Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Ө.Энхбааатар

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгч А.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Аюушийн Эрдэнэбаярт холбогдох 201614000254 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.1. Сартуул овогт Аюушийн Эрдэнэбаяр, Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 35-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:ФА95030870/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

2.1. Шүүгдэгч А.Эрдэнэбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22 дугаар байрны баруун хойд талд таксины мөнгөнөөс болж Г.Баяржаргалтай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүний ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г.Баяржаргалын “гэр лүүгээ харих гээд ХААН буузны зүүн талын зам дээрээс таксинд гар өргөж суусан. Ингээд бид хоёр таксинд суугаад “Дэнжийн 3 байр ороод цаашаагаа “Жаст ойл” шатахуун түгээх станц болон Уртын гол руу хүргүүлнэ, хэдээр явах вэ” гэсэн чинь 8 000 төгрөг гэсэн. Машины жолооч нь ганцаараа явсан бөгөөд 20-25 орчим насны надаас насаар дүү хүүхэд байсан. Яасан үнэтэй явдаг юм гээд улмаар таксины үнэ хөлснөөс болж тэр залуутай маргалдсан. Явах алба уу гээд таксины жолоочийг зайл гэж хэлээд хаалгыг нь саваад буугаад дахиж такси барих гээд алхаад явж  байтал таксины жолооч болох залуу гүйж ирээд надтай барьцалдаж авсан. Тэгж байхад Цолмон тэр таксины жолоочийг “боль” гээд араас нь татсан чинь тэр залуу миний эрүүн тус газар баруун гараараа эрүүний доод тал руу цохисон Тэгэхэд эрүү эвгүй болчихсон. Эрүүнийхээ аппаратыг авахуулсан байгаа. Үүдэн хоёр шүд хөдөлгөөнтэй байгаа учраас хатуу юм идэж болохгүй байгаа. Мөн шанааны яс гүйцэд ангайж чадахгүй хөндүүртэй байна. Гэхдээ гайгүй болсон. Эрдэнэбаяраас 1 100 000 төгрөг хохиролд авсан. Гомдол санал алга байна. Шүд унахгүй бол гаргах гомдол алга байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүд унах юм бол шүдээ хийгэх зардлыг түүнээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /х/х-н 11-р хуудас/

2. Гэрч Д.Сосорбарамын “2016 оны 05 дугаар сарын 10-н өдөр миний хүүг таксинд явж байхад нь танихгүй хоёр согтуу хүн таксинд сууж улмаар таксины үнэ хөлснөөс болж маргалдаж байхдаа хүү маань нэг залууг нь цохиж эрүүг нь гэмтээсэн байсан. Эмчилгээний зардалд 1 100 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 13-р хуудас/

3. Гэрч Б.Цолмонгийн “2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бид хоёр ажлаа тараад манай ажлын Хатантөмөр гэдэг залуу шинэ байранд орсон гээд байрны цайллага болж Баяржаргал бид хоёр очсон. Тэднийхээс 23 цаг өнгөрч байхад гарсан. Эхлээд ХААН бууз руу орохоос өмнө нэг такситай уулзаад очих газраа хэлэхэд 5 000 төгрөгөөр явна гэсэн. Орчихоод гараад ирье гээд хоол идчихээд гараад ирэхэд явчихсан байсан учир дахиж зам дээр зогсоод такси бариад очих газраа хэлтэл 8 000 төгрөгөөр явна гэсэн. Яасан үнэтэй юм 5 000 төгрөгөөр л явдаг шүү дээ гээд машинаас буусан. Машинаас буухдаа Баяржаргал хаалгыг нь хүчтэй хаагаад “чам шиг бацаан ийм үнэтэй явдаггүй юм” гэж хэлээд бид хоёр урт цагаанаас такси барих гээд явж байхад жолооч банди машинаа зогсоогоод бууж ирээд Баяржаргалтай барьцалдаад авсан. Баяржаргалтай тэр залуу барьцалдаж байгаад улмаар эрүүн тус газар нь цохиод машиндаа суугаад яваад өгсөн. Бид нөгөө залуу дээр очоод чи хүний эрүү гэмтээсэн байна гэж хэлээд Баяржаргал тэр залууг цохиж аваад үснээс нь зулгаасан чинь тэнд байсан таксины жолооч нар салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-н 15-р хуудас/

4. Гэрч Б.Түмэндэмбэрэлийн “Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны орой 24 цаг өнгөрч байхад Урт цагааны такси зогсоод дээр ахыгаа хүлээгээд зогсож байсан. Ахыгаа иртэл ганц хоёр хүн байвал такси авна гэж бодоод зогсож байсан чинь 3-22 дугаар байрны баруун хойд талд 2-3 залуу хоорондоо маргалдаж муудалцаад байсан. Тэгж байтал тэр дунд маргалдаж байсан залуугийн нэг нь машинд суугаад машинтайгаа зогсоол дээр ирсэн бөгөөд тэр нь Эрдэнэбаяр байсан. Тэгтэл араас нь нөгөө маргалдаж байсан 2 залуу ирээд нэг залуугийнх нь шүд амнаас цус гарсан байсан бөгөөд тэр залуу нь Эрдэнэбаярын шанаа руу цохиж аваад улмаар үсдээд байсан. Тэгээд тэнд таксинд явж байсан Анхбаяр гэж ах найзтайгаа очиж салгасан. Би бас хамт очиж салгасан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 18-р хуудас/

5. Гэрч Х.Төрбадрахын “2016 оны 05 дугаар сарын 11-ний 01 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байхад шуурхай удирдлагын төвөөс Уртцагаан автобусны буудал дээр хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлага ирсэн. Мөнхболд бид хоёр 3 дугаар микроос өгсөөд 3-22 дугаар байрны хажуугаар явж байтал дуудлага өгсөн залуу өөрөө машинд орж ирээд суусан. Бид хоёрыг өгсөөд явж байхад хөөе цагдаа, цагдаа гээд гар өргөөд зогссон чинь машины ард орж суугаад “хоёр залуу намайг зодох гээд хөөгөөд байна би дуудлага өгсөн юм” гэж хэлээд нөгөө хөөгөөд явж байсан хоёр залууг нь машинд хамт суулгаад 3. эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Хөөж байсан гэх хоёр залуугийн нэгнийх нь амнаас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 19-р хуудас/

6. Гэрч О.Мөнхболдын “2016 оны 05 дугаар сарын 10-ны 12:00 цагас шөнийн 02:00 цаг хүртэл төвд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Цагдаагийн ахлах ахлагч Х.Төрбадрахын хамт үүрэг гүйцэтгэсэн. Дуудлага аваад 3 дугаар микрын голын замаар өгсөөд Уртцагаан руу явж байсан чинь 3-22 дугаар байрны баруун талын замаар явж байхад нэг залуу гар өргөөд цагдаа цагдаа гэж дуудаад өөрөө машинд орж ирээд суусан. Тэгээд би дуудлага өгсөн залуу байна намайг хоёр залуу зодох гээд хөөгөөд байна гэсэн бөгөөд удаагүй хоёр согтуу залуу гүйгээд ирсэн. Хөөж явсан бололтой байсан бөгөөд тэд нарыг аваад эрүүлжүүлэх байранд ирж драгер багажаар үлээлгэхэд эхэлж суусан залуу эрүүл, сүүлд суусан 2 залуу нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Сүүлд араас ирсэн хоёр залуугийн нэгнийх нь амнаас нь цус гарсан гэмтэлтэй байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 21-р хуудас/

7. Гэрч Б.Бат-Эрдэний “2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би найз Анхбаяртай хамт түүний машин дотор Уртцагаан дээрээс таксинд явах гээд хүн авах гээд зогсоол дээр зогсож байсан. Тухайн үед 24 цаг өнгөрч байсан бөгөөд машин дотор суугаад цонх онгорхой юм ярьж байхад 2-3 залуу Уурхайчин багийн 3-22 дугаар байрны буланд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Нэг залуу нь машинд суугаад зогсоол дээр ирсэн бөгөөд машинаас жолооч нь бууж ирсэн. Хартал маргаан хийгээд байсан залуучуудын нэг нь Эрдэнэбаяр байсан. Ингээд маргалдаж байсан хоёр залуу араас нь ирээд шууд Эрдэнэбаярын шанаа руу цохисон. Нэг залуу нь чи миний эрүүг гэмтээсэн байна гээд маргалдаад Эрдэнэбаярыг үсдэж дараад цохих гээд байхаар нь Анхбаяр бид 2 очиж салгасан. Эрдэнэбаяр цаашаа зугтаагаад цагдаагийн машинтай ирээд нөгөө хоёр залууг цагдаа нар аваад явсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 22-р худас/

8. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн “Эрүүний яс зүүн хэсгээрээ зөрүүгүй хугарсан байсан. Рентген дүрс оношлогооны эмч нь эрүүний дунд хэсгээрээ цуурсан гэж онош тавьсан байсан боловч дунд хэсгээр цуурсан нь тогтоогдоогүй. Мөн чих хамар хоолойн эмч нь зүүн хэсгээр зөрүүгүй хугаралтай гэж үзсэн байсан. Дунд хэсгээр цуурсан гэмтэл бол тогтоогдоогүй. Эрүүний дунд хэсгээр цуурсан гэмтэл нь гэмтлийн зэргийн заавраар хөнгөн зэрэгт хамаарагдах боловч энэ гэмтэл тогтоогдоогүй учраас доод эрүүний ясны далд хугаралаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдаж байгаа юм” гэсэн мэдүүлэг. /х/х-н 36-37-р хуудас/

9. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 364 дугаартай дүгнэлт “Г.Баяржаргалын биед доод эрүүний ясны далд хугарал, доод эрүүний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 24-р хуудас/ гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ “Би Баяржаргалыг цохисон үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг өгсөн” гэв. Хохирогч Г.Баяржаргал нь “Эрдэнэбаяраас хохирлоо авсан. Гомдол саналгүй, шүүх 4. хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд мэтгэлцэхээ “Хохирогчид учирсан гэмтлийн зэргийн хувьд эргэлзээтэй гэж үзэж байгаа. Хэргийн мөрдөн байцаалтанд буцааж гэмтлийн зэргийг дахин тогтоолгох шаардлагатай.

Шүүгдэгч Эрдэнэбаяр нь хохирогчийг цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэв түүнд ял шийтгэл оногдуулах бол хохирол төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэв. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Эрдэнэбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22 дугаар байрны баруун хойд талд таксины мөнгөнөөс болж Г.Баяржаргалтай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүний ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Хохирогч Г.Баяржаргалын биед учирсан доод эрүүний зөрүүгүй, далд хугарлыг “гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэстэй гэж үзэв. Шүүгдэгч А.Эрдэнэбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан үзэв.

Эрүүгийн 201614000254 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентген зургийг хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Аюушийн Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбаярыг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбаяр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС