Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1581

 

 

“ЧХбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Чингисхаан банк” ХХК-ийн, хариуцагч Б.Б, Б.Д нарт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Ж.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧХБ” ХХК нь “БК” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2782/01/СС-2015 тоот зээлийн гэрээ байгуулж, 342 355 000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн барьцаанд тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Г.Н өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206008942 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Г.Нямсүрэн нь зээлийн өр төлбөрийн зарим хэсэг болох 180 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцож уг үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Чингис хаан банкинд худалдаж, уг үл хөдлөх хөрөнгө тус компанийн өмчлөлд 2016 оны 10 дугаар сарын 27-нд шилжин бүртгэгдсэн болно. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байхад орон сууцанд оршин сууж байгаа хариуцагч Б.Б, Б.Д нар суллаж өгөхгүй, банкны эрх ашгийг зөрчсөөр байна. Энэ асуудлаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж дуудан уулзах зэрэг арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Б.Б, Б.Д нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206008942 дугаар бүхий орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Д нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б, Б.Д нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байр, 36 тоот 186 м.кв талбай бүхий орон сууцнаас албадан гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Д нараас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ "Нэхэмжлэгч “Чингисхаан банк “ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байр, 36 тоот, 186 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна" гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс "Чингисхаан банк" ХХК уг орон сууцыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан гэж үзэж байна. Анх “Чингисхаан банк” ХХК уг орон сууцыг ”Бэст Куалити” ХХК-д олгосон зээлийн барьцаанд барьцаалж байсан ба 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлех эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр буюу 180 000 000 төгрөгийн зээлийн төлөлтөд тооцон авсан байдаг. Өөрөөр хэлбэл уг 186 м.кв талбай бүхий орон сууцыг маш багаар үнэлэж буюу 1 м.кв талбайн үнийг 1 000 000 төгрөгөөс багаар үнэлж авсан байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3-т заасныг зөрчиж зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг банк өөртөө шилжүүлэн авсан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 61 дүтээр зүйлийн 61.1, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг банк зөвхөн шүүхийн болон шүүхээс гадуур дуудлага худалдаагаар бусдад худалдах эрхтэй, түүнээс биш өөрөө зээлийн төлөлтөд тооцож өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхгүй. Ийм төрлийн харилцаанд арилжааны банкууд давуу эрхтэй оролцдог тул хууль тогтоогчийн зүгээс барьцаалуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эдгээр зохицуулалтуудыг хуульчилсан байдаг. Хэрэв хуульчлаагүй бол “Чингисхаан банк” ХХК шиг барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг маш багаар үнэлж авах, барьцаалуулагчийн эрх ашгийг ноцтой хохироох нөхцөл байдал үүснэ. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь илтэд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх нэхэмжлэгчийг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүх шийдвэртээ "хариуцагч Б.Б, Б.Д нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг орон сууцыг Г.Нямсүрэнгээс түрээслэсэн гэх татгалзал нь баримтаар нотлогдохгүй байна" гэж үзээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Өмчлөгч нь зөвхөн бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй, үүний тулд хариуцагч нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байх нөхцлийг хангах шаардлагатай. Гэтэл хариуцагч нь уг орон сууцны өмчлөгч нь иргэн Г.Нямсүрэн байхад буюу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг байгуулж уг гэрээний үндсэн дээр оршин сууж байгаа юм. Энэ тохиолдолд өмчлөгч уг орон сууцыг шаардах эрхгүй. Орон сууц хөлслөх гэрээг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага тавигддаггүйн улмаас иргэн Г.Нямсүрэнгийн гарын үсэг мөн эсэхэд эргэлзээ үүсэж болзошгүй тул түүнийг гэрчээр болон гуравдагч этгээдээр уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй байсан. Ингэснээр нэхэмжлэгч уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаагаа нотлох боломжгүй болж байгаа буюу анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6, 43 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгээс гадна 308 дугаар зүйлийн 308.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь заалтууд нь хариуцагчийн энэхүү эрхийг хамгаалсан заалтууд юм.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 67 дугаар зүйлийн 67.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд Үндсэн хуульд заасан өөрийн эрхийг емгөөлөгчөөр хангуулах боломжгүй болсон. Шүүх энэ гомдолд дурьдсан материаллаг хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3, 168.1.7-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг гаргасан ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

ЧХБ ХХК, Б.Б, Б.Д нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ЧХБ ХХК нь Г.Нямсүрэнтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206008942 дугаарт бүртгэгдсэнээр тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байна. /хх-9-10, 13 дугаар тал/

Улмаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагч Б.Б, Б.Д нараас орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хариуцагч талыг татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж, үндэслэлээ “... нэхэмжлэгчийг орон сууцыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан, ... үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчсөн, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, материаллаг хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж тайлбарлаж байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч ЧХБ ХХК нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байхад хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтын талаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэн Г.Нямсүрэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн үлдэгдэл төлбөртөө тооцон нэхэмжлэгч ЧХБ ХХК-д худалдаж, улмаар өмчлөлд нь шилжүүлсэн үйл баримтын талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч маргаж, энэ гэрээний талуудын тохиролцож дуусгавар болсон харилцаанд дүгнэлт хийх эрхгүй этгээд юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлзэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлж өгсөн.

Хэргийн баримтаас харахад шүүх, ЧХБ ХХК-ийн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нарт 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, тэдгээрт мөн өдрөө хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байна.

Хариуцагч нар нь Р.Отгонцагаанд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрсдийн өмнөөс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуульд заасан хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгожээ. /хх-37-38 дугаар тал/

Үүний дагуу шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хуулиар олгосон эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх-29 дүгээр тал/

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулан, тэдгээрийн хуулиар олгогдсон буюу хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч талын хариуцлагын асуудал юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талууд эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдах учиртай тул анхан шатны шүүхийг хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

Түүнчлэн хариуцагчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6, 43 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх гэсэн агуулгаар гаргасан.

Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа, Иргэний хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт заасан үр дагавар бий болсон гэж мэтгэлцсэн байна.

Хэргийн 62 дугаар талд иргэн Г.Нямсүрэн, хариуцагч Б.Батзаяа нарын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ авагдсан байгаа хэдий ч хариуцагч тал нь уг гэрээний дагуу орон сууцыг хариуцагч нар эзэмшиж байгаа гэх үйл баримтаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй буруутай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэв хариуцагч нар энэ гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байгаа бол Иргэний хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өөрчлөгдөхөд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үлдэх учиртай.

Гэтэл хариуцагч тал орон сууц хөлслөх гэрээ бодитойгоор хэрэгжиж, хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгээ нотлоогүй байна. Тухайлбал, гэрээний 2 дахь хэсэгт орон сууцны нэг сарын хөлсийг 2 сая  төгрөгөөр тохирч, гэрээ байгуулах үед урьдчилан төлөх, орон сууцны хөлсөнд цахилгаа, дулаан, ус, интернет, кабелийн телевиз, СӨХ болон эдгээртэй адилтган үзэх бусад зардлыг хөлслөгч төлөх үүрэг хүлээсэн байх ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэрээний үүргийн дагуу хөлсийг 2019 он хүртэл урьдчилан бүрэн төлсөн гэж мэтгэлцсэн байдаг. /хх-76 дугаар тал/

 Дээрхээс дүгнэхэд хариуцагч тал нь хөлслөх гэрээний дагуу орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа бол орон сууцны хөлс болон ашиглалтын зардал төлсөн баримтаа шүүхэд гаргах өгч боломжтой байсан тул Б.Б, Б.Д нарыг тухайн орон сууцыг гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэхгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт ойлгомжгүй томьёологдож бичигдсэн учраас зөвтгөн нэмэлт, өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.Д нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан Олимп гудамж, 51Б байрны 36 тоотод байрлах 186 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                  

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                   

                                                                                    Ч.ЦЭНД