Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2017/00456

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Бууцагаан сум 3 дугаар багт оршин суух, ВР94080615 регистрийн дугаартай, Тэмээчин овогт Түмэн-Өлзийгийн Ширмэнболд,

Хариуцагч: Баянхонгор аймаг Бууцагаан сум 2 дугаар багт оршин суух, ВЙ77060612 регистрийн дугаартай, Түмэн овогт Чулуунбаатарын Энхбат нарт холбогдох “Хууль бусаар агнасан цагаан зээрийн экологи эдийн засгийн үнэ 2.000.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг баталсны дагуу эр цагаан зээр 500.000 төгрөг, эм цагаан зээр 550.000 төгрөгөөр тогтоосон байдаг.

Иймд Ч.Энхбат, Т.Ширмэнболд нарын агнасан 2 тооны цагаан зээрийн экологи эдийн засгийн үнэлгээний 2.000.000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: 

Бууцагаан сумын 2 дугаар багийн иргэн Ч.Энхбат миний бие тус сумын Өлзийт 3 дугаар багийн иргэн Т.Ширмэнболдтой 2 зээр агнасан нь үнэн. Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг төлнө, маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Т.Ширмэнболд шүүхэд гаргасан тайлбартаа:

Бууцагаан сумын 2 дугаар багийн иргэн Ширмэнболд миний бие тус сумын Өлзийт 3 дугаар багийн иргэн Ч.Энхбаттай 2 зээр агнасан нь үнэн. Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг төлнө, маргах зүйлгүй гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь Ч.Энхбат, Т.Ширмэнболд нарт холбогдуулан “Хууль бусаар агнасан цагаан зээрийн экологи эдийн засгийн үнэ 2.000.000 төгрөг гаргуулах” ыг хүсэн шаарджээ.

Ч.Энхбат, Т.Ширмэнболд нар нь 500.000 төгрөгийн үнэлгээтэй, 2 тооны эр цагаан зээр хууль бусаар агнасан болох нь зохигчдын тайлбар, Баянхонгор аймгийн прокурорын газрын 236 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ширмэнболд, Ч.Энхбат нар нь 2.000.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.2-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй “Хууль бусаар агнасан цагаан зээрийн экологи эдийн засгийн үнэ 2.000.000 төгрөг”ийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ч.Энхбат, Т.Ширмэнболд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.Энхбат, Т.Ширмэнболд нараас 23475 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Т.Ширмэнболд, Ч.Энхбат нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ