Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2017/00460

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Богд сумын 2 дугаар багт оршин суух, ВС68012800 регистрийн дугаартай, Хууян овогт Нямбуугийн Нацагцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Богд сум 2 дугаар багт оршин суух, ВЗ68021211 регистрийн дугаартай, Монгол овогт Цэвээндоржийн Хүрэлчулуунд холбогдох Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нацагцэцэг, хариуцагч Ц.Хүрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нацагцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1993 онд Ц.Хүрэлчулуунтай гэр бүл болж, 1996 онд охин Х.Пунцанжаргалан, 2000 онд хүү Х.Бат-Орших, 2003 онд охин Х.Отгонжаргал нарыг төрүүлсэн. Бид хамтран амьдарч эхэлэд ямар нэгэн асуудал гарч байгаагүй.

Гэтэл 2014 оны 10 сард 5 дугаар багийн иргэн Лишагийнд мал маллахаар явсан боловч энэ хугацаанаас хойш Оюунчимэг гэх эмэгтэйтэй хамтран амьдарч, гэр бүлээ орхин явж, үр хүүхдээ тоохгүй болсон. Бид удаан хүлээсэн боловч эргэж ирээгүй.

Одоо гэртээ хаа нэг ирэхээрээ зан байдал нь хувирч уурлан уцаарлаж,хутга шөвөг барин амиа хорлоно гэж айлгадаг. Залуу байхдаа бид хэрэглэж муудалцдаг л байсан надад гар хүрч ч байсан. Одоо бид 2014 оны 10 сараас тусдаа амьдарч байна. 2 бага хүүхэд одоо 10 жилийн сургуульд сурдаг, миний асрамжид надтай хамт амьдарч байна. Цаашид хүүхдүүдээ өөрийн асрамжид авах болно Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, цаашид эвлэрэн амьдрах ямарч боломжгүй.

Иймд хуулийн дагуу бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Хүрэлчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 1993 онд гэр бүл болсон. 2014 оны 10 сараас таарч тохирохоо болиод тусдаа амьдарч байна. Би 80 гарсан ээжтэйгээ байдаг, хамтран амьдарч байгаа. Энэ хугацаанд гурван хүүхэд төрүүлсэн, миний хүүхдүүд мөн, зөвшөөрч байна. Нэгэнт таарч тохирохгүй байгаагаас хойш гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна.

Хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийг 2 хүүхэддээ төлөх болно..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н.Нацагцэцэг, хариуцагч Ц.Хүрэлчулуун нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Богд сумын Сум дундын эмнэлгийн 2017 оны 13, 14 дугаар албан бичиг, мөн сумын 2-р багийн засаг даргын 14 дүгээр албан бичиг, Богд сумын 11 жилийн сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Нацагцэцэг нь хариуцагч Ц.Хүрэлчулуунд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Хүрэлчулуун хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Гэрлэгчид нь 1993 оны 05 сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 1996 оны 10 сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ.

Гэрлэгчид нь 1996 онд охин Х.Пунцагжаргалан, 2000 оны 09 сарын 04-ний өдөр хүү Х.Бат-Орших, 2003 оны 01 сарын 21-ний өдөр охин Х.Отгонжаргал нарыг төрүүлж эцэг Ц.Хүрэлчулуунаар овоглон, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Богд сумын Сум дундын эмнэлгийн 2017 оны 13, 14 дугаар албан бичиг, мөн сумын 2-р багийн засаг даргын 14 дүгээр албан бичиг, Богд сумын 11 жилийн сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Зохигчид нь гэр бүлийн таарамжгүй байдал, хариуцагч нь хамтран амьдрагчтай болсон зэргээс шалтгаалан 2014 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байгаа, харилцан эвлэрэх боломжгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн зэргээс дүгнэн гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа тогтоох, нэхэмжлэлийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаан гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ”.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн насанд хүрээгүй охин Х.Отгонжаргал, хүү Х.Бат-Орших нарыг эх Н.Нацагцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, охин Х.Отгонжаргал, хүү Х.Бат-Орших нарт тэтгэлэг тогтоон эцэг Ц.Хүрэлчулуунаас гаргуулж, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

ҮСХ-ны даргын 2017 оны 02-р сарын 06-ны А/13 тоот тушаалаар батлагдсан амьжиргааны баталгаажих доод түвшин 173,500 төгрөгөөр тооцон 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 4164000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 81574 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Монгол овогт Цэвээндоржийн Хүрэлчулуун , Хууян овогт Нямбуугийн Нацагцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2000 оны 09 сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Бат-Орших, 2003 оны 01 сарын 21-ний өдөр төрсөн охин Х.Отгонжаргал нарыг эх Н.Нацагцэцэгийн асрамжид үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2000 оны 09 сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Бат-Орших, 2003 оны 01 сарын 21-ний өдөр төрсөн охин Х.Отгонжаргал нарыг 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр/суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг тогтоон, эцэг Ц.Хүрэлчулуунаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү охин Х.Отгонжаргал, хүү Х.Бат-Орших нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ц.Хүрэлчулуун, эх Н.Нацагцэцэг нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хүрэлчулуунаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нацагцэцэгт олгосугай.             

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ц.Хүрэлчулуунаас улсын тэмдэгтийн хураамж 81574 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ