Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2017/00462

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 3 дугаар багт оршин суух, ВП58032216 регистрийн дугаартай, Тавнан овогт Хандын Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1958 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг буюу Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад малчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэв.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Эрдэнэчимэг нь Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг буюу Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай байна. Учир нь түүний нэрийг бага байхад нь Чимэг гэдэг байсан ба энэ нэрээр нь хөдөлмөрийн дэвтэр нь бичигдсэн байна. Улмаар тэрээр нэрээ солиулж Эрдэнэчимэг гэж иргэний үнэмлэхээ авсан тул бичиг баримтын зөрүү гарчээ.

Иймд Х.Эрдэнэчимэг нэрээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Х.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 665 дугаар албан бичиг, Хандын Чимэгийн 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 0021599 дугаартай нэр өөрчилсөн гэрчилгээ, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоол, Цэцэглэлт нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 04 сарын 26-ны өдрийн 04 дүгээр протокол, 1981, 1988 оны баярын бичиг, хүндэт өргөмжлөл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Эрдэнэчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Эрдэнэчимэг нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 665 дугаар албан бичиг, Хандын Чимэгийн 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоол, Цэцэглэлт нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 04 сарын 26-ны өдрийн 04 дүгээр протокол, 1981, 1988 оны баярын бичиг, хүндэт өргөмжлөл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн 1981 оны хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг Хандын Чимэг гэж бичсэнийг хянахад түүнийг Чимэг гэж нэрлэж байсныг 2007 оны 03 сарын 15-ны өдрийн 0021599 дугаартай нэр өөрчилсөн гэрчилгээгээр Х.Эрдэнэчимэг болгон өөрчилсөн байгааг дурдав

Иймд Х.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тавнан овогт Хандын Эрдэнэчимэгийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ