Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/235

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч  С.Сүрэнхорол,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-эд холбогдох 2034000000669 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Ж Б, Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантекникч мэргэжилтэй, “Ану сервис” ХХК-д галч ажилтай, ам бүл 5, 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Сүмбэр сум, Сүмбэр 1 дүгээр баг Бургас гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг “Бургас” гэх газар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Э.Сундуйг зодож улмаар эрүүл мэндэд нь 7 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, баруун чихний зулгаралт, баруун шуу, баруун сарвууны зулгаралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хохирогч Э.Сундуйгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-04-07 тал/, гэрч Ж.Саранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-8 тал/, гэрч Ж.Наранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-9 тал/, гэрч Л.Тулгаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10 тал/, гэрч Э.Сундуйгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11-12 тал/, Ж.Бээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №664 дугаартай дүгнэлт /хх-16-17 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №667 дугаартай дүгнэлт/хх-21 тал/, яллагдагч Ж.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-33-34 тал/, Ж.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-35 тал/, Ж.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-36-42 тал/, үзлэгийн карт/хх-45-46 тал/, зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг “Бургас” гэх газар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Э.Сундуйг зодож улмаар эрүүл мэндэд нь 7 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, баруун чихний зулгаралт, баруун шуу, баруун сарвууны зулгаралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Э.Сундуйгийн өгсөн: “Ж.Бийн тахиаг манай нохой барьчихсан юм. Түүнээс болж намайг унтаж байтал миний дээрээс дарж байгаад гараараа цохиод, өшиглөөд миний хоолойг боогоод байсан. Миний биеийн толгой, цээж, нуруу хэсэг рүү цохиод байсан яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Миний зүүн талын нэг хавирга хугарсан, зүүн нүд хөхөрсөн, цээж хөндүүрлэж өвддөг байсан. Одоо миний биед өвдөж, зовуурилж байгаа зүйл байхгүй. Би архи уугаагүй байсан. Б их согтуу байсан. Би Улаанбаатар хотод “Шиномед” нэртэй эмнэлэгт шинжилгээ өгч, цээж нурууны зураг авхуулахад 7 хоног хэвтэж эмчлүүлсэн миний эмчилгээний зардал 1.080.000 төгрөг болсон. Б намайг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээ хийлгэсэн зардал 950.000 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна” гэх мэдүүлэг/хх-04-07 тал/,

            Гэрч Ж.Саранцэцэгийн өгсөн: “Жамъян-Осор овогтой Б нь миний төрсөн ах, Эрдэнэбаатар овогтой Сундуй нь төрсөн эгч Наранцэцэгийн нөхөр манай хүргэн байгаа юм. Би 2020 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна орой 22 цаг өнгөрч байх үед сумын төвд гэртээ байж байтал манай эгч Наранцэцэг над руу утсаар залгаад Б, Бадамцэцэг хоёр манай гэрт орж ирээд Сундуй бид хоёрыг зодчихлоо гэсэн би сумын төвөөс нөхөр Отгондаваагийн хамт Сундуй ахын гэрт очиход гэр нь эзэнгүй хажуу айл Батзоригийнд Сундуй ах, Наранцэцэг эгч хоёр Бээс айгаад байна гээд сууж байсан. Тэгээд би Сундуй ах, Наранцэцэг хоёрыг Батзоригийнд үлдээгээд Бийн гэрт очиход Б эхнэр Бадамцэцэгийн хамт гэртээ хоёулаа согтуу байж байсан. Яагаад Сундуй Наранцэцэг нарыг зодчихвоо гэсэн чинь тахианаас болсон манай тахиаг Сундуй ахын нохой идчихсэн төлж өгөхгүй байна тэрнээс болж муудалцсан. Сундуй ах намайг ч гэсэн цохисон гэж байсан. Бийн зүүн нүд цохиулсан байдалтай хавдаж улайсан байсан Сундуй ах нүүр ам нь зулгарсан байдалтай байсан өөрөө ярихдаа миний хавирга өвдөөд байна гэж байсан. Тэгээд би сумын төвд гэртээ ирсэн. Өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй байх. Урд өмнө нь маргалдаж муудалцсан гэж сонсож байгаагүй. Сундуй, Б нар аль аль нь төлөв томоотой хүн амьтантай хэрэлдэж муудалцаад байдаггүй хүмүүс” гэх мэдүүлэг/хх-08 тал/,

            Гэрч Ж.Наранцэцэгийн өгсөн: “Э.Сундуйтай 1996 оноос одоог хүртэл хамт амьдарч байна албан ёсны гэр бүл бид хоёр 2 хүүхэдтэй, Ж.Б бол миний төрсөн дүү байгаа юм бид нар эцэг, эхээс есүүлээ. 2020 оны 09 дүгээр сард Бийн 14 тахиаг манай нохой идчихсэн юм. Бийн эхнэр Бадамцэцэг тухай үед төлж өгөөрэй гэж байсан. Түүнээс хойш Б тахиа төлж өгөхгүй удаад байна гээд уурлаад байхаар нь би сүүний мөнгө буухаар өгье гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цаг өнгөрч байх үед би гэртээ нөхөр Сундуйгийн хамт унтаж байтал манай гэрт Б ороод ирчихсэн манай нөхөр Сундуйг тахиа төлж өгсөнгүй гээд зодоод байсан тэр үед манай гэр харанхуй байсан би Бийг дуугаар нь таньсан би гар чийдэн асаагаад хартал Бийн эхнэр Бадамцэцэг бас ороод ирчихсэн зогсож байсан Б энэ пиздаагаас болж байгаа юм гээд над руу дайрахаар нь би дан подволк, өмдтэй хөл нүцгэн гарч зугтаад саахалтын айл Өрнөхийнд ороод утсаар нь төрсөн дүү Саранцэцэг рүү залгаад Б согтуу ирчхээд Сундуйг зодоод байна хүрээд ирээч гэж хэлсэн. Манай гэрт Сундуй, Б, Бадамцэцэг нар үлдсэн намайг гарснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. Намайг гэрэл асаагаад харахад Б Сундуйг орон дээр нь дарчихсан дээрээс нь гараараа цохиод байсан тэгээд би гараад зугтсан өөр зүйл мэдэхгүй. Намайг цохиж зодоогүй. Сундуй бид хоёр эрүүл байсан Б их согтуу байсан Бадамцэцэг архи уусан байсан эсэхийг мэдээгүй. Бийн тахиаг манай нохой идсэн түүний хохирол мөнгийг өгөх өр төлбөр байсан. Өөр ер авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Урд өмнө нь цохиж зоддоггүй байсан” гэх мэдүүлэг/хх-09 тал/ ,

            Гэрч Л.Тулгаагийн өгсөн: “Б бид хоёр "Ану сервис" ХХК-нд нэг ээлжид галчаар ажилладаг юм. Би Бтэй хамт 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ганбат, Б нарын хамт уурын зуухан дээр жижүүртэй хоноод маргааш нь жижүүрээс буугаад бид гурав сумын төвийн цэвэр усны худагт халаалт тавиад орой 19 цагийн үед дууссан. Би гэртээ ирээд байж байтал Б манай гэрт нэг шил 0.5 грамм хараа архи барчихсан орж ирсэн тэр архийг нь бид хоёр хувааж уугаад дуусаж байтал Бийн эхнэр Бадамцэцэг эгч орж ирээд Б ахыг аваад явсан. Би гэртээ үлдсэн. Б ах манай гэрт орж ирэхдээ эрүүл орж ирсэн надтай 1 шил архи хувааж уусан өөрийгөө хянах чадвартай, нэг их согтуу биш байсан. Б хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй, биед харагдах шарх гэмтэл байгаагүй 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр жижүүрт гарахаар ажилдаа ирэхэд нь зүүн нүд нь улайж хөхөрсөн, нүдний ойр орчимд халцарсан байсан би юу болсон талаар асуухад би согтуу Сундуй ахынд орсон юм шиг байна. Тэгээд нүдээ цохиулсан байна гэж байсан. Яг хэнд нүдээ цохиулсан талаар асуугаагүй. Б нь тайван үг дуу цөөтэй, ажилсаг хүн” гэх мэдүүлэг/хх-10 тал/,

            Э.Сундуйн гэрчээр өгсөн: “Би 2020.10.23-ны орой 23 цаг өнгөрч байх үед гэртээ эхнэр Наранцэцэгийн хамт унтаж байтал Наранцэцэгийн төрсөн дүү Б манай гэрт эхнэр Бадамцэцэгийн хамт ирсэн. Б, Бадамцэцэг хоёр архи уусан согтуу байсан. Б манай гэрт орж ирээд манай тахиаг төлж өгөөгүй чамайг ална гээд миний цээж рүү гараараа 1 удаа цохисон. Би газарт унаад босоод иртэл намайг боогоод байсан би хүч хүрэхгүй амь тэмцээд байсан. Тэгтэл манай эхнэр Наранцэцэг гадагшаа зугтаад гарсан. Би Бтэй хоёулаа хоорондоо зохицоод учраа олъё гэхэд чи одоо зохицох болоо юу чи надад нэг бяруу өг чиний нохой миний 60 тахиаг идсэн гээд намайг газар унагаад миний дээрээс нэлээн хэдэн удаа дэвссэн. Тэгээд Б эхнэрийгээ дагуулаад манай гэрээс гараад явсан. Би саахалт айл болох Зоригоогийнд очсон манай эхнэр Өрнөх гэх айлд очиж дүү Саранцэцэгийг утсаар дуудсан байсан. Намайг Б 2 удаа боож унагаад миний дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Яг хэдэн удаа өшиглөж дэвссэн талаар мэдэхгүй байна. Гараараа нүүрэнд нэг удаа, цээжинд нэг удаа цохисон. Б бид хоёрт өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. 2020.09 дүгээр сард Бийн 14 тахиаг манай нохой идчихсэн юм. Түүнээс болж намайг зодсон. Би Бийг намайг боож унагаад зодоод байхаар нь өөрийгөө хамгаалах гэж оролдсон миний хүч хүрэхгүй байсан. Би Бийг цохиж зодоогүй. Би гомдолтой байна. Төлбөр мөнгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг/хх-11-12 тал/,

            Ж.Бийн гэрчээр өгсөн: “Би хүргэн ах Сундуйтай маргалдаж муудалцдаггүй байсан 2020 оны 09 дүгээр сард манай тэжээдэг байсан 30 тахиаг Сундуй ахын нохой нь бариад идчихсэн түүнээс хойш Сундуй ах надтай уулзахгүй зугтаад байсан Наранцэцэг эгчид тахиа төлж өг гэж хэлхээр намайг чи манай 20 литрийн пиданы таг 3 литрийн пиданы таг, автирка зэрэг зүйл хулгай хийсэн гээд гүтгээд байсан. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамт ажилладаг Тулгаа гэх залуугийн гэрт 0.5 литрийн хараа архи Тулгаатай хувааж уугаад би хөдөө гэртээ харихаар явахдаа дэлгүүрээс 0.75 граммтай хараа архи аваад гэртээ ирээд ганцаараа уусан тэгээд бие засахаар гарснаа мэдэж байна тэгээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд би гэртээ байж байсан миний төрсөн дүү Саранцэцэг манай гэрт ирчихсэн та Сундуй ахыг зодсон байна гээд байсан тэр үед би ухаан орсон миний нүд хавдчихсан толгой их өвдөж байсан. Би Сундуйг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Миний төрсөн эгч Наранцэцэг юу болсон талаар сайн мэдэж байгаа байх. Миний зүүн нүд хөхөрч хавдаж улайсан байсан өөр гэмтэл шарх байхгүй. Би согтуудаа Сундуй ахтай маргалдаж, зодолдсон болохоор Сундуй ах цохисон байх. Сундуй ах бид хоёрт өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Сундуйг зодож гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тархи толгойны зураг авхуулсан” гэх мэдүүлэг/хх-13, 14 тал/,

            Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №664 дугаартай шинжээчийн “1.Э.Сундуйгийн биед зүүн 7-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, баруун чихний зулгаралтын нөсөөжилт, зүүн нүдний дээд зовхи, салст, зуун шанааны цус хуралт, зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-16-17 тал/,

            Яллагдагч Ж.Бийн өгсөн: “Э.Сундуй нь миний хүргэн ах. Сундуй ах бид хоёрын хооронд 30 ширхэг тахианы өр авлага байгаа. Өс хонзонгийн зүйл байхгүй. Би Сундуй ахын биеийн хаана юугаар цохисноо сайн санахгүй байгаа. Тухайн үед миний нүд улайж хөхөрсөн байсан. Одоо заримдаа нулимс гоожоод өөр ямар нэгэн зовиур байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Сундуй ах архи хэрэглээгүй байсан байх би их согтуу байсан тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Би хохирол мөнгө өгөөгүй, хохирлыг барагдуулна. Би Э.Сундуйг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна миний буруу” гэх зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг “Бургас” гэх газар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Э.Сундуйг зодож улмаар эрүүл мэндэд нь 7 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, баруун чихний зулгаралт, баруун шуу, баруун сарвууны зулгаралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.    

 

               Шүүхээс шүүгдэгч Ж.Бийг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны  10 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Ж.Бийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч Э.Сундуй нь шүүгдэгч Ж.Бэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүдэгч Ж.Бээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Ж.Б нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангасан байна гэж үзлээ. 

       

Эрүүгийн 2134000000669 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Ж Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овогт Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3.Эрүүгийн 2034000000669 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ