Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 782

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Д.Агар,

          шүүгдэгч Б.Н /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

          хохирогч М.Агийн өмгөөлөгч Г.Цагаан,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Нд холбогдох 1711 0034 70126 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дандархиа овгийн Бурэгдаагийн Н, 1972 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Батглостер” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,

 

Б.Н нь “Манай “Болор капитал” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран ажилладаг, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг нийлүүлэх тендерт ялсан, хамтран ажиллаж ашиг хуваая” гэж иргэн М.Аг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараар дамжуулан 35.110.000 төгрөгийг залилсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дээрх аргаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараар дамжуулан иргэн С.Нийн 16.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 51.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, М.Ад 35.110.000 төгрөгийн, С.Нт 16.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Нд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Наас 70.038.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад 62.038.000 төгрөгийг, хохирогч С.Нт 8.000.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Наас 4.085.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад 3.585.000 төгрөгийг, хохирогч С.Нт 500.000 төгрөгийг тус тус олгож, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн буруутай үйлдлээс болж бусдыг хохироосон үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. М.Агийн нэхэмжилсэн 30.248.000 төгрөгийн 20.000.000 төгрөг нь давхардаж байгаад гомдолтой байна. Мөн “Гялс төгрөг” ХЗХ-нд байраа барьцаалж, бэлнээр өгсөн гэж тогтоолд бичигдсэн. Би ямар ч мөнгө аваагүй болно.

2. С.Нт “Авто замын ажлын санхүүжилтанд мөнгө хэрэгтэй байна” гэдгээ хэлж иргэний харилцаан дээр зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулан 16.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдахаас өмнө 8.000.000 төгрөгийг буцаан төлсөн.

3. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор Д.Нямсүрэн тодорхойгүй шалтгаанаар ирээгүй. Прокурор Б.Уранчимэг хуралдааны танхимд орж ирж хэрэгтэй танилцаж амжаагүй байхад шүүх хуралдаанд эхэлж, шийдвэр гарсан.

4. М.Ад дансаар 2017 оны 7 дугаар сарын 22-нд 3.000.000 төгрөг, 8 дугаар сарын 16-нд 500.000 төгрөг, 8 дугаар сарын 17-нд 400.000 төгрөг, “Гялс төгрөг” ХЗХ-нд 2017 оны 9 дүгээр сард 1.500.000 төгрөгийг өгснийг “Хаан” банкны 5019063033 тоот дансны хуулгаас шалгаж, баталгаажуулж өгнө үү.

Миний бие 3 давхар зам барих “Тэнгэрийн тойрог” төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд мөн “Аглаг бүтээлийн хийд”-ийн 6.2 км замд хяналт хийж, хамтран ажиллах гэрээт ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Иймд ажлаа үргэлжлүүлэн хийж, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулж дуусгах боломжийг олгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

1. Хэргийн бодит нөхцөл байдал нь Б.Н нь өөрийн эрхэлж байсан ажлын үйл ажиллагаандаа /авто замын болон барьцаалан зээлдүүлэх/ зориулан 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр С.Нээс 16.000.000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан зээлийн гэрээ байгуулан зээлж авсан байгаа нь залилан мэхлэх гэмт хэрэг биш зөвхөн иргэний харилцаа байсан юм.

Харин 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэн М.Агаас мөнгө зээлэхээр дээрх шалтгаан болон хамтран ажиллах талаараа хэлэхэд “баталгаатай баримт байвал мөнгө өгье” гэсний дагуу “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, “Гар хамгаалах хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, “Бараа материал хүлээлцсэн акт” зэрэг бичиг хуурамчаар үйлдэн иргэн М.Агаас 35.110.000 төгрөгийг авсан байгаа нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэдэгтэй маргахгүй. Харин С.Нээс 16.000.000 төгрөг зээлж авахдаа дээрх хуурамч бичиг баримтуудыг ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал болон нотлох баримт, мэдүүлэг зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн яллах дүгнэлтэд дурдсан “дээрх аргаар” гэдгээр давтан үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон байна.

Мөн ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийн талаар дүгнэлт өгөлгүйгээр ял шийтгэлийн хувьд сонгох санкцтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Б.Наас 70.038.000 төгрөгийг”, 5 дахь заалтад “4.085.000 төгрөгийг” тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ. Үндэслэл нь С.Нт учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн 8.000.000 төгрөг, М.Ад учруулсан 35.110.000 төгрөгийн хохирол, нэмж хор уршиг 30.248.000 төгрөг хэмээн тооцжээ.

Тооцооны хувьд бол хохирогч М.А нь өөрийн бэлэн байсан 15.110.000 төгрөг дээрээ “Гялс төгрөг” ХЗХ-ноос 20.000.000 төгрөгийн зээл авч нийт 35.110.000 төгрөг болгон Б.Нд өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хор уршгийг “30.248.000 төгрөг” гэж буруу тооцжээ. Нэг ёсны хохирлын 20.000.000 төгрөгийг хор уршиг дээр давхардуулан үндэслэлгүйгээр нэмж тооцсон байна. “Гялс төгрөг” ХЗХ-ны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 8/132 дугаартай “зээлийн хүүнд 10.248.437 төгрөг төлсөн болно” гэх тодорхойлолтоор хор уршгийн хэмжээ тодорхой нотлогдож байгаа. Мөн Б.Нын зүгээс “Гялс төгрөг” ХЗХ-нд хүүнд нь 900.000 төгрөгийг төлж байсан нь хор уршгаас хасагдах ёстой байсан. Үүнээс гадна тогтоох хэсэгт заасан үнийн дүн нь үндэслэх хэсэгт тооцсон үнийн дүнгээс зөрж байна.

Энэ мэт үндэслэлгүй, зөрүүтэй тооцоог үндэслэн Б Наас нийт 74.123.000 төгрөг гаргуулахаар тогтоосонд гомдолтой байна.

3. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Б.Нын гэм бурууг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд тухайн шүүх хуралдаанд улсын яллагч Д.Нямсүрэн, хохирогч М.А, С.Н, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цагаан, Б.Н, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нар нь оролцсон байдаг. Тухайн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцсон тул түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлага хүссэнийг шүүхээс ханган шийдвэрлэн, шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл завсарлуулсан байдаг. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ял шийтгэлийн шүүх хуралдаан товлосон цагт шүүх хуралдааны танхимд улсын яллагчаас бусад бүх оролцогч цугларсан боловч улсын яллагч Д.Нямсүрэн нь тодорхой шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй болсны улмаас хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар 1 цаг гаран хүлээсний эцэст явсан байдаг. Үүний дараагаар прокурор Б.Уранчимэг томилолт байхгүй, хэргийн материалтай танилцаагүй шүүх хуралдааныг улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарын ирцтэйгээр үргэлжлүүлэн Б.Нд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн байна. Улсын яллагчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар сольж болох боловч тухайн тохиолдолд хавтаст хэргийн материалыг прокурор Б.Уранчимэгт танилцуулах арга хэмжээг авсны дараагаар анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ёстой байсан. Мөн хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулаагүй.

Ийнхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж явуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч М.Агийн өмгөөлөгч Г.Цагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Харин ял шийтгэлийн шүүх хуралдаанд прокурор Д.Нямсүрэн нь оролцоогүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд эргэлзээтэй...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан байдаг. Мөн анхан шатны шүүхийн ял шийтгэлийн хуралдаанд прокурор Б.Уранчимэг оролцсон нь Эрүүгийн хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр улсын яллагч Г.Нямсүрэнг оролцуулан хийж Б.Ныг гэм буруутайд тооцсон шийдвэрийг гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулжээ.

 

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад улсын яллагч Г.Нямсүрэн тодорхой шалтгаангүйгээр ирээгүй тул улсын яллагчаар прокурор Б.Уранчимэгийг оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шүүгдэгчид ял шийтгэл ногдуулан хэргийг шийдвэрлэсэн нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 824 дугаартай шүүгчийн захирамж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нотлогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокурор Б.Уранчимэгийг харьяалах прокурорын газраас нь шүүгдэгч Б.Нд холбогдох хэрэгт томилсон болон хавтаст хэргийн материалтай танилцсан гэх баримт авагдаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдааныг прокурор солигдсон үндэслэлээр эхнээс нь явуулалгүйгээр үргэлжлүүлэн хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлын 3 дахь заалтыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбоотойгоор шүүгдэгч Б.Нын бусдад учруулсан гэх хохирлын асуудлыг нотлох баримтыг үндэслэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг мөр, зөв шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                М.АЛДАР