Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

                Хамтран хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох

            Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50, А/51 дугаартай тогтоолууд болон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 7-ны өдрийн Б/11, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн хурлын  дарга Ц.Б, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Дагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д миний бие 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Цагаанхайрхан сумын Засаг дарга болсон. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хуралдаж намайг Засаг даргаас огцруулахыг санал болгох тухай тогтоол гаргаж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлж байна. Намайг огцруулахыг санал болгох тухай тогтоолдоо Монгол Улсын, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтуудыг үндэслэл болгожээ. Монгол Улсын, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухайн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Миний бие өнөөдрийг хүртэл гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд намайг хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвлөмж байхгүй ба огцруулах тогтоол дээр хэрэв энэ үндэслэлээр огцруулж байгаа бол ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг хэн яаж тогтоосон болохыг дурьдах ёстой ийм үг үсэг байхгүй байна. Хэрэв намайг чиг үүргээ биелүүлж чадаагүй гэж үзсэн бол ямар үүргээ биелүүлээгүйг заах байсан. Би улсад нийт 30 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 12 дугаар сарын 18-нд хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд би өөрийн ажлын тайланг танилцуулсан бөгөөд хурлаас намайг ажил үүргээ 70.4% биелүүлж байгаа гэж дүгнэсэн. Гэтэл үүнээс хойш 1 сарын дараа чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж яагаад дүгнэх болов. Би 2019 оны ажлаа дүгнүүлсэн. Одоо 2020 оны ажлаа дүгнүүлэх цаг хугацаа болоогүй байна. Тогтоолд дурьдсан өөр нэг үндэслэл болох Монгол Улсын, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-ын тухайд  тогтоолд тухайн үеийн нөхцөл байдлыг буруугаар тусгасан өөрөөр хэлбэл намайг огцруулахаар нийт төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүй төлөөлөгч санал гаргаагүй хэн гэдэг төлөөлөгч өөрийн албан бланк дээр огцруулах санал гаргаж хэн хэн гарын үсэг зурсан юм бэ тийм баримт хаана ч байхгүй. Харин гараар бичсэн сумын Монгол ардын намын бүлгийн зүгээс хүсэлт гаргах нь гэсэн хоёр бичиг бий. Хуралд хэн асуудал оруулах талаар Монгол Улсын, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 24 дүгээр зүйлд тодорхой заасан ба энд намын бүлэг санал оруулах эрх байхгүй. Яагаад гэвэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж заасан би төрийн гүйцэтгэх засаглалын сумын удирдлага. Монгол төр намаас ангид байх учиртай хэдийгээр Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан мөн боловч намын чиг үүргийг биш төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч тийм болохоор намын бүлэгт таалагдаагүйн төлөө намын бүлэг санал гаргаж огцруулах эрхгүй учраас хууль тогтоогч дээрх хуулийн заалтанд хуралд асуудал оруулахдаа Монгол Улсын, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-ыг баримтлах ёстой боловч баримтлаагүй, мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой сонсох ажиллагаа хийгээгүй. 2020.02.05-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж намайг ажлаас чөлөөлөх тухай саналыг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга 2020.02.10-ны өдрийн Б/11 тоот захирамжаараа намайг сумын Засаг даргаас чөлөөлж 2020.02.21-ний өдрийн Б/14 тоот захирамжаар Д.Э-ыг Засаг даргаар томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд Цагаанхайрхан суманд Монгол Ардын нам олонхи болж тухайн намын даргаар ажиллаж байсан Д.Дагвасүрэнг намын бүлгээс нэр дэвшүүлж сумын Засаг даргаар томилогдсон. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Д.Д-ийн ажлын ажлыг  71% -тай гүйцэтгэсэн гэж дүгнэсэн.2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Д.Д-г огцруулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Д.Д-нг огцруулах тухай асуудлыг сумын МАН-ын бүлгийн санал гэж оруулаад хурлын төлөөлөгчид гарын үсэг зурсан байдаг. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, хурлын хороо, хурлын төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга хуралд асуудал асуудал оруулах эрхтэй байдаг. Намын бүлгээс хуралдаанд асуудал оруулах тухай хуульчилсан зүйл байхгүй. Тийм учраас хуралдаанд асуудал оруулах эрхгүй этгээд санал гаргаж асуудлыг хэлэлцүүлсэн нь хууль зөрчсөн байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тухайн саналтай холбоотой тооцоо судалгааг гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй заасан байдаг. Хавтаст хэрэгт хурлын төлөөлөгчдөд хүргүүлсэн урилга авагдсан байгаа. Д.Д-г огцруулах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа учраас Д.Д-г ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа талаарх баримтаа хавсаргах ёстой байсан.  Тогтоол гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг удирдлага болгосон. 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж заасан. Тогтоолдоо аль үндэслэлээр огцруулж байгаагаа тодорхой дурдаагүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль зүйн асуудал эрхэлсэн хороо гэж байдаг. Эхлээд энэ хороо санал дүгнэлтээ гаргах ёстой байсан. Тийм учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т аймгийн Засаг дарга гаргасан саналыг ажлын 5 хоногийн дотор хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмууд зөрчигдсөн. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж аймгийн Засаг даргад Д.Д-г огцруулахаар өргөн барьсан. Д.Д нь 2020 оны  2 сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад аймгийн Засаг дарга захирамж гаргаж Д.Д-г огцруулсан. Аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль ёсны шийдвэр гаргасан уу гэдгийг нягталж үзэх ёстой байсан.  Яагаад гэвэл аймгийн Засаг дарга захирамжийнхаа үр дагаварыг өөрөө хариуцдаг учраас. Ийм учраас аймгийн Засаг даргын захирамж нь бодит нөхцөл байдалд таараагүй. Үүнээс хойш тодорхой хугацааны дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Э-ыг Цагаанхайрхан сумын Засаг даргаар томилсон захирамж гаргасан. Энэ хугацаанд аймгийн Засаг дарга нь Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хуульд нийцсэн эсэхийг шалгах хангалттай хугацаа байсан. Ийм учраас Д.Э-ыг сумын Засаг даргаар томилсон шийдвэр нь хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалд таараагүй шийдвэр болсон. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн тус хурлын дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 01 сарын 20-ны өдөр Цагаанхайрхан сумын Монгол ардын намын бүлгийн 15 төлөөлөгч хуралдаж сумын Засаг дарга Д.Д-г огцруулах тухай асуудлыг хүсэлт гарган  хурлын даргад өргөн барьсан. Энэ хүсэлтийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасныг үндэслэн Д.Д-г сумын Засаг даргаас огцруулах тухай тогтоол гаргасан. Цагаанхайрхан сумын Хунт багийн нутаг дэвсгэрт “Б. м” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Тэгээд Хунт багийн иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж тус багийн “Алаг толгой” гэх газарт олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж хуралд оролцсон 41 иргэнээс 35 иргэн санал өгч 34 иргэн зөшөөрөхгүй гэж санал өгсөн учраас ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвшөөрөхгүй гэсэн тогтоол гарсан. Гэтэл сумын Засаг дарга тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож илээр санал хураасан хурлын үйл ажиллагааг өөрийн биеэр харсан боловч сумын иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Б.М” ХХК-тай хамтран ажиилах гэрээ байгуулсан. Уг гэрээг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл холбогдох байгууллага, иргэд, албанд тушаалтанд мэдэгдэхгүйгээр нэг жилийн хугацаанд нууж байсан байна. Сумын Засаг даргын 2019 оны ажлын тайлаг 70.4 хувиар дүгнэсэн боловч тэр үед Засаг даргыг “Б.М” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ард иргэдэд мэдэгдээгүй нууцалсан байсан.Засаг даргыг чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан үндэслэлээр Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид гарын үсэг зурсан байдаг. Уг дүгнэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд хүргүүлсэн. Тийм учраас хурлын тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байгаа.  Алаг толгой гэх газар манай сумын Хунт багийн иргэдийн өвөлжөө, хаваржааны бүс нутаг байгаа. Ийм учраас иргэд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн. Монгол сумын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Монгол ардын намын бүлэг 15 төлөөлөгчтэй. Түүний 12 төлөөлөгч нь гарын үсэг зурж хурлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг хүлээн авч хурлын тэргүүлэгчид хуралдаж хүсэлттэй таницаад 16 хоногийн өмнө хурлын хуралдааныг зарласан. Тэр үед тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь чөлөө авч эмчилгээнд явсан байсан учраас хуралдааны урилгыг миний бие төлөөлөгчдөд хүргүүлсэн. Урилгадаа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө хамт хүргүүлсэн. “Будар минериалс” ХХК-ийн алт олборлох үйл ажиллагааг эсэргүүцэж Цагаанхайрхан сумын нийт иргэд гарын үсэг зурж тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Улсын Их хурал, Засгийн газарт явуулсан. Ингээд “Б.М” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Монгол Ардын намын бүлэг Засаг даргыг огцруулах тухай асуудал оруулах эрхгүй гэдэг тайлбарыг гаргаж байна. Намын бүлгийн хуралдаанд Монгол ардын намын жирийн нэгэн гишүүн оролцоогүй. Уг хуралдаанд Монгол ардын намаас сонгогдсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцож гарын үсгээ зурсан. Мөн “Б.М” ХХК нь багийн иргэдийн зөвшөөрөөгүй гэсэн гарын үсгийг зөвшөөрсөн болгож хуурамчаар бичиг баримт үйлдсэн байхад хамтран ажиллах гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

 

             Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:“Иргэн Д.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.”, 32.3-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ. Дээрх хуулийн дагуу Цагаанхайрхан сумын ИТХ-ын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар тогтоолыг үндэслэн Д.Д-г сумын Засаг даргаас огцруулах шийдвэр гаргасан.

          Иймд нэхэмжпэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд  төрийн албаны ангилалыг тогтоосон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна гээд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д сумын Засаг даргыг тодорхойлсон байна. Иймд сумын Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Дээрх хуулиар тогтоосон улс төрийн албан тушаалтны эрх зүйн байдал тэр дундаа томилж, чөлөөлөг асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж өгсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ гэж заасан байна. Мөн хуулийн 32.3-т дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаартай тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Д-г огцруулсан нь дээрх хуулийн заалттай нийцэж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч  байдаг. Энэ утгаараа ард иргэдээ хамгаалах, байгаль орчноо хамгаалах чиг үүрэгтэй байдаг. Үүнтэй холбоотой Цагаанхайрхан суманд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 12, ашиглалтын тусгай зэөвшөрөл эзэмшдэг 3 аж ахуйн нэгж байдаг. Үүний нэг болох “Будар минериалис” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа гэрээсбайггуулсан. Үүнтэй холбогдуулан Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж хурлын гаргаж байгаа шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж аймгийн Засаг дарга огцруулах тухай захирамж гаргасан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан. Мөн хуулийн 26.3-т энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж заасан. Иймд аймгийн Засаг дарга нь Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/51 дүгээр тогтоолоор Д.Э-ыг сумын Засаг даргад нэр дэвшүүлснийг батламжилсан нь дээрх хуулийн заалттай нийцэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

 

            Гуравдагч этгээд Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 хувь болох МАН-ын бүлгийн 7-10 төлөөлөгч сумын Засаг даргыг огцруулахаар гарын үсэг зурж хурлын даргад өргөн мэдүүлсэн. Сумын ИТХ 2020.02.05-нд хуралдаж олонхийн саналаар сумын Засаг дарга огцорсон.Энэ нь МУЗЗНДНТУТХ-ийн 32.6-д заасны дагуу явагдсан болно.Сумын ИТХ-д оролцож байгаа хурлын төлөөлөгчид Б.Ц, Д.Э нарын нэрийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн.Санал хураахад миний бие олонхийн санал авч аймгийн Засаг даргад хурлаас уламжилсан.Энэ үйл ажиллагаа МУЗЗНДНТУТХ-ийн 26.2-ын дагуу явагдсан.Миний бие МУЗЗНДНТУТХ-ийн 26.3-д заасны дагуу сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

       Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү ”гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Д шүүхэд анх Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50, А/51 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 07-ны өдрийн Б/11, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан болно.

         Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байхад ажлаас үнэдэслэлгүй огцруулсан, хуралдаанд хурлын төлөөлөгчийн хувиар биш намын бүлгээс асуудлыг оруулж хэлэлцүүлсэн, асуудалд холбогдох тооцоо судалгаа лавлагаа материалыг хурал болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах хуулийн журмыг зөрчиж хуралдаан явуулсан тул Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50, А/51 дугаартай тогтоолууд хууль бус болсон. Аймгийн Засаг дарга хуралдааны тогтоолыг хянаж үзэн шалгахгүйгээр захирамж гаргасан нь хууль бус болсон” гэж  марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

         Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б “нэхэмжлэгч сумын Засаг даргаар ажиллаж байхдаа багийн иргэд нутагтаа ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг явуулахгүй гэсээр байхад компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул хурлын төлөөлөгчдийн 3/1 хувь болох 10 төлөөлөгч огцруулах санал гаргасан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Хамтран хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “ Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т заасны дагуу хуульд нийцүүлэн захирамжаа гаргасан” гэж  тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

             Гуравдагч этгээд Д.Э-ын хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх талаар тайлбар ирүүлжээ.

1.Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50,А/51 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

          Маргаан бүхий акт болох Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50 дугаартай тогтоолоор хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс дээш буюу 10 төлөөлөгч сумын Засаг даргыг огцруулах саналд гарын зурсан тул Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 32 дугаар зүйлийн 32.2,32.6 дахь заалтуудыг үндэслэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 76,4 хувийн саналаар Д.Д-г сумын Засаг даргаас огцруулах нь зүйтэй гэж үзэж, мөн өдрийн А/51 дугаартай тогтоолоор Д.Э-ыг сумын Засаг даргад нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

          2020 оны 1 сарын 20-ны өдөр Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Монгол Ардын намын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр сумын Засаг даргыг огцруулах тухай хүсэлтийг гаргаж хурлын төлөөлөгч 11 хүн гарын үсэг зурсан байна.Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг буюу хурлын төлөөлөгчдийн 3/1-ээс доошгүй нь засаг даргыг огцруулах хүсэлт гаргаж байгаа тухай дурдсан 7 төлөөлөгчийн гарын үсэг бүхий бичгийг хүргүүлжээ.

           Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 сарын 21-ний өдрийн А/03 дугаартай тогтоолоор ээлжит бус 10-р хуралдааныг 2020 оны 2 сарын 5-ны өдөр хуралдахаар товлосон байна.

           Уг тогтоолд хурлын товыг 1 сарын 5 гэж бичсэн байх ба боловч энэ нь техникийн алдаатай болсон ба хурлыг 2 сарын 5-ны өдөр товлосон ба товлогдсон хугацаанд хуралдаан болсон талаар хурлын дарга Ц.Б тайлбар гаргасан ба энэ талаар оролцогчид маргаангүй байгаа болно.

          Хуралдааны зарыг төлөөлөгчдөд хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч Д.Д-нд хуралдааны товыг мэдэгдсэн урилга хүргүүлсныг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган ирүүлжээ.

         Нэхэмжлэгч Д.Д-ийн 2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг хэлэлцээд Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн А/44 дугаартай тогтоолоор биелэлтийг 71,0 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна.

        Сумын Засаг даргыг огцруулах санал гаргасан төлөөлөгчид нь Засаг дарга Д.Д-г Хунт багийн иргэд зөвшөөрөхгүй байхад нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Б.М” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь буруу болсон гэх үндэслэлийг  хуралдаанаар хэлэлцүүлэн төлөөлөгчдийн олонхийн саналаар сумын Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн байна.

            Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б.М” ХХК болон Сумын Засаг дарга Д.Д нарын хооронд хамтран ажиллах гэрээг 2019 оны 1 сарын 21-ний өдөр байгуулсан байх ба өнөөдрийн байдлаар уг компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас цуцалсан талаар нэхэмжлэгч хариуцагч нар тайлбар гаргасан болно.

 

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар сумын Засаг даргын албан тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах улс төрийн албан тушаалд хамаарагдана.

                Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө“ гэжээ.

         Сумын Засаг даргын эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуульд тусгайлан зохицуулсан байна.

           Сумын Засаг даргыг албан үүргээс нь огцруулах үндэслэлийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, мөн зүйлийн  32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”-д Сумын Засаг даргыг томилуулах, чөлөөлүүлэх болон огцруулах санал  гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах уламжлах тухай асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалагдаж хэрэгжихээр байна.

             Иймд сумын Засаг даргыг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэснийг шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаалтныг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн хурлын хуралдааны үйл ажиллагаа зохих ёсоор явагдсан эсэх, хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэл үүссэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийх ба тухайн огцруулах үндэслэл зөв, буруу талаарх дүгнэлтийг хийхгүй болно.

          Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “Засаг дарга хуульд заасан үүргийнхээ хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулсан, хууль тогтоомжид заасан чиг үүргээ биелүүлээгүй талаар шалгаж тогтоогоогүй байхад огцруулсан нь үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

               Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сумын Засаг даргыг огцруулах асуудлыг оруулж гарын үсэг зурсан төлөөлөгчид нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон томилогдсон төлөөлөгчид мөн болох нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны 01/01 тоот тогтоолын хавсралтаар бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн нэрсийн жагсаалтаар тогтоогдож байна.

 

               Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсгүүдэд  Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй тул намын бүлэг гэсэн нэрийн доор гарын үсгээ зурсан гэх үндэслэлээр хурлын төлөөлөгчийн асуудал хэлэлцүүлэх эрхийг хөндөж эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “энэ хуулийн 24.1,24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж зохицуулсан байна.

           Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10-р хуралдааныг хийхдээ дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд холбогдох материалыг тараагаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогджээ.

           Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 10-р хуралдааныг хуралдаан болохоос 15 хоногийн өмнө зарлаж,төлөөлөгчдөд хурлын тов, хэлэлцэх асуудлыг  мэдэгдсэн, хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцээгүй, гагцхүү улс төрийн албан тушаалтныг буюу Сумын Засаг даргыг огцруулах, нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн, хуралдаанд сумын Засаг дарга Д.Д оролцож тайлбар гаргасан байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан “1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд холбогдох материалыг тараагаагүй” гэх үндэслэлээр тус хуралдааныг хууль бус гэж үзэх боломжгүйг шүүхээс дүгнэлээ.

         Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 4 жилийн хугацаанд сонгуулийн үр дүнгээр байгуулагдаж орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлдэг, улс төрийн албан тушаалтан болох сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудал бүрэн эрхэд нь ямар нэг шалгуургүйгээр хамаарагдаж шийдвэрлэгддэг тул сумын Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэж буй ажиллагаа нь улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд  хамааралтай гэж үзэхээр байна.

          Иймд  нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн “огцруулах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг явуулаагүй” гэх тайлбарыг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг үндэслэн хүлээн авах боломжгүй юм.

          Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т сумын Засаг даргад нэр дэвшсэн иргэдээс уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор байх бөгөөд Д.Э-ыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

       2.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 07-ны өдрийн Б/11, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

        Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 07-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2,32 дугаар зүйлийн 32.3 дахь заалт,Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50 дугаартай тогтоолыг үндэслэн Д.Дагвасүрэнг 2020 оны 2 сарын 10-ны өдрөөс эхлэн сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжаар Цагаанхайрхан сумын Засаг даргаар Д.Э-ыг томилжээ.

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар сумын Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэн тохиолдолд саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй байна.

           Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар санал гаргасан тохиолдолд сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга томилох эрхтэй байна.

           Шүүхээс Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50 дугаартай тогтоолыг хууль бус гэж үзээгүй,мөн Увс аймгийн Засаг даргын хувьд Цагаанхайрхан сумын Засаг даргыг огцруулах тухай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг дэмжиж 2020 оны 2 сарын 07-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаараа Д.Дагвасүрэнг сумын Засаг даргын албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлж, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжар Д.Э-ыг сумын Засаг даргаар томилсон байх тул маргаан бүхий актууд хууль зөрчөөгүй байна.

        Иймд  Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 07-ны өдрийн Б/11, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 10-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шаардсан ба уг маргаан бүхий акт нь 2020 оны 2 сарын 07-ны өдрийн Б/11 дугаартай захирамж болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болохыг тэмдэглэв.

           Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.                                                                                                                

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 26 дугаар зүйлийн 26.2,26.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн шүүхэд гаргасан “Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 сарын 5-ны өдрийн А/50, А/51 дугаартай тогтоолууд болон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 7-ны өдрийн Б/11, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн Б/14 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

         3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.