Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Э.Булгантамир,

Улсын яллагч Ч.Сэлэнгэ,

Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч О.Хүсэлбаатар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овгийн Одонгаригийн Хүсэлбаатарт холбогдох 201614000281 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1. Цахар овгийн Одонгаригийн Хүсэлбаатар, 1996 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 02-01 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 29-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2013 оны 10 сарын 21-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2013 оны 01 сарын 29-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас заримыг буюу 1 жилийг нэмж нийт 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай. /регистрийн дугаар ФБ 96010213/.

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

2.1. Шүүгдэгч О.Хүсэлбаатар нь 2016 оны 05 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ Тосгоны 19-18 тоотод оршин суух Б.Баярцэцэгийн байшингаас 40 инчийн Grundig загварын ЛСД зурагт удирдлагын хамт, дунд гарын мөнгөн аяганы гаднах мөнгөн бүрээс, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 090 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Баярцэцэгийн “Том өрөөний хойморт байдаг мөлхөө тавилгын арын хананд суурилуулсан байсан 40 инчийн Grundig маркийн 2014 онд хурим хийхэд бэлгэнд ирж байсан ЛСД зурагт маань байхгүй байсан. Мөн жижиг өрөөнд ороод харсан чинь цонх онгойсон, гал тогооны өрөөний сервантанд байсан дунд гарын мөнгөн аяганы гаднах мөнгөн бүрээсийг хулгайч салгаж аваад доторх тагш аягыг жижиг өрөөний шалан дээр хаясан байсан. Сервантанд жижиг цаасан хайрцаганд байсан цагаан шигтгээтэй хос мөнгөн ээмэг, ягаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, хүзүүний гинж 1 ширхэг зэрэг алдагдсан байсан. Зурагтаа бүрэн хүлээж авсан, ямар нэг эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байна. Мөнгөн эдлэл болон мөнгөн аяганы гаднах мөнгөн бүрээсийг үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /х/х-н 14-р хуудас/

 

2. “Найдвар-Од” ХХК-ны шинжээчийн дүгнэлт. /х/х-н 21-р хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтуяагийн “Манай нөхөр Ц.Дамдинжав нь 2016 оны 05 сарын сүүлээр мэдэлгүйгээр хулгайн зурагт худалдан авсан байсан. Нөхөр маань 40 орчим инчийн ЛСД зурагтыг заруулахаар авч ирсэн. Гэтэл 2016 оны 05 сарын 31-ний өдөр Цагдаагийн байгууллагаас зурагтыг хурааж аваад явчихсан. Миний зүгээс 180 000 төгрөгөө гэм буруутай хүнээс гаргуулаад авчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х/х-н 17-р хуудас/

4. Гэрч Ц.Дамдинжавын “Миний бие өглөө 11 цагийн орчим ажил дээрээ байж байтал гаднаас 20 орчим насны эрэгтэй хүүхэд 42 инчийн ЛСД зурагт худалдаж авахгүй биз гэж ирсэн. Би түүнд 180 000 төгрөгөөр авна гэхэд зөвшөөрөөд надаас 180 000 төгрөг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 24-р хуудас/

5. Гэрч П.Оюунтуяагийн “Би тухайн үед Спорт ордны урд зайрмаг зардаг байсан юм. Намайг ажил ихтэй байхад нэг эрэгтэй хүн миний гар утас руу ярьж Хүслээ /Хүсэлбаатар/-г таних уу гэж асуусан. Би танина гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 25-р хуудас/

6. Гэрч О.Галбадрахын “2016 оны 05 сарын сүүлээр байх 20 орчим насны залуу цагаан мөнгө авах уу мөнгөний хэрэг болоод байна гэж байсан. Миний бодож байгаагаар 1 лан хүрэхгүй мөнгө болж байсан байх. Тэгээд 30 000 орчим төгрөг болж байсан. Түүнд 30 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 26-р хуудас/

Шүүгдэгч О.Хүсэлбаатарын “Айлын байшинд орж том өрөөнийх нь баруун хананд байсан Grundig маркийн ЛСД зурагтыг гал тогооны шүүгээнээс нь хайч аваад хананд тогтоогчоос нь салгаж авсан. Зурагтыг 220-д залгадаг залгуур, удирдлагатай нь авсан. Мөн гал тогооны ханын шкаф дотроос мөнгөн хийц нь сэтэрсэн байсан мөнгөн аяганы гадрыг нь гараараа татаж салгаж авсан. Мөнгөн ээмэг бөгжийг авсан нь үнэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай лавлагаа, эд зүйл хураан авч үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Хүсэлбаатар мэдүүлэхдээ “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Удаа дараа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан. Дахин гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж харамсаж байна. Шүүхээс надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Сайн ажиллаж хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтуяа мэдүүлэхдээ “Энэ хүнд хулгайлсан эд зүйлээ зарахад туслаж хамт явсан хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг олж хариуцлага тооцох хэрэгтэй. 180 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.Хүсэлбаатар нь 2016 оны 05 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ Тосгоны 19-18 тоотод оршин суух Б.Баярцэцэгийн орон байранд нэвтэрч 40 инчийн хэмжээтэй ЛСД зурагт, удирдлага, дунд гарын мөнгөн аяганы гаднах мөнгөн бүрээс, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 090 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Шүүгдэгч О.Хүсэлбаатарт Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч О.Хүсэлбаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. О.Хүсэлбаатар нь урьд хорих ял эдэлж байсан боловч түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, ялтны хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Хүсэлбаатарын цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Хүсэлбаатараас 370 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Баярцэцэгт 190 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтуяад 180 000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цахар овгийн Одонгаригийн Хүсэлбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хүсэлбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Хүсэлбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Хүсэлбаатарын цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Хүсэлбаатараас 370 000 төгрөг гаргуулж, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгон 19-18 тоотод оршин суух Баасанжавын Баярцэцэг /РД: РХ 88051121/-т 190 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 42-16 тоотод оршин суух Чойжилсүрэнгийн Эрдэнэтуяа /РД:АВ 66040101/-д 180 000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хүсэлбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНГАДАС.