Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 142/2018/01035/И |
Дугаар | 001/ХТ2019/00732 |
Огноо | 2019-05-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2019/00732
“...банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/01142 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: “...банк” ХХК-ийн Орхон салбар
Хариуцагч: Д.Б-, Д.Ба..- нарт холбогдох
4,519,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Ба..-ы гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч нар 2016-04-07-ны өдөр ЗГ4025101493 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1,300,000 төгрөг, 12 сарын хугацаатай, сарын 2.3%-н хүүтэй цалингийн зээл, 2017-02-16-ны өдөр ЗГ4025101493-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 241,452.18 зээлийн /үлдэгдэл дээр нэмж 3 сая төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2,3%-н хүүтэй цалингийн нэмэлт зээл, 2017-12-14-ний өдөр ЗГ4025Ю1493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2,065,789.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 сая төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.3%-н хүүтэй цалингийн нэмэлт зээл тус тус авсан. 2017-08-24-ний өдөр ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 690,000 төгрөг, 24 сарын хугацаатай сарын 2,2% хүүтэй ахуйн хэрэглээний зээл авч байсан юм. Д.Б- нь 2018-6-02-ны өдөр нас барсны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4025103082 тоот зээл нь 2018-09-14-ний өдрийн байдлаар 82 өдрийн хугацаа хэтэрсэн, үндсэн зээл 472,560.40, хүү 38,867.60 төгрөг, торгуулийн хүү 357.10 төгрөг хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй, ЗГ4025101493 тоот зээл нь 2018-09-14-ний өдрийн байдлаар 96 өдрийн хугацаа хэтэрсэн, үндсэн зээл 3,663,465.72, хүү 342,403.94, торгуулийн хүү 2,315.59 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй. Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Харилцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 4,136,026.12 төгрөг, хүү 381,271.54 төгрөг, торгуулийн хүү 2,672.69 төгрөгийг цаашид үндсэн зээлдэгч нас барсан, хамтран зээлдэгч батлан даагч зээл төлөх сонирхолгүй байгаа юм. Иймд үндсэн зээлдэгч Д.Б-, батлан даагч Д.Ба..- нарын хариуцаж буй дээр дурдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 4,519,970.35 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 87,270 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ба..- тайлбартаа: Миний дүү Д.Б- нь 2018-06-02-ны өдөр нас барж ар гэрийнхэн бидэнд маш хүнд гарз учирч өнөөг хүртэл гомдол харуусал тайлагдаагүй явж байгаа билээ. Ганц охинтойгоо өрх толгойлон амьдарч байсан боловч ажилдаа гарамгай олны дунд нэр хүндтэй хүүхэд байж, харамсалтайгаар нас барсан билээ. Гэтэл ... банк нь нас барсан хүнийг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасан байна. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа аль ч салбарын хуулинд хариуцагч этгээд нас барснаар түүний хүлээж байсан аливаа үүрэг дуусгавар болдог хуулийн зохицуулалттай. Энэ утгаараа энэ нэхэмжлэлийг үнэхээр ойлгохгүй байна. Миний бие талийгаач дүүгийнхээ ганц төрсөн ах нь юм. Үнэн хэрэгтээ дүү минь амьд сэрүүн байхдаа нэхэмжлэгч банкнаас зээл хүсч намайг дуудаж гарын үсэг зураад өгөөч гэж хүссэн байх, миний бие хэзээ хэдэн төгрөг авсныг яг үнэндээ санахгүй байгаа. Дүүгээ чи асуудал үүсгэчихнэ чамд туслахгүй гэх ухаан ямар ч хүнд байхгүй биз. Энэ нэхэмжлэлийг харахад тодорхой хуулийг зөрчсөн гэж үзэж болохоор албадлагын шинжтэй нэхэмжлэл байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аль ч хуулинд үндэслэл, шалтгаан, бодит нөхцөл байдал хугацаа, эрх, үүрэг зэрэг хуулиар тогтоосон хэмжээнүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Миний бие хариуцагч юм уу хамтран хариуцагч юм уу ойлгохгүй байна. Нөгөө талаасаа талийгаач дүүгийн минь нас барсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ар гэрийнхэн бид бүхэн үнэн мөнийг тогтоолгож, гомдол харууслаа барагдуулахаар шат шатны байгууллагад хандах болно. Цаашид ч хандана. Эрүүгийн хэрэг ямар нэгэн байдлаар шийдэгдэхэд хохирогч, хариуцагч гэм буруутай этгээд тогтоогдох учиртай. Хэн нэгэн этгээд тогтоогдох явцад бусдад учирсан байгаа хохирол барагдах ёстой. Бид бүхний хувьд юугаар ч орлуулж болшгүй хохирол амсаад явж байгаа бид ч гэсэн томоохон хохирогч болсон. Талийгаачийн өв залгамжлагч тогтоогдож цаашдын асуудалд эрх үүрэг үүсэх ёстой. Тиймээс бусдад буюу банкинд учирсан гэх хохирлыг үүсгэсэн шалтгаан нөхцөлийг тогтоон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ... банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 142/ШШ2018/01142 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1.-д заасныг баримтлан Д.Ба..-аас 511,784 төгрөг гаргуулж ... банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс 4.008.186 төгрөгийг, Д.Б-д холбогдох хэсгийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87.270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Д.Ба..-аас 16.003 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ба..-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.Ба..-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.010 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсэн байна.
Хариуцагч Д.Ба..- хяналтын гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэхдээ Д.Б-, Д.Ба..- нарт холбогдох хэрэг гэсэн байгаа. Д.Б- нь нас барсан байхад өнөөгийн шийдвэр, магадлалаар Нарт холбогдох гэсээр байна. Шүүх хариуцагчаа тодорхой болгоогүй байна. Шүүхийн шийдвэр, магадлал тодорхой бөгөөд ойлгомжтой гарцаагүй байдлаар гардаг байх шаардлагатай. Хүн бүр хуульч, эрх зүйч байж маргааныг давж харах чадваргүй байдаг. Энэ нэхэмжлэлийн тухайд батлан даагч, хамтран зээлдэгч ямар ч эрхгүй байгаа мэтээр асуудалд хандаж байгаа банкны байр суурьнаас асуудалд явцуу хандаж дүгнэлт гаргаж байна. Шүүхүүд анхнаасаа хэрэг шийдэхдээ талийгаач дүүг минь нас барсан, эрүүгийн хэрэг хянагдаад, шалгагдаад явж байгааг огт анхаарахгүй байна. Энэ нь ИХ-ийн 497-р зүйлд заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлтэй тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж болно. Шийдвэр, магадлалуудад ИХ-ийн 240-р зүйлд заасан Үүрэг дуусгавар үндэслэлүүдийг тодорхой заасаар атал энэ заалтыг огт хэрэглэхгүй байгаа нь хэргийг үндэслэл бүхий бөгөөд үнэн зөв гарсан байна гэж үзэх үндэслэлгүй болж байна. Хариуцагчаар тогтоогдож шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээгдэж байгаа иргэнийг нэхэмжлэгчид ямар бодит хохирол, хариуцагчийн шууд хүсэл зорилго байсан эсэх, зээлийн зүйлийг хэн, хэзээ, хэний хэрэглээнд зориулсан эсэхийг анхаарах зэргээр хэргийг тал бүрээс судлан бодитоор үнэлэн шийдвэрлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
... банкны Орхон зээлийн төв 2018-09-17-ны өдөр Д.Б-, Д.Ба..- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 4,519,970 төгрөг шаардахдаа “...хариуцагч нар нь 2016-04-07-ны өдөр гэрээ байгуулан 1,300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2,3 хувийн хүүтэй зээлж, 2017-01-26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 241,452 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,3 хувийн хүүтэй зээлсэн...2017-12-14-ны өдөр гэрээ байгуулан 2,065,789 төгрөг дээр нэмж 2,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,3 хувийн хүүтэй зээлсэн...2017-08-24-ны өдөр 690,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,2 хувийн хүүтэй зээлсэн... Д.Б- 2018-06-02-ны өдөр нас барсан ....иймд сүүлийн гэрээний үүрэг үндсэн зээл 472,560 төгрөг, хүү 38,867 төгрөг,торгууль 357 төгрөг., эхний зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 3,663,465 төгрөг, хүү 342,403 төгрөг, торгууль 2,315, төгрөг нийт үндсэн зээл 4,136,026 төгрөг, хүү 381,271 төгрөг, торгуулийн хүү 2672 төгрөг ...” гэжээ.
Хариуцагч Д.Ба..- нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...банк нас барсан хүнийг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна...амьд байхдаа банкнаас зээл авч намайг гарын үсэг зураад өгөөч гэж хүссэн...ямар хэмжээний зээл авсан гэдгийг би мэдэхгүй...бид гэмт хэргийн хохирогч болсон... эрүүгийн журмаар шалгагдаж дуусвал хохирлыг төлүүлэх асуудал яригдах л байх...мөн өв залгамжлагч тогтоогдох ёстой...” гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийн зохицуулалтыг үндэслэн Д.Ба..-аас 511,784 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 4,008,186 төгрөгт холбогдох хэсгийг мөн Д.Б-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Д.Ба..-ы гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
... банкны Орхон зээлийн төв 2018-09-17-ны өдөр Д.Б-, Д.Ба..- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Д.Б- 2018-06-02-ны өдөр нас барсан талаар дурдсан байхад шүүх Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэг, 117 дугаар зүйлд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нь Д.Ба..-аас зээлийн гэрээний үүргийг өвлөгчийн хувьд эсхүл зээлдэгчийн хувьд шаардсан эсэхийг буюу Д.Ба..-аас нийт хэдэн төгрөг шаардсан нь тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 451, 520 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчаар оролцвол зохих этгээд зэргийн талаар нэхэмжлэлийн хэмжээнд дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/01142 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 16,010 төгрөгийг захирамжаар Д.Ба..-д буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ