Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00469

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Бууцагаан сум 2 дугаар багт оршин суух, ВЙ66061000 регистрийн дугаартай, Тайж овогт Нарангийн Туяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт Ч.Батбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Н.Туяа миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 50 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Бууцагаан сумын Ургац нэгдлийн 4-р бригадад 1984-1986 онд тус нэгдлийн 4-р бригадад малчин, 1989 онд туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан хугацааг тус тус тогтоож өгнө үү..гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Н.Туяатай хамт нэг нутагт ажиллаж байсан. Тэрээр 10 жилийн сургууль төгсөөд илгээлтээр гарч 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 он хүртэл нэгдэлд саальчин, малчин, 1989 онд туслах үйлдвэрт ажилчин байсан.

Иймд түүний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажилласан байдлыг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Н.Туяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 10-ны өдрийн 2026 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол, Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1986 оны 10 сарын 01-ний өдрийн 31 дугаар тушаал, Бууцагаан сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоол, гэрч О.Чийлаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Туяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Туяа нь 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 10-ны өдрийн 2026 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоол, Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1986 оны 10 сарын 01-ний өдрийн 31 дугаар тушаал, Бууцагаан сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоол, гэрч О.Чийлаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Н.Туяагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Нарангийн Туяагийн 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ