Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2017/00463

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 3 дугаар багт оршин суух, ВД66112500 регистрийн дугаартай, Бэсүд овогт Цэдэнгийн Сувдмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Загдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ц.Сувдмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1966 онд Баян-Өндөр суманд төрсөн. 51 нас хүрч 4 хүүхэдтэй, тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1983 оны 01 сараас 1991 оны 01 сарыг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Загдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Ц.Сувдмаагийн нөхрийн эгч нь юм. Тэрээр өөрөө өвчний учир хүрэлцэн ирээгүй. Ц.Сувдмаа нь ажилласан байдлын талаархи тушаал шийдвэр нь олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм.

Иймд архивын лавлагаа бусад баримтыг үндэслэн 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Ц.Сувдмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 627 дугаар албан бичиг, Цэдэнгийн Сувдмаагийн 1989 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Ч.Батаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Сувдмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

 Хүсэлт гаргагч Ц.Сувдмаа нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 627 дугаар албан бичиг, Цэдэнгийн Сувдмаагийн 1989 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.Батаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд Ц.Сувдмаагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овогт Цэдэнгийн Сувдмаагийн 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Сувдмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ