| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/231 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 25.1.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,
улсын яллагч С.Сүрэнхорол,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Д. Э, Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо 15-77 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын "Баян-Уул" 1 дүгээр багийн нутагт байрлах "Хангинах" гэх газраас металл хайгч ашиглаж, эртний булшийг хүрзээр ухаж, соёлын биет өв болох тогоог гарган авч, түүх, соёлын дурсгалт бүхий зүйлийг санаатай эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-15 тал/, хохирогч Ц.Хатантуулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20 тал/, гэрч Д.Эын өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Х.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч Б.Өлзийбүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, гэрч М.Ижилбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Хатантуулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/, хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-79 тал/, Д.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/, гэрч А.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/,
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/294 тоот албан бичгийн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/95 тоот албан бичгийн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-117 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-138 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд болно.
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын "Баян-Уул" 1 дүгээр багийн нутагт байрлах "Хангинах" гэх газраас металл хайгч ашиглаж, эртний булшийг хүрзээр ухаж, соёлын биет өв болох тогоог гарган авч, түүх, соёлын дурсгалт бүхий зүйлийг санаатай эвдэж гэмтээсэн болох нь:
хохирогч Ц.Хатантуулын өгсөн: “Намайг 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэсант сумын төвд өөрийнхөө гэрт байж байтал үдээс хойш над руу манай багийн иргэн Батцэцэг гэх эмэгтэй залгаад "Хангинахын амын хийдийн туурин дээр хар өнгийн жийп машинтай хүмүүс металл хайгчаар газраар юм хайгаад яваад байна хиргисүүр ухаж ширмэн тогоо гаргаж авсан өөдөөс нь боль гэж шаардлага тавихад намайг загнаад байна энэ хүмүүс ингэж газар ухаж болдог юм уу" гэж хэлхээр нь би сумын Засаг дарга Машбаярт хэлж сумын цагдаа Саруулмөнх, Машбаяр Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч Чулуунбаатар нарын хамт өөрийн хариуцсан багийн нутаг "Хангинахын ам гэх газар очиж үзэхэд манай багийн иргэн Даваадорж гэх айлд Улаанбаатар хотоос ирсэн гэх Исузу Бигхорн маркийн 41-47 УБВ дугаарын автомашинтай хүмүүс нөгөө надад дуудлага мэдээлэл өгсөн Батцэцэг гэдэг айлын зүүн талд байсан булш, хиргисүүр мэт түүхийн дурсгалт зүйлийг ухсан гэж Батцэцэг надад хэлсэн ба тухайн Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй уулзан бид иргэний мэдээллээр явж байна та бүхэн ямар учраас металл хайгчаар газраар юм хайгаад байгаа юм гэхэд Э гэх залуу "би сонирхоод металл хайгч ажиллуулахад дохио өгөөд байхаар нь ухтал нэг тогоо гараад ирлээ тэгээд тэр тогоог нь гаргаж аваад буцаагаад нүхийг нь булчихсан" гэж бид хэдэд хэлсэн. Тухайн үед Э гэх хүн л өөрийгөө ухсан гэж хэлж байсан. Манай сумын иргэд надад янз бүрийн мэдээллийг өгч байдаг юм. Харин надад булш, хиргисүүр ухагдаж байсан гэсэн мэдээлэл ирж байгаагүй. Манай сум орон нутгийн зүгээс болон улсаас уг газрыг хамгаалалтанд авсан зүйл байхгүй. Тухайн газрыг ухаж тогоо авсан хүн нь тэр цаг үедээ буцаагаад нөгөө газраас гарсан шороогоор нь булж хуучин хэвэнд нь оруулсан байсан. Сум орон нутгийн удирдлагын зүгээс болон миний зүгээс гомдол санал гээд байх зүйл байхгүй. Тухайн газар ухсан хүмүүсийг барьж цагдаагийн байгууллагад хандсан болохоор иргэдийн хувьд ч мөн адил тайван амгалан болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20, 60-61 тал/,
Д.Эын гэрчээр өгсөн: “Би Улаанбаатар хотоос 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Өлзийбүрэн өөрийнхөө 8 настай охинтой, эхнэрийн төрсөн дүү Цэндээ түүний эхнэр Ижилээ нар гурван хүүхэдтэйгээ, Ижилээгийн ээж Дариа нартай хамт Төв аймгийн Эрдэнэсант суманд Дариа эгчийн төрсөн дүү Багаа гэх айлд амрахаар өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд нэг хоночхоод өчигдөр Багаагийн хамаатан саахалт айлынх нь Ганаа гэдэг айлд бид хэд бөөнөөрөө очиход тэдний гэрт хүн байгаагүй тэгэхээр нь Ганаагийн арын уул руу гарцгаагаад сууж байтал Ганаа бид хэд дээр ирээд юм ярьцгаагаад байж байтал Ганаа "манай гэрийн талд байдаг гандангийн суурин дээр хүмүүс ирээд металл хайгчаар юм хайгаад байдаг юм" гэж хэлхээр нь би өөрөө металл хайгчтай явж байсан болохоор "надад металл хайгч байгаа миний металл хайгчаар яваад хайж үзэх уу?" гэж хэлсэн Ганаа намайг анх ирсэн өдөр энэ талаар хэлж байсан тэгээд би металл хайгчаараа Ганаагийн хажууд байсан дөрвөлжин хэлбэртэй чулуу тойруулсан газар очин металл хайгчаа ажиллуулахад миний металл хайгчид чимээ өгөхөөр нь ямар нэгэн юм байна гэж бодоод тэр юм дугарсан газар би хүрзээр ухаж газрын хөрсийг ойролцоогоор 10 орчим см газар ухахад нэг тогооны ирмэг гарч ирэхээр нь тэр газрыг ухаж байгаад тогоог нь гаргаж ирээд машиндаа тогоогоо хийгээд Багаагийн гэрийн гадаа авчирч тавьсан. Би өөрийнхөө эзэмшлийн Исузу Бигхорн маркийн 41-47 УБВ дугаарын тээврийн хэрэгслээр Багаагийнхийг хүртэл зөөвөрлөж явсан. Эрдэнэсант сумын Ганаа гэх залуу, тэгээд манай эхнэр хүүхэд эхнэрийн дүү Цэндээ эхнэр хүүхдүүдтэйгээ бид хэд л байсан. Надад ямар нэгэн зорилго байхгүй би өөрийнхөө сонирхлынхоо дагуу л металл хайгчтай явж байсан юм. Би л газар ухсан. Жижгэвтэр зэв идсэн тогоо гаргаж авсан бас нэг нарийхан төмөр гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
гэрч Х.Батцэцэгийн өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул нэгдүгээр багийн нутагт өөрийнхөө нөхөр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. Манай саахалт айлын Багаа буюу Даваадорж ахынд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос хамаатных нь хар өнгийн жийп машинтай хүмүүс ирсэн. Тэгээд тэр хүмүүс 06 дугаар сарын 02-ны өдөр манай гэрийн хойд талаар металл хайгчаар газраар юм хайгаад яваад байсан. Юм хайж явж байхыг нь Алтангэрэлийн Болдбаяр гэх залуу бас харсан байсан. Тэр өдөр 15 цагийн орчимд сумын төв рүү явж сургуулийн хүүхэд хүргэж өгчхөөд 20 цагийн орчимд гэртээ ирэхэд тэр хүмүүс манай гэрийн зүүн талд байдаг нутгийн хүмүүс Гандангийн суурь, туурь гэж ярих чулуугаар хүрээлсэн газрыг ухаж зэв идсэн жижгэвтэр тогоо гаргаж авчхаад Даваадорж ахынх руу тэр тогоогоо аваад яваад өгсөн. Тэгээд бас өчигдөр буюу 06 дугаар сарын 03-ны өдөр намайг малдаа явчихсан хойгуур мөн л манай гэрийн хойд талын уулын энгэр болон баруун хэсгээр нь металл хайгчаар газраас юм хайгаад яваад байхаар нь би очиж тэд нарт та хэд наад газраасаа битгий янз бүрийн юм хайгаад бай наадах чинь дархан цаазтай, лус савдагтай дошгин газар шүү больцгоо" гэж хэлэхэд өөдөөс бид хэд шувууны зураг авч байна гэж хэлхээр нь би Даваадоржийнд очиж Дарьсүрэн болон тэдний Нуунаа гэх охин нарт "энэ уул чинь лус сувдагтай, овоо тахилгатай дошгин уул шдээ энэ хүмүүстээ хэлж эд нарыгаа буулга металл хайгчаар юм хайгаад яваад байна" гэж хэлэхэд тэр хоёр надад "Чиний өмчийн газар юм уу чи энэ газрыг худалдаад авчихсан юм уу чи яасан баян юм угаасаа энэ уулыг чинь хүмүүс ирээд ухчхаад л явдаг гээ биздээ" гэхээр нь би "энэ газар чинь би арав гаран жил амьдарч байгаа амьдарч байхдаа тийм ухаж төнхсөн юм үзэж хараагүй та хоёр битгий худлаа яриад бай гэж хэлчхээд тэднийхээс малдаа явсан. Тэгээд мал дээр байхдаа Баян-Уул багийн Засаг дарга Хатантуул руу залгаад манай хажууд гадны хүмүүс ирээд металл хайгчаар юм хайгаад газар онгичоод байна хэлхээр өөдөөс загнаад байна гэж хэлсэн 20 цагийн орчимд хэлсэн. Би тэр хүмүүсийг танихгүй. Манай гэрээс зүүн зүгт 100 орчим метр зайтай байдаг юм. Би энэ газраар нутаглаад 14 жил болж байна намайг ирснээс хойш л лав янз бүрийн хүмүүс ирж манай энэ хавиар ирж газар, шороо ухаж байгаагүй харин лам хуварга ирж өргөл өргөж ном уншдаг байсан. Би яг хэн ухсан болохыг нь хараагүй тэр Э гэх хүнийг газар ухсан гэж манай нөхөр надад хэлсэн. Намайг сумын төвөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд гэртээ харихад манай гэрийн зүүн талаас Э гэх хүн эхнэр хүүхэдтэйгээ, Нуунаа буюу Ижилээ нөхөртэйгөө хүүхдүүдтэйгээ тогоо авсан газар байж байгаад тэндээсээ машиндаа суугаад хөдөлж Даваадорж ахын гэрт очсон манай нөхөр Ганаа буюу Ганболд Даваадорж ахын гэрээс өөрийнхөө гэр лүү мотоциклтой ирсэн. Метал хайгч нь хар өнгийн нэг үзүүртэй таваг шиг юмтай юм байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
гэрч Б.Өлзийбүрэнгийн өгсөн: “Би өөрийнхөө нөхөр Э, хүүхэд, төрсөн дүү Бумцэнд түүний эхнэр Ижилбаяр болон тэдний хүүхдүүд, Ижилбаярын ээж Дарьсүрэн нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 01-ний Улаанбаатар хотоос Эрдэнэсант суманд Багаа буюу Даваадорж гэдэг айлынд салхинд гарч агаарт ганц, хоёр хонохоор 18 цагийн орчимд ирцгээгээд байж байтал Даваадорж саахалт айлынхаа Ганаа гэх залуутай хоёулаа нэлээн халамцуу орж ирцгээхээр нь Дарьсүрэн эгч нэг шил архи гаргаж өгч тэр архийг задалж тэнд байсан хүмүүсээс уух нь ууцгааж юм ярьцгааж байгаад бид хэд тэндээ нэг хоноод маргааш өглөө нь би тэр Даваадоржийнд чихэр боов, архи өгөхөд тэр архийг бас тэнд байсан хүмүүс ууцгаасан Даваадоржийн саахалт айлын Ганаа гэх залуу бас ирж архи уучхаад явсан дараагаар нь бид хэд яагаад ч билээ гэнэт Ганаагийнд очихоор болж манай Э, Бумцэнд, Ижилбаяр, бид хэд хүүхдүүдтэйгээ тэднийд очиход гэрт нь хүн байхгүй болохоор нь тэдний хойд талын уулын энгэр дээр гараад сууж байтал Ганаа ирж бид хэдтэй буу халцгаахад нь манайх нэг шил архи гаргаж уулан дээр тэр архийг тойруулж ууж байхад Ганаа " манай гэрийн хажууд талд гандангийн туурь байдаг юм тэнд урд нь хүмүүс ирж үзэж харж сонирхож байдаг юм судалгааны хүмүүс ирээд явж байдаг би нэг удаа аавтайгаа явж байхад хүмүүс ирчихсэн энэ хавийн газрыг сонирхож явж байна гээд хоол унд хийчихсэн байхаар нь аавтайгаа хамт хоолноос нь идчихээд явж байсан" гэх зэргийн юм ярихад манай нөхөр надад металл хайгч байгаа би сонирхож үзэх үү гэж хэлэхэд Ганаа тэгээч, үзчихээч гэж хэлээд Ганаа, Бумцэнд хоёр Ганаагийнх руу очиж хүрз авчирсан манай нөхөр Ганаагийн гэрийн зүүн талд байдаг нэг чулуутай хэсэгт очиж металл хайгчаа ажиллуулахад хайгч мэдэрч дугарсан тэр газар нь манай нөхөр хүрзээр ухаж арав гаран см хэмжээтэй газар ухаж эхлэхэд тогооны ирмэг гарч ирсэн тэгээд тогоог нь тойруулж ухаад тэр тогоог гаргаж ирэхэд нэг зэв идсэн бөөрөнхий хэлбэртэй тогоо гарч ирсэн тэрний дараагаар Ганаа хониндоо явчхаад ирье гээд мотоциклтойгоо явсан. Газрыг манай нөхөр ухсан. Бумцэнд эхнэртэйгээ, нөхөр бид хоёр, Ганаа тэгээд бид хэдийн хүүхдүүд байсан. Газраас 5 орчим литрийн багтаамжтай зэв идсэн тогоо тэрний доод хэсгээс мөн зэвтэй төмөр гарч ирсэн. Өөр зүйл гарч ирээгүй ахиад ч гүн ухаагүй. Ямар нэгэн зорилгогүй бэр Ижилбаярын ээж Дарьсүрэнг нутагтаа ирнэ гэсэн болохоор хамт яваад салхинд гарчихъя л гэж ирсэн юм. Өчигдөр бид хэдийг Ганаагийн хойд талын уулан дээр зураг аваад явж байхад Ганаагийн эхнэр гэх хүүхэн бид хэдийг "муусайн хулгайчуудаа та нар намайг сохор гэж бодож байна уу та нар одоо наанаасаа бууцгаа, наад уул чинь лус савдагтай шүү" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд зураг авч байна гэж түүнд хэлсэн. Тэр манай нөхрийн л эзэмшлийн металл хайгч байгаа юм. Хэдэн жилийн өмнө нөхөр маань олзонд дургүй эр хүн гэж юу байхав гээд Хан-Уул дүүргийн нэг дэлгүүрээс хоёр сая гаран төгрөгөөр авч байсан шиг санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
гэрч М.Ижилбаярын өгсөн: “Би Улаанбаатар хотоос өөрийнхөө нөхөр хүүхдүүд болон Э Өлзийбүрэн нар тэдний нэг хүүхэд, өөрийн ээж Дарьсүрэн нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд Эрдэнэсант суманд Даваадорж ахынд ирсэн. Тэгээд нэг хоночхоод 06 дугаар сарын 02-ны өдөр тэднийд хотоос ирсэн хүмүүс гээд бид хэд нэг шил 0.75 литрийн Соёрхол архи уугаад байж байгаад Ганаа ахынх руу 16 цагийн орчимд очихоор болж гэрт нь очиход гэрт хүн байгаагүй гэр нь уяатай байхаар нь ойрхон явж дээ гэж бодоод Ганаа ахын гэрийн хойд талын уулын энгэрт сууж байхад Ганаа ах доороос ирж байхаар нь бид хэд өөдөөс нь амдаж очиж бид хэд буу халж байтал Ганаа ах "өглөөний архинд согтдоггүй ээ гэхээр нь архи уумаар байгаа юм байна гэж бодсон тэгтэл Э ах нэг шил 0.75 литрийн Соёрхол архи задлаад тэрийг ууцгааж буу халцгааж байхдаа би тэдэнд би чинь одоо энэ нутагт л хүүхэд насаа өнгөрөөлөө сайхан нутаг шүү намайг хүүхэд байхад энэ хавиар зэс, гууль, цөгц энэ тэр гээд энэ хавиар хэвтэж байдаг байсан" гэж хэлэхэд Ганаа ах "харин тийм янз янзын юм л байдаг байсан бид хэдийг бага байхад зэс, гууль энэ тэр зөндөө л хэвтэй байдаг байсан одоо харин харагдахаа байчихсан байна лээ манай гэрийн зүүн талд нэг газарт гишгэхээр пембөлзөөд байдаг юм байна лээ гэж хэлэхэд Э миний машинд сонирхогчийн металл хайгч байгаа шт тэр металл хайгчийг тавьж үзэх үү? гээд л Ганаа ахын гэрийн зүүн талд очоод Э ax машинаасаа металл хайгч гаргаж ирээд нөгөөхөө ажиллуулж байхад нөгөө хайгч нь дохио өгсөн Ганаа ахын авчирсан хүрзээр Э ах газар ухаж нэг жижгэвтэр тогоо гаргаж ирээд тэр тогоог машинд нь хийгээд Даваадорж ахынд очсон. Э ах ганцаараа ухсан. Жижгэвтэр хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй зэв идсэн тогоо байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Д.Эын яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа. Түүх соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдэж гэмтээсэн устгасан гэж буруутгаж байгаатай санал нийлж байна, гэхдээ би санаатай ингээгүй сониуч зан хуулийн мэдлэг дутуугаас ийм байдалд хүрсэн байна, мөн гэрч нар худал мэдүүлэг өгсөн байна, Ганаа гэх хүний эхнэр Цэцэг гэх хүний мэдүүлэг. Өөрт холбогдох хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед унаж байсан тээврийн хэрэгслийг хөдөө байдаг нэг хүн 5 сая төгрөгөөр зарсан, сайн санахгүй байна. Одоогоос 7-8 жилийн өмнө авч байсан машинд маань байж байдаг яагаад машинд байдаг бэ гэхээр цахилгаан хэрэгсэлтэй ойр байлгадаггүй гэхээр нь гэртээ оруулахгүй машинд байдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/,
гэрч А.Ганболдын өгсөн: “Би малаа маллаад гэрийнхээ хойно байж байхад машинтай хүмүүс манай гэрийн хажууд байдаг чулуун туран дээр нэг юм хайгаад байх шиг байсан тэгээд би гэртээ ирэхэд манай гадаа хоёр хүн ирээд надаас хүрз аваад явсан. Тэгээд би нөгөө хүмүүс дээр очиход нөгөө хүмүүс хорь 20 орчим см ухаад нэг тогоо гаргаж ирсэн тэгээд би нөгөө хүмүүсийг боль гээд нөгөө хүмүүс явсан. Би тухайн газар 20 орчим жил хаваржиж байна, 20 гаран жил нутагласан газраа хүнд юу гэж ухуулах вэ” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/,
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/294 тоот албан бичгийн дүгнэлт: “Хэрэг бүртгэлтийн №193400435 хавтаст хэрэгт буй хавсралт зургийг үзэхэд Төв аймгийн Эрдэнэсант сумын "Баян уул" 1-р багийн нутаг "Хангинах" гэх газар ухагдсан газар нь хүрэл зэвсгийн үед холбогдох шоргоолжин булш бүхий түүхийн дурсгалт газар байна. Хэрэгт буй хавсралт зургаас харахад "Хангинах" хэмээх уг газар ойролцоогоор 10 гаруй шоргоолжин булш байгаа бололтой. Шоргоолжин булш нь Байгал нуурын өмнөд тал, Монголын говь, тал хээрийн бус, Хангай нурууны өмнөд бие, Алтайн нурууны зүүн өмнөд хэсэг, Өвөрмонголын нутгийн зүүн болон хойд талаар тархсан бөгөөд он цагийн хувьд хүрэл зэвсгийн дунд үе буюу НТӨ II мянганы эхний хагасаас сүүлийн хагаст холбогдох оршуулгын байгууламж юм. Уг булш нь ихэвчлэн өргөрөгийн дагуу сунасан байдалтай хойд болон урд талаараа хотойж нумарсан, дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай байна. Хашлаганы зүүн хойд болон зүүн өмнөд талын буланд хөшөө маягийн өндөр чулуу босгодог. Хашлаганы гадна болон дотор талыг чулуугаар битүү дарна. Дотоод зохион байгуулалтын хувьд хашлага чулууны төв хэсэгт 60-100 см гүн нүх ухаад хүнээ түрүүлгэ нь харуулан тэнэгэр байдалтай оршуулна. Хүнийхээ толгой, цээж, хөл талд хавтгай чулуугаар таглан нүхийг шороогоор дүүргэсний дараа хашлаганы өндөртэй тэнцүүлэн бүхэлд нь жижиг чулуугаар дүүргэдэг. Оршуулгын нүхэнд эд өлгийн зүйл дагалдуулах нь тун ховор. Ихэвчлэн мал, амьтны идээ шүүс дагалдуулдаг байжээ. Цөөн тохиолдолд аргалийн толгойн дүрслэл бүхий алтан сүлбээр, хүрэл зэв оршуулгын нүхэнд буюу талийгаачид дагалдуулан тавьсан байжээ. Харин хашлага чулууны орчмоос шавар сав суулганы хагархай, чулуун эдлэл, хүрэл эдлэл, малын яс зэрэг зүйлс гарах нь элбэг бий. Төв аймгийн Эрдэнэсант сумын "Баян уул" 1-р багийн нутаг "Хангинах" гэх газраас ухаж гаргасан тогооны фото зургийг үндэслэн түүхийн аль үед хамаарах олдвор эсэхийг нарийн тодорхойлон дүгнэх боломжгүй юм. Иймд уг тогоог тус хүрээлэнд албан ёсоор илгээн зохих дүгнэлтийг хийлгэж болно.” /хх-ийн 31-32 тал/,
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/95 тоот албан бичгийн дүгнэлт: “1.Төмөр эдлэлд байгалийн шинжлэлийн аргаар харьцангуй он цаг тогтоох боломжгүй байдаг тул зөвхөн харьцуулалтын аргаар он цаг тогтоодог. Уг тогооны хадгалалтын байдал сайн, хэлбэр нэгэн жигд зэргээс үзвэл хиргисүүр бус Дундад зууны үед буюу XIV-XVIII зууны үед холбогдох булш байх боломжтой юм. 2.Уг тогоо археологийн биет өв болох булшнаас олдсон тул соёлын биет өвийн дурсгал буюу эртний эдлэл мөн XIV-XVIII зууны үед холбогдох боломжтой байна. 3.Түүх соёлын дурсгалт зүйлээс ухагдан тоногдсон тул түүх, соёлын дурсгалт зүйл мөн бөгөөд үнэт зэрэглэлд хамаарахгүй. 4.Одоогоор тогоо дагалдуулсан дундад зууны үед хамаарагдах булш судалгааны хүрээнд олдож мэдэгдээгүй харьцуулсан байдлаар тул үүнээс нарийн тодорхойлох боломжгүй.” /хх-ийн 39-40 тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/66 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Д.Эын эзэмшлийн металл хайгч, хүрзний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 06-р сарын 02-ны байдлаар 682.370 /зургаан зуун наян хоёр мянга гурван зуун дал/ төгрөг болно.” /хх-ийн 104-117 тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/101 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Иргэн Д.Эын өмчлөлийн 4147 УБВ улсын дугаартай Isuzu Bighorn маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2019 оны 06-р сарын 02-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 2.285.000 /хоёр сая хоёр зуун наян таван мянга” төгрөг болно.” /хх-ийн 128-138 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/77 тоот албан бичгийн дүгнэлт: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шинжээчдийг тухайн газар дээр нь очиж ажиллуулах хүсэлтийг 2021 оны 04-р сарын 09, 05-р сарын 10-ны өдрүүдэд ШУА-ийн Археологийн хүрээлэнд албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу өмнө нь дүгнэлт гаргасан дээрх хоёр судлаач 2021 оны 05-р сарын 25-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын "Баян уул" 1-р багийн нутаг Хангинах" гэх газарт ажиллав. Бид 2021 оны 05-р сарын 25-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд очиж мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаяртай холбоо барьж тухайн газрыг заалгах газарчин хүссэн. Бидний хүсэлтийн дагуу сумын захиргааны жижүүр ажилтай Ш Идэрчулуун газарчлан "Баян уул" 1-р багийн нутаг "Хангинах" гэх газар очив. Тухайн газарт шинжилгээ хийхэд бидний өмнөх дүгнэлтийг бататган уг ухагдсан газар нь хүрэл зэвсгийн үед холбогдох шоргоолжин булш болон хиргисүүр бүхий түүхийн дурсгалт газар байна. "Хангинах" хэмээх уг газар уулын энгэр, бэлээр ойролцоогоор 15 орчим хүрэл зэвсгийн үед холбогдох шоргоолжин булш болон хиргисүүр байв. Шоргоолжин булш нь Байгал нуурын өмнөд тал, Монголын говь, тал хээрийн бүс, Хангай нурууны өмнөд бие, Алтайн нурууны зүүн өмнөд хэсэг, Өвөр Монголын нутгийн зүүн болон хойд талаар тархсан бөгөөд он цагийн хувьд хүрэл зэвсгийн дунд үе буюу НТӨ II мянганы эхний хагасаас сүүлийн хагаст холбогдох оршуулгын байгууламж юм. Мөн тухайн газарт нутгийн иргэдийн мэдээллээр хангинахын хийд гэх хийд байсан хэмээсэн. Уг газарт очиж үзэхэд хийд буюу барилгын суурь бололтой нэгэн жижиг байгууламжийн үлдэц байна. Тухайн байгууламжийн ойр орчимд дээрх тогоотой ижил төрлийн тогооны хагархай олон тоогоор ил задгай тархмал байдлаар байна. Энэ төрлийн тогоо нь он цагийн хувьд XIII-XVIII зууны үед холбогдох ба энэ өмнөх дүгнэлттэй ижил байна. Үүнээс үзэхэд булшнаас ухаж гаргасан тогоо нь тухайн байгууламжтай нэгэн цаг үед холбогдох боловч хүрэл зэвсгийн үеийн булшинд оруулмал байдлаар байсан болох нь тогтоогдов. Хүрэл зэвсгийн үеийн булш болон хиргисүүрт дараа үеийн нүүдэлчид өөрсдийн эдлэл, хэрэглэлийг булсан тохиолдлууд Монголын бусад бүс нутгуудаас цөөнгүй олддог бөгөөд үүнийг археологийн шинжлэх ухаанд оруулмал дурсгал буюу хоёр соёлт дурсгал гэнэ. Энэ нь "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1.1. "Соёлын өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соё, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ. Мөн 5-р зүйлийн 5.1.5, 5.1.6, 6.1.6 зүйл зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Эын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын "Баян-Уул" 1 дүгээр багийн нутагт байрлах "Хангинах" гэх газраас металл хайгч ашиглаж, эртний булшийг хүрзээр ухаж, соёлын биет өв болох тогоог гарган авч, түүх, соёлын дурсгалт бүхий зүйлийг санаатай эвдэж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч Д.Эрдэнболорын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улмаар шүүгдэгч Д.Э шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангасан байна гэж үзлээ.
Эрүүгийн 1934004350077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металь хайгч 1 ширхэг, хүрз 1 ширхэг, зэв идэгдсэн тогоо 1 ширхэгийг тус тус улсын орлого болгож,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Эрдэнболор нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д. Э.ыг түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овогт Д Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1934004350077 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металь хайгч 1 ширхэг, хүрз 1 ширхэг, зэв идэгдсэн тогоо 1 ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.
4.Шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овогт Д.Эын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бовогт Д Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ