Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 05

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг

 баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан,тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “М.Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Гуравдагч этгээд:”Т.О.С.К” ХХК,

               Хариуцагч :Увс аймгийн Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Засаг даргын 2014 оны 3 сарын 31-ний өдрийн А/198 дугаартай захирамжийн “М.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М.Ө” ХХК-ийн захирал Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, У.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, У.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М.Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний А/198 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийн дөрөв дэх хэсэгт заасан аймгийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 21-ний 304 тоот захирамжийг хүчингүй болгосон М.Ө ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай. Тус газар эзэмших зөвшөөрлөө авснаас хойш тус захирамжид заагдсан ёсоор байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчлан үнэлгээг хийлгэж гэрээ байгуулан “М.Ө” ХХК нь өнөөдрийг хүртэл аж ахуй, контор үйлдвэрийн зориулалтаар тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 11-нд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газараас танай компанийн газар эзэмших тухай гэрчилгээ хүчингүй болсон тухай мэдээллийг авсан. Хэзээ ямар шийдвэр гарсан тухай үед шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрийн нэг хувийг танилцуулж гарын үсэг зуруулж албан ёсоор хүлээлгэж өгөх ёстой гэж хариулсан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 18-нд аймгийн Засаг даргын тамгийн газараас Засаг даргын захирамж шүүлгэж 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/198 тоот захирамжийн хуулбарыг анх хүлээн авч өөрийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болсныг албан ёсоор мэдсэн. Тухайн газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш гэрээний нөхцөлийг зөрчиж бусдын эрх ашгийг хохироосон, зориулалтыг нь өөрчилсөн, аливаа хууль бус үйлдэл хийж байгаагүй болно. Иймээс аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний А/198 тоот захирамжийн 4 дэх хэсэгт аймгийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 21-ний 304 тоот захирамжийг хүчингүй болгож М Ө ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”гэжээ.

            Нэхэмжлэгч “М.Ө” ХХК-ийн захирал Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаар захирамжийг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын А/247 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул “М Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

           Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6/06 дугаар тогтоолоор Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “А” ХХК-ийн орчимд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”-д газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр хурлаас гарсан шийдвэрийг хангуулах, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухай жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус хуульчилсны дагуу аймгийн Засаг дарга холбогдох хууль тогтоомж болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажилласан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/247 дугаар захирамжаар Т.О.С.К ХХК-д эзэмшүүлсэн 26000 мкв газар эзмэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэж өгнө үү”гэв.

            Гуравдагч этгээд “Т.О.С.К ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын өрөнхий төлөвлөгөөний дагуу тус аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаартай захирамжаар "Галдан бошигт" орон сууцны хорооллын зориулалтаар 26000 м2 газар манай байгууллагад олгогдсон байдаг. Тухайн газарт манай байгууллагын захиалгаар "Төрийн өмчийн түрээсийн " 35 айлын орон сууц"-ны хороолол баригдсан бөгөөд тус орон сууцанд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38, 169 дүгээр тогтоолуудаар Увс аймаг дахь зорилтот бүлгийн иргэд /төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эх г.м/ бүрэн хамрагдаад байна. Тухайн төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр бүлгийн 7 дугаар зүйлд тусгагдсан  “аймаг бүрд 1000 айлын орон сууц" төсөл хэрэгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжсэн үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажил юм.

          Газрын тухай хуульд газрын нэгдмэл санг ангилсан байдаг бөгөөд үүнд “төрийн тусгай хэрэгцээний газрын талаар зохицуулсан байдаг. Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т: “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” газар нь төрийн тусгай хэрэгцээний газарт ордог бөгөөд 16.3-т: “Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасан байдаг.

         Манай байгууллага нь дээрх төсөл хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Засаг даргатай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2014/4-13 тоот "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д "Төсөл хэрэгжих газрыг чөлөөлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг ТОСК-ийн нэр дээр гаргаж, газрын гэрээ, түүнтэй холбоотой баримт бичгийг Т.О.С.К-д хүлээлгэж өгнө” гэсний дагуу газрын гэрчилгээг манай байгууллагын нэр дээр гаргаж гэрчилгээ олгосон байдаг.

         Манай орон сууцны хороолол баригдах үед тухайн газарт ямар нэгэн хашаажуулалт хийгдээгүй, үйл ажиллагаа явагдаж байгааг илтгэх байшин барилга байхгүй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д: “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Түүнчлэн “М.Ө” XXК нь тухайн үед буюу 2014 онд газрын төлбөрөө төлж байсан бол өөрсдийнх нь газар нь хүчингүй болсон гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэлдээ 2019 оны 12 дугаар сард мэдсэн гэжээ. Үүнээс үзэхэд тус компани нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" буюу эрхийн гэрчилгээг цуцлах зөрчил гаргасан болох нь харагдаж байгаа бөгөөд энэхүү үндэслэлээр тус аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бүрэн эрхтэй байна. Түүнчлэн энэхүү барилга нь тухайн аймагт зөвшөөрсөн газарт баригдах явцдаа нууцаар баригдаагүй бөгөөд олонд ил тод үйл ажиллагаа явуулж байсан нь аймгийн хэмжээнд өөрийнх нь газарт уг барилга баригдаж байсныг мэдэх бүрэн боломжтой байсан юм.

        “Т.О.С.К” ХХК нь дээрх захирамжаар олгогдсон газарт үргэлжпүүлэн “Төрийн өмчийн 120 айлын түрээсийн орон сууц” барьж ашиглалтад оруулан Увс аймгийн төрийн албан хаагч, өндөр настан, залуу гэр бүл, өрх толгойлсон эцэг, эх, байгалийн гамшигт орон гэрээ алдсан иргэд гэх мэт зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

          Иймд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "М.Ө." ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад аймгийн Засаг дарга захиармж гаргаж Т.О.С.К-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа учаас Засаг даргын гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэв.

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал Б.Н-ийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талааарх тайлбарыг хэлэлцэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Мө.Ө” ХХК нь шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2014 оны 3 сарын 31-ний өдрийн А/198 дугаартай захирамжийн “М.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч “М.Ө” ХХК-ийн захирал Б.Н аймгийн Засаг дарга захирамж гарган маргаж буй захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар тайлбар гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 05 сарын 01-ний өдрийн А/247 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх аль үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М.Ө” ХХК нь Увс аймгийн Засаг даргын 2014 оны 3 сарын 31-ний өдрийн А/198 дугаартай захирамжийн “М.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, “М.Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 35100  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М.Ө” ХХК-д олгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.