйлийг Б гэх хүний бичиг баримтаар 3,300,000 төгрөгөөр тавьсан. Би хулгайн эд зүйл биш биз гэж асуухад Б нь та манай ааваас асуу гээд утасны дугаар өгсөн тэгэхээр нь би за үнэн юм байна гээд авсан...тухайн эд зүйлийг одоо авахад 3,300,000 төгрөг түүн дээр хүүний 231.000 төгрөг хоёр хоногийн хугацаа хэтэрсэн алданги 15,400 төгрөг болж байгаа..... Тухайн эд зүйлийг нэг сарын хугацаатай барьцаанд тавьсан тэгээд авахдаа тавьсан эд зүйлийн мөнгөн дүн болон хүү болох 231,000 төгрөг өгөх ёстойгоос 100.000 төгрөг өгсөн үлдэгдэл 131.000 төгрөг болсон байна үндсэн хоногтоо эд зүйлээ аваагүй 11 хоног хэтэрсэн тул 11 хоногийн мөнгө 84.000 төгрөг авах ёстой түүнийг өгөөгүй тул одоо нийт 215.000 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
яллагдагч Л.Бын гэрчээр өгсөн: 2020 оны 11 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хороо Шувуу гэх газраас 11 цагийн үед найз Зын хамт Санни маркийн цэнхэр өнгийн мотоцикльтой адуугаа харах гээд Төв аймгийн Сэргэлэн сум руу хөдөлсөн. Гэрээс гараад адуугаа сураглаад хэд хэдэн айлаар ороод сураг гарахгүй болохоор нь Сэргэлэн сум орж хүнээс асууя гэж бодоод 17 цагийн үед явж байтал гадуураа төмөр торон хашаатай, хашаан дотроо ногоон тэжээл хураасан, гэрийнхээ хажууд морь тэжээдэг хашаатай айл байхаар нь орж адуу сурах гэтэл гэрийнх нь хаалга уяатай байсан. Тэгэхээр нь гэрийн хаалганы уяаг тайлаад найз Зын хамт орсон. Гэрт ортол хүн байхгүй болохоор нь зүүн талын орны унинд шар гэртэй хоёр дээр нүдний дуран, баруун талын орны хөлөнд хар өнгийн хромон гутал, ширээн таван хурууны савхин бээлийг аваад өвөртөө хийгээд гэрээс хоёулаа гараад мотоциклио унаад Төв аймгийн Зүүндэлгэр гэх газар луу явж байгаад замдаа зогсоод нөгөө айлаас хулгайлсан байсан хар өнгийн хромон гутлыг сольж өмсөөд өөрийнхөө өмсөж байсан Жордан 3 загварын пүүзээ тэнд хаяад цаашаа хөдөлсөн...Мөнгөний хэрэг гараад эзэнгүй айлууд таараад байхаар нь хулгай хийж, хулгайлсан эд зүйлээ зарж борлуулж мөнгөтэй болдог байсан. З бид хоёр хоорондоо ярьж байгаад тэгж шийдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Түүний яллагдагчаар өгсөн: "би хүлээн зөвшөөрч байна... Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг нутгаар адуугаа хайж яваад саравчтай нэг айл байсан тухайн айлаас адуугаа сурах гээд тухайн айлын гадаа яваад очтол гэр нь хаалга нь уягаар уяатай байсан уяаг нь тайлаад гэрт ороход зүүн орных нь хөлд хромон гутал байсан тэр гутлыг нь би аваад өмссөн, гэрийн зүүн хойно унинд шар гэртэй хоёр нүдний дуран, эвхдэг хутга байсан түүнийг нь хулгайлан аваад явсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэм буруугаа ойлгож байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/
яллагдагч И.Зын гэрчээр өгсөн: "..2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын төв ороод явж байхад хаалга нь түгжээгүй ганц айл байхаар нь Б бид 2 явж ороод зүүн орны хажууд нь хром байхаар бас зуун орон дээр нь дуран хутгатай байхаар нь авч гараад Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрт нүүрний хашааны нэг айлд очоод адуунд явж байна танайд ганц хоноод маргааш өглөө эрт гарна гэж гуйгаад хоносон. Мөнгө хэрэгтэй болоод айлд орж хулгай хийсэн. Дээл хазаар дуран Б бид хоёрт байгаа. Б бид 2 өөрсдөө л санаачлаад хулгай хийсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/
Түүний яллагдагчаар өгсөн: "...Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул нэмж ярих зүйл байхгүй байна. Бын хамтаар Улаанбаатар хот Хан-Уул дүүргээс мотоциклтой адууны эрэлд гараад явж байгаад би өдрийг нь одоо сайн санахгүй байна тухайн айл байсан газрыг мэдэхгүй саравчтай нэг айл байсан Б бид хоёр адуу мал сурах гээд тухайн айлд очиход хаалга нь гаднаасаа уяатай байсан уяаг нь тайлаад гэрт нь ороод тухайн айлаас зүүн орны хөлд нэг ширхэг хос хромон гутал байсныг Б тухайн үед пүүзтэй явсан тул хөл нь даараад гээд тухайн гутлыг өмссөн, гэрийн зүүн хойно унинд шаргал өнгийн гэртэй хоёр нүдний дуран, мөн эвхдэг хутга нэг ширхэг байсныг хулгайлан аваад тухайн айлаас явсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас бусдын гэрт орж Б.Бын хамтаар хохирогч А.Батсайханы гэрээс эд зүйлийг хулгайлж хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
мөн хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Оорцог гэх газар байх ба уг орон дээр цэнхэр өнгийн дээл байсан гэж хохирогч заав... уг шкафын дээд унинд хар гэртэй хоёр нүдний дуран байсан гэж хохирогч заав... уг авдар дээр шүрэн толгойтой цэнхэр өнгийн даалинтай хөөрөг, мөнгөн тоногтой хазаар, суран жолоотой даавуун тархитай хазаар авдар дотор байсан 60,000 төгрөг байсан гэж хохирогч заав... уг гэрийн гол хэсэгт байх модон ширээн дээр чулуун гаанс байсан гэж хохирогч заав...” гэх тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-87 дугаар хуудас/,
"Эй Жэй Жэй Эм" ХХК-ний үнэлгээчин шинжээч Г.Амбасэлмаагийн 2020 оны
өгсөн: 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 07/481 дугаартай: "...Г.Баньдхүүгийн
өмчлөлийн 6 төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь... 4.830,450 төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт, тайлан /хх-ийн 100-113 дугаар хуудас/
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 130-132 дугаар хуудас/
Хохирогч Л.Баньдхүүгийн: “...Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ Уул 4 дүгээр багийн нутаг Оорцог гэх газар өвөлждөг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед цас орсон байсан болохоор эхнэр Оюунчимэгийн хамт хонио даагаад Оорцог уулын ар тал руу гарсан 13 цагийн үед гэртээ эхнэр Оюунчимэгийн хамт ирсэн чинь гэрийн хаалга уясан байсан уяа тайлагдсан байсан гэртээ ороод үзтэл ширээн дээр байсан гаанс баруун хойд талын унинд өлгөөтэй байсан мөнгөн тоногтой 8 товруутай мөнгөн хазаар, цагаан даавуун тархитай суран жолоотой хазаар зүүн талын авдар дээр байсан ногоон цэнхэр ангийн даалинтай шүрэн толгойтой цагаан хөөрөг, авдар дотор байсан 60,000 төгрөг баруун талын авдар дээр байсан хар гэртэй хоёр нүдний дуран, баруун талын орны доод хэсэгт байсан таримал дотортой цэнхэр өнгийн дээл зэрэг хулгайд алдсан манайх гэрийн хаалгаа уяагаар уясан байсан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй байна алдсан зүйлээ бүрэн гүйцэд хүлээн авсан, гэх мэдүүлэг /хх-ийн 90-92 дугаар хуудас/
Яллагдагч Б.Бын гэрчээр өгсөн: "... 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн цэнхэр өнгийн мотоциклоо унаад Төв аймгийн Дэнж байдаг клонк дээр очоод 7000 төгрөгөөр бензин хийгээд ээж хайрхан ордог замаар урагшаа гараад явж байтал мотоцикл эвдрэхээр нь буцаад аймгийн төв явж байтал уулын энгэрт 2 айл харагдахаар нь очтол гэрийн хаалга уяатай байсан тэгэхээр нь гэрийнх нь хаалганы уяаг нь тайлаад Зын хамт гэрт ортол гэрт хүн байхгүй болохоор нь ширээн дээр цагаан өнгийн бариултай төмөр хошуутай гаанс баруун хойд талын унины толгойд мөнгөн тоногтой суран жолоотой мөнгөн хазаар суран тахиртай цагаан даавуун жолоотой хазаар, зүүн талын авдар дээр байсан цэнхэр ангийн дайлантай шүрэн толгойтой цагаан хөөрөг, авдар дотор байсан 40.000 төгрөг, баруун талын орны доор байсан цэнхэр өнгийн дотортой дээл, шар өнгийн даавуун бүс унинд уяатай байсан хар өнгийн хоёр нүдний дуран зэргийг аваад Зтай хувааж дээлийнхээ өвөрт хийгээд мотоциклио унаад хойшоо аймгийн төв рүү хөдөлсөн гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/
Түүний яллагдагчаар өгсөн: "...би хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Л.Баньдхүүгийн гэрээс эд зүйл хулгайлан хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/
Яллагдагч И.Зын гэрчээр өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Сэргэлэн сумын бүүр урагшаа байхад мотоцикль эвдрээд уулын энгэрт 2 айл байхаар нь Б бид хоёр тэр айлд очоод хүн байвал янзлаад явъя гээд ортол хүн байхгүй хаалга нь онгорхой байхаар нь ороод зүүн орны толгой дээр нь өлгөчихсөн байсан хазаар байхаар нь аваад ширээн дээр нь байсан гаанс авдар дээр нь байсан цагаан өнгийн хөөрөг авдар дотроос 40,000 төгрөг нэг цэнхэр ангийн дээл, улаан өнгийн хамартай даавуун хазаар зэрэг эд зүйл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар хуудас/
Түүний яллагдагчаар ...би хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас бусдын гэрт орж Б.Бын хамтаар хохирогч Г.Баньдхүүгийн гэрээс эд зүйл хулгайлж хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн123 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч И.Зын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 64, 68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 65, 69 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч И.З, Б.Б нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор “Сани” маркийн мотоциклийг ашиглаж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Л.Энхцэцэгийн гэрээс эд хөрөнгө хулгайлж, 9.501.850 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн А.Батсайханы гэрээс эд хөрөнгө хулгайлж, 689.320 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Л.Баньдхүүгийн гэрээс эд хөрөнгө хулгайлж, 4.890.450 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь тус тус тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч И.З, Б.Б нарын бүлэглэн хохирогч Л.Энхцэцэг, А.Батсайхан, Л.Баньдхүү нарын гэрээс эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч И.З, Б.Б нар амар хялбар аргаар хэрхэн мөнгө олох талаар ярилцах явцдаа хулгайлах сэдэлт, санаа зорилго төрж, хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хаалганы түгжээг эвдэлж, хууль бус нэвтрэн орсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Улмаар шүүгдэгч нарын хувьд бусдын орон байр нь нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, хориглосон орон зай бөгөөд мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь тэднийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдал болж байна.
Түүнчлэн шүүгдэгч И.З, Б.Б нарын төгссөн гэмт хэрэгт тооцсон дээрх 3 удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн бүлэглэн гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаараа урьдчилан үгсэн тохиролцсоныг,... ...гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасныг хангаж, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх талаараа урьдчилан үгсэж тохиролцож, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангаж, хоёулаа хулгайлах гэмт хэргийг гүйцэтгэсэн байна.
Мөн учрах саадыг арилгах зорилгоор мотоциклийг ашиглаж гэдгийг шүүгдэгч нар бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ түргэн шуурхай, бусдад мэдэгдэхгүй хөнгөвчилж түргэтгэх, хулгайлсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх зорилгоор ашигласан гэж үзлээ.
Энэхүү хуулиар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд зөвхөн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд ямар нэг байдлаар нэвтэрсэн бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн байр, агуулахад нэвтэрч” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ гэж хуульчилсан,
мөн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Түүнчлэн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч И.З, Б.Б нар болон тэдний өмгөөлөгч Р.Энхтуяа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч И.З, Б.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч И.З, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Сани” маркийн тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо худалдан авсан гар утас зэргийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн дүгнэлт:
Шүүгдэгч И.З, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Энхцэцэгт 9.401.850 /есөн сая дөрвөн зуун нэг мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол, хохирогч А.Батсайханд 689.320 /зургаан зуун наян есөн мянга гурван зуун хорь/ төгрөгийн хохирол, хохирогч Л.Баньдхүүд 4.890.450 /дөрвөн сая найман зуун ерэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн хохирол тус тус учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч И.З, Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хохирогч А.Батсайханд, Л.Баньдхүү нарт учруулсан эд хөрөнгийн хохирлоо биет байдлаар нь буцаан өгсөн болох хавтас хэргийн 131-132, 239 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэж өгсөн баримтаар,
хохирогч Л.Энхцэцэгт учруулсан эд хөрөнгийн хохирлоо зарим хэсгийг нь биет байдлаар нь буцаан хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн 241 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар, харин үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр дансаар шилжүүлсэн,
иргэний нэхэмжлэгч Ч.Ундрахцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний гаргасан хүсэлт болон шүүгчийн туслахын хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч И.З, Б.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч И.З, Б.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хангаж байна гэж үзэн шүүгдэгч нарт тухайн зүйл, заалтыг хэрэглэж тус бүрт нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
тэдэнд оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хорих ялыг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүхээс шүүгдэгч И.З, Б.Б нарыг гэм бруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч тэдний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 4-нөөс 18-ны өдрийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч И.З, Б.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улмаар шүүгдэгч И.З, Б.Б нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034000000696 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч И.З, Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д И.Зыг Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Малчин 01-12 тоот хаяг болон тус 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон тус хорооны үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраас өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Ш Б.Быг Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Гавжийн шанд 1.3 тоот хаяг болон тус 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон тус хорооны үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраас өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарт тус бүр зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2034000000696 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч И.З, Б.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д И.Зын өмчлөлийн Төв аймгийн “Тээврийн хэрэгслийг түр саатуулах” журмын хашаанд байгаа ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Алтансүхэд хариуцуулан хүлээлгэн өгсөн “Сани” маркийн тээврийн хэрэгслийг,
мөн хэрэгт хураагдан ирсэн А51 маркийн гар утсыг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д И.З, Ш Б.Б нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН