Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00468

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 6-7-27 тоотод оршин суух, ВЮ62112207 регистрийн дугаартай, Хорчин овогт Дамдингийн Тогтохын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Тогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.Тогтох шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 52 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 10 жилийн 2-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн боловч ажилд орсон гарсан тушаал заавал байх ёстой гэж нийгмийн даатгалаас шаардаж байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан..гэв.

Шүүх хуралдаанаар Д.Тогтохын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 483 дугаар албан бичиг, Д.Тогтохын 1983 оны 07 сарын 01-ний өдрийн 038819 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехникийн сургалттай 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1984 оны 09 сарын 04-ний өдрийн 62 дугаар тушаал, 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаал, 1991 оны 10 сарын 02-ны өдрийн 78 дугаар тушаал, 1992 оны 01 сарын 16-ны өдрийн 03 дугаар тушаал, 1993 оны 06 сарын 04-ний өдрийн 34 дүгээр тушаал, Баянлиг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 сарын 03-ны өдрийн 17 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Тогтох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Тогтох нь 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 26-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн 10 жилийн 2-р сургуульд бага ангийн багш, 1994 оны 08 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор амгийн Баянлиг сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 483 дугаар албан бичиг, Д.Тогтохын 1983 оны 07 сарын 01-ний өдрийн 038819 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын хөдөлмөр политехникийн сургалттай 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1984 оны 09 сарын 04-ний өдрийн 62 дугаар тушаал, 1985 оны 02 сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаал, 1991 оны 10 сарын 02-ны өдрийн 78 дугаар тушаал, 1992 оны 01 сарын 16-ны өдрийн 03 дугаар тушаал, 1993 оны 06 сарын 04-ний өдрийн 34 дүгээр тушаал, Баянлиг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 сарын 03-ны өдрийн 17 дугаар тушаалзэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д.Тогтохын хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогт Дамдингийн Тогтохын 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 26-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн 10 жилийн 2-р сургуульд бага ангийн багш, 1994 оны 08 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Тогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ