Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2017/00458

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 6 дугаар баг, 4 дүгээр гудамж, 6 тоотод оршин суух, УД63042016 регистрийн дугаартай, Эмгэн овогт Цэрэнгийн Баяраагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд холбогдох 2015 оны үр дүнгийн гэрээний урамшууллын 500.000 төгрөг, Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалинг 2 сар хассаны мөнгө, нийт 1.523.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баяраа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.

2017 оны 04 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Нисэх буудалд зургийн онгоц бууж, бүх техник үйлчилгээг хийгээд буцаж нисэх болоход үлдээчихээд онгоцны дарга Б.Золбаяр даргаас зөвшөөрөл гуйсан юм. Хөдөөнөөс ач хүү маань мориноос унаж зүүн гараа гэмтээчихээд 103-т ирчихээд байсан учир би очиж гарын зургийг авахуулах, шохойдуулах, чиг барьж боолгох зэрэг олон ажилтай байсан.        Ингээд буцаад ажилдаа яараад очиход онгоц нисчихсэн байсан. Маргааш нь 2017 оны 04 сарын 25-ны өдөр нислэгийн яриа болоход дарга Ц.Төмөрбаатар “Ц.Баяраа нь онгоц гаргаагүй” гэхэд нь би үнэн учраа хэлэхэд намайг хэл амаар доромжилж, дарамталж, басамжилж эхэлсэн. Тэрээр нисэхийн дүрэм, Аюулгүй ажиллагааны дүрэм, Хөдөлмөрийн хууль, Дотоод журам зөрчлөө шийтгэнэ гэхээр нь би үнэнийг л хэлсэн. Ингээд миний цалингийн 20 хувийг ямар ч шалтгаангүйгээр хасаж, намайг эдийн засгаар хохироож байгаад маш хүнд тусаж байна.

Намайг ямар ч үндэслэлгүйгээр 2 удаа шийтгэж байна.

Иймд цалин 1.523.420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна? гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас үр дүнгийн 500000 төгрөгийг өгөх талаар тушаал ирсэн. Тэрхүү үр дүнгийн мөнгийг шийтгэлтэй хүнд өгөхгүй гэсэн тушаал хавсралтаар ирсэн. Би тухайн үед сахилгын шийтгэл хүлээгээгүй байхад архи уусан 5 хүнтэй хамт миний үр дүнгийн 500000 төгрөгийг өгөөгүй. Би ямар үндэслэлээр миний үр дүнг хассан тушаалаа танилцах талаар саналыг хэлсэн. Тэгэхэд дарга намайг үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн. Учир нь 2015 оны 10 дугаар сард Зам тээврийн яам, Иргэний нисэхийн газар, Хүний эрхийн хороо руу нэргүй бичгийг намайг толгойлж явуулсан гэж буруу ойлголт авсан байсан. Дээрх бичгийн дагуу шалгалт ирсэн.

Уг бичгийн утга нь Ц.Төмөрбаатар даргын ёс зүйн асуудал, мөн байгууллагаас гарсан бүх машин тэргийг хувьдаа авсан, ажлын байран дээр архи, тамхи зарсан, мөн эхнэр нь тус байгууллагын нарийн бичиг, ах дүү нараараа хүрээлүүлсэн гэх утгатай байсан ба тэр нь шалгалтаар тогтоогдсон. Энэхүү байдлаас болж миний үр дүнгийн мөнгийг өгөөгүй. Тэгэхээр надад үр дүн хассан тухай тушаалыг танилцуулаагүй. Харин дараагийн сахилгын шийтгэл болох цалин 20 хувиар хассантай холбогдуулан тайлбар хэлэхэд, тухайн өдөр би онгоц аваад байж байхад миний ач хүү гараа гэмтээгээд Нэгдсэн эмнэлгийн 103-д ирсэн талаар надад утсаар хэлсэн. Тухайн үед би онгоцоо хүлээгээд авчихсан байсан ба тус онгоц нь зорчигч байхгүй, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн аль нэг газраас сумлагаа аваад, тойрч судалгаа хийдэг, Си-208 загварынх ба онгоцны дарга нь н.Золбаяр гэх хүн байсан. Би онгоцны дарга н.Золбаяр гэдэг хүнд үнэн учраа хэлсэн. Тэгсэн Н.Золбаяр дарга намайг онгоцыг нисэхэд бэлэн болгочихоод, хүүхэдрүүгээ яв, намайг даргадаа хэлэх боломжгүй юм уу гэсэн. Учир нь өмнө нь Ц.Төмөрбаатар даргаас удаа дараа чөлөө гуйж байсан боловч надад чөлөө өгөөгүй. Би тухайн үед Си-208 онгоцны техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг бүрэн хангаад, чөлөө аваад явсан. н.Золбаяр гэх онгоцны даргын гарын үсэгтэй бичгийг хэрэгт хавсаргасан. Надад н.Золбаяр гэх онгоцны дарга чөлөө өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд үр дүнгийн 500000 төгрөгийг үндэслэлгүй хассан, мөн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал үндэслэлгүй, 2 сарын 20 хувийн цалин гаргуулах гэсэн 2 шаардлагыг гаргаж байгаа. 2015 оны 12 сард би сахилгын арга хэмжээ авагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл надад сахилгын арга хэмжээ авсан талаархи тушаалыг танилцуулаагүй, сүүлд нь өөрсдөө энэхүү тушаалыг нөхөж бичсэн. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хамт олны хуралд сахилгын шийтгэлтэй хүмүүст үр дүнгийн ухамшуулал олгохгүй талаар танилцуулаагүй, дараа нь зохиож бичсэн гэж ойлгож байгаа. Учир нь намайг нисэх буудлын даргын талаар нэргүй бичиг бичсэн гэж үзэж арга хэмжээ авсан гэж ойлгож байна. Миний ажил үүргийн хувьд онгоцыг хүлээж авах, үдэх, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй. Би Си 208 онгоцыг хүлээн авч, засвар үйлчилгээг хийсэн. Харин үдэж өгөөгүй. Би чөлөөний бичгийг бичиж, онгоцны дарга н.Золбаяр гарын үсэг зурсан.Миний шууд харъяалагдах албан тушаалтан бол байгууллагын дарга бөгөөд би н.Төмөрбаатар даргаас чөлөө авах ёстой. Өмнө нь 3-4 удаа чөлөө гуйсан боловч өгөөгүй. Ийм учраас н.Төмөрбаатар даргад хэлээгүй явсан гэв.

 Хариуцагч байгуулагын төлөөлөгч Ц.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.Баярааг 2004 онд Баянхонгор аймгийн Богд суманд хөдөө ажилгүй байхад нь тус нисэх буудалд онгоцны техникчээр анх би ажилд томилсон. Тэрээр АА-ийн 137 дугаар ангид 11 жил ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Богд суманд хөдөө амьдарч байгаад Баянхонгор нисэх буудалд 2004 оноос хойш 13 дахь жилдээ ажиллах гэж байна. ИНЕГ-ын 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн урамшууллын 500.000 төгрөгийг олгох, ИНЕГ-ын даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн А/867 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй болон 1-6 сар ажилласан ажилтнуудад урамшуулал олгохгүй гэсэн тушаал ирсэн. Ц.Баяраа нь Нисэх буудлын даргын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн А/53 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байсан тул 500.000 төгрөгийг олгоогүй. Түүний 2017 оны хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод ажил үүргийн хуваарьт онгоцны техникчийн гол хийх ажил нь нислэгтэй үед ажлын байр буюу перроноос онгоцыг угтан авах, үдэн гаргахыг заасан байдаг. Гэтэл Ц.Баяраа нь 2017 оны 04 сарын 24-ний өдөр СИ-208 онгоц нислэгтэй буусан байхад ажлын цагаар чөлөө зөвшөөрөлгүй дур мэдэн ажил тасалж, перроноос онгоцыг үдэн гаргаагүй, нислэгийн ноцтой зөрчил гаргаж байгууллагын удирдлагаас албан ёсоор чөлөө аваагүй ажил тасалсан. Ингээд нисэх буудлын даргын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Б/14 тоот тушаалаар үндсэн цалингаас 2 сар 20 хувь бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан. Ц.Баяраа нь 2015 оноос хойш байнга дээд удирдах байгууллагуудад байгуулагын удирдлага хамт олныг гүтгэн өргөдөл гомдол, удаа дараа бичиж явуулсны дагуу 2015 оноос хойш ЗТЯамнаас 1 удаа, ИНЕГ-аас 2 удаа, Хүний эрхийн үндэсний хорооноос 3 удаа, Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас 3 удаа, Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 1 удаа ЗТХЯам, ИНЕГ-ын хамтарсан шалгалт 1 удаа, санхүүгийн шалгалт 2 удаа, аудитын шалгалт 1 удаа тус тус шалгаж, хүн тус бүртэй ганцаарчлан уулзаж, үнэлэлт дүгнэлт өгөөд явсан. Шалгалтуудын дүнгээр Баянхонгор Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн сайн байна гэж дүгнэгддэг. Нэхэмжлэгч Ц.Баяраагийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул бүх нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү ..гэжээ.

Хариуцагч байгуулагын төлөөлөгч Р.Баярхүү шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Баяраа нь хэрэгт авагдсан баримтаар өмнө нь хэд хэдэн удаа сахилгын арга хэмжээ авагдсан. СИ-208 онгоцонд Ц.Баяраа үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тухайн үед сахилгын арга хэмжээ авагдсан тушаал нь хууль журмын дагуу авагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баяраа нь ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан 2015 оны үр дүнгийн гэрээний урамшууллын 500.000 төгрөг, Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалинг 2 сар хассаны мөнгө, нийт 1.523.420 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ц.Баяраа нь Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд 2004 оноос эхлэн онгоцны техникчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн А/867 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харъяа алба, салбаруудын үндсэн орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудад 500.000 төгрөгийн урамшуулал олгох, үр дүнгийн урамшууллыг 1-6 сарын хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад болон сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгохгүй байхыг даалгасан тушаал..гарчээ.

Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 19 дүгээр хуралдаанаар “Жилийн эцсийн урамшууллыг сахилгын шийтгэлтэй Б.Болдбаатар, Б.Хүрэлбаатар, Ц.Шинэбаяр, Ц.Баяраа нарт олгохгүй” байхаар шийдвэрлэжээ.

Мөн Нисэх буудлын даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар онгоцны техникч Ц.Баяраад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод журмын 3.10.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2 болон 2.2.18/а/ дахь заалт, нислэгийн удирдагчийн илтгэх хуудсыг тус тус үндэслэн 2017 оны 04 сарын 24-нд ажлын цагаар зөвшөөрөлгүй ажил тасалж, нислэгт гарах СИ-208 онгоцыг явах үед ажлын байрнаас онгоц гаргаагүй нислэгийн технологийн зөрчил гаргасан, удаа дараа ажлын шаардлага тавихад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдлагын өмнөөс хэрэлдэн зүй бусаар харьцаж ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар 2017 оны 04 сараас эхлэн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн А/867 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харъяа алба, салбаруудын үндсэн орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудад 500.000 төгрөгийн урамшуулал олгох, үр дүнгийн урамшууллыг 1-6 сарын хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад болон сахилгын шийтгэлтэй ажилтнуудад олгохгүй байхыг даалгасан байна.

Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн А/53 дугаар тушаалаар Ц.Баяраа нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын удирдлагатай удаа дараа зүй бус харьцаж хамт олны хурлыг үймүүлж ёс зүйн алдаа гаргасан тул сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байна.

Улмаар Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын ажилчдын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 19 дүгээр хурлаар нисэх буудлын нийт ажилчдад жилийн эцсийн үр дүнгийн уламшуулалт цалинг олгох эсэхийг хэлэлцээд “Жилийн эцсийн урамшууллыг сахилгын шийтгэлтэй Б.Болдбаатар, Б.Хүрэлбаатар, Ц.Шинэбаяр, Ц.Баяраа нарт олгохгүй” байхаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.., мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдлыг шүүх харъяалан шийдвэрлэнэ..гэжээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн Нисэх буудлын даргын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн А/53 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, уг тушаалыг үндэслэн үр дүнгийн урамшуулал олгоогүй талаарх гомдлоо Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, маргааныг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тушаал шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Баяраа нь Нисэх буудлын даргын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн А/53 дугаар тушаал, 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 19 дугаар хурлын тэмдэглэл зэргийг хариуцагч нөхөн бүрдүүлсэн хуурамч нотлох баримт гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ч энэ байдлаа нотлоогүй байна.

2. Нисэх буудлын даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хянахад

Ц.Баяраа нь 2017 оны 04 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Нисэх буудалд зургийн онгоц СИ-208 буухад хүлээн авч үдэн гаргаж агаарын хөлөгт транзит үйлчилгээ үзүүлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, чөлөө авах эрх бүхий албан тушаалтан болох нисэх буудлын даргаас албан ёсоор чөлөө аваагүй зөрчлийг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, СИ-208 онгоцны экипажийн дарга Б.Золбаяраас чөлөө авсан тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр Ц.Баяраа нь өөрийн ачийг эмнэлэгт үзүүлэх хүндэтгэх шалтгаанаар ажлын бараа орхин явсан болох нь гэмтлийн эмч Д.Ганзоригийн тодорхойлолт, эмнэлэгт өвчтөн илгээд хуудас зэргээр тогтоогдож байгаа ч байгууллагын дарга шууд харъяалан удирдах албан тушаалтнаас чөлөө аваагүй нь Иргэний нисэхийн дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                               

                                                                                                 ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд холбогдох 2015 оны үр дүнгийн гэрээний урамшууллын 500.000 төгрөг, Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалинг 2 сар хассаны мөнгө, нийт 1.523.420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.325 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ