| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/246 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/246
2021 07 08 2021/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарын өмгөөлөгч С.Сувдмаа оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарт холбогдох эрүүгийн 20340010880111 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ч Г.А,
Монгол улсын иргэн, Завхан аймгийн Нөмрөг суманд 2000 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн механик мэргэжилтэй, Технологийн дээд сургуулийн 4-р курст орох, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, А Ц.Б,
Монгол улсын иргэн, Увс аймгийн Завхан суманд 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Олимпус спорт барааны дэлгүүрт түгээгч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо 16-739 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ОГ98062512 дугаарын регистртэй, Я Ц.Ч,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.А, Ц.Б, Ц.Ч нар нь гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 09-10 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн нутаг “Уушигхайрхан” гэх газарт хохирогч Т.Бадамсүрэнгийн нас гүйцсэн сувай үнээг нядалж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.А:
...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж
Шүүгдэгч Ц.Б:
... Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж
Шүүгдэгч Ц.Ч:
... Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 20340010880111 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нар нь гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 09-10 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн нутаг “Уушигхайрхан” гэх газарт хохирогч Т.Бадамсүрэнгийн нас гүйцсэн сувай үнээг нядалж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 03-06 дугаар хуудас/
эд зүйлд үнэлгээ тогтоосон нас гүйцсэн сувай үнээ 1.500.000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/62 дугаартай ...Hobeji лизинг ХХК-ний өмчлөлийн 82-57 УНП улсын дугаартай SSANGYONG ACTYON маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2020 оны 02 дугаар сарын 17-ний байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 9.312.000 төгрөг... талаарх дүгнэлт /хх-ийн 101-113 дугаар хуудас/,
хохирогч Т.Бадамсүрэнгийн ...2020 оны 01 дүгээр сарын 23-нд үхрээ хашаанаас гаргаад туусан тэгээд уулан дээр гараад дурандаж байтал манай үхрийн хажууд нэг цагаан машин зогсож байснаа нэг хүн машинаас буусан тэгтэл цагаан өнгийн жип машин жалга руу ороод нөгөө машинаас буусан хүн манай үхрийн хамгийн сүүлд явж байсан нэг үхрийг туугаад жалга руу орсон тэгээд би ойрхон байх айлд очиж хүргэн Баасанхишигт хэлсэн Баасанхишиг найзтайгаа хамт нөгөө цагаан жип унасан хүмүүс дээр очиход нөгөө хүмүүс зугтаагаад явсан ...бид удалгүй манай үхрийг тууж очсон жалганд очтол манай сувай үхрийг нядлаад бараг арьсыг нь өвчөөд дуусгасан байсан ...би үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ ...хохирлоо авсан болохоор гомдолгүй... /1 хх-ийн 09-10 дугаар хуудас/,
гэрч Г.Баасандоржийн ...2020 оны 01 дүгээр сарын 23-ны 11 цаг өнгөрч байхад Төв аймгийн Угтаалцайдам сумын 2-р багийн төвд гэртээ байж байтал манай найз Баасанхишиг утсаар машинтайгаа хүрээд ир манай эгч Бадамсүрэнгийн үхрийг хүмүүс хөөгөөд байна гэхээр нь би машинтайгаа Баасанхишиг дээр очоод Уушиг гэх газрын хойд жалганд очсон цагаан өнгийн хагас ачааны ачаа нь бүхээгтэй машин зогсоод хажууд нь нэг тооны үхэр янзалж байсан 2 хүн нь бараан хувцастай нэг хүн нь цагаан хувцастай 3 хүн бид хоёрыг хараад шууд машиндаа суугаад зугтаасан... /1 хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч О.Баасанхишигийн ...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 10 минутын үед манай хадам ээжийн дүү хадам эгч Бадамсүрэн утсаар Уушиг хайрханы ар талд манай 6 тооны үхрийг цагийн өнгийн машинтай хүмүүс жалга руу туугаад орчихлоо гэхээр нь би найз Баасандоржийн хамт Уушиг хайрханы хойд жалганд цагаан өнгийн ачаатай мөртлөө ачаа нь бүхээгтэй хүмүүс нэг тооны үхрийг хийж байснаа бид хоёрыг хараад бараан хувцастай 2 хүн, цагаан өнгийн хувцастай нэг хүн машиндаа суугаад шууд ертөнцийн зүгээр урагшаагаа зугтаасан бид нар араас нь хөөгөөд 5-6 км газар гүйцээгүй алдсан... /1 хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч З.Алтансүхийн ...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагийн үед манай эхнэр Бадамсүрэн гэрээсээ үхрээ бэлчээрт нь гаргана гээд явсан. Тэгээд 11 цагийн үед манай хүрэн халзан зүсмийн 1 тооны сувай үнээг цагаан өнгийн жип маркийн автомашинтай хүмүүс Уушиг хайрханы арын жалганд хулгай хийж аваачаад нядалж байна. Батхишиг, Баасандорж нар машинтай араас нь хөөгөөд гүйцээгүй алдсан гэж гэртэй орж ирсэн... /1 хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч Б.Буянжаргалын ...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Б, Ц.Ч нар 2 өдрийн түрээсээр анх MUSSO маркийн 81-03 УНД улсын дугаартай хар өнгийн машин түрээсээр авч яваад орой 18 цагийн үед автомашиныг кап ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар 82-37 УНП улсын дугаартай ACTYON маркийн цагаан өнгийн хагас ачааны автомашинаар сольж авч явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай ажил дээр хүлээлгэж өгөөгүй манай грашийн үүдэнд үлдээгээд надад улмаар энд үлдээлээ гэдгээ хэлсэн юм. 82-37 УНП улсын дугаартай автомашинд, урд хоёр ширхэг босоо тэнцүүлэгч хугарал,ражатор задарсан, доод шалааран тос гоожооод байсан тул манай автомашин засвар үйлчилгээний агуулахад байсан... /1 хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Сэжигтэн Ц.Чийн ...2020 оны 01 дүгээр сарын 22-нд би Улаанбаатарт байж байгаад найз Бын хамт мөнгө хэрэгтэй болохоор нь 3 дугаар сургуулийн 2 давхарт байрлах Лизинг ХХК-с түрээсийг МУСО маркийн авто машин 2 өдрийн 118.000 төгрөгийн түрээсээр аваад машин болохгүй болохоор нь АКИОН маркийн хагас ачааны 82-57 УНП улсын дугаартай авто машинаар Угтаалцайдам төвийн хоошоо яваад ...сумын баруун талын уулан дээр гарч үхэр харсан чинь хойд талд 4-5 тооны үхэр байсан дотроос нь хүрэн халзан зүсний үхрийг ганцааранг нь би туугаад Б машинаа жолоодоод ...үхрээ жалганд оруулаад бид хоёр нядалж байтал машинтай хүмүүс ирэхээр нь шууд зугтаасан... /1 хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Сэжигтэн Ц.Бын ...2020 оны 01 дүгээр сарын 22-нд би Улаанбаатарт байж байгаад найз Бын хамт мөнгө хэрэгтэй болохоор нь 3 дугаар сургуулийн 2 давхарт байрлах Лизинг ХХК-с түрээсийг МУСО маркийн авто машин 2 өдрийн 118.000 төгрөгийн түрээсээр аваад машин болохгүй болохоор нь АКИОН маркийн хагас ачааны 82-57 УНП улсын дугаартай авто машинаар Угтаалцайдам төвийн хоошоо яваад ...сумын баруун талын уулан дээр гарч үхэр харсан чинь хойд талд 4-5 тооны үхэр байсан дотроос нь хүрэн халзан зүсний үхрийг ганцааранг нь би туугаад Б машинаа жолоодоод ...үхрээ жалганд оруулаад бид хоёр нядалж байтал машинтай хүмүүс ирэхээр нь шууд зугтаасан... /1 хх-ийн 27 дугаар хуудас/,
сэжигтэн Г.Аын ...бид гурав мөнгөгүй болсон болохоор нэг үхэр гаргаад зарья гээд хоорондоо ярьсан тэгээд машинаа жалганд оруулж тавиад ...Ч нэг тооны хүрэн үхэр тууж ирэхээр нь Б сүүлдэж унагаагаад Ч нугаслаж амийг нь хорлоод өвчсөн би хүн хараад зогсож байтал саарал өнгийн жижиг суудлын машин ирэхээр нь бид 3 зугтсан... /1 хх-ийн 28 дугаар хуудас/,
яллагдагч Ц.Бын ...Бид гурав үнэлгээгээр гарсан 1.500.000 төгрөгийг хохирогчид бэлнээр өгсөн мөн нядалсан үхрийн махыг хохирогч аваад зарж борлуулсан гэсэн, өөрийнхөө хийсэн уг хэрэгт гэмшиж байна хохирогчид хохирлын мөнгө илүү өгсөн... /1-р хх-ийн 1456-147 дугаар хуудас/,
яллагдагч Г.Аын ... 1.500.000 төгрөгийг бид 3 үхрийн эзэнд өгсөн нядалсан махыг хохирогч аваад зарж борлуулсан гэсэн, бид гурав уг хэргийн хийснээс болоод үхрийн эзэнд нааш цаагаа гээд чирэгдэл учруулсан тул бид хэд хохирлын мөнгө илүү өгсөн... /1-р хх-ийн 139-140 дүгээр хуудас/,
яллагдагч Ц.Чийн ... хохирогчид 1.500.000 төгрөгийг бид 3 бэлнээр өгсөн нядалсан махыг хохирогч аваад зарж борлуулсан гэсэн, өөрийнхөө хийсэн уг хэрэгт гэмшиж байна... /1-р хх-ийн 132-133 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31, 118 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29, 37-42, 120-123 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Чийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30, 43-46, 124-126 дугаар хуудас/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нар нь гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 09-10 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багийн нутаг “Уушигхайрхан” гэх газарт хохирогч Т.Бадамсүрэнгийн нас гүйцсэн сувай үнээг нядалж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хамтран оролцооны хэлбэрээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнээрээ бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинжийг,
Мөн шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч бүлэглэн ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг тус тус хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний өмгөөлөгч С.Сувдмаа хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бадамсүрэнгийн өмчлөлийн нас гүйцсэн сувай үнээ алдагдаж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан болох хавтаст хэргийн 09 дүгээр хуудаст авагдсан хохирогч Т.Бадамсүрэнгийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарыг хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиоллдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж зааснаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг хэрэглэж шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
тэдэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүхээс шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарыг гэм бруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 8 дугаар сарын 16-наас 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улмаар шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2034001080111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Т.Бадамсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн 1 /нэг/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч Г.Аыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30 дугаар байрны 120 тоот оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг, хөдөө орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон тус дүүргийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч А Ц.Бын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 26-114 тоотод оршин суудаг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг, хөдөө орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон тус дүүргийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх, мөн Технилогийн дээд сургуульд руу очих чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Я Ц.Чийг Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн 1-1 тоот оршин суудаг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээс явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон тус сумын үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраас өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
6. Шүүгдэгч Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2034001080111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.А, Ц.Б, Ц.Ч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Т.Бадамсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч Г.А, А Ц.Б, Я Ц.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН