Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

 

  2021            07              19                                                2021/ШЦТ/251                                   

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Ж.Ат холбогдох эрүүгийн 2134000000063 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                           

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Угтаалцайдам суманд 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Х Ж.А

                                            

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.А нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу 73-61 ТӨА улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн Мэргэн гэх газарт байх өвөлжөөнөөс Ж.Цэрэндоржийн малын тэжээлийн 20 шуудай будааг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, Ж.Цэрэндоржид 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.А:

... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

  

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000063 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ж.А нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу 73-61 ТӨА улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн Мэргэн гэх газарт байх өвөлжөөнөөс Ж.Цэрэндоржийн малын тэжээлийн 20 шуудай будааг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, Ж.Цэрэндоржид 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараахи

хэргийн газарт үзлэг хийсэн ...хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баянхангай сумын нутаг Найрамдал 1 дүгээр баг Мэргэн гэх газарт Цэрэндорж гэх хүний өвөлжөөнд байх бөгөөд хэргийн газарт блок болон иодоор хийгдсэн урд талд залгаа үхрийн хашаа болон тусдаа хонины хашаа байрлаж байв. Үхрийн хашаа болон хонины хашааны дунд цагаан өнгийн төмрөөр бэхэлсэн 1 тооны хэмжээтэй сав байв. Уг савны амсарыг гялгар уутаар боосон байх ба дотор талд нь малын тэжээлийн будаа доод хэсэгт байв... гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/

"Эй Жэй Жэй Эм" ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 07/55 дугаартай: ...Иргэн Ж.Цэрэндоржийн өмчлөлийн 1 тонн ногоон тэжээлийн будааны зах зээлийн үнэ цэнэ нь ...900.000 төгрөг болно... талаарх дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 34-40 дүгээр хуудас/,

прокурорын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

хохирогч Ж.Цэрэндоржийн ...Би болсон хэргийн талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж хэлэх зүйл алга байна. Би Ж.Аын хулгайн гэмт хэрэг хийсэн үйлдэлд нь бол гомдолтой. Ж.А нь өөрийн биеэр надтай ирж уулзаад уучлалт гуйгаад үлдэгдэл хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй. Ж.А өнөөдрийг хүртэл өөрийн биеэр надтай ирж уулзаагүй болно... /хх-ийн 17 дугаар хуудас/

түүний гэрчээр өгсөн ...Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул багийн Баруун мэргэний баруун салаа гэх газарт миний малын өвөлжөө байдаг. 2020 оны 06 сард өвөлжөөн дээрээ 200 боодол өвс, 1.5 тонн орчим тэжээлийн будаа зэргийг өвөлжөөнийхөө битүү саравчинд хийгээд мал, амьтнаас хамгаалаад саравчныхаа хаалгыг хаагаад уяагаар бэхэлж уясан. Тухайн үед тэр хавийн өвөлжөөг харж байдаг Болд гэх залууд би өвөлжөөг минь харж байгаарай гээд цалинжуулаад захиж үлдээсэн. Гэтэл удалгүй наадмын үеэр байх гэж санагдаж байна. Болд над руу утсаар яриад өвөлжөөн дээр байсан тэжээлийн будаа алга болсон байна гэж хэлсэн би тэр үед энэ талаараа Төв аймгийн Угтаалцайдам болон Баянхангай сумын цагдаа нарт утсаар мэдэгдсэн. Би дээрх 1.5 тонн тэжээлийн улаан буудайг Угтаалцайдам сумын тариаланч Төмөрбаатар гэх хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Сүүлд манай тэжээлийн буудайг А гэх хүн авсан гээд А нь надад 2020 оны 07 дугаар сарын дунд үеэр санагдаж байна 300 орчим кг будаа өгсөн. Сүүлд дахин 2020 оны 10 сарын сүүлээр 3 шуудай будаа өгсөн. Хэрэв цаашид нэхэмжлэх зүйл гэвэл үлдэгдэл 300.000 төгрөг байна... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч П.Болдбаатарын ...2020 оны 03 дугаар сараас эхэлж би Цэрэндорж гэдэг хүний өвөлжөөг хардаг болсон. Цэрэндорж нь өөрөө Улаанбаатар хотод байдаг ба би өвөлжөөг нь манай сумын хүн малыг нь хардаг байсан. 2020 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийг яг сайн санахгүй байна. Би Цэрэндоржийн өвөлжөөг очиж эргэхэд нэг тонны цагаан саван дотор байсан будаа алга болсон байсан. Тэгэхээр нь өвөлжөөнд ирсэн машины дугуйны хээг харж яваад манай урд байдаг А гэдэг айлын гадаа очсон. Тэгээд би Атай уулзахад надад юу ч хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би яваад өгсөн. Дараа нь А авсан будааныхаа талыг нь аваачиж хийсэн байсан. ...Аын машин дотор шуудайтай будаа байсан. Бүгдийг нь өгөөгүй байсан. Авсан будааныхаа тал орчмыг нь буцааж аваачиж хийсэн байсан. ...Би Ааас будаа аваагүй. Авсан будаагаа буцааж хий аваачиж хийсэн гэж хэлсэн... /хх-ийн 27-28 дугаар хуудас/

гэрч О.Мөнгөнцэцэгийн ...Манай сумын цагдаа Аыг дуудаад уулзахад нь мэдсэн. Тэгсэн чинь манай саахалт байдаг Цэрэндорж гэх хүнийг малын хашаанаас будаа хулгайлаад Аын төрсөн ах Болд гэх хүн тухайн үед Цэрэндоржийн өвөлжөө хашааг харж байсан учир Аыг будаа хулгайлсныг нь мэдээд Цэрэндоржид хэлээд А тэр дор нь будааг нь буцаагаад өгсөн гэж байсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Б.Энхбаатарын ..Би 7361 ТӨВ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгслийг 2012 онд худалдаж аваад эзэмшиж байгаад 2019 онд А гэдэг нэртэй таньдаг дүүдээ зарсан. Уг тээврийн хэрэгслийг анх авч байхдаа би эхнэр Энхсаруулын нэр дээр худалдаж авч байсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр эзэмшигч нь манай эхнэр Энхсаруул байдаг. А худалдаж аваад одоог хүртэл нэрээ шилжүүлээгүй байгаа, манай эхнэрийн нэр дээр одоо хүртэл явж байгаа. ...Би уг тээврийн хэрэгслийг гурван хониор үнэлж Ат зарсан. Мөнгөөр бодуул 200000 орчим төгрөгөөр үнэлсэн. Ааас би хонио авч чадахгүй байж байгаад саяхан хонио авсан. Одоо бол ямар нэгэн өглөг авлагын асуудал байхгүй... /хх-ийн 30 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Аын ...Төв аймгийн Баянхангай сумын нутаг Найрамдал 1 дүгээр баг Мэргэн гэх газарт байдаг Цэрэндорж гэх хүний малын хашаанд том машинаар будаа бууж байхыг харсан юм. Би он сар өдрөө санахгүй байна. 2020 оны 06 дугаар сард УИХ-ын сонгуулиас 3-4 хоногийн өмнө Угтаалцайдам сумын нутагт байдаг Энхээ гэх залуугаас 3 толгой хонь өгч авсан Элентра маркийн 7361 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа малын хашаа руу орж 1 тонн ордог цагаан өнгийн хуванцар саванд хийсэн задгай будаанаас эхлээд 3 шуудайнд хийж аваад эргэж хадмынхаа гэрээс шуудай авч ирээд 17 шуудай будаа аваад будаагаа хадмынхаа өвөлжөөн дээр авчирч буулгах гээд зогсож байтал Болд ах мотоцикльтой давхиж ирээд чи яагаад Цэрэндоржийн будааг ачаад байгаа юм буцаагаад тавь гэхээр нь шууд бүгдийг нь нөгөө саванд хийгээд шуудайгаа аваад гэртээ ирсэн... Наймаа хийсэн Энхээ гэх хүн наймаагаа буцаагаад машинаа авчирсан би 3 хонь өгнө гээд өгч чадаагүй... /хх-ийн 67-69 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ж.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 9-13,  72 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Аын учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу “HYUNDAI ELANTRA” маркийн 61-73 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, 2020 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн Мэргэн гэх газарт байх өвөлжөөнөөс Ж.Цэрэндоржийн малын тэжээлийн 20 шуудай будааг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ж.А хохирогч Ж.Цэрэндоржийн эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ж.А нь амар хялбар аргаар хэрхэн мөнгө олох талаар бодож хулгайлах сэдэлт, санаа зорилго төрж, хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

 

            Мөн учрах саадыг арилгах зорилгоор 61-73 ТӨВ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж гэдгийг шүүгдэгч нь эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ түргэн шуурхай, бусдад мэдэгдэхгүй хөнгөвчилж түргэтгэх, хулгайлсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх зорилгоор ашигласан гэж үзсэн бөгөөд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнээрээ хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 

Энэхүү хуулиар бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

 

Түүнчлэн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Ж.А болон тэдний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Аыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Ж.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 73-61 ТӨВ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Цэрэндоржид 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хохирогч Ж.Цэрэндоржид учруулсан эд хөрөнгийн хохирлоо зарим хэсгийг нь биет байдлаар нь буцаан хүлээлгэж өгсөн, үлдэх хэсгийг нь бэлэн мөнгөөр төлсөн болох нь хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэг, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Ат хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хангаж байна гэж үзэн шүүгдэгч Ж.Ат тухайн зүйл, заалтыг хэрэглэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Аыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч тэдний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 4-нөөс 18-ны өдрийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Ж.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х Ж.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Төв аймгийн Баянхангай сумын Мэргэн гэх газарт битүүмжилсэн “Хьюндай Элентра” маркийн 61-73 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

            36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                         1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                     удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Ж.Аыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, шүүгдэгч Х Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х Ж.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Ж.Аыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Угтаалцайдам сумын 1 дүгээр багийн Талын уул гэх хаяг болон тус сумын нутаг дэвсгэрээс явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон тус Угтаалцайдам сумын үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраас өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Ж.Ат зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 2134000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, Ж.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.       

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х Ж.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Төв аймгийн Баянхангай сумын Мэргэн гэх газарт битүүмжилсэн “Хьюндай Элентра” маркийн 61-73 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х Ж.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН